Ковидын дараах mrNA эмчилгээний ирээдүй

Mongolian Economy
2022-02-17 16:23:17
Ангилал: Бизнес

Коронавирусийн эсрэг вакциныг бий болгосон mrNA технологи бусад талбарт ч ихээхэн үр дүнтэй гэж BioNTech-ийн үүсгэн байгуулагч Угур Шахин, Өзлем Туречи хэллээ.

Ковид-19-ийн эсрэг олон вакциныг түргэн хугацаанд бүтээсэн нь эм үйлдвэрлэлийн хувьд үнэмлэхүй амжилт болж, цар тахлаас хагацах арга зам болов. Гэхдээ бүр сайн мэдээ айсуй. Зөөгч RNA (mRNA) технологид суурилсан вакцины амжилт нь бусад өвчний эмчилгээнд шинэ эрин авчирч байна.

Шинжлэх ухааны 30 гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон mRNA ололт нь ирээдүйтэй санаа төдийгөөс биоэмнэлзүйн хамгийн үр дүнтэй, универсаль платформ болж хувирав. Ирэх 15 жилд хэрэглээнд нэвтрэх эмүүдийн гуравны нэг нь mRNA технологид суурилна гэдэгт бид итгэж байна.

Ярвигтай, хугацаа их шаарддаг эсгэх аргад найдаж эм үйлдвэрлэхийн оронд mRNA эмчилгээ нь хүлээн авагчийн эсийг эмийн үйлдвэр болгон хувиргадаг. mRNA молекул нь тодорхой уургийг үйлдвэрлэхийг эсүүдэд зааж өгөх жор болдог юм. Ковид-19-ийн эсрэг вакцин хүний эсүүдийг коронавирусийн гаднах “титэмт” уургийг үйлдвэрлэхийг зааварчилж, улмаар тухайн вирусийг илрүүлж, сэргийлэх дархлааны тогтолцоог бий болгодог.

Эл технологи нь 40 гаруй жилийн өмнөх рекомбинант ДНХ-ийн технологи (инсулин зэрэг хүний уураг агуулсан эмийг үйлдвэрлэх боломжийг олгосон) эсвэл лабораторийн исгэгч дэх моноклональ эсрэг биеийн нээлттэй зэрэгцэх эм зүйн салбарын эргэлтийн цэг юм.

Тус санааг эм болгон нэвтрүүлвэл эл салбар болон дэлхийн эрүүл мэндийг орвонгоор нь өөрчлөх юм. mRNA-д суурилсан Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эл арга үр дүнтэй, аюулгүйг нотолсон. Аюулгүй, үр дүнтэй тус вакциныг цар тахлын ид үед 12 сар хүрэхгүй хугацаанд бүтээж, бөөнөөр үйлдвэрлэсэн нь mRNA вакцинууд хожмын цар тахлуудаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэйг харуулж буй. Ирээдүйн цар тахалтай тэмцэх нь Засгийн газрын хөтөлбөрүүдэд дээгүүр бичигдэх чухал асуудал билээ.

Бусад халдварт өвчний эсрэг mRNA вакциныг нэвтрүүлэх зам ч нээгдлээ. Одоо хэрэглээнд байгаа олон вакциныг mRNA ашиглан дахин боловсруулж, илүү үр дүнтэй болгож болно. Мөн mRNA технологийн хөрвөх чадвар нь эмчилж чадахгүй байгаа олон өвчинтэй тэмцэх боломжийг олгоно.

BioNTech компани зөвхөн Ковид-19 бус, mRNA вакцины хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах замаар бага орлоготой орнуудад нас баралтын томоохон шалтгаан болж буй хумхаа, сүрьеэ, ХДХВ зэрэг өвчлөлтэй тэмцэхээр зорьж байна. mRNA технологийг бий болгосноор хүн төрөлхтөнд гай зовлон авчирч буй өвчинтэй тэмцэж чадна гэдгийг харуулах эерэг дохиог өгч байна…

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн урьдчилсан захиалга явагдаж байна.
Худалдаалах үнэ 44,000₮, Урьдчилсан захиалга 35,000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7711-5477, 8010-0390, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 

 

 

 

 

Mongolian Economy