К.Круг: Дэлхийд бараг өрсөлдөгчгүй бүтээгдэхүүн хөгжүүлэх нөөц Монголд бий 

Mongolian Economy
2021-12-03 10:20:02
Ангилал: Ярилцлага

Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих төслийн (TRAM) Хувийн хэвшлийг хөгжүүлэх ахлах мэргэжилтэн Карл Кругтэй уг төслийн үр дүн, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжуудын тухай ярилцлаа. 

-Европын Холбооны ТРАМ төсөл буюу Монголын худалдааг дэмжих төслийн хүрээнд хийсэн гол ажлуудыг манай уншигчдад товч танилцуулна уу? 

-Европын Холбооны санхүүжилттэй Монголын худалдааг дэмжих төсөл нь 2017 оны гуравдугаар сараас 2021 оны долдугаар сарын хооронд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Энэхүү төсөл нь Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм. Гурван жилийн өмнө манай төслийн баг болон түншүүдийн зүгээс арьс шир, гоо сайхан, чацаргана болон ноос, ноосон бүтээгдэхүүний зэрэг экспортын чадамж бүхий дөрвөн салбарыг тодорхойлж хөгжүүлэхээр зорилго тавьснаар төсөл эхэлж байв. Түүнчлэн, уг төслийн хүрээнд худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх болон экспортыг дэмжих гэсэн үндсэн гурван чиглэлд ГХЯ, ГЕГ болон МҮХАҮТ-тай тус тус хамтран ажилласан. Энэ хугацаанд төслийн баг худалдааны бодлогоос эхлээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хүртэлх бүх түвшинд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

-Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд тулгардаг гол асуудал юу вэ? Төслийн хүрээнд эдгээр бэрхшээлийг шийдэхэд ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

-Асуудлаас урьтаж экспортын боломжуудыг онцолмоор байна. Монгол бол дэлхийд цор ганц эсвэл ховор асар их байгалийн нөөцтэй улс. Дэлхийд бараг өрсөлдөгчгүй олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж та бүхэнд байна. Жишээ нь, адууны тос, хонины сүүл, ингэний сүүтэй биеийн тос зэрэг ургамал болон амьтны гаралтай үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өөр улс бараг байхгүй шүү дээ. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь зах зээлийн маш жижиг сегмент буюу зах зээлийн сиймхийд (market niche) чиглэдэг бөгөөд хүн бүр худалдаж авахыг хүсэхгүй нь мэдээж. Харин авах хүсэлтэй хүмүүс нь Монголоос авах болно. Иймд том зах зээл дээр өөр улсуудтай өрсөлдөх гэж зүтгэхийн оронд зах зээлийн сиймхийг эзлэхийг хичээсэн нь дээр.

Монгол бол дэлхийн ноолуур, ноолууран бүтээгдэхүүний гол нийлүүлэгчдийн нэг хэдий ч энэ зах зээлд БНХАУ, Итали, Их Британи зэрэг улстай өрсөлдөх шаардлагатай. Харин ноос, ноолуурын салбарт Монгол Улс сарлаг, ботгоны ноосоороо онцгой байр суурь эзлэх боломжтой.

Ботгоны ноос бол ноолууртай дүйцэхүйц чанартай, дэлхийд нэн ховор түүхий эд. Ийм түүхий эдтэй өөр улс бол Хятад. Гэхдээ тэд одоогоор нөөцөө ашиглаж, хөгжүүлж эхлээгүй байгаа. Ботгоны ноосоор ноолуураас дутахааргүй зөөлөн бөгөөд загварлаг бүтээгдэхүүн хийх боломжтой. Ноолууртай харьцуулахад түүхий эд нь хямд учраас эцсийн бүтээгдэхүүн ч харьцангуй хямд өртгөөр бүтнэ. Үнийг нь бага зэрэг нэмээд зарахад л ноолуураас хямд үнээр борлуулаад илүү ашиг хүртэх боломж Монголын үйлдвэрлэгчдэд байна. Түүнчлэн, түүхий эдийн үнийн савлагаа болоод газрын доройтол, цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийг тооцоод үзвэл ботгоны ноос нь ноолуурыг орлох хамгийн тохиромжтой хувилбар юм. Ямааны тоо толгойг бууруулж, алдагдлаа ботгоны ноосон бүтээгдэхүүний экспортоос нөхөх боломжтой. Харамсалтай нь ноос, ноолуурын салбарынхан ийм гайхалтай түүхий эдийг огт ашиглахгүй байна. Дэлхий дахинд хүмүүс ноолуураас татгалзаж, орлох бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлгэрч буй.

Таны асуултад хариулахад экспортод тулгарч буй бэрхшээл, асуудлууд гадны гэхээс илүү дотоод хүчин зүйлстэй холбоотой. Хүмүүс олон улсын зах зээлд нэвтрэх хэцүү гэдэг ч үнэн хэрэгтээ бэлэн зах зээл байж л байгаа. Тэгэхээр асуудал дэлхийн зах зээлд нэвтрэхэд бус мэдлэг, хүсэл тэмүүлэл дутаж буйд байна.

Монголын тал нутаг эм тан, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болдог ховор ургамлаар баян. Арьс ширэн бүтээгдэхүүн бол зах зээлийн сиймхийг эзлэх бас нэг боломж. Хонины арьсан бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээл дээр Хятад, Испани зэрэг томоохон тоглогчидтой өрсөлдөнө гэдэг хэцүү. Харин сарлагийн арьс бол дэлхийд ховор түүхий эд. Сарлагийн арьсыг будахдаа ургамлын гаралтай будагч бодис ашигласнаар туйлын онцгой, ховор бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Ийм бүтээгдэхүүнийг хүн бүр сонирхохгүй ч худалдан авагчид байж л таарна.

Энд дурдсан жишээнүүдийг онолын хувьд боломжтой гэж онцлоогүйг хэлмээр байна. Монголын худалдааг дэмжих төслийн хүрээнд бид үйлдвэрлэгчидтэй хамтран ховор бөгөөд инновацлаг эдгээр бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн юм.

-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явц болоод үүний үр дүнд гарсан ололт амжилтаасаа манай уншигчдад сонирхуулна уу? 

-Өмнө нь хэлсэнчлэн, төслөөс ботгоны ноос, ургамлын гаралтай будагчаар будсан сарлагийн арьсан эдлэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Жишээ нь, Хээлэн мэйд ХХК-ийн эсгийнд ороосон хонины сүүл, чөмөгтэй саван. Туйлын онцгой, инновац шингэсэн эл бүтээгдэхүүнийг Европын Холбоонд бүртгүүлж, борлуулах эрхээ авахад нь төслийн зүгээс дэмжлэг үзүүлсэн. Монголоос Европын Холбоонд бүртгэгдсэн анхны гоо сайхны бүтээгдэхүүн болсноор үл барам тус зах зээл дээр өрсөлдөгчгүй гэдгээрээ Хээлэн брэндийн эсгийтэй саван туйлын онцгой.

Түрүүн дурдалгүй өнгөрөөсөн экспортын чадамж өндөртэй салбар бол чацаргана. Одоогоор бид шүүс, тос зэргийг гаргаж авах зорилгоор зөвхөн жимсийг нь ашигладаг. Гэтэл чацарганы навчинд жимснээсээ дутахгүй их амин дэм агуулагддаг болохыг бид судалгаагаар тогтоосон. Тэгвэл навчаар нь цай хийж яагаад болохгүй гэж? Ногоон цайтай төстэй ч илүү жимслэг, зөөлөн амттай цай гардаг бөгөөд каффеинд мэдрэмтгий хүмүүст яг тохирно. Энэ бол ашиглахгүй орхигдуулж буй бас л нэг боломж. Үүнийг жижиг, дунд бизнес эрхлэгчид ашиглах хэрэгтэй.

Европт эрэлттэй байх өөр бүтээгдэхүүний жишээ гэвэл ингэний сүү. Лактозд хэт мэдрэмтгий хүмүүсийн хувьд гайхалтай сонголт болох боломжтой. Түүнчлэн, ингэний сүү нь арьсанд тустай олон төрлийн бодис агуулдаг тул  гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой. Тэгэхээр бизнес эрхлэгчдийг энэ бүх боломжийг олж хараад, ашиглаасай гэж хүсэж байна.

-Таны дурдсан бүтээгдэхүүнүүд зах зээлийн сиймхийг онилж буй. Ийм зах зээл ямар онцлогтой вэ? Маркетингийн ямар стратеги баримтлах нь тохиромжтой вэ? 

-Зах зээлийн сиймхийд өөрийн гэсэн давуу болон сул талууд бий. Ийм зах зээл дэндүү жижиг тул зах зээлийн хэмжээ мэдээж сул тал нь болдог. Хэдийгээр тийм боловч нөгөө талаас монгол компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадал ч бусад орныхтой харьцуулахад маш бага байдаг. Ингээд бодвол Монголын түүхий эд, үйлдвэрлэлийн хүчин чадал зах зээлийн сиймхийд яг тохирно. Жишээ нь, Монгол Улс жилд 100 тонн ботгоны ноос үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь зах зээлийн сиймхийн эрэлтийг бүрэн хангаж чадна.

Ийм төрлийн зах зээл дээр өрсөлдөөн маш бага тул ашиг олох боломж нь хамаагүй их. Өрсөлдөгчдийн тогтоосон дүрмээр тоглох шаардлагагүй бөгөөд өөрөө үнээ тодорхойлох боломжтой гэсэн үг. Тийм ч учраас масс зах зээл дээр ноолууран бүтээгдэхүүн борлуулснаас зах зээлийн сиймхий дээр ботгоны ноос, сарлагийн арьсан бүтээгдэхүүнээр илүү ашиг олж болно.

Ботгоны ноосон бүтээгдэхүүн сонирхоод интернэтээс хайхад шууд л монгол бүтээгдэхүүнүүд гарч ирнэ гэдгээрээ бас давуу талтай. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өөр улс бараг л байхгүй. Хэрэв та Google-ийн хайлтын системээс “ноолуур” гэж хайвал хэдэн сая илэрц гарч ирнэ. Харин “ботгоны ноос” гэж хайвал цөөхөн хэдэн илэрц гарч ирэх бөгөөд ихэнх нь Монголынх байна. Үүнээс гадна органик бүтээгдэхүүн нь өөрөө ногоон чиг хандлагын илэрхийлэл болдог тул зах зээлийн сиймхийд чиглэсэн маркетинг хийхэд харьцангуй хялбар болгодог.

Берлин дэх “Mongolian Green Labels” дэлгүүр

Берлин дэх “Mongolian Green Labels” дэлгүүр

Маркетингийн хүрээнд төслийн зүгээс хэрэгжүүлсэн хоёр чухал ажлын нэг нь Монгол үндэсний “Mongolian Green Labels” брэнд юм. Тус брэнд нь сүлжмэл, нэхмэл болон гоо сайхны зэрэг олон салбар, компаниудын ногоон бүтээгдэхүүнүүдийг санал болгож буй. Европын зах зээлд танигдаагүй, гадаад хүн нэрийг нь ч зөв уншиж чадахгүй брэндүүдийг тус тусад нь таниулах гэж оролдохын оронд маркетингаа нэг брэндийн нэрээр хийх боломж бүрдсэн юм.

Дараагийн ажил маркетингийн сувгийг бий болгох байв. “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд Берлин хотод байгуулахаар төлөвлөж байсан Мэдээлэл, худалдааны төвийг үндэсний бүтээгдэхүүн борлуулах дэлгүүр болгож өргөжүүлэх зөвлөмжийг төслийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Ийнхүү бидний зөвлөмжийг тусгаснаар 2019 онд “Mongolian Green Labels” нэрийн дор Берлин дэх дэлгүүр нээлтээ хийв. Тус дэлгүүрийг Берлинд амьдардаг монголчууд ажиллуулдаг бөгөөд хожим амьдрал хэвийн горимд шилжиж, жуулчид цуглах үеэр хотын төвийн байршил нь маш том давуу тал болох юм.

Ийм маягаар Монголын худалдааг дэмжих төсөл орон нутаг дахь малчдаас Улаанбаатар дахь үйлдвэрлэгчдээр дамжин Берлин дэх дэлгүүр хүртэлх нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон юм. Эл сүлжээг монголчууд өөрсдөө удирдаж, ашгийг нь ч өөрсдөө хүртэхээр зохион байгуулснаараа онцлог. Монголд хэрэгжсэн өөр ямар ч төсөл, хөтөлбөр ийм үр дүнд хүрч байгаагүйг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Дэлгүүрийг дагасан  mongolian-green-labels.eu онлайн дэлгүүрээр дамжуулан 400 сая хүний зах зээл бүхий Европын Холбооны улсуудад бүтээгдэхүүнээ борлуулж байна. Берлин дэх дэлгүүрийн жишгээр өөр улсуудад үндэсний брэндийн дэлгүүрээ нээгээд явахад болохгүй зүйлгүй. ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг монголчууд олноороо амьдардаг улсад ийм дэлгүүр нээх сонирхолтой, хөрөнгөтэй хүмүүс байх л байлгүй. Хэрэв өөр улсад дэлгүүр нээхээр бол нэг брэндийн нэрээ барьж явбал дэлхий даяар Mongolian Green Labels сүлжээ дэлгүүртэй болох боломжтой. Ингэснээр Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид зах зээл эрж хайх, сурталчилгаа хийх зэрэг ажилд зарцуулах зардлаа хэмнэхийн зэрэгцээ олон улсын зах зээлээс ашиг хүртэх боломж бүрдэх юм. Ингээд үзвэл бэрхшээлээс боломж нь илүү байгаа нь харагдаж байгаа биз? Харин бизнес эрхлэгчдийн хувьд боломжийг үргэлж эрэлхийлж, олж хардаг байх хэрэгтэй шүү дээ.

-Төслийн үр дүнд бий болсон томоохон дэвшлийн нэг бол экспортын кластер. Кластеруудын бүтэц, зохион байгуулалт болон үйл ажиллагааны тухай товчхон танилцуулбал?

-Сая би та бүхэнд ямар их боломж буйг ярьлаа. Тэгвэл одоо энэ боломжоо яаж ашиглах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Үйлдвэрлэгчид ганц нэгээрээ дэлхийн зах зээлд гарахад хөрөнгө, үйлдвэрлэлийн хүчин чадал нь хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тиймээс, бизнесүүд, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчид хамтарч ажиллах хэрэгтэй. Иймд төслийн зүгээс гурван талт кластерийн бүтцийг хөгжүүлсэн юм.

Малчдын хоршоолол, үйлдвэрлэгч, экспортлогч компаниуд болон дистрибьютерүүд зэрэг нийлүүлэлтийн сүлжээний оролцогчид байх ёстой нь мэдээж. Гэхдээ тэд дангаараа хол явахгүй. Иймд гааль, Хүнс хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл байх нь чухал. Түүнчлэн, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд судалгааны байгууллагын гүйцэтгэх үүрэг чухал учир их, дээд сургуулиуд болон лабораториудыг кластертаа нэгтгэсэн юм. Бидний хөгжүүлсэн кластер төр, хувийн хэвшил болон судалгааны байгууллагуудын төлөөллийг нэгтгэснээр зөвхөн компаниудыг нэгтгэдэг байсан холбоо маягийн кластерын загварыг өөрчилсөн. Ингэснээр бие биедээ санал хүсэлт хүргүүлж хариу хүлээхийн оронд бүх оролцогч тал нэг ширээний ард асуудлаа хэлэлцэх боломж бүрдэж буй. Холбоо загварын кластерууд дотоодын зах зээл дээр ажиллахад асуудал гарахгүй ч экспортод гарахад гурван талт загвар илүү тохиромжтой. Яг энэ загварын дагуу гоо сайхны бүтээгдэхүүний кластер амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө тэд кластерын гишүүд, холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай болсон.

Цаашлаад төслийн зүгээс экспортын кластеруудыг нэгтгэх зорилгоор “Монголын экспортын кластерын сүлжээ ТББ”-ыг байгуулсан. Төслийн дөрвөн кластер дээр МҮХАҮТ-ын үүсгэн байгуулсан Монголын самрын кластер нэмэгдэн, тус сүлжээ нь гурван талт кластерын загварыг түгээн дэлгэрүүлж, цаашид зөгийн бал, өлөн зэрэг экспортын чадамж бүхий салбарт кластер хөгжүүлэх зорилготой.

Энэ ташрамд “Монголын экспортын кластерын сүлжээ ТББ”-ын удирдах зөвлөл намайг зөвлөхөөр ажиллахыг урьсан бөгөөд бид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлэхэд хэзээд бэлэн гэдгийг дуулгахад таатай байна. Иймд экспортын кластер байгуулах сонирхолтой бизнес эрхлэгчид бидэнтэй холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Гэхдээ төсөл дуусгавар болсноор сүлжээг гишүүд өөрсдөө санхүүжүүлж байгаа тул байгууллагууд тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

-Таны ярьснаас дүгнэхэд ТРАМ төсөл экспортод бүтээгдэхүүнээ гаргах хүсэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олон боломжийг нээж өгчээ. Тэгэхээр одоо үйлдвэрлэгчид та бүхний хөгжүүлсэн загвар, сувгуудыг ашиглаад, нэмж сайжруулаад явахад болно гэж ойлгож болох уу? 

-Ямар ч төсөл, хөтөлбөр цаг хугацаа болон төсвийн хувьд хязгаарлагдмал байдгийн дээр бусдын адилаар ТРАМ төсөл ч ковидын нөлөөг тойролгүй туулаад гарсан. Бид сургалт, уулзалт, хурал чуулганаа хүссэн хэмжээндээ зохион байгуулж чадаагүйн улмаас анх тавьсан зорилгодоо цаг хугацаандаа хүрч чадаагүй. Гэсэн хэдий ч энэ олон хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг давсаар цар тахлын үеэр бид Берлин дэх дэлгүүрээ нээж чадсан. Иймд би бизнес эрхлэгчдэд хандаж бууж өгөлгүй шаргуу хөдөлмөрлөж, үргэлж саад бэрхшээлийг сөрөөд гарах хүчтэй байгаарай гэж хэлмээр байна. Хүндрэл, бэрхшээлийг давах арга зам заавал олддог юм.

Бид Европын Холбоонд нэг бүтээгдэхүүнээ бүртгүүлж чадсан. Одоо дахиад 20 бүтээгдэхүүн бүртгүүлэхээр хүлээж байна. Хийх ажил маш их бий. Гоо сайхны бүтээгдэхүүнийг Европын Холбоонд бүртгүүлэх өртөг 1500 евро буюу таван сая орчим төгрөг болдог. Зөвхөн бүтээгдэхүүнээ бүртгүүлэх зардалд ийм хэмжээний хөрөнгө зарцуулах жижиг дунд үйлдвэрлэгч тийм ч олон биш. Таны хэлснээр бид энэ бүх ажлын эхлэлийг амжилттай тавьсан ч цааш үргэлжлүүлэх шаардлагатай олон ажил бий. Энэ бүхнийг гүйцээхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Тиймээс ч Европын Холбоо, Монгол Улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ТРАМ 2 төсөл хэрэгжинэ гэж найдаж байна.

-Хөрөнгө оруулалт татах өөр ямар боломж байгаа вэ? 

-Мэдээж Европын Холбооноос гадна өөр эх үүсвэр хайх нь зөв. Кластер болоод нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй өөр байгууллагууд бий. Тэдний нэг бол ЖАЙКА. Үүнээс гадна Европын Холбооны улсууд, Япон, АНУ зэрэг улсын байгальд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх, нийлүүлэх сонирхолтой компаниудыг судлах хэрэгтэй. Тэд зах зээлээ сайн мэднэ.

Бидний үүрэг бол тэдэнд Монголд яг хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн бий гэдгийг ойлгуулахад л оршино. Тэдгээр компани албан ёсны нийлүүлэгч болвол аль аль талдаа ашигтай. Берлин дэх мэдээлэл, худалдааг дэмжих төв ч мөн хөрөнгө оруулагч хайх зорилготой шүү дээ. Тус төв дэргэдээ дэлгүүртэй учир сонирхсон хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнтэй танилцаж, чанарыг нь мэдрэх боломжтой гэх зэрэг давуу тал бидэнд байна.

 

 

 

 

Mongolian Economy