Майкл С. Клечески: Монголд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөөц, боломж асар их бий

T.Amarjargal T.Amarjargal
2023-06-22 10:32:34
Ангилал: Эдийн засаг

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Стэнли Клеческитэй хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа нэн ялангуяа хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.

-Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаа ноён Элчин сайд танд талархал илэрхийлье. Ярилцлагынхаа эхэнд хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцаа ямар түвшинд байгаа талаар та санал, сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу.

-Ярилцах боломж олгосонд баярлалаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хоёр улсын стратегийн түншлэлийн гол тулгуур юм. Бидний хэрэгжүүлж буй олон ажил хувийн хэвшлийг дэмжих суурийг бүрэлдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгоход чиглэдэг. 

Тухайлбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн 2019 оноос хойш таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг  онцолъё. Зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулахад чиглэдэг. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар банкны зээл авч бизнесээ өргөжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор Монголын 1000 гаруй бизнес эрхлэгч нийт 21 сая ам.долларын санхүүжилтийг уг хөтөлбөрийн дэмжлэгээр зуучлуулж аваад байна. Одоогоор Монголын 1000 гаруй бизнес эрхлэгч уг хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилтэд нь 21 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байна. 

Хувийн хэвшил чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг эрчимжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилтуудын нэг.

Миний бие Монголд ирэхийн өмнө АНУ-ын Сенатад энэ асуудлыг танилцуулж байсан. Монгол-Америкийн худалдааны эргэлт 2019 онд сүүлийн таван жилийн дээд хэмжээндээ хүрч тэлээд 2020 онд буурсан ч өнгөрсөн оноос хоёр талын худалдаа эргэн сэргэж эхэлсэнд бид туйлаас баяртай байна. Ялангуяа дэлхийн худалдааны эргэлтэд ихээхэн сорилт тулгарч буй энэ үед Монгол Улсаас АНУ руу чиглэсэн экспорт 30 гаруй хувиар өссөн нь сайны дохио. Хоёр улсын худалдааны харилцаа эрч хүчээр дүүрэн байгаа учраас ирэх жилүүдэд ч ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. 

Миний бахархлыг төрүүлсэн өөр нэг зүйл нь Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад АНУ-ын Засгийн газар техникийн тусламж, зөвлөгөө мэдээлэл зэргээр дэмжлэг үзүүлсэн явдал юм. Саарал жагсаалтаас гарах нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буйн тод илрэл. Иймд саарал жагсаалтад ахин орохгүйн төлөө цаашид ч нэгнээ дэмжиж, хамтран ажиллах болно. Энэ бол Монгол Улсын төдийгүй АНУ-ын эрх ашигт хамаарах асуудал. 

-2012 онд АНУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 350 сая ам.долларт хүрсэн. Гэсэн ч үүний дараа жил дараалан буурсан. Шалтгааныг нь та юу гэж үздэг вэ?

-2011-2012 онд уул уурхайн салбарт огцом тэлэлт бий болсон. Ингэснээр Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрсэн. Үүнээс хойш АНУ-ын шууд хөрөнгө оруулалт тэрхүү оргил түвшинд хүрч чадалгүй жил дараалан буурсан. Гэхдээ АНУ-ын Монгол дахь шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл дүн 2020 онд 779 сая ам.доллар болж, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Үүгээр би маш их бахархаж байна.

АНУ-ын Монгол дахь шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл дүн 2020 онд 779 сая ам.доллар болж, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.

Цар тахал Монголын төдийгүй дэлхийн хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөллөө. Харин дотоодын эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт, Оюутолгой төслийн үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил нь нөхцөл байдлыг өөдрөгөөр харах шалтгаан өглөө. Оюутолгой төсөл та бидний хүсэн хүлээсэн замаар урагшлахаар болсонд маш их баяртай байна.

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь  

-Канад, Австрали, Хятад зэрэг Монголын томоохон хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулдаг. Харин АНУ Монголын аль салбарыг түлхүү сонирхож байна вэ?

-Уул уурхай бол Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч. Энэ утгаараа АНУ-ын ч сонирхлыг татдаг. Харин манай хөрөнгө оруулагчид, компаниуд санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээ, хүнсний салбарт амжилт олсон байдаг. Мөн бидний онцгойлон анхаарч буй нэг салбар бол сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи юм. Энэ бол бидний хувьд эдийн засгийн төдийгүй улс төрийн чухал ач холбогдолтой. Монгол Улс нар, салхины эрчим хүчний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Бидний удахгүй хэрэгжүүлэх төсөл эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, сэргээгдэх эрчим хүч болоод дэвшилтэт технологийг ашиглах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад өмнө нь нөлөөлж байсан зарим хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр Засгийн газар болон хөрөнгө оруулагчид өнгөрсөн оноос тодорхой алхам хийж, хамтран ажиллаж эхэлсэн нь таатай хэрэг.

Уул уурхай бол Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч. Энэ утгаараа АНУ-ын ч сонирхлыг татдаг. Мөн бидний онцгойлон анхаарч буй нэг салбар бол сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи юм.

Эдгээр хүчин чармайлт нь Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн сонирхлыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай Засгийн газрын зүгээс Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (ХСК)-ын оролцоог өргөжүүлэхээр зорьж байгаа. ХСК нь хувийн хэвшил дэх ил тод, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нийгмийн хөгжилд нөлөөлж, тогтвортой өсөлт бий болгохыг зорьдог АНУ-ын Засгийн газрын байгууллага юм. Тус байгууллага эрчим хүч, уур амьсгал, эрүүл мэнд, санхүүгийн хүртээмж, хүнсний аюулгүй байдал зэрэг тэргүүлэх салбарт гол анхаарлаа хандуулж Монгол Улс дахь 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын багцаа дорвитой өсгөхийг зорьж байна. 

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, хуулиа шинэчлэхэд ихээхэн анхаарч байна. Манай улс хөрөнгө оруулагчдад ээлтэй орон болохын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас бизнест ээлтэй шинэчлэлээр дамжуулан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, авлигатай тэмцэх, хувийн хэвшлийг идэвхжүүлэх тал дээр анхаарахаа нийтэд зарласанд бид баяртай байна. Гол нь эдгээр шинэчлэлийг хийхдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгчид болон бусад сонирхогч талуудаас санал авч, тэдний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Шинэчлэлийг ийм ил тод, нээлттэй явуулснаар хууль тогтоомжийг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадна. Өөрөөр хэлбэл, энэ нь хангалттай хэмжээнд харилцан ажилласан, нээлттэй үйл ажиллагаа байх ёстой. 

Гадаад, дотоодын бизнес эрхлэгчид болон бусад сонирхогч талуудаас санал авч, тэдний дуу хоолойг сонсох хэрэгтэй.

Хоёр улсын хооронд энэ чиглэлээр удаан хугацаанд ярьж хэлэлцэж байсан зүйлсийг бүрэн ажил хэрэг болгохоор бид чармайн ажиллаж байна. Үүний нэг нь АНУ, Монгол Улс хоорондын Ил тод байдлын хэлэлцээр юм. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтад чухал нөлөө үзүүлэх хууль журмын төсөлд олон нийтээс санал авах, тэдний саналыг харгалзан хариу мэдэгдэх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Энэ нь ч Монголын Засгийн газрын хүсэл зорилготой нийцдэг гэж би бодож байна. Шинэчлэлийг хэрэгжүүлэх арга замыг заан чиглүүлж буй Ил тод байдлын хэлэлцээр бол худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг илүү дээд түвшинд явуулж буй гол багана гэж үзэж болно. Хэлэлцээр бүрэн хэрэгжвэл АНУ-ын Засгийн газар болон бизнесийн хүрээнийхэн маш талархалтай хүлээж авна. Мөн хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилт нь Монголд хөрөнгө оруулах АНУ-ын хүсэл сонирхлыг улам нэмэгдүүлнэ.

“Түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих нь-2021” форумын үеэр

-Монголд хөрөнгө оруулахад Америкийн хөрөнгө оруулагчдад тулгарч буй гол  саад бэрхшээл нь юу байна вэ?

-Монголд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөөц, боломж асар их бий. Монголын залуучууд, тэдний мэдлэг, чадвар надад маш гүн сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч хоёр орны залуус хамтарч, шинийг эрэлхийлэхэд бизнесийн орчин тунгалаг, тогтвортой, урьдчилан таамаглахуйц байх шаардлагатай. Мөн хууль эрх зүйн зохицуулалт илүү ил тод, тодорхой байх хэрэгтэй. Эдгээр нь Америк, Монголын бизнес эрхлэгчдээс аль алинаас нь сонсож буй хамгийн чухал мессежүүд юм. Тиймээс Ил тод байдлын хэлэлцээрийн дагуу тэдний дуу хоолойг сонсож, хууль, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн үндэсний хэмжээний хууль тогтоомж болон орон нутгийн дүрэм журам, зохицуулалтууд өөр хоорондоо уялдах шаардлагатайг анхаарууштай.

Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахын тулд гомдол, маргааныг цаг тухайд нь үр дүнтэй шийдвэрлэх механизм бүрдүүлэх нь ч маш чухал.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаагаа цахимжуулж, шүүхийн хараат бус байдлыг сайжруулах замаар хүнд суртлыг бууруулах тодорхой алхмууд хийсэнд ЭСЯ-ны хамт олон болон миний бие маш их талархаж байна. Эдгээр нь ардчиллыг бэхжүүлэхийн зэрэгцээ бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх гол хөшүүрэг юм. Бид саад бэрхшээлийн тухай ярихаас гадна сайн туршлагыг ч түгээх хэрэгтэй. Дэлхийн өнцөг булан бүрт байрлах АНУ-ын Элчин сайдын яамд жил бүр хөрөнгө оруулалтын орчны тайлан гаргадаг. Энэ нь олон нийтэд зориулагдсан нээлттэй баримт бичиг юм. Тайланг Америкийн болон тухайн бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулдаг. Мөн боломж, саад бэрхшээлийн аль алиныг нарийн тодорхойлж өгдөг. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүд болон холбогдох албаныхантай хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тиймээс танай уншигчдад ч энэ тайлантай уншиж танилцахыг зөвлөе. Олон нийтэд нээлттэй мэдээлэл учраас манай ЭСЯ-ны цахим хуудсанд бий. Маш ул суурьтай, сайн тайлан болсон

-Америк бол дэлхийн хамгийн том эдийн засаг. Ийн хөгжихөд гадаадын хөрөнгө оруулалт ямар түүхэн үүрэг гүйцэтгэсэн бэ? АНУ-ын гадаадын хөрөнгө оруулалт татдаг гол “нууц” юу вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжих, өндөр цалинтай ажлын байр бий болгох, инновацыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. АНУ бол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүлээн авагч хамгийн том улс. Сонирхуулахад, АНУ-ын Худалдааны яамны тооцоолсноор гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд Америкт 12 сая ажлын байр бий болсон байна. Хөрөнгө оруулагчид янз бүрийн шалтгааны улмаас АНУ-д татагддаг, гэхдээ би зөвхөн хоёрыг нь л онцолъё.

Нэгдүгээрт, тогтвортой, ил тод байдлыг хангасан, зах зээлд чиглэсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн явдал юм. Хоёрдугаарт, АНУ-ын ажиллах хүч дэлхийн хамгийн чадварлаг, бүтээмжтэйд тооцогддог.

Хууль, дүрэм журам боловсруулахдаа хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсож, хийсэн гэрээ хэлэлцээр нь хамгаалагдсан байх, үйл ажиллагаанд нь аливаа саад учруулахгүй байх баталгааг хангасан нь маш том алхам болсон. Мөн хүнд суртал, авлигыг бууруулахад анхаарсан. Энэ бол аль ч улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах маш чухал хүчин зүйл. Мөн манай соёл олон талт, нээлттэй, инновацлаг байдлыг эрхэмлэдэг бөгөөд үүгээр нь би маш их бахархдаг.

АНУ-ын боловсролын систем ч тун хүчирхэг. Би түрүүн хэлсэнчлэн монгол залуус үнэхээр мундаг. Тэд дэлхийгээр аялж, гайхалтай санаануудыг өвөртлөн эх орондоо ирдэг. Зарим нь бүр түр хугацаагаар ажиллаж, амьдарч буй улсдаа ч шинэ санаа өгөх нь бий. Би АНУ-д амьдарч байсан, мөн одоо амьдарч байгаа цөөн хэдэн монгол хүн танина. Тэд Америкийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан, бас оруулж яваа залуус. Ийм л залуус эдийн засгийн орчныг эрчимжүүлж, өнгө нэмж байдгийг дурдах хэрэгтэй.

Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын санхүүжилт бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол. 2021 оны наймдугаар сар

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог байгуулсан. Тус хорооны үйл ажиллагаа болон дараагийн хуралдааны талаар мэдээлэл өгнө үү? 

-Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог байгуулсан түүхтэй. Тус хороо нь хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд өндөр түвшний хэд хэдэн яриа хэлэлцээрээс нэгийг нь зохион байгуулдаг. 

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо хамгийн сүүлд 2019 онд хуралдаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын олон асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрхийг хамгаалах болон хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Мөн ноолуурын худалдаа, АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP) болон худалдааг хөнгөвчлөх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Дараагийн хуралдаанаар ч мөн эдгээр сэдвийн хүрээнд хэлэлцэнэ гэж таамаглаж байна. Одоогоор цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дараагийн хуралдааныг яг хэзээ зохион байгуулахыг хэлэхэд хэцүү байна. 

Энэ жил Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд бид олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Мэдээж энэ жил эдийн засгийн асуудал маш чухал сэдэв байх болно.

-Асуултаа гадаад худалдаа руу чиглүүлье. Хоёр улсын худалдааны эргэлтийг авч үзвэл экспорт, импортын хэмжээ эрс зөрүүтэй байна. Монголоос АНУ руу экспорт хийхэд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ? Үүнийг хөнгөвчлөх, дэмжих боломж бий юу?

-Сонирхолтой асуулт байна. Монгол Улс бол уул уурхайн тоног төхөөрөмжийн томоохон худалдан авагч улс. АНУ-аас Монголд нийлүүлдэг техник технологи, тоног төхөөрөмж нь уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар Монгол Улс дэлхий дахинд экспорт хийх үндэс суурийг бэхжүүлж байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар, тэр дундаа Монгол Улсад тээвэр логистикийн сүлжээ тасалдаж, экспорт хийхэд хүнд сорилт тулгарч байна. Иймд Монгол Улс тээвэр, логистикийн дэд бүтцээ сайжруулснаар экспортын урсгалаа илүү уян хатан болгох боломжтой. 

Өөр нэг сорилт нь Монголын экспорт голчлон эрдэс баялаг байна. Тиймээс хоёр орны худалдааг төрөлжүүлж, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бид ихээхэн анхаардаг. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг жишээ бол ноолуур.

Монгол ноолуурын өндөр чанар, өвөрмөц онцлогийг дэлхийн хэрэглэгчдэд ойлгуулах нь олон улсын зах зээлд нэвтрэх гол үүд хаалга юм.

Тийм ч учраас Олон улсын хөгжлийн агентлагаас брэндинг болон маркетингийн чиглэлээр төсөл хэрэгжүүллээ. Өнгөрсөн онд дууссан энэхүү судалгааны төсөл тогтвортой байдлыг дэмжихэд ч ихээхэн үр нөлөөтэй байлаа. 

Өөр нэг чухал зүйл бол англи хэл. Монголд англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй залуус асар их байна. Хэл бол харилцааны чухал хэрэглүүрээс гадна эдийн засгийн асар их ач холбогдолтой гэж би боддог. Тиймээс бид улс даяар англи хэлний сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах боломжуудыг хайж байна. Би Монгол Улсын бараг бүх аймагт очиж үзсэн. Очсон бүх аймгийн удирдлагууд үүнийг эрхэм зорилтынхоо нэг гэдэг. Англи хэл Монголын эдийн засагт, тэр дундаа технологи, аялал жуулчлалын салбарт эерэг өөрчлөлт гаргах нь дамжиггүй. 

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг санаачлан Конгресст өргөн барьсан. Энэ хуулийн төсөл хэдийгээр батлагдах төлөвтэй байна вэ? 

-Хуулийн төсөл АНУ-ын Конгрессын мэдэлд байгаа. Миний хувьд, АНУ-ын гүйцэтгэх засаглалд хүчин зүтгэж буй учраас хууль тогтоох засаглал болох Конгрессын үйл ажиллагааны талаар албан ёсны тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Гэхдээ эл хуулийн төсөл нь Монголын ноос ноолуурын салбарт асар их нөөц бололцоо бий гэсэн санаан дээр тулгуурлаж бий болсон учраас олон хүн биднээс энэ талаар асуудаг. Конгресс төслийг авч үзэж байх зуурт Төрийн департамент, Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс ижил зорилготой буюу Монголын ноолуурын салбарыг бэхжүүлэх бодит ажлууд хийж байгаа. Монголын эдийн засаг хүчирхэг байх нь АНУ-ын сонирхолд нийцнэ. Тийм ч учраас бид маркетинг, тогтвортой байдалд чиглэсэн төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсэн юм. 

-Элчин сайд танаас асуух албаны асуултаа өндөрлөөд хувийн чанартай зүйл асууя. Та Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? Монгол хүний мөн чанар, онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?

-Эхнэр бид хоёр ирээд гурван жил шахам болж байна. Монгол Улсад бид үнэхээр хайртай. Үүнийг манай твиттер хуудсыг дагадаг хүн бүр олж хардаг болов уу. Монголчууд найрсаг, халуун дулаан уур амьсгалтай байдаг нь бидэнд хамгийн их таалагддаг. Энэ бол дипломат хүн бүрийн хэлдэг үг гэдгийг мэднэ. Гэхдээ би чин сэтгэлээсээ хэлж байгаа юм шүү. Бидэнд маш олон монгол найз бий. Тэднийхээ халуун дулаан сэтгэлийг мэдэрч, сайхан нөхөрлөж яваагаа маш их аз гэж боддог. Монгол орны хувьд онцлох зүйл нь ёс заншил. Улс орон бүрт дээдлэж дагадаг заншил бий. Харин монголчуудын зан заншил хүмүүсийн үйлдэл, сэтгэхүйг төлөвшүүлж ирсэн нь надад гайхалтай санагддаг. Мөн нэг зүйлийг онцолмоор санагдлаа.

Монголчууд ёс уламжлалаа орчин үеийн хэв маягтай гайхалтайгаар сүлж чаддаг. Бид бүхний сайн мэдэх жишээ бол Хү хамтлаг.

Нэг талаас үндэсний дуу хөгжим, нөгөө талаас рок хөгжийн төрөл жанр хосолсон өвөрмөц хэв шинжтэй. Рок хөгжим бол үндэсний урлаг биш шүү дээ. Ийм өвөрмөц хослол зөвхөн Хү хамтлагаар хязгаарлагдахгүй. Монголын залуус өнөө цагийн сорилтод нийцүүлэн уламжлалт хэв маягаа тээн хадгалсаар байгаа нь үнэхээр гайхалтай, бас өвөрмөц санагддаг. Цар тахлын энэ үед зарим ёс заншлыг дагаж мөрдөх хүндрэлтэй байгаа ч эдгээр уламжлалаас бид өвөрмөц байдал, хайр энэрлийг мэдэрдэг. Америкчууд Монголд ажил хэрэг, амралт зугаалгын аль ч шугамаар, хэдийд ч ирсэн монголчуудын зан заншил өдөр тутмын амьдралд нь хэрхэн тусгалаа олсныг эерэгээр олж хардаг гэж би боддог.

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal