Коронавирус буюу хямралаас боломж руу

Mongolian Economy
2020-04-06 15:44:32
Ангилал: Коронавирус

COVID-19 дэлхийн эдийн засагт яаж нөлөөлөхийг өнөөхөндөө хэлэхэд эрт байна. 1960 оноос хойш хөгжингүй орнуудын ДНБ жилд таван хувь буурсан тохиолдол 13 удаа гарч байв. Харин долоон хувь буурсан тохиолдол гурван удаа гарсан бол 10 хувиар огт буурч байгаагүйг Дэлхийн банкны судалгаанаас харж болно. Энэ удаад дэлхийн эдийн засаг яаж уруудаж, хямрал хэр хугацаанд үргэлжлэхийг хэн ч тооцоолоогүй байна. Ихэнх орны эдийн засаг 10 хувь давж унаж магадгүй гэсэн багцаа таамаг л бий.

Хоёрдугаар сарын дунд үеэс хойш дэлхийн зах зээлийг 23 тэрбум ам.долларын алдагдалд хүргэсэн цар тахлаас шалтгаалж Apple, Nike компани ихэнх дэлгүүрээ, Форд, Тоёота, Вольксваген зэрэг автомашин үйлдвэрлэгчид Европ, Америк дахь үйлдвэрүүдээ хаагаад байна. Нью-Йорк хотын санхүүгийн албаны дарга зургадугаар сарын эцэс хүртэл хотын зочид буудлуудын гуравны хоёр нь хоосон болно гэж таамаглаж буйгаа нуусангүй.

Олон компани дампуурна гэж шинжээчид сэрэмжлүүлж, Засгийн газрууд хувийн хэвшлээ дэмжиж, хямралыг хал багатай давахаар яаран ажиллаж байна. Их Британи 330 тэрбум фунт стерлингийн (382 тэрбум ам.доллар) зээлийн баталгаат хугацаа болон бизнес эрхлэгчдэд зориулсан бусад дэмжлэг үзүүлэх багцыг нээлээ. Америк төсвийн хязгааргүй санхүүжилтийг бизнестээ хийхээр болов. Төр засаг ингэж анхаарч байхад зарим компани оршин тогтнож чадахгүйд хүрээд буй нь гашуун ч гэлээ бодит үнэн. Товчхондоо хөрвөх чадвар, бизнесийн загвар сайтай компаниуд хямралыг тэсч үлдэнэ.

COVID-19 манай улсын эдийн засагт яаж нөлөөлснийг тов тодорхой илэрхийлсэн хүснэгтийг та харж байна.

Цар тахал эдийн засагт ямар уршиг тарьж буйг эдгээр тоо харуулах учраас нэмж нурших нь илүүц байх. Эдийн засагчдын сануулж буй анхааруулга, зөвлөмжүүд ажил болж, төр засаг шийдтэй алхам хийх нь цаг хугацааны асуудал болов уу.

Миний хувьд коронавирус дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт, шинэ боломж авчирч байгаад уншигч таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Шинжээчид энэ удаагийн эдийн засгийн хямралыг 1930-аад оны их хямралтай дүйцүүлж байна. Одоогоос ная гаруй жилийн өмнө тохиосон тэрхүү хямралын дараа өнөөдрийн бидний ажил, амьдралд нэвтэрсэн олон бизнес цэцэглэж, биеллээ олсон гэж эдийн засагчид онцолдог.

Их хямрал улс орны хөгжлийг илүү хурдан урагшлуулах шинэ бизнес, шинэ боломжуудыг хүн төрөлхтөнд өгсөн бол коронавирус ч бидний амьдралд олон шинэ өнгө нэмж эхэллээ. Наад зах нь Skype Business, Zoom, Blue Jeans, Microsoft Teams, WeChat Work, Slack зэрэг онлайн харилцааны платформын эрэлт огцом өсөв. Тэд нэгдугээр сард нийт 1.4 сая хэрэглэгчтэй байсан бол гуравдугаар сард энэ тоо дөрөв дахин нэмэгджээ. Онлайн худалдааны Amazon компани АНУ-д хүргэлтийн 100 мянган ажилтан шинээр авахаа зарлалаа. Өндөр нууцлалтай видео хурал хийх аппликэйшн боловсруулсан хүн тэрбумтан болно хэмээн мэдээлэл технологийн салбарынхан шивнэлдэж байна.

Энэ өнцгөөс харвал бидэнд ч том боломж бий. Үйлдвэржилтээр хол тасарсан улс, гүрнүүдийг манайх шиг жижиг зах зээлтэй, хөгжиж буй орнууд гүйцэж түрүүлэх, ядаж барааны зайтай дөхөх боломжгүй гэдэг бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эринд Монгол шиг улсуудад дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж бий. Мэдээллийн технологиор мэргэшсэн олон монгол залуу Цахиурын хөндийд гялалзаж яваа. Google, Amazon гээд дэлхийн компаниудад ажилладаг инженер залуус нэгдэж, энэ чиглэлийн ахлах сургууль байгуулж суралцагчдаа дэлхийн инженер болгож төгсгөх амбицтайгаар урагшилж байна.

Саяхан мэдээллийн технологийн хэсэг залуу блокчэйнд суурилсан цахилгаан станц барина, төлбөр тооцоог нь цахим мөнгөөр хийнэ, дэргэд нь дата төв барина гэж ярьсныг олж уншлаа. Товчхондоо энэ чигийн шинэ бизнес цэцэглүүлэх боломж, нөөц монгол залууст бий. Тодруулбал, коронавирусээс үүдсэн шинэ боломжууд нь мэдээллийн технологийн ертөнцтэй холбоотой. Тэгэхээр энэ боломж бидэнд ч хамаатай байж таарна. Эдийн засаг талаас харвал олзуурхал, боломж мөн.

Гарцаагүй шаардлагатай л биш бол ажилчдаа оффистоо уях­гүйгээр ажиллах боломж байгааг ухаалаг менежерүүд олоод харчихсан яваа гэдэгт эргэлзэх зүйл алга.

Цар тахлын үеэр манай нийгэм, эдийн засгийн амьдралд нэг шинэ өнгө их тод анзаарагдаж байна. Гар ажиллагаа шаардсан үйлдвэрлэл эрхлэгч биш бол ихэнх компани ажилтнуудаа гэрээс нь ажиллуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэрээсээ ажиллаж буй байдал, хандлагыг анзаарвал бүтээмж, үр дүн өмнөхөөсөө муудаагүй, зарим тохиолдолд сайжирсан нь харагдав. Гарцаагүй шаардлагатай биш бол ажилтнуудаа оффист уяхгүйгээр ажиллах боломж байгааг менежерүүд олж харсан гэдэгт эргэлзэх зүйл алга.

Ажилтан бүрийн тоогоор ширээ, сандалтай олон өрөө бус цомхон ажил хэрэгч орчин болж хувирах боломжтойг коронавирус дэгдсэн эл өдрүүд бидэнд баталлаа. Цаашид гэрээс ажиллах ухаалаг шийдлүүд хэрэгжээд эхэлбэл оффисын түрээс, дулаан, цахилгааны хэрэглээ гээд олон зардал хэмнэгдэнэ. Компани болон ажилтнуудад энэ хэмнэлт маш их боломж нээж өгөх юм. Хэмнэсэн мөнгөөрөө бизнесээ өргөтгөх, ажилтнуудын цалин, хангамжид зарцуулах гээд өгөөжтэй шийдэл олноор гарч ирнэ.

Коронавирусийн дэгдэлт зарим салбарын бизнес эрхлэгчийг бизнесээ эргэж харахад хүргэж байгааг онцлохгүй орхиж болохгүй. Ялангуяа консерватив салбаруудын эзэд шинэ алхам, шинэ өөрчлөлт хийж эхэллээ. Гуравдугаар сарын 20-нд Art Basel Hongkong компани онлайн галерей, үзэсгэлэн нээсэн юм. Тэд 270 сая ам. долларын үнэтэй 2000 гаруй уран бүтээл санал болгосныг хэвлэлүүд уралдан мэдээлэв.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал Холливудын хуучинсаг хэв маягийг мөн эвдэж байна. Киног театраар түгээдэг загвараас татгалзаж эхэлсэн гэсэн үг. Дэлгүүрт очиж хүнс цуглуулдаг дадал ч үгүй болоход тун ойрхон ирснийг энэ өдрүүд хүн төрөлхтөнд харууллаа. Биет дэлгүүрээс гадна онлайн платформд хөрөнгө оруулсан компаниуд давхар хожиж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд гурван хүн тутмын нэг нь онлайнаар хүнсээ цуглуулжээ.

Эцэст нь өгүүлэхэд, өнгөрсөн зууны гучаад онд тохиосон эдийн засгийн их хямрал асар их хохирол дагуулсан ч машин үйлдвэрлэл, энтертэйнмент, гоо сайхны салбарт шинэлэг бизнес загвар нэвтрүүлэхэд онцгой нөлөө үзүүлсэн шиг явдал өнөөгийн хямралын дараа давтагдах нь гарцаагүй.

Mongolian Economy