МАН-ын амлалт: Эрчим хүч экспортлогч орон болох мянