Ипотекийн зээл хумигдахгүй, улам нэмэгдэнэ

Mongolian Economy
2021-06-18 14:56:53
Ангилал: Тодруулга

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний таван сард Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгоод байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн гэдгийг албаныхан онцоллоо. Ипотекийн зээлд хамрагдсан 3,024 иргэний 198.8 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр, 1,402 иргэний 128.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлжээ.

Ипотекийн зээлийн санхүүжилт өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэнээс гадна сүүлийн жилүүдэд ч мөн тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, дөрвөн жилийн өмнө ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол энэ онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Энэ нь ипотекийн зээлийн санхүүжилт 2016 оныхоос 2.3 дахин өссөн үзүүлэлт юм.  

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Өмнөх таван жилийн дунджаас харахад, ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт жилд ойролцоогоор 600-700 тэрбум төгрөг байвал эрэлтийг бүрэн хангана гэсэн тооцоолол бий. Иймд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г дэмжих зорилгоор Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр жилд 700 тэрбум төгрөг хүртэл ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор төлөвлөсөн. Энэ онд ч мөн ийм хэмжээний санхүүжилтээр иргэдийг ипотекийн хөтөлбөрт хамруулах юм. 

Мөн сүүлийн өдрүүдэд “ЖДҮ-ийг дэмжих гурван хувийн зээлтэй холбоотойгоор ипотекийн санхүүжилт буурна. Шалгуур өндөрсөж, ипотекийн зээлийг хумина” гэсэн мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ нь ташаа ойлголт болохыг Монголбанкны зүгээс мэдэгдлээ. 

Түүнчлэн ипотекийн хөтөлбөрийн зээлийн шалгуур, бусад зүйлд өөрчлөлт ороогүй бөгөөд Монголбанк болон арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг нэмж, эрэлтийг бүрэн хангахаар ажиллаж байгаа аж.

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг Монголбанкнаас сар сард нь банкуудад хуваарилдаг бөгөөд холбогдох гэрээний дагуу тухайн сар эхлэхээс өмнө банкуудад мэдэгддэг аж. Энэ сарын тухайд, 125 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөжээ. Үүнээс 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монголбанк банкуудад хуваарилсан бол арилжааны  банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөг нэмж, ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Цаашид тус  хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж, урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа Монголбанкнаас мэдэгдсэн юм.

Түүнчлэн ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн эргэн төлөлтийг ирэх сарын 1-ний өдөр хүртэл хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулах арга хэмжээ авсан. Эргэн төлөлт хойшлуулсан хугацаанд буюу долоон сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөг (86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрөөс зээлдэгчдийг чөлөөлсөн байна. Тодруулбал, ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэн ирэх сарын 1-ний өдрийг хүртэл сард дунджаар 580 орчим мянган төгрөг, нийт 4.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдсөн гэсэн үг юм.  

Ямартай ч ирэх сараас иргэд ипотекийн зээлийн төлбөрөө графикийн дагуу төлж эхэлнэ. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт буурахгүй, улам өснө гэдгийг албаныхан онцоллоо. 

 

 

 

Mongolian Economy