Тогтвортой, ногоон, хариуцлагатай санхүүгийн орчныг бүрдүүлэхэд хамтын ажиллагаа чухал

B Shurenchimeg
2023-06-14 18:48:44
Ангилал: Санхүү

“Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Тогтвортой санхүүгийн олон улсын чиг хандлага, Шилжилтийн үеийн санхүүжилт болон хөрөнгө оруулагчдын хүлээлт-Ололт амжилт ба цаашдын алхам,  Парисын хэлэлцээрт нийцэх шилжилтийг дэмжих бодлогын урамшуулал, Холимог санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлүүд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Эхний хэлэлцүүлэг болох Тогтвортой санхүүгийн олон улсын чиг хандлага сэдвээр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, ОУСК-ийн Тогтвортой банк санхүүгийн холбооны Олон улсын зохицуулагч Ронг Жанг, Азийн Хөгжлийн Банкны Хувийн хэвшлийн санхүүгийн байгууллага хариуцсан захирал Асиф Чима, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Ногоон санхүүгийн байгууллага хариуцсан захирал Ксениа Брокманн нар  санал солилцлоо. 

Карбон бага, ногоон шилжилт нь тогтвортой санхүүг ахисан түвшинд хэрэгжүүлэх үндэс болж буй. Хөрөнгө оруулагчид томоохон хэмжээний санхүүжилтийг тогтвортой, ногоон төслүүд рүү чиглүүлснээр санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн бий болж, зохицуулалтын орчин дагаж улам боловсронгуй болж байна. Үүнтэй холбоотойгоор уг хэлэлцүүлгийн үеэр “Европын Холбоо”, “Их 20”, “COP”, “SBFN” болон дэлхийн бусад голлох платформуудын үндсэн чиглэл, ойлголтыг багтаасан даян дэлхийн тогтвортой санхүүгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээр дамжуулан оролцогчдод нөлөө, үр дүн, зохицуулалтууд, бусад арга хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгөх, гол саад бэрхшээлийг хэлэлцэх, шийдэл боловсруулах зорилготой байлаа.

Азийн Хөгжлийн Банкны Хувийн хэвшлийн санхүүгийн байгууллага хариуцсан захирал Асиф Чима 

-Хувийн хэвшлийн салбарт гарч байгаа томоохон өөрчлөлт нь ногоон санхүүжилтийг маш их анхаарч, бодлого үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Энэ тал дээр Азийн Хөгжлийн Банкнаас мөн хувийн хэвшлийн секторт дэмжлэг үзүүлэн ажилладаг. Маргааш Монгол Улсын банкуудтай тогтвортой санхүүжилт, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурна. 

Азийн Хөгжлийн Банк уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийг улс орнуудад өгч байгаа. 2030 он гэхэд Ногоон эдийн засгийг дэмжсэн санхүүжилтээ илүү эрчимжүүлэхийн тулд улс орнуудын төр засаг болон хувийн хэвшлийн хооронд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа маш чухал юм.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Ногоон санхүүгийн байгууллага хариуцсан захирал Ксениа Брокманн 

-Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хувьд 2025 он гэхэд ногоон санхүүжилтийг дэмжсэн хөрөнгө оруулалтаараа тэргүүлэхийг зорьж байна. Ялангуяа энэ оны нэгдүгээр сараас эхлээд Парисын хэлэлцээртэй уялдуулан санхүүжилтээ гаргаж байгаа. Манайхаас санхүүжилт хүсэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөх нөлөөллийг заавал үнэлдэг болсон. Үүнээс гадна Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны бүх гүйлгээ, санхүүжилт, үйл ажиллагаа бүхэлдээ Парисын хэлэлцээрт хувь нэмэр оруулахад анхаарч ажиллаж байгаа. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж

-Ногоон хөгжилд шилжихэд нийт иргэд, байгууллагуудын оролцоо чухал нөлөөтэй юм. Засгийн газраас нэгдсэн бодлогын төлөвлөлт боловсруулан батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Харин хоёр дахь хэлэлцүүлэг “Шилжилтийн үеийн санхүүжилт болон хөрөнгө оруулагчдын хүлээлт-Ололт амжилт ба цаашдын алхам” сэдвийн хүрээнд өрнөсөн. Энэхүү хуралдаан нь ногоон эдийн засагт шилжихэд шаардагдах санхүүжилт буюу шилжилтийн үеийн санхүүжилтийн сэдвийг хөндсөн. Тогтвортой хөрөнгө оруулалтын болон хувийн хэвшлийн санаачилга, түүний дотор санхүүгийн байгууллагуудын санаачилга зэрэг сайн туршлагуудыг танилцуулсан. 

 

Уг хэлэлцүүлэгт Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, ОУСК-ийн Тогтвортой Банк Санхүүгийн Холбооны Ази бүс хариуцсан зохицуулагч Вэй Юань, Нидерландын Хөгжлийн Банкны байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан менежер Хуан Хозе Дада, ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, “CFA” Институтийн Байгууллагын харилцаа хариуцсан захирал Дэвид вон Эйфф нар оролцож санал солилцов. 

Тогтвортой болон шилжилтийн үеийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх түлхүүр нь санхүүгийн салбар юм. Нөгөө талдаа дэлхийн санхүүгийн зах зээл дэх тогтвортой хөрөнгө оруулалтын эзлэх хувь бага хэвээр байгаа ч эрэлт урьд өмнөхөөсөө тогтмол өсөн нэмэгдэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, БНХАУ, Япон, Европ, АНУ-ын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын тогтвортой санхүүгийн санаачилгуудын хүрээнд сайн жишээ, тогтвортой хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн бусад сайн туршлагыг танилцууллаа. Уг хэлэлцүүлэг нь шилжилтийн үеийн санхүүжилтийн сэдвийг хөндөж, санхүүгийн байгууллагуудад харилцагчдынхаа карбон бага шилжилтийг нь дэмжих, удирдах арга замыг санал болгосон юм.

ОУСК-ийн Тогтвортой Банк Санхүүгийн Холбооны Ази бүс хариуцсан зохицуулагч Вэй Юань

-Хятад улс шилжилтийн үеийн санхүүжилтийн Таксономи боловсруулж, санхүүжилтийн хэмжээ, цар хүрээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаатай уялдуулан ОУСК Хятадын банкуудтай хамтран дэлхийд анхдагч болж шилжилтийн үеийн санхүүжилт хийх боломжтой санхүүгийн хөрөнгийг тодорхойлох болон бусад зорилготой зөвлөх үйлчилгээний төслийг эхлүүлээд байна.

Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон

-ХХБ-ны хувьд Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөгөө баталсан бөгөөд үүний хүрээнд 2030 он гэхэд Net Zero банк болох, 2 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг босгох зорилт тавьсан. Энэхүү зорилттой уялдан манай банк ногоон бонд гаргахад бэлэн болоод байна. Базаад хэлбэл, бид нэг талаас бид ногоон төслүүдийг бий болгох, санаачлах, бизнесийн загвараа илүү тогтвортой болгоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Нөгөө талаас , бүхий л боломжит ногоон эх үүсвэрийг татаж, хөрөнгө босгохыг хичээж байна.

Нидерландын Хөгжлийн Банкны байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан менежер Хуан Хозе Дада 

-Тогтвортой санхүүгийн тогтолцоо, санхүүжилтийн нөлөөллийн хэмжих зэрэг чиглэлд санхүүгийн байгууллагуудад бидний зүгээс зөвлөе гэвэл зохицуулалтын орчинтойгоо уялдуулан тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох, сайжруулах аялал гэж хараасай гэж хэлмээр байна. Байгууллагын зорилт болон нөөц боломждоо тааруулаад ТоС-ын тогтолцоог бий болгох, аль тохиромжтой байдлаар загварчлах замаар өөрийн замналаар явах нь чухал юм.

Б.Эрдэнэдэлгэр, ХААН Банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч

-Юуны түрүүнд ногоон санхүүжилтийг дэлгэрүүлэхийн тулд бизнесийн сектор, бизнес эрхлэгчдийн дунд ногоон бизнесийг тухай ойлголт өгөх, бизнесээ ногооруулах сургалт олгох нэгдсэн санаачилга, хамтын ажиллагааг эхлүүлэхийг та бүхэнд уриалж байна. Энэ чиглэлд ХААН банк харилцагчдынхаа дунд ТХЗ-д нийцсэн ногоон бизнесийн чадавхжуулах хөтөлбөрийг эхлүүлээд явж буй бөгөөд бид ногоон зээлийн багцаа энэ оны эцэст 5%, 2025 он гэхэд 10% хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна.

Гурав дахь хэлэлцүүлэг Парисын хэлэлцээрт нийцэх шилжилтийг дэмжих бодлогын урамшуулал сэдвийн хүрээнд өрнөсөн.  Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Парисын хэлэлцээрийн зорилтуудад хүрэхийн тулд хувийн хэвшлийн тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. 

Энэ зорилгод хүрэхийн тулд бодлогын хөшүүрэг болон эрсдэлийг бууруулах хэрэгслүүд чухал үүрэг гүйцэтгэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Их 20-ийн тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгээр ч энэ асуудлыг онцгойлон  хэлэлцсэн. Бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлд тогтвортой санхүүгийн тогтолцоог цогцоор  бий болгохын тулд үнийн болон үнэд суурилдаггүй олон төрлийн хэрэгслийг ашиглаж болно. Энэ хэсгийн хэлэлцүүлгээр санхүүгийн зохицуулагчид болон бодлого боловсруулагчдын нэн чухал үүрэг, оролцоог  хэлэлцэж, Хятад, Индонез, Бангладеш, Монгол, Гүрж, Европ зэрэг орнуудын жишээ, түүнчлэн Санхүүгийн Системийг Ногооруулах Олон улсын Холбоо (NGFS) зэрэг холбоодын туршлагуудаас суралцлаа.

Сүүлийн хэлэлцүүлэг Холимог санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлүүдийн талаар асуудлаар санал солилцсон. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, ТХЗ-ын биелэлтийг хурдасгахын тулд холимог санхүү, ногоон санхүүгийн байгууллагууд хувийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, тогтвортой бизнес, төслүүдийн амжилттай хэрэгжих чадавхыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нөгөөтээгүүр, эдгээр санхүүжилтийн механизмыг дэмжихийн тулд холимог санхүүгийн практик хэрэглээг  бий болгох, төр, хувийн хэвшлийн  түншлэлийг сайжруулах, институцийн тогтолцоог бэхжүүлэхэд илүү их туршлага шаардагдана. Энэ хэсэгт Ази, Африкийн туршлагад тулгуурлан ногоон санхүүгийн байгууллагууд болон холимог санхүүжилтийн үүрэг, холбогдох  шийдлүүдийг хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх бодлогын дэмжлэг, оролцоог хэлэлцлээ.

Модератор хэлэлцүүлгүүдийг дүгнэж, бодлого, цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Хурал оролцогчдод эдгээр ойлголт, сургамжийг урагшлуулах, илүү тогтвортой, хариуцлагатай санхүүгийн орчныг бүрдүүлэх хамтын хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулахад урам зориг өгсөн өөдрөг тэмдэглэлээр өндөрлөлөө.

 

 

 

 

B Shurenchimeg