Их өрийн дарамт айсуй 

T.Amarjargal T.Amarjargal
2022-03-17 10:37:24
Ангилал: Эдийн засаг

Монгол Улсын гадаад өр 2015 онд 22.7 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 33.2 тэрбум ам.доллар болж өсжээ. Засгийн газрын гадаад өр л гэхэд долоон жилийн хугацаанд 3.8 тэрбум ам.доллароос 8.5 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Манай улсын нийт гадаад өр ДНБ-ий 270 хувьтай тэнцэж буй. Энэ бол өрийн тааз тэнгэрт тулсныг илтгэх хамгийн тод үзүүлэлт. Магадгүй манай улс шиг Засгийн газар, банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, ард иргэд гээд бүх шатандаа их хэмжээний өртэй улс ховор.

 

Гадаад өрийн үлдэгдэл

Эх сурвалж: Монголбанк

Гадаад өр ийн нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Хамгийн том шалтгаан нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж ирсэнтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд өндөр хүүтэй зээл авч, хүүгийн төлбөрт нь авсан санхүүжилтээсээ илүү мөнгө төлж байсан нь өрийн балчигт гүн шигдэхэд хамгийн их нөлөөлсөн. Ялангуяа 2016-2017 онд дотоод өрийн хүүнд л гэхэд 1.5 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлаасаа хоёр дахин өндөр дүн байсныг эдийн засагчид хэлдэг. Тийм ч учраас Монгол Улс олон улсын байгууллагуудын зөвлөсний дагуу  дотоод өрөө гадаад өрөөр сольж эхэлсэн юм. Тухайн үед дотоодын зээл, санхүүжилт 20 хүртэлх хувийн өндөр хүүтэй байсан учраас эдгээр өр төлбөрөө 20-30 жилийн хугацаатай, 1-2 хувийн хүүтэй олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээр хаасан нь хэсэг хугацаанд “амь тариа” болж чаджээ.

Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр “өрийн дэвтэр” нэлээд зузаарсан байна. Сүүлийн жилүүдэд толгой компаниасаа Монгол дахь охин компанидаа өгч буй зээлийн хэмжээ өсөж байгааг Монголбанкнаас мэдэгдсэн. Үүнд Рио тинтогоос авч буй Оюутолгой компанийн санхүүжилт ихээхэн жин дардаг. Гэхдээ энэ төрлийн өр, зээл монголчуудын нуруун дээр ачаа болохгүй. Учир нь аж ахуйн нэгж,  компаниудын авсан зээлийг толгой компани нь хариуцдаг. Гэсэн ч өрийн дарамт тэнгэрт тулсан нь гарцаагүй үнэн. Гадаад өрийн үлдэгдлийг харвал гурван сая гаруйхан монгол 33.2 тэрбум ам.долларын гадаад өртэй мэт харагдана. Харин бодит байдлаар авч үзвэл, үүний тал нь иргэдийн нуруун дээр ногдож байна.

Энэ жил манай улс 2.36 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай.

Үүнд Чингис бондын 137 сая ам.долларын өр багтаж буй. Харин ирэх жил бүр өндөр төлбөр төлнө. Нийтдээ 5.85 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Энэ их өр дунд Хятадын ардын банк болон Монголбанкны хоорондох хэлцлийн хүрээнд зээлсэн 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт бий. Үүнийг ирэх оны долдугаар сард төлөх хуваарьтай. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлах үеэрээ энэ өрийн эргэн төлөх хугацааг гурван жилээр хойшлуулах талаар хэлэлцжээ. Монголбанк ч энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн ирэх онд хувийн хэвшлийнхэн 2.4 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Харин Засгийн газар 1.15 тэрбум ам.доллар төлнө. Үүнд 30 тэрбум иений Самурай бондын өрөөс гадна Гэрэгэ бондын 536 сая ам.долларын өр багтаж буй. Түүнчлэн Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хэд хэдэн санхүүжилтийн эх үүсвэрийг ирэх онд төлнө. 

Гадаад өрийн эргэн төлөлт /сая ам.доллар/

Гадаад өрийн эргэн төлөлт /сая ам.доллар/

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэтчилэн маш их өрийн дарамт ирж буй учраас Засгийн газар болон Төв банкны нүүдэл бүр оновчтой байх ёстой. Мөн эх орныхоо нэрийг барин байж татсан санхүүжилтээр туйлж орхисон Хөгжлийн банкны хариуцлагагүй зээлдэгчдээр өрийг нь төлүүлэх нь чухал. Хэрэв өрийг өөрсдөөр нь төлүүлэхгүй л бол татварын төлөгчдийн нуруун дээр ирэх ачаа улам хүндэрнэ.  

Мөн гадаад өрийн дарамт ихсэхийн хэрээр валютын нөөцдөө тун нарийн хандах цаг ирж байна.

Учир нь Засгийн газраас батлан даасан бондын өр төлбөрийг валютын нөөцөөсөө төлж ирсэн жишиг бий. Тэгэхээр их өрийн дарамтыг бууруулахын тулд Төв банк валютаа гамнаж, нөөцөө шавхахгүй байх бодлого барихаас аргагүй. Дээр нь өрийг өрөөр цайруулах урьдын тактикаар явах гэж оролдоно. Гэхдээ мэдээж нөхцөлийг нь аль болох сайжруулахыг хичээнэ гэдгээ бодлого тодорхойлогчид ил далд илэрхийлсээр байна. Угаас өөр арга байхгүй.  

Ханшийн нүүдэл айсуй

Валютын нөөц бол эдийн засгийн дархлааны хамгийн гол хэмжүүр. Энэ утгаараа маш нарийн тохируулга шаарддаг. Манай улсад, одоогоор импортын хэрэглээний долоон сарын хэрэгцээг хангах хэмжээний буюу 3.6 тэрбум ам.долларын валютын нөөц байна.  Нэгдүгээр сарын 1-нд энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан юм. Он гарсаар валютын нөөц буурч эхэлсэн ч, одоогоор энэ бол хэвийн хэмжээ.

Цар тахлын хүнд үеийг манай улс валютын нөөц, ханшийн хувьд харьцангуй тогтвортой давж гарсан. Харин одоо Оюутолгойн далд уурхай, төмөр зам зэрэг бүтээн байгуулалт эрчимжиж, импорт сэргэж байгаагийн улмаас валютын гарах урсгал нэмэгдэж байна. Доллартай харьцах төгрөгийн ханш ч бага зэрэг сулраад эхэллээ. Гэхдээ энэ нь зөвхөн манай улсад болж буй үзэгдэл биш юм.

Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ

Эх сурвалж: Монголбанк 

Орос, Украины дайн болон геополитикийн асуудлаас үүдэлтэйгээр дэлхий дахинд валютын ханш суларч байна. Вон, еврогийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш энэ сарын 9-ний байдлаар хоёр хувиар суларсан бол төгрөг 0.95 хувиар суларчээ. Харин сүүлийн нэг жилийн өөрчлөлтийг харвал, төгрөг нэг орчим хувийн сулралтай байгаа бол зарим голлох валютын сулрал таван хувиас ч даваад байна. 

Гэтэл дэлхийн нөгөө талд Чили, Бразил зэрэг улсад дотоодын валютын ханш нь чангарсан байна. Энэ нь уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой. Харамсалтай нь манай улс тээвэр логистикийн асуудлаас шалтгаалж үнийн таатай нөхцөлийг ашиглаж чадахгүй байгаа нь бас л бодох асуудал. Өсөлтийг ашиглаж чадахгүй байгаагаас экспортын төлбөрүүд саатаж, энэ нь эргээд валютын нөөцөд сөргөөр нөлөөлж буйг эдийн засагчид шүүмжилж байна. Гэхдээ тавдугаар сар гэхэд нөөц сэргэнэ гэсэн хүлээлт бий. Учир нь тэр үед хил гаалийн гацаа тодорхой хэмжээнд шийдэгдэнэ гэж Монголбанкны эдийн засагчид тооцож байгаа аж. Хэрэв хэвийн байдалд шилжихгүй бол ахиад л тодорхой бус байдал үргэлжилнэ.

