Лукашенко: Төгсгөл ба надад үлдэх сэтгэгдэл

Mongolian Economy
2020-12-14 17:09:09
Ангилал: Mongolian Economy

Олон улсын харилцааны судлаач, профессор)

Энэ хүн хэзээ ч бууж өгөхгүй. Хорин хэдэн жил ганцаар засагласны үр дүн нь хэзээ ч бууж өгөхгүйгээр нь илрэх болно. АК буугаар зэвсэглэж, хүүгээ өвч бүрэн цэрэгжүүлээд нисдэг тэргээр нисч яваа нь эгэл бус, бүр стандарт бусын шинж. Галын шугамд зогсож буй цагдаа нар дээр очиж гараа гозолзуулан АК-гаа өргөж харагдав. Хилэнтэйгээр хашгичин занана. Улаа бутарсан баргар царай, арслан барсын зориг. Галын шугам дээр үхэхэд яг бэлхэн. 1973 онд Чилийн Ерөнхийлөгч С.Альенде Кубын удирдагч Ф.Кастрогийн бэлэглэсэн АК-аар зэвсэглэн хунтынхантай тулалдаж байгаад хорвоогоос хальсан түүх гэнэт санагдах шиг.

Лукашенко өөрийгөө маш чухал хүнд тооцчихсон, төр улсаа босгогч, бүтээн байгуулагч, тогтвортой байдлын баталгаа, хэрэв тэр албан тушаалаасаа явчихвал эх орон нь сөнөнө гэж хээвнэг ярьж чадна. Харин одоо өөртөө тэсч үлдэх (орогнох) орон зайгаа үеэ өнгөрөөсөн аргаар эрж хайж байна. Тэгсэн хэрнээ постсовет орон зайд нэг их санаа тавигч. Оройтсон л байх аа даа.

Румыний Н.Чаушеску, Египетийн Х.Мубарак, Иракийн С.Хусейн, Ливийн М.Каддафи, Хойд Солонгост гурван үеийн Ким шиг л ард түмнээ харааж загнаад, уурлаж бухимдаад, бурууг ард түмэндээ тохоод, цэрэг армиа хөдөлгөөд сууж байх үйлтэн.

Олон улсын мэдээллийн их далайн зах сэжүүрээс эшилье. Ихэнх судлаач, эксперт, аналистууд ганц л дүгнэлт хийж байна: “Беларусийн эрх баригчдын хоногийн тоо дууссан, тэсч тогтох тун бага хугацаа үлдлээ!”
Оросын “Стратегия” аналитик төвийн захирал Виктория Василевич шуудхан “Александр Лукашенкогийн толгойлж буй дэглэм нас барчихлаа. Лукашенко Европт персон нон-грата гэдгээр зарлагдсан. Түүнийг сонгогдсон Ерөнхийлөгч гэж Европын улсууд үзэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, олон улсын тавцан дээр тэр нөхөр улс орноо бүрэн эрхтэй, нэр нүүртэй төлөөлж чадахгүй” гэжээ.

Нэг. Москватай юу, эсвэл Вашингтон-Брюссельтэй юү?

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров ингэж ярьдаг, Беларусьт өрнөсөн саяхны үйл явдлыг ч тэгж дүгнэсэн. Юу гэвэл “Өнөөдөр хуучин СССР-ийн орон зайг хэн нь эзэгнэх вэ гэсэн геополитикийн тэмцэл өрнөж байна. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал биш, эсэргүүцлийн хөдөлгөөн биш, энэ бол Москватай хамт уу, эсвэл Вашингтон, Брюссельтэй хамт уу гэдэг сонголт хийх, хийлгүүлэхийн төлөөх тэмцэл. Ийм тулгалтын эсрэг Оростойгоо хамт итгэлтэй сөрөн зогсож буй беларусь ахан дүүсийнхээ үйл ажиллагааг Москва өндөр үнэлж байна”.

Беларусьт өрнөсөн үйл явдлын утга санаа ердөө л энэ.

Кремлийн үзэж буйгаар ардчиллын төлөө тэмцлийн тухай яриа байхгүй, Орос эргэн тойрныхоо ах дүү, түнш, холбоотон орнуудыг (Гүрж, Украин хоёр эргэлтгүй цаашаа харсан, Армени магадлалтай, одоо Беларусь?!) дараа дараалан алдаж байгаа, нэг ёсондоо Орос орны үхэх сэхэхийн төлөө тэмцлийн салаа салбар нь Минскт дэгдээд ирсэн тухай С.Лавров битүүхэн ярьсан болов уу.

Хайр сэтгэлээсээ хагацаж байгаа хартай эхнэрийн авир гаргах Оросын байр суурийг бид ойлгож байна. Олон талаасаа хавчигдаад, шүүмжлүүлээд, боорлуулаад ирэхийн цагт маш эмзэг болчихдог хүний араншин Кремлийг нөмөрчихсөнд би хувьдаа үнэхээр харамсаж байна. С.Лавровын байр суурь үүнийг хэлээд өгч байгаа юм биш үү?

Чи хэний талд вэ, Москватай хамт уу, эсвэл Вашингтон, Брюссель рүү эргэх үү гэхэд бүгдийг нь сонгоод, улс төр-батлан хамгаалахын харилцаагаа сүүлийн хоёр руу нь залчихсан “гэмтэн” бол монголчууд бид юм. Оростой харилцаад, бусадтай нь бүр болих хэрэгтэй, ШХАБ-д жинхэлж аваад Орос, Хятадтайгаа хамтран хөгжих хэрэгтэй гэх зарим монголчуудын хүслийг Беларусь дээр жишээлээд үз дээ.

Хэрэв Лукашенко энэ удаа тэсч тогтоод үлддэг юм бол бараг энэ жилдээ ШХАБ-д жинхлэх өргөдлөө өгөөд Орос лоббидоод удахгүй жинхлүүлчихнэ. Белоруссын халуун өдрүүдтэй давхцаад Москвад ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан тохиож, тэр хуралд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И үг хэлэхдээ ШХАБ-ын бичигдээгүй нэг зорилгыг илээр зарлав. Юу гэвэл ШХАБ-ын гишүүн орнуудын дотоод хэрэгт оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй, бүс нутагт өнгөт хувьсгал дэгдэхийг гаргуулж болохгүй гэв. Ганц энэ л Лукашенкод ялалтын итгэл өгсөн болов уу.

Д.Баярхүү, А.Лукашенко нар 2015 оны есдүгээр сард Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүндэтгэлийн 70-р чуулганы үеэр уулзаж, ярилцаж байв.

Гадаад байдал нь тун таагүй байгаа Иран, дотооддоо лалын алан хядагчдаа барахаа байсан Афганистан ШХАБ-д жинхлэх тухай олон жил мөрөөдөн буй. Нэгэнт л өнгөт хувьсгалыг тас хорино гэсэн уриатай нь тодорхой болсон бол Белорусс ШХАБ-д жинхлэхэд буруу нь юу байна. Одоо гурвууланг нь жинхлүүлээд авбал мөн ч сайн санж. ШХАБ өргөжин тэлэхийг туйлаас дэмжиж байна. Монгол бол тэртэй тэргүй ШХАБ-ын маш идэвхтэй ажиглагч улс хэвээрээ нэг хэсэгтээ үлдэж болно. Жинхлэх эсэх нь манай бүрэн эрхэд хамаарна.

Газар нутгийн маргаанаасаа болоод хоёр биенээ сөнөөх шахаж буй Армени, Азербайжан хоёр ШХАБ-ын ажиглагч болъё гэж уйгагүй лоббидож буй. 2012 онд энэ хоёр улс, мөн Бангладеш, Балба, Шри-Ланка тавуулаа ШХАБ-ын ажиглагч болохоор өргөдлөө өргөн барьсныг бид дэмжих хэрэгтэй. Манайтай зэрэгцээд ороод ирэг, олуулаа болох сайхан. Цаашлаад ажиглагчийн нөөцөнд Египет, Сири, Израиль, Мальдив, Украин, Ирак, Саудын Араб, Бахрейн, Катар гээд жагсаж байна. Беларусь Монголоос түрүүлж ШХАБ-д жинхлэхийг үзэх хувьтай төрсөндөө би л лав баярлах болно.

Хоёр. Беларусь анхнаасаа л Оросын эргүүлгийн улс

Энд СССР-ийн үеийн Зөвлөлт Беларусийн тухай ярихгүй. СССР тарлаа, суурин дээр нь орон зайг нь хуваагаад 15 улс тусгаар тогтнолоо зарлалаа. Тэгш эрхтэй, харилцан ашигтай, харилцан хүндэтгэсэн, найрсаг харилцаат түншүүд байх болов уу, тэд бүгд ардчиллын зам сонгох болов уу хэмээн ертөнц тэр чигтээ харж хүлээсэн. Нэг хэсэг буруу замаар будилсан Орос бэхжээд ирмэгцээ тэдгээр улсуудыг өрнө ба дорно гэсэн хоёр замын аль нэгийг сонгохыг, хоёр дахь зам руу ханараад ороод ирсэнийг нь холбоотноороо зарлахыг тулгасан. Оросын итгэлийг 100 хувь олсон, ёстой эргэлтгүй болсон цорын ганц улс нь Беларусь болж таарсан.

Эдүгээ Орос өөрөө түншүүддээ хатуу шалгуур тавьдаг, цаадуул нь тэр шалгуурыг давах гэдэггүй, ерөөсөө даяаршсан, интеграцчилагдсан өнөөгийн ертөнцөд ганц Москвагаас хамааралтай байя гэдэггүй. Америкийн профессор Стефен Бланкийн үздэгээр бүслэлтийн менталитет Оросыг нөмөрчихсөн, “дайсагнагч капиталист хүрээлэлд бүслэгдсэн, Оросоос бусад ертөнцтэй үргэлжлэн дайны байдалд оршиж байх ёстой” гэсэн сэтгэхүйтэй. Иймээс Орос нь бусад хөршдөө хяналт тавихын төлөө л ажиллаж байдаг. Энэ бол их гүрний араншин, их гүрний геополитик!

Ийм өнцгөөс Беларусийг харах хэрэгтэй. ОХУ-тай хамтран Холбооны улс байгуулах гэрээтэй, хэтдээ нэг улс болох тавилантай Беларусь өнөөг хүртэл оршиж байна. Европын Холбоо ба НАТО-г сөрөхүйц, Европын Холбоо ба НАТО-г бүдгэрүүлэгч их хүч байгаасай хэмээн оросууд үзэж, ОДКБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага), ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоог байгуулж төлөвшүүлсэн. ШХАБ-аа Орос, Беларусь, Казахстан, Армени, Киргизийн гишүүнчлэлтэй Евразийн эдийн засгийн холбоо–Гаалийн холбоо гэгчтэй холбохыг зорьсон. Бараг ч холбочихсон болов уу. Ингээд Оросыг тойрсон бат цул орон зай үүсээд бүрэн бэхжүүлж амжаагүй байтал Беларусь өнгөт хувьсгалын босгон дээр тулж ирэв ээ. Оросын хувьд ёстой гай!

Хэрэв өнгөт хувьсгал тус орныг нэрвэбэл Оросын геополитикийн баталгаанд ноцтой байдал үүснэ. Славяны ертөнц дэх сүүлчийн гол холбоотноосоо хагацахаас гадна шууд хил залгаа бүс нутгаа Европын, НАТО-ийн хамар дор сул хаяж өглөө гэсэн үг болно. “Европын Беларусь” засгийн эрх авбал дуусах нь тэр.
Яг одоо оросуудын сэтгэлийг юу зовооно вэ? “Европын Беларусь” гэх ерөнхий им тамгатай. Өрнөдийн тал баримтлагч “Засгийн эрхийг шилжүүлэн авах, зохицуулах зөвлөл”-д засгийн эрх шилжвэл хэрэг бишдэнэ. Тэд Беларусийг ОДКБ гэх цэргийн эвслээс, улмаар Холбооны улсаас гаргана, Оросын телевизийн сувгуудыг хаана, орос хэлийг хэвлэл мэдээллээс хасна, дараа нь Оросын баруун хил дээр “санитарный кордон” буюу “ариун цэврийн зурвас” буй болгоно. Энэ бүхэн Орост тун ноцтой тусна хэмээн Оросын улс төр судлаач Ростислав Ищенко үзэж байна. Түүний олж харснаар, засгийн эрх солигдох нь асуудал биш, түүнд олон хувилбараар Москва бэлтгэлтэй байгаа, гэхдээ л А.Лукашенкогийн дэглэм унавал Оросын хувьд Украины араас бичигдэх үндсэн асуудал болох ажээ.

Миний ажигласнаар Беларусьт Донбасс шиг орос хэлтэн, орос үндэстэн хэдэн саяараа оршин суудаг муж байхгүй тул Орос тэнд бамбай жийргэвч бүс байгуулж чадахгүй. Беларусь нь хойшоо ч, баруушаа ч шууд НАТО-той хиллэнэ. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ, Гаалийн холбооноос тус улсыг гаргахыг уриалагчид засгийн эрх авахгүй гэх баталгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Оросын хувьд эцсийн найдвар нь “Батька”!

Гурав. Өнгөт хувьсгал айсуй!?

Беларусьт үе үе улс төрийн тэмцэл өрнөж, дарагдаж, нууцаар бугшиж, дараа нь ил болж ирсэн. А.Лукашенкод В.Путиных шиг цараа, зангараг илт дутаж байгаа нь саяхны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах тэмцэл хөдөлгөөний үед тод харагдлаа. Тэрбээр Ерөнхийлөгчөөр удсан уу гэвэл удсан. Түүнийг удлаа гээд улс нь хөгжсөн үү (ядаж Казахстан шиг) гэвэл үгүй. Үе үе эр зориг гарган Оросыг өдөн дуудаж, элдэв муу үгээр дайрч шоглох маягаар Оросоос эдийн засаг-худалдааны ашиг хүртдэгийг нь үгүйсгэхгүй. Оросуудын дургүйг элдвээр хүргэхдээ гаргуун энэ нөхөр харин ойрмогхоноос Орост хошуу дэвсэн тусламж, ивээл хүсэх нь тун хачирхалтай.

Энэ улсын газар зүйн байршил, үндэстнийх нь бүтцийг аваад үзвээс яалт ч үгүй Европ ба Евразийн зааг дээр, тодорхой хэлбэл Өрнөд ба өрнөджиж буй Дорнод Европ, Оросын яг зааг дээр оршдог. Тэрхүү байршил нь дараагийн “Майдан” Беларусь болно гэх таамгийг аяндаа дэвшүүлээд гаргаад ирдэг болов уу. Тус улсын сөрөг хүчний нэг лидер, “Европын Беларусь” иргэний хөдөлгөөний зохицуулагч, “Хартия-97”-г үндэслэгч, одоо шоронд суугаа Дмитрий Бондаренко хэдэн жилийн өмнө “2017 он”-ыг “ Беларусь Майдан” болно хэмээн ёрлож байсныг санаж байна. Мөн ондоо багтан Лукашенкогоо хөөж буулгана хэмээн тэрбээр хээв нэг ярьж байсансан. “Залхуурсны төлөө татвар” гэгчийг ард түмэндээ ногдуулсан, тэр нь ард олны дургүйцлийг дэвэргээд “Батька”-гаа үзэн ядах дээрээ туллаа хэмээн “Европыг хүсэгч” тэр нөхөр ярьж байв.

Сэдвээс түр хазайя. “Залхуучуудад ногдуулах татвар” гэдгийг тус улсад 2015 оны хавраас мөрдсөн. Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, гэхдээ хөдөлмөр эрхлээгүй бол жил бүр 250 ам.доллар төлж байх тухай, хэрэв эс төлбөл захиргааны хариуцлага хүлээлгэдэг энэ хуулийг уг нь манай Монголд хуулбарлаад хэрэгжүүлчихмээр санагддаг юм. Ингэх нь буруу биш, энэ цаг үед Монголд яг тохирно гэж би үзэж байна.

Ажилгүйдэл, ядуурал, ажил хийх дургүйцлийн түвшинг хэмжиж үзэх аваас манай улс Беларусаас үлэмж дор муу байгаа.

Харин “Батька” маань эл хуулиа эх орондоо доозыг нь хэтрүүлээд ширүүлчихсэн бололтой, тиймдээ ч өнгөт хувьсгалын босгон дээр Беларусь орноо чирээд ирэх шиг. Үнэндээ тус улсын эдийн засаг барагтайхан байгаа. Хүмүүс ядуурч, үй олноороо ажилгүй, жижиг хотуудыг ажилгүйчүүд дүүргэсэн. Гэтэл А.Лукашенко иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж чадалгүй олон жилийг үдсэн байх юм. Эдийн засаг сул, ард иргэд ядуу байвал нийгэм хэзээ ч тогтворжихгүй. Энэ бүхэн улс төржилтийг өөгшүүлнэ. Беларусь даяар сөрөг хүчний байгууллага, эвсэл холбоод борооны дараах мөөг шиг урган цэцэглэжээ. Тэмцэгчид нь урд өмнөхөөсөө илүү эр зоригтой, түрэмгий, өнгөт хувьсгалын технологид суралцсан аятай аяглана.

Дөрөв. “Батька”!

Аляксандр Рыгоравіч Лукашэнка гэж төрөлх хэлээр нь дууддаг, бичдэг энэ эрхэм буюу Батька (Агаа гэсэн утгатай) 1954 оны наймдугаар сарын 30-нд төрсөн. 1994 оноос хойш халаагүйгээр тус улсыг тэргүүлж буй нэгэн. Ерөнхийлөгчөөс гадна БНБелУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч. Албан тушаалд ажилласан жилээрээ Европт ганцаараа толгой цохино. Харин ТУХН-ийн орнууд дотроо Тажикистаны Э.Рахмон энэ хоёр тэргүүлнэ.

“Лукашэнка” гэх энэ нөхөр 1991 оны хавар (СССР тарах дөхөж байх үе) тус улсын Дээд Зөвлөлд “Ардчиллын төлөө коммунистууд” фракц байгуулан улс төрд тодорч эхэлжээ. Багшийн дээд сургууль төгссөн, хилийн цэрэгт улс төрийн ажилтан, халагдаад комсомолын хурган дарга, дараа нь танкийн цэрэгт сумангийн улс төрийн орлогч, цэргээс халагдаад мужийн эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, хамтралын дарга явсан гэснээс өөрөөр А.Лукашенкогийн намтарт гялтайх юм алга.

Коммунист намыг Зөвлөлт даяар хориглосны дараа тэрбээр “Ард түмний зөвшилцлийн нам” байгуулсан нь бүтэлгүйтсэн. СССР-ийг тараах тухай Беловежийн хэлэлцээрийг Беларусийн Дээд Зөвлөл батлахад цор ганцаараа эсэргүүцсэн депутатаар А.Лукашенко тодрон, СССР тарсныг “ХХ зууны геополитикийн аугаа их сүйрэл” гэж нэрлэсэн нь түүнийг алдаршуулжээ. 1993-1994 онд А.Лукашенко Дээд Зөвлөлийн авлигатай тэмцэх түр комиссыг толгойлж ажилласны эцэст Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Эдүгээ тус улсад улс төрийн 15 нам бүртгэлтэй гэсэн баримт байна. Тэдгээрээс А.Лукашенког дэмждэг нь Беларусийн коммунист нам, Хөдөлмөр шударга ёсны бүгд найрамдах нам, БНН, Беларусийн хөдөөгийн нам, Нийгэм-спортын нам, Беларусийн эх оронч нам бол дэмждэггүй нь “Шударга ертөнц” зүүний нам, Ногоон нам, Иргэний нэгдсэн нам, Беларусийн үндэсний фронт нам, Консерватив-христосын нам, Социал-демократ Грамада нам, Беларусийн Социал-демократ нам юм. Илт сөрөг хүчний үйл ажиллагаа явуулдаг нь Либерал-ардчилсан нам, Ард түмний зөвшилцлийн социал-демократ нам гэсэн мэдээлэл саяхныг болтол ил байв. Одоо яг ийм мэдээлэл алга.

Харин дээр жагсаасан намуудаас тэс хөндлөнгийн, чухам өнгөт хувьсгалын тугч гэмээр “Засгийн эрхийг шилжүүлэн авах, зохицуулах зөвлөл”, “Европын Беларусь”, “Беларусийн христосын ардчилагчид”, “Улс үндсээ аврах фронт”, “Хартия 97” гэхчлэн цоо шинэ хөдөлгөөн, холбоо буй болсон. Светлана Тихановская, Андрей Санников, Николай Статкевич, Павел Северинец, Сергей Тихановский, Виктор Бабарико, Валерий Цепкало, Светлана Алексиевич, Павел Латушко, Ольга Ковалькова, Мария Колесникова гээд сөрөг хүчний олон лидерийн нэр ярайна.

Тэд л өнгөт хувьсгалыг төлөвлөж хэрэгжүүлнэ хэмээн профессор В.Жарихин хардсан нь үнэн болж таарсан. Түүний ярьснаас үзэхэд өмнөх 15 намын лидер, мөрийн хөтөлбөр, түүхэн замнал оросуудад хэдийнэ танил болсон, тэднээс Москва сүрдэж балмагдаж байсангүй. Харин “Европын” гэгдсэн нөхдүүд (дээр дурдсан хүмүүс!) ноцтой балаг тарьна гэсэн нь чухам Оросын цор ганц зовнилыг хэлсэн хэрэг юм.

Тав. Цаашаа хэрхэх вэ?

Тус улсын дотоод, гадаадад цоо шинэ нөхцөл байдал үүслээ. Шинээр төрсөн оппозиц бүгд ялтан болохгүй байх. Ард түмэн гэнэт нэг өдөр А.Лукашенкод хайртай болно гэж бүр байхгүй. Түүний ялалтыг (Ерөнхийлөгчийн сонгуульд 80 хувиар ялсан) Европ, АНУ, ардчилсан ертөнцөд хүлээн зөвшөөрөхгүй нь нэн гачлантай. Ганц Орос дэмжээд юунд хүрэх вэ? ТУХН-ийн орнууд баяр хүргэчихээд дараа нь ус балгасан мэт таг чиг. Бүгд л төвийг сахья гэсэн байх. Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ, ШХАБ энэ улсад дорвитой тусалж чадах уу? Ард түмний тэмцэл хөдөлгөөнийг нухчин дарах тусам түүний нэр хүнд унана.

Хэчнээн эх оронч, тусгаар тогтнолын төлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө хийлээ ч гэсэн хэлмэгдэл бол хэлмэгдлээр л, урссан их цусаар л дуусна. Тэрбээр түүхийн өмнө буруутнаар тодорно. НАТО-ийн цэрэг, Польш, Балтийн гурван улсаар ард түмнээ айлгах, Украинаар жишээлж сүрдүүлэх нь нэг л явуургүй. Ихээхэн улиглавал хүүхэд нохойн доог болно. Итгэхээсээ итгэхгүй нь их болно.

Ингэж аяглах тусам нь өнгөт хувьсгалын технологид илүү суралцсан, илүү шийдмэг, илүү ухаалаг сөрөг хүчнийг бугшуулна гэдгээ тэрбээр мэдэхгүй байх шиг. Түүнийг адрах харгислах тусам ард иргэд нь Москваг түгшээнэ. Ялангуяа тэдний тэмцэл ганц А.Лукашенкогийн эсрэг бус, түүнийг дэмжиж байгаа Кремлийн эсрэг чиглэх нь нэн аюултай. Беларусийн ард түмнийг НАТО, Европын Холбоогоор айлгах Москвагийн тактик цаг үеэ өнгөрөөсөн, гэхдээ орос нөхөд үүнийгээ ойлгохгүй байгаад л асуудал оршино.

Тус улс дахь тэмцэл Украины сценараар явагдана хэмээн Москва урьдчилан төсөөлж, бэлтгэж байх шиг. Өнгөт хувьсгалд далдуур бэлтгэж эхэллээ гэх хардлага оросуудад байгаа. Оросын цэрэг, техник, тусгайгийнхан тус улсад очлоо гэх мэдээ явж байна. Үнэн худал нь бүү мэд? А.Лукашенко дотооддоо хэрхэн дарангуйлах нь одоо нэн чухал. Тэсч тогтоод үлдэх (дэлхий зөвшөөрөхгүй ч засгийн эрхээ барьсаар үлдсэн Венесуэл хувилбар), эсвэл өөрийнхөө оронд Орост нэн үнэнч хайртай нэг нөхрийг олж тавиад зайлах, үүнээс өөр сонголтыг Орос харахыг ч үл хүснэ.

Проф.Жарихины сэрэмжлүүлэг, сануулга ч бас ноцтой. “Кремль 2012 онд дэндүү амар амгалан байсан ба “Янукович бол Шевардназе биш, тэр засгийн эрхийнхээ төлөө хоёр гараараа тулгуур хийж байна, унахгүй, юу ч болохгүй” хэмээн тайвширч суутал чинь юу болж дууслаа” хэмээн орос эрдэмтэн ам асуужээ.

Оросын улс төрч В.Жириновс­кий бүр ил тод зарласан. “А.Лукашенкогийн халааг авах хүн Беларусийг Украины сценараар хөгжүүлж таарна, тэгэхээр Оросын тусламжгүйгээр чи хаашаа ч холдохгүй ээ, эцсийн аврал энэ болно гэдгийг Лукашенкод яс маханд нь тултал ойлгуулах хэрэгтэй. Беларусийг Өрнөдийн тал баримтлагч улс болгохын оронд Оросын бүрэлдэхүүнд бүхлээр нь авбал таарна. Тэрбээр Беларусь, Оросыг бэхжүүлж өгсөн түүхэн хүнээр дуурсагдана биз”. А.Жириновскийн мэргэн үгс!

Бүр үл таашаамаар прогноз ч Оросын сайтуудаар явж байна. А.Лукашенко Өрнөдийн хоригийг үл тооно, сөрөг хүчнээ үл сонсоно. Тэрбээр жагсаал цуглаан, хугацаагүй суулт акцыг хүчээр нухчин дарна. Хатуу нударгаар үзнэ. Цагдаа үл хүчирвэл цэрэг оруулна, Оросын хөлсний цэрэг ч очиж мэднэ, цус их урсгана, буулт хийхгүй, улс төрийн яриа хэлэлцээ хэзээ ч хийхгүй. Гэвч ард олны тэмцэл хавтгайрна, Киевийн “Майдан” шиг гудамжны баррикадын хоёр талаас үзэлцэнэ, Беларусийн арми, цагдаагийнхан тэмцэгчид рүү үй олноороо шилжиж орно, Засгийн газраа огцруулах гэж тэмцэнэ, онц байдал, байлдааны цагийн байдал зарлаад ч нэмэр болохгүй.

Эцэстээ А.Лукашенко баахан хүний амиар огцорно, Орос руу дүрвэнэ…Цаашаа яаж өрнөхийг тэнгэр мэдтүгэй гэх маягаар Оросын тэр сайтад бичжээ.

Яг хөөгдөөд буух дээрээ тулбал А.Лукашенко, В.Янукович хоёрт ялгаа юу байна вэ? Тэгээд хоёулаа Орос руу дүрвэбэл?

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 8-р сарын дугаараас

 

Mongolian Economy