Ирэх оны Монголын эдийн засгийн форумын тов гарлаа

B Shurenchimeg
2023-10-10 17:36:39
Ангилал: Сурвалжилга

“Монголын эдийн засгийн форум-2023” үндэсний их баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-10-нд “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдсан. Энэ жилийн чуулганд нийт 3300 оролцогч, тэр дундаа олон улсын 740 гаруй зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулалтын мэргэжлийн 50 банкир хүрэлцэн ирж оролцсон билээ. Мөн олон улсын 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага  форумын талаар болон Монгол Улсын талаар мэдээлж, сурвалжилсан.

Өнгөрсөн сарын 20-нд “Монголын Шинэ Эдийн Засгийн Форум” ТББ-ын удирдах зөвлөл хуралдаж, “МЭЗФ 2023”-ын үр дүн, тайланг хэлэлцсэн байна. Харин өнөөдөр тус ТББ-аас уг чуулганы тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, ирэх оны товыг зарлалаа. 2024 оны эдийн засгийн форумыг долоодугаар сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтжээ.

Энэ жилийн эдийн засгийн форумын илтгэл, хэлэлцүүлгийн сэдэв, агуулгын цар хүрээ өргөн далайцтай байж, олон дагалдах арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, залуусын нийгмийн идэвхийг уриалсан “MEF Youth”, гадаад, дотоодын шилдэг төслүүдийн танилцуулга, Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг олон нийтэд танилцуулах “Индекс тайз”, Монголын соёл урлагийг дэлхий дахинд харуулах соёлын хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Мөн чуулганд оролцогчид арга хэмжээг монгол, англи, хятад, дохионы хэлээр сонсож үзэх боломжтой байсан бөгөөд чуулганы хүрээнд болж буй бүхий л арга хэмжээг 10 телевизийн сувгаар шууд дамжуулжээ. Эдгээр мэдээллийг “Монголын Шинэ Эдийн Засгийн Форум” ТТБ-ын шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ж.Алтангүний уулзалтын эхэнд өгсөн. Эдийн засгийн форумаас гарсан санал, зөвлөмжийг боловсруулан Засгийн газрын холбогдох агентлагуудад хүргүүлсэн байна.

Ирэх оны форумыг агуулга, цар хүрээг энэ жилийнхтэй адил, түүнээс ч илүү өргөн хүрээнд далайцтай хийхийг зорино гэдгийг  “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг онцолсон. Мөн тус форумыг 13 дахиа зохион байгуулсны үр дүнд алдаа онооноосоо суралцаж агуулга, цар хүрээг нь илүү сайжруулж, цаашлаад олон улсад Монгол Улсаа сурталчлан таниулж, нэг ч гэсэн хөрөнгө оруулагч татахын төлөө ажилласаар ирсэн, бөгөөд олон хүн, олон байгууллагын оролцоо дэмжлэг дээр тулгуурлан зохион байгуулж ирсэн арга хэмжээ гэж өгүүлэв. 

Жил бүр эдийн засгийн форум болохтой зэрэгцээд санхүүгийн эх үүсвэрийн талаар яригддаг. Тэгвэл “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн форумын төсөв хоёр тэрбум орчим төгрөг болж, өнгөрсөн жилүүдээс хамгийн өндөр зардалтай болсон байна. Үүний 25 хувийг Засгийн газраас гаргасан бол үлдсэн 75 хувийг бизнесийн салбарынхны дэмжлэгтэй зохицуулжээ. Мөн форумын зохион байгуулалтын багт сайн дурын 60 гаруй хүн ажилласан байна. 

“Монголын Эдийн Засгийн Форум” ТББ-аас МҮХАҮТ болон бусад бизнесийн холбоодтой хамтран ирэх арваннэгдүгээр сард хувийн хэвшлийн салбарын өнгөрсөн 30 жилийн замнал, ирэх 30 жилд хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж байгаа асуудлууд, төр-хувийн хэвшлийн түншлэл ямар түвшинд явж байгаа вэ гэдгийг хэлэлцэх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. 

Энэ арга хэмжээнд төрийн байгууллага, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, бизнесийн салбарынхан, хэвлэл мэдээлэл, энэ чиглэлийн судлаач, эрдэмтэд гээд бүх талуудыг оролцуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

 

B Shurenchimeg