Валютын нөөцөө гамнахын хэрээр харьцангуй тогтвортой байсан төгрөгийн ханш хөдөлж эхэлсэн.

Энэ хэрээр Төв банк интервенц хийж, ханшийг барих ёстой гэсэн хандлага нийгмийн сүлжээнд цухалзах болсон юм. Гэвч Монгол Улс өөр гараг дээр оршдоггүй учир олон улсын геополитикийн нөхцөл байдал төгрөгийн ханшид нөлөөлсөн. Мөн гадаад өр төлбөр авдрын ёроол дахь валютаа авч үлдэхийг сануулсан. Тиймээс Төв банк валютын нөөцийг огцом унагаж, эрсдэлд орохгүйн тулд оновчтой тохируулга хийх шаардлага үүсээд байна. 

Валютын ханш бол хатуу тогтоосон зорилт биш. Энэ бол эдийн засагт зайлшгүй байх ёстой бодлогын хэрэгсэл. Дэлхийн зах зээлд өрнөж буй эдийн засгийн өөрчлөлтийг аль болох донсолгоо багатайгаар Монголд мэдрүүлэх “шок шингээгч” юм. Тиймээс зарим тохиолдолд валютын ханшийг хэт тогтвортой барих гэж улайрах нь бурууддаг. Тухайлбал, 2016 оны намар ханш 25 хувиар суларч байсан. Энэ бол валютын интервенцийг хэт их хийсний үр дүн юм. 

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш

Эх сурвалж: Монголбанк

Мөн гадаад валютын ханш өсөхөд импорт, гадагш чиглэсэн аялал жуулчлал хумигддаг. Өөрөөр хэлбэл, валютын гарах урсгал багасдаг. Энэ хэрээр дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлын байраа хамгаалах, өрхийн орлогыг дэмжих боломж бүрддэг байна. Төв банкны судалгаанаас үзэхэд, ам.доллартай харьцах төгрөгийн ханш нэг хувиар сулрахад ДНБ-д эхний гурван улиралдаа нөлөөлөхгүй ч аажмаар эерэг нөлөө үзүүлдэг аж. Түүнчлэн төгрөгийн ханш сулрахад барилга, уул уурхай, худалдааны салбар алдагдал хүлээдэг бол хөдөө аж ахуй, тээвэр логистик болон боловсруулах салбарт эерэг нөлөө гарч байдгийг Монголбанкны судалгаанд дурджээ. 

Валютын нөөцөө гамнах өөр нэг шалтгаан нь АНУ-ын Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөж буй явдал юм. Энэ арга хэмжээ санхүүгийн зах зээлийн ачааллыг нэмбэл Монголд ч нөлөөлнө. Тодруулбал, дахин санхүүжилтийн хүү өсөхийн хэрээр төсөвт дарамт ирж, тодорхой хэмжээний хүүгийн өсөлтийг валютын нөөцөөсөө төлж болзошгүй. Үүнд Монгол Улс бэлэн байх ёстой. Валютын нөөцөөсөө төлөх шаардлага гарч төлсөн ч цаана нь гурван сарынхаа валютын нөөцийг авч үлдэх шаардлагатай. Хэрэв валютын нөөц гурван сарын хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрвэл жинхэнэ аюулын дохио хангинана. Ийм ч учраас Төв банк хэт идэвхтэй интервенц хийж, валютын ханшийн нүүдлийг торгоохоос тодорхой хугацаанд татгалзах хэрэгтэй болох нь. 

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal