Манай сэтгүүлч шилдгээр тодорлоо

B Shurenchimeg
2022-06-30 15:05:45

Санхүүгийн зах зээлийн талаарх ойлголт, үйл ажиллагааг олон нийтэд түгээх, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцын талаар таниулах, шинэ санаа дэвшүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. 

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд болсон энэхүү уралдаанд нийт 30 гаруй бүтээл “Сонин, сэтгүүл, вэбсайт” болон “Телевиз, радио, видео контент” гэсэн хоёр төрөлд өрсөлдсөн юм. 

Сонин, сэтгүүл, вебсайтын төрөлд манай “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэг “Баялгийг хуваарилах шударга хувьчлал” нийтлэлээрээ тэргүүн байр эзэлсэн бол дэд байранд “Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу” бүтээлээрээ “Mining insight magazine” сэтгүүлийн Б.Баяртогтох,  гуравдугаар байрт “Хөрөнгийн зах зээлийн гүүр: Хөрөнгө оруулалтын сан” нийтлэлээрээ Lemonpress.mn сайтын сэтгүүлч Э.Золбаяр нар тус тус шалгарчээ. 

Харин телевиз, радио, видео контентийн төрлөөр тэргүүн байрт “Биржийн бус зах зээл” бүтээлээрээ МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сэтгүүлч Ц.Санчирмаа, дэд байрт “Банкуудын IPO хойшлох уу” бүтээлээрээ Eagle телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргал, гуравдугаар байрт  “Банкны IPO-Ногоон сум” хэлэлцүүлэг бүтээлээрээ МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн Г.Ган-Эрдэнэ нар шалгарлаа.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга А.Батболд нар оролцож сэтгүүлчдэд шагнал гардуулав. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлан таниулахад зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос гадна сэтгүүлчдийн оролцоо чухал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан бөгөөд энэхүү үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гурван сэтгүүлчийг Санхүүгийн зохицуулах хорооны “Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагналаа.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg