Инфляц алгуур саарч байна

B Shurenchimeg
2023-03-09 16:10:59
Ангилал: Мэдээ

2022 оны мөнгөний бодлогын тайлан болон 2023 онд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг сайжруулах бодлогын талаар өнөөдөр Монголбанк мэдээлэл хийлээ. Өсөлттэй байсан инфляц алгуур саарч, эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллийн эхэнд онцлов. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давж, жилийн 4.8 хувиар өсжээ. Эдийн засгийн эерэг өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрчимжиж 12 хувь, худалдаа үйлчилгээ 5.5 хувийн өсөлттэй гарсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. 

Мөн өнгөрсөн оны сүүлчээр уул уурхайн салбарын сэргэлт ажиглагдаж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь эерэг нөлөө үзүүлжээ. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарын өсөлт нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад агшилттай хэвээр, цаашид эл салбарын экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дурдсан. 

Харин 2023 онд инфляцыг найман хувьд хүргэх, эдийн засаг таван хувь хүртэл өсөх таатай төлөвтэй байна. Эл өсөлтийг 2024 онд Монголбанкнаас тогтворжуулах тал дээр анхаарч ажиллана гэлээ. 

2022-2023 оны нэгдүгээр сарын байдлаар авч үзвэл шатахуун 15.7 хувь, импортын бараа 11.8 хувь, дотоодын бараа 18.5 хувь, хатуу түлш 25.5 хувийн өсөлттэй гарчээ. Хүнсний бүтээгдэхүүнээс гурил, талх, будааны үнэ 32.4 хувь, өөх тос 35.4 хувиар хамгийн их өсөж, мах, махан бүтээгдэхүүний үнэ 4.7 хувиар буурчээ. 

Зээлийн жилийн дундаж өсөлт 2022 онд 19.2 хувь буюу 1.3 их наяд төгрөг, зээлийн дундаж хүү 14.8 хувь байв. Зээл олголт 31.4 их наяд төгрөг, зээлийн эргэн төлөлт 29.2 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр эдийн засгийг сэргээхэд зээлийн өсөлт эерэг нөлөө үзүүлжээ. 

Олон улсын нөхцөл байдал, мөнгөний бодлого хүү чангарсантай холбоотой зээлийн хүү буурах үйл явц удааширч байгааг Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч дурдлаа.

Төлбөрийн тэнцэл 2022 оны урьдчилсан байдлаар 727 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнийг задалж харвал урсгал тэнцэл -2.7 тэрбум ам.доллар, санхүүгийн тэнцэл 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Манай улсын экспортын хэмжээг мөнгөн дүнгээр авч үзвэл 2022 онд 9.8 тэрбум ам.доллар болж 20 хувиар өссөн, харин  импорт 8.6 тэрбум ам.доллар буюу 28 хувиар, үйлчилгээ 2.3 тэрбум ам.доллароор тус тус бууралттай гарчээ. 

Цаашид төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа нүүрсний экспортыг 40 сая.тонн, хилийн үнийг 150 ам.долларт хүргэх, төмрийн хүдэр, газрын тосны экспортын биет хэмжээг 2019 оны түвшинд хүрч нэмэгдүүлэх шаардлагатай гэв. 

Мөн нүүрсний тээврийн орлогыг 250 сая ам.доллароор сайжруулах, аялал жуулчлалын орлогыг 150-200 сая ам.доллароор нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад голлох нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ гурван чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг Монголбанкнаас санууллаа. Эдгээр нөхцөл биелсэн нөхцөлд төлбөрийн тэнцэл энэ онд 800 саяас 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарах боломжтой аж. 

 

 

 

 

 

B Shurenchimeg