И.Жахангир Абдухалимович: Монголын эрс тэс уур амьсгалд “SAZ LE60” маркийн автобус тохиромжтой
“Самарканд автомобиль” үйлдвэрийн Экспортын борлуулалт хариуцсан захирал И.Жахангир Абдухалимовичтай ярилцлаа.
-“СамАвто” компанийн автомашины, тэр дундаа автобус үйлдвэрлэлийн салбарт ажиллаж ирсэн туршлага, замналаар ярилцлагаа эхлүүлье.
-“Самарканд автомобиль” компани 1999 онд байгуулагдсан. Узбекистан улсын Самарканд хотод автомашины үйлдвэртэй. 2006 оноос хойш Японы “ISUZU” компанитай хамтран том оврын болон дунд оврын ачааны машин, автобус, тусгай зориулалтын автомашин зэргийг үйлдвэрлэж эхэлсэн.
“ISUZU” болон “ITOCHU” корпораци манай компанийн 26 хувийн хувьцааг эзэмшдэг. Харин 51 хувийг Узбекистаны Автомашин үйлдвэрлэлийн яам, үлдсэн хувьцааг манай улсын “Асака” банк эзэмшдэг.
Манай үйлдвэр 1400 ажилтантай. Үүний 800 орчим нь автомашин үйлдвэрийн угсралт болон инженер, техникийн ажилтанг.
Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “ISUZU” компанийн мотор, Германы тоормосны систем, мөн Италийн явах эд ангийг автомашин үйлдвэрлэлдээ ашигладаг. Манай үйлдвэрийн онцлог нь автобусны их бие болох кузовыг бүхлээр нь тусгай бодистой бассейнд 13 удаагийн шат дамжлагаар дүрж буддаг. Энэ нь зэврэлтээс болон будаг нь ховхорч унахаас сэргийлдэг.
-Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө маш хүйтэн, зундаа их халуун орон. Тиймээс Монголын уур амьсгалд тохирсон, эдэлгээ даах, чанартай байх гэдэг шаардлагыг нэн тэргүүнд хангах ёстой. Тэгэхээр “СамАвто” компанийн үйлдвэрлэсэн “SAZ LE60” маркийн автобусны давуу тал, чанар, стандартын талаар мэдээлэл өгнө үү?
-Манай үйлдвэр Европын болон Японы тэргүүлэгч автомашины үйлдвэрлэгчдээс эд ангиудаа авдаг. Бүх шинээр ирж байгаа эд анги, төхөөрөмжүүдийг лабораториор шалгаж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Тиймээс ямар нэг эвдрэлтэй, стандарт бус эд анги үйлдвэрлэлд орно гэдэг ойлголт байхгүй.
Монголын эрс тэс уур амьсгалд манай компанийн үйлдвэрлэдэг автобус тохирно гэдэгт итгэлтэй байна. “SAZ LE60” маркийн автобус нь зайлшгүй байх ёстой стандарт үзүүлэлтээс гадна хүйтэн уур амьсгалтай улс оронд зориулан нэмэлт тоноглол, үзүүлэлттэй үйлдвэрлэгддэг.
Автобусны шил хоёр давхар, нэмэлт халаагууртай. Дотор салоныг халаахаас гадна гаднаас орж ирэх хүйтэн агаарыг эсэргүүцэх зориулалтай хаалганы зэргэлдээ халаагууртай. Мөн автобусны доороос хүйтэн салхи оруулахгүй зориулалтын дулаалгатай, автобусны кабель, утаснууд халдаг гуурсаар хамгаалагдсан. Ингэснээр өвөлдөө хөлдөж, асахгүй байх зэрэг асуудалтай тулгарахгүй.
Казахстан улсын Костанай муж бол Монголтой адилхан хүйтэн уур амьсгалтай, өвөлдөө -40, зундаа +30 хэмээс дээш халдаг. Өнгөрсөн онд бид энэ мужид 50 гаруй автобус нийлүүлсэн. Одоогоор ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй. Мөн Казахстан улсад нийтдээ 1000 гаруй автобус нийлүүлээд байна.
Энэ оны нэгдүгээр сараас хойш МҮХАҮТ-ын дэмжлэгтэй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг 10 сарын хугацаанд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулж байна. Энэ хугацаанд ямар ч эвдрэл гэмтэл, доголдол гараагүй.
Манай автобусны бас нэг давуу тал нь мотор нь Японы “ISUZU Motors” компанийн үйлдвэрлэсэн Евро-5 стандарттай. Мөн АНУ-ын “Allison” компанийн автомат коробкатой зэрэг евро стандартын эд ангиар тоноглогдсон. Чанар, стандартын хувьд дээд зэрэглэлийн гэж хэлж болно.
Автобусыг шатахуун хэрэглээгээр нь бага, дунд, их гэж ангилдаг. Нийтийн тээвэрт явж байгаа автобуснууд дунджаар 100 километрт 40 литр шатахуун зарцуулдаг.
“SAZ LE60” маркийн автобус нь дунд оврын ангилалд багтана. Гэхдээ бага оврын автобустай адил шатахуун буюу 100 километрт 24 литр шатахуун зарцуулдаг.
Мөн автомашинд сэлбэгийн зарцуулалт маш чухал үзүүлэлт болдог. Цаашид манай үйлдвэр автобуснаас гадна сайн чанарын сэлбэгүүдээр хангах болно. Сэлбэгүүдийн эдэлгээ удаан, чанартай учраас ойр ойрхон солих шаардлагагүй.
ОХУ-д “Нами” нэртэй судалгааны төв байдаг. Тус судалгааны төв нь нэг бүрчлэн маш нарийн чанарын шалгалт хийдэг. Манай автобус “Нами” судалгааны төвийн шалгалтаар амжилттай орж чанарын шаардлага хангасан гэсэн сертификатаа авсан.
-Цаашид “СамАвто” компанийн үйлдвэрлэсэн автобусыг Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглая, хамтран ажиллая гэвэл автобуснаас гадна сэлбэг, эд ангиар хангах, завсар үйлчилгээ үзүүлэх зэрэг ямар боломжийг давхар санал болгох вэ?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлт хийх энэхүү төсөлд оролцох боломж олдвол бид бүрэн сервис үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна. Энэ тал дээр бид арвин туршлагатай. Дээр дурдсанчлан Казахстан улсад 1000 гаруй автобус нийлүүлж сервис үйлчилгээний компанитай гэрээ байгуулж сервис үйлчилгээний эрхээ олгосон.
Монголын хувьд “Тулгуур импекс” компанитай түншилдэг. Тус компанид манайд үйлдвэрлэсэн автомашины засвар үйлчилгээ үзүүлэх бүх эрхийг олгосон. Оношилгооны төхөөрөмжийг ч өгөөд байгаа.
Бид шаардлагатай сэлбэгүүдийг тээвэрлэн хүлээлгэн өгөхөд ямар ч асуудал байхгүй.
Монголд туршилтаар явж байгаа хоёр автобусыг манай үйлдвэрийн хоёр инженер өдөр бүр хянаж, автобус баазын жолооч, инженер, техникийн ажилтнуудад зааварчилгаа өгч, бүх эд ангийг нэгд нэгэнгүй танилцуулж заасан.
Манай үйлдвэр автобус авсан улс руу инженерүүдээ 2-3 сарын хугацаатай явуулж зааварчилгаа өгүүлдэг.
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэхэд нийтийн тээвэр ямар үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна вэ? Танайхтай хамтран ажилласан хотууд энэ талаар ямар ахиц гаргаж байсан бол?
-Түгжрэл бол дэлхийн бүх хотод тулгарч байгаа асуудал. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх нь хамгийн чухал нөлөөтэй болов уу. Нийтийн тээвэрт явж байгаа автобусныхаа тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
Манай компани 2010 оноос хойш ямархуу автобус үйлдвэрлэвэл нийтийн тээвэрт хамгийн тохиромжтой вэ гэсэн судалгааг тасралтгүй хийж ирсэн. Энэ судалгааныхаа үр дүнд “SAZ LE60” маркийн автобусыг үйлдвэрлэсэн. Уг автобус нь найман метрийн урттай бөгөөд бусад автобуснаас 1,5 метрийн богино. Гэхдээ багтаамжийн хувьд яг адилхан 56 хүний багтаамжтай. Бусад төрлийн автобуснаас арай богино байх нь давуу талтай. Тухайлбал, маневр хийхэд хурдан бөгөөд бусад автомашинд саад болохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй гэсэн үг.
-Нууц биш бол “SAZ LE60” маркийн автобусыг нийлүүлэх зах зээлийн үнэ хэд вэ?
-Автобусны үнийг тодорхой хэлэх боломжгүй. Учир нь худалдан авагчийн хүссэнээр дотор салоныг өөрчилж, нэмэлт үйлдлүүдийг хасаж болно. Тухайлбал, хаалганы зэргэлдээх халаагуур хэрэггүй гэж үзвэл хасуулах, дан цонхтой хийлгэх боломжтой. Магадгүй нэг захиалагч сэрүүцүүлэгч хэрэггүй гэвэл 6000 ам.доллар хасагдах жишээтэй. Энэ мэт тухайн худалдан авагчийн хүсэл сонирхолд нийцүүлж автобусаа үйлдвэрлэдэг учраас зах зээлийн үнийг шууд хэлэх боломжгүй.
Магадгүй Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн тендерт оролцож байгаа компаниудаас манай автобус хямдхандаа орохгүй байх. Гэхдээ бид чанар, тав тух, засвар үйлчилгээ, дэлхийд танигдсан автомашины эд ангиар 100 хувь хангаж чадна.
Бидний хувьд автобусаа зарсан бол ажил дууссан гээд усанд хаясан чулуу шиг алга болохгүй. Байнгын эргэх холбоотой, хамтын ажиллагаатай байж эд анги, сэлбэгээр хангах болно.
Манай компанийн үйлдвэрлэсэн автобусыг цаашид шаардлагатай гэж үзээд автобус угсрах үйлдвэр байгуулсан улс орнууд ч бий. Бид шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангаж хамтран үйлдвэр барьсан туршлага бидэнд байгаа.