Итгэл найдварын оч

Mongolian Economy
2020-11-14 11:45:25
Ангилал: Дэлхий дахинд

1954 онд улаан бурхны вирусийг нээснээс хойш вакцин бүтээх хүртэл есөн жил өнгөрчээ. Полиомелитийн вакцины эхний туршилтуудыг эхлүүлсэн болон Америкт 1955 онд анхны лицензтэй вакцин гарах хүртэл 20 жил хүн төрөлхтөн хүлээсэн юм. Тиймээс Ковид-19-ийн үүсгэгч sars-cov-2 вирусийн эсрэг вакциныг дэлхийн эрдэмтэд нэг жилийн дотор гарган авч буй нь гайхамшиг юм.

Зүгээр ч нэг вакцин биш ажээ. Энэ долоо хоногт эмийн Pfizer, BioNTech компанийн зарласан эцсийн шатны туршилтын үр дүнгийн талаарх эхний мэдээллээс үзвэл тэдний гаргаж буй вакцин вирусийн халдвар авах магадлалыг 90 гаруй хувиар бууруулж байгаа гэнэ. Энэ нь улаан бурхны эсрэг вакцин шиг өндөр үр дүнтэй төдийгүй 40-60 хувийн дархлаа тогтоодог ханиадны вакцинаас илүү юм. Гэнэтхэн өвлийн харанхуй үдшээр хүн төрөлхтөнд итгэл найдварын оч асав.

Pfizer-ийн мэдээ хөрөнгийн зах зээлийн томчуудыг хөдөлгөөнд оруулсанд гайхах хэрэг байсангүй. Цар тахлын үеэр ихээхэн ашигтай ажилласан Clorox, Peloton болон технологийн компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчид зарж, оронд нь нар дахин мандах үед цойлох боломжтой Disney, Carnival, International Consolidated Airlines Group зэрэг фирмүүдийн хувьцааг авч эхлэв. Баян орнуудыг нэгтгэсэн OECD-ийн тооцоолсноор вакцин гарсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 7 хувь байна гэж үзсэн нь вакцин гараагүй тохиолдлоос хоёр хувиар илүү байна.

Түүнээс гадна баярлах өөр шалтгаан бий. Pfizer-ийн туршилтын дүнгээс үзвэл бусад вакцин ч үр дүнд хүрэх итгэл төрж буй. Одоогоор дэлхий даяар 320 вакцины туршилт явагдаж буйгаас хэд хэд нь эцсийн шатандаа ороод байна. Тэдний дийлэнх нь Pfizer-ийн нэгэн адил эс рүү нэвтрэхдээ sars-cov-2 вирусийн ашигладаг уургийн сэртэнг онилж буй. Хэрэв нэг вакцин энэ стратегийг ашиглаж дархлааг идэвхжүүлсэн бол бусад нь ч мөн чадах боломжтой.

Pfizer-ийн вакцин нь мөн ирээдүйтэй шинэ технологийг анх удаа ашигласан юм. Дийлэнх вакцин нь сулруулсан үүсгэгчийг биед оруулах замаар дархлааны системийг өдөөдөг. Харин эл шинэ вакцин нь генийн зааврыг РНХ молекулын хэлбэрээр оруулж, улмаар биеийг сулруулсан үүсгэгч үүсгэхэд хүргэдэг. РНХ-ийг өөрчилж болдог учраас тухайн уургийн сэртэн мутацид орсон тохиолдолд вакциныг ч мөн тааруулан өөрчилж болох нь том давуу тал болох юм. Чухам энэ аргыг бусад вирус, өвчнийг тэр дундаа BioNTech-ийн анхны зорилго болох хорт хавдрыг эмчлэхэд ашиглаж болно.

Тиймээс биологийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөнд, биохимийн багаж хэрэгслийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглаж чадаж буйд бид талархах ёстой. Мөн шинжлэх ухааны үйл хэрэг дэлхийн хэмжээний чармайлт болсныг харж болохоор байна. Турк цагаачийн үүсгэсэн Германы жижиг фирм Грек гүйцэтгэх захиралтай Америкийн олон үндэстний том компанитай ийн үр дүнтэй хамтран ажиллаж чадлаа.

Хэдий ийм сайн мэдээ байгаа ч вакцины шинж чанар болон хэр хурдан түгээж чадах эсэх хоёр том асуулт биднийг хүлээж байна. Нийт 44 мянган сайн дурынхны дунд ердөө 94 хүнээс өвчний шинж тэмдэг илэрсэн тооцоонд тулгуурлан анхны үр дүнг гаргасан. Туршилтын явцад цаашид илүү их мэдээлэл цугларах тусам бид бусад асуултын хариултыг хүлээх ёстой юм. Өөрөөр хэлбэл тус вакцин хүнд эсвэл хөнгөн шинж тэмдэгийг зогсоодог уу, зөвхөн дархлаа нь сул ахмад хүмүүсийг хамгаалдаг эсэх нь тодорхойгүй. Мөн вакцин тариулсан хүмүүс тариулаагүй хүмүүст вирус халдаадаг эсэх нь мэдэгдээгүй байна. Вакцин хийлгэснээс хойш хэр удаан хугацаанд дархлаа тогтоодогийг хэлэхэд эрт байна.

Энэ бүхнийг тодруулахад хугацаа хэрэгтэй. Ойрын хэдэн долоо хоногт туршилтыг үр дүнтэй, аюулгүй болсон гэж зарлах хүлээлт байгаа ч нэмж ажигласаар байх нь тодорхой юм. Вакцин багадаа нэг жилийн хугацаанд хүмүүсийг хамгаалж чадна гэж дээрх хоёр компани таамаглаж буй. 90 хувиас дээш үр дүнтэй гэдэг нь тус вакцин бүх насны хүмүүст хамгаалалт бий болгож чадна гэсэн найдварыг төрүүлж буй.

Дэлхийн улс орнууд нэмэлт мэдээлэл хүлээж байх зуураа вакцины түгээлтэд санаа зовох ёстой боллоо. Ирэх жилийн турш тус вакцины нийлүүлэлт хомс байх болно. РХН вакциныг хийх нь уурагт суурилсан вакцин хийхээс хялбар байж болох ч Pfizer-ийн вакцинаас хоёр тун хийлгэх шаардлагатай. Тэд энэ жилдээ багтаад 50 сая тун, ирэх жилд 1.3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Энэ нь хэдий их тоо мэт сонсогдох боловч зөвхөн Америкт эмнэлгийн ажилтан, асрамжийн газрын ажилтан, тэргүүн шугамд ажиллаж буй цэргүүд гээд эн тэргүүнд вакцинжуулах ёстой 20 сая хүн бий. Дэлхийн 7.8 тэрбум хүний тавны нэг, тэр дундаа 70-аас дээш насны хүмүүсийн гуравны хоёр хувь нь Ковид-19-өөр хүндээр өвчлөх эрсдэлтэй. Дэлхийн бүх хүнийг нэгэн зэрэг вакцинжуулж байсан түүх үгүй.

Үүнээс гадна өөр нэг муу мэдээ бий нь Pfizer-ийн вакциныг -70 болон түүнээс ч хүйтэн хэмд хадгалах ёстой бөгөөд энэ нь ихэнх улсын хувьд амаргүй даалгавар болох юм. Тус компани нэн хүйтэн орчинд үйлдвэрлэлийн дамжлага байгуулж буй ч түгээлт нь тун хэцүү байх болно. Тус вакцин багадаа 975 тун агуулсан багцаар үйлдвэрлэгдэх учир төдий тооны хүнийг эхний удаад, мөн тэдгээр хүнийг 21 хоногийн дараа дахин цуглуулж вакцинжуулах ёстой. Энэ хооронд хэчнээн тун дэмий үрэгдэхийг хэн ч мэдэхгүй.

Вакцины хангамж ойрын хугацаанд муу байх нь илт учраас Засгийн газрууд дараалал тогтоох ёстой. Улс дотроо болон улс хооронд маш зөв шийдлүүд олох шаардлага гарч байна. Загварчлалаас үзвэл 50 баян улс 80 хувийн үр дүнтэй вакцины 2 тэрбум тунг хүн амдаа хийвэл дэлхий даяар нас баралтыг гуравны нэг хувиар бууруулах аж. Хэрэв вакциныг баян, ядуу улсуудын хүн амын тоотой харьцуулан түгээвэл дээрх хэмжээ хоёр дахин багасах аж. Гэхдээ ядуу орнуудын хувьд хэт хүйтэн хадгалах, түгээх орчныг бий болгох нь асар өндөр зардалтай байх нь гарцаагүй.

Ойрын хэдэн сар амаргүй байх болно. Дэлхий даяар нас барсан хүний тоо дөрөвдүгээр сарын оргил үзүүлэлтээс давж гараад байна. Вакцины түгээлт нь Засгийн газруудын хувьд толгойны өвчин болно. Америк бол баян, дээд зэргийн анагаахын салбартай улс. Гэвч тус улсад вирус эрчимтэй тархаж, төрийн тэргүүн солигдсонтой холбоотой хэрэггүй үймээн, саад үүсэж магадгүй. Вакцин гарчихаад байхад хүний амь насыг алдах нь дэндүү харгис бас харамсалтай хэрэг болно. Вирусийг устгахын тулд шинжлэх ухаан хийдгээ хийлээ. Харин одоо нийгмийн өмнө том сорилт ирээд байна.

Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

 

Mongolian Economy