Б.Лхагвасүрэн: Инфляци уу, эдийн засгийн өсөлт үү гэдэг хоёр сонголтын дунд явна
Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар ярилцлаа.
-БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар байна вэ?
-Монголбанк ирэх арванхоёрдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар хэлэлцэх эдийн засгийн тооцооллоо яг одоо шинэчилж байна. Өмнөх тооцооллоор 2023 оны өсөлтийг 4.4 хувь голчтой 2-6.8 хувь интервалд авч үзсэн. Есдүгээр сартай харьцуулахад зарим чухал мэдээлэл шинэчлэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү тодорхой болж ирж байна. Үүнд мэдээж урд хөршийн эдийн засгийн төлөв, “Тэг ковид” бодлого ч багтаж буй.
Монгол Улсын экспортын гүйцэтгэл хэр сайн байхаас төлбөрийн тэнцэл, төсөв, бодит эдийн засаг болон санхүүгийн секторын үзүүлэлтүүд хамаарна. Бид шинэчилсэн төсөөлөл, шинжилгээгээ Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн дараа танилцуулах болно.
-Төв банк бодлогын хүүгээ ойр ойрхон дараалан өсгөснийг шүүмжлэх хүн олон байна. Цаашид гадаад, дотоод нөхцөл байдал дээрдэхгүй бол мөнгөний бодлогын төлөв улам чангарах уу?
-Инфляцын хариу арга хэмжээ болгож олон улс оронд мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд явж байна. Төв банкнаас суурь хүүг өсгөж, санхүүгийн нөхцөлийг чангаруулах нь олон шүүмжлэл дагуулж буй “гашуун эм” юм.
Түүнчлэн хөгжсөн орнууд, тэр дундаа Америкт суурь хүү өсөж байгаа үед хөгжиж буй орнууд хүүгээ дагаж өсгөхөөс өөр сонголтгүй. Ялангуяа нээлттэй жижиг эдийн засгууд гадаад, дотоод тэнцвэрээ хадгалж, валютын урсгалд шок үүсгэхгүйн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийн харьцангуй өгөөжийг хадгалах шаардлагатай болно. Энэ нөхцөлд Монголбанк бодит эдийн засагт аль болох сөрөг нөлөөлөл багатай байхаар мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоог хийгээд явж байна.
Мөнгөний бодлогын шийдвэрийн хувьд эдийн засгийн үзүүлэлтүүдээ харж байгаад тухай бүр хэлэлцээд явдаг болохоор тооцоолол эцэслэгдээгүй байхад эрт хэлэх аргагүй юм.
-Дэлхийн инфляцын түвшин 2023 оноос эргэн буурах төсөөлөл бий. Гэвч олон орны хувьд инфляц зорилтот түвшнээс өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна. Цаашид инфляц үргэлжлэн буурч, дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжих хүлээлтэд ямар эрсдэл тулгарч байна вэ?
-Гол эрсдэлүүдийг гадаад, дотоод аль аль талаас ангилж харж байна. Гадаад талаас гэвэл дэлхийн бүх улс оронд хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж буй нийтлэг хэдэн зүйлс бий. Эрчим хүч тэр дундаа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлтийг нэрлэж болно. Эдгээрт нөлөөлж буй гол хүчин зүйлс болох Орос-Украинтай холбоотой олон улсын геополитикийн нөхцөл байдал, урд хөрш дэх цар тахал болон түүний эсрэг арга хэмжээ, дэлхийн гол боомтууд дээрх гацаа, хил гаалийн нөхцөл байдлаас үнийн өсөлт ихээхэн хамааралтай байна гэсэн үг юм.
Монгол Улс хэрэглээний ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортоор гаднаас авдаг тул инфляцын гол эрсдэлүүд эдгээр хүчин зүйлстэй салшгүй холбогдоно. Харин дотоод талаас цаг агаар, өвөлжилтийн байдал гэх зэрэг манай орны өөрийн онцлог эрсдэлүүд бий. Эдгээр нь хэдийгээр урьдчилж таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус зүйлс боловч инфляцын төсөөлөлд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлс юм.
-Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Төв банкны зорилт урд хилийн хагас нээлттэй байдал, геополитикийн маргаант асуудалтай холбоотойгоор өөрчлөгдөх үү?
-Сая онцолсон инфляцад нөлөөлөх эрсдэлүүд нь нийлүүлэлтийн гаралтай, мөнгөний бодлогоор удирдах аргагүй зүйлс юм. Бодлогын хүүг өөрчиллөө гээд шийдэгдэхгүй асуудлууд бий гэсэн үг. Тэглээ гээд төв банк зорилтоо өөрчилнө гэсэн үг биш. Ямар шалтгаантай, хэр өндөр нам байхаас үл хамаараад Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтот 6±2%-ийн интервалд хүргэх мөнгөний бодлогоо тууштай хэрэгжүүлнэ.
Дээрх нийлүүлэлтийн шокууд инфляцыг зорилтот түвшинд хүргэх хугацаанд нөлөөлөх эрсдэлтэй ч эцсийн зорилго маань өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөх ч ёсгүй юм.
-Валютын цэвэр орох урсгал татарч, гарах урсгал өндөр хадгалагдаж байна. Орох урсгалыг нэмэгдүүлж, гарах урсгалыг сааруулах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?
-Валютын урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл оны эхний хагаст нэлээд өндөр дарамттай байв. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ эхнээсээ үр дүнгээ өгч, валютын орох урсгалыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын санхүүжилтүүд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байна.
Монголбанкны хувьд валют олох нь хуулиар ногдсон зорилго биш. Бид алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Мөн түүнчлэн арилжааны банкууд олон улсын захаас валютын эх үүсвэр татах илүү таатай нөхцөлийг зохицуулалтаар бий болгоод буй.
-Иргэд банкуудад хадгалуулсан валютаа хүссэнээрээ зарцуулж чадахгүй, 300 ам.долларын “хязгаарлалт”-д орлоо гэж бухимдах болсон. Ямар учраас ийм зохицуулалт хийсэн бэ? Хэзээ “хэвийн горим”-д шилжих вэ?
-Монголбанк арилжааны банкуудын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй, энэ нь хуулиар хориотой байдаг. Банкуудын валют авах зарах, ямар хэмжээгээр хэнтэй хэлцэл хийх нь ч үүнд хамаатай. Тэгэхээр Монголбанкнаас хязгаарлалт тогтоогоод, зохицуулаад байгаа зүйл биш гэдгийг онцолъё. Банкууд ямар нэг хязгаарлалт тогтоосон бол зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан, нөөцөө аль болох үр ашигтай удирдахыг зорьж, харилцагчдын хүсэлтийг биелүүлж байгаа хэрэг.
Төлбөрийн тэнцэл дарамттай, валютын орох урсгал хязгаарлагдмал үед байгаа Монгол Улс валютын нөөцөө хэрхэн хадгалах, зарцуулах вэ гэдэг л асуудал юм.
Тухайлбал, валют зарахдаа ханшийн өсөлтийг даамжруулах хөрвөлтийг улам дэмжиж валютаа нийлүүлэх үү, эсвэл зайлшгүй эм эмнэлгийн бүтээгдэхүүн, шатахуун, хүнс, тоног төхөөрөмждөө зарцуулах уу гэдэг сонголт болно.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн төслийг хэлэлцээд, алтнаас олох орлогыг бууруулж тооцоолсон гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн үзэж байгаачлан Монголбанкинд тушаах алтны хэмжээг 20 тонноор тооцох боломж бий юу?
-Монголбанк 2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж байна. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Оны эхний 10 сарын байдлаар 17.2 тонн үнэт металл худалдаж аваад буй тул энэ жилийн зорилтдоо хүрнэ гэж тооцоолж байна.
-Covid-19-ийн үеэс хувийн хэвшилд олгож байсан зээл агшиж, арилжааны банкууд зээл олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчдийн зарим нь хаалгаа барихад хүрч буй мэдээлэл бий. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын хувьд ДНБ-д сөргөөр нөлөөлж буй. Банкууд эргэлтийн хөрөнгөгүй болсон гэдэг мэдээлэл үнэн үү? Байдал ямар байна вэ? Төв банкнаас энэ чиглэлд бодлогын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, банкууд санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байна. Сүүлийн статистикаас харахад банкны систем есдүгээр сард 2.5 их наяд төгрөгийн зээлийг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон, зээлийн өсөлт 13 хувь байна.
Гэхдээ эдийн засгийн орчин, суурь хүүний өсөлтийг дагаад зах зээл дээр санхүүжилтийн нөхцөл чангарч, хүү өсөх, зээлийн шалгуур хатуурах хандлага өрнөж байна. Эдийн засаг маань инфляц уу, эдийн засгийн өсөлт үү гэдэг 2 сонголтын дунд явна. Нэг талаас инфляц, ханшийн эрсдэлийг удирдахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, санхүүжилтийн нөхцөлийг чангалахаас өөр аргагүй.
Харин нөгөө талд үүний төлөөс нь зээл илүү үнэтэй, ховор болно гэсэн үг. Өмнө хэлсэнчлэн, энэ нөхцөлд Монголбанк аль болох бодит эдийн засаг буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт нь зөөлөн байхаар бодлогын тохиргоог хийхээр зорьж буй юм.
-Гадаадын банк орж ирснээр Монголын банкуудын хүү буурна гэсэн ойлголт түгээмэл. Өнөөдрийн байдлаар аль нэг улсын банк манайд орж ирэх хүсэлт тавьсан уу? Гадаадын банк орж ирснээр банк, санхүүгийн салбарт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Монголбанкинд одоогоор ямар нэг хүсэлт ирээгүй байна. Зээлийн хүүгийн тухайд гэвэл эх үүсвэрийн хэмжээ болон өртөг, мөн макро орчны эрсдэлээс хамаардаг зүйл. Иймд “гадаадын банк”, эсвэл “дотоодын банк” гэхээсээ энэ хоёр хүчин зүйл зээлийн хүүг тодорхойлно гэсэн үг.
Дараагийн асуултын хувьд, гадаадын банк орж ирлээ гэхэд “юу авч ирэх вэ?” гэдгээс эерэг нөлөө нь хамаарах болов уу.
Тухайлбал, дотоодын зах зээлд байхгүй өндөр ур чадвар, технологи, мэдлэг, нэмэлт эх үүсвэр авчрах уу гэдэг асуулт юм. Түүнээс “гадаад банк” учраас үр дүн нь ийм байна гээд шууд хэлэх аргагүй. Иймд эерэг нөлөөг нь хамгийн их байх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Төв банк санхүүгийн зах зээлийн төрөлжилт гүнзгийрэлтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхийг бодлогоор дэмжинэ.
-Банкуудад хийсэн AQR буюу активын чанарын үнэлгээний хариуг хэзээ олон нийтэд мэдээлэх вэ? Банкууд ерөнхий зургаар ямар үнэлгээ авсан бэ?
-Монголбанк өнгөрсөн аравдугаар сард активын чанарын үнэлгээний үр дүнгийн талаар mongolbank.mn вебсайт дээрээ англи, монгол хэлээр зэрэг нийтэлсэн. Системийн гол банкууд дээр хийгдсэн чухал арга хэмжээний үр дүн учраас Монголыг сонирхсон хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, донор улс орнууд, судлаач шинжээчдэд мэдээллийг нээлттэй хүргэсэн бөгөөд үнэлгээний аргачлал, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг унших боломжтой. Товчхондоо үнэлгээний үр дүн сайн гарч, банкууд эхнээсээ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө аваад, IPO танилцуулгаа хийгээд явж байна.
-Монголбанкны Ерөнхийлөгч нар байнга чичлүүлдэг. “Хэл амны бай” болсон, “ядаргаа”-тай энэ ажлыг орхичихож болдоггүй юм болов уу гэж бодогддог шүү. Нэг хэсэг таныг огцруулна гэж нэлээн шуугисан. Зарим хүмүүс таны багийн залуусыг өөрчлөх хэрэгтэй гэдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Аль ч улс оронд төв банк гэдэг байгууллага олонд таалагдах гэж ажилладаггүй, тийм ч учраас шүүмжлэлийн бай болох нь түгээмэл. Ялангуяа, инфляц дэлхий даяараа өндөр энэ үед үнийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй төв банкууд хурц шүүмжлэлд өртөж байна. Монголбанкны хувьд, хэн юу гэж хэлэхээс үл хамаараад хуулиар ногдсон зорилгынхоо төлөө хийх ёстой ажлаа хийгээд л явж буй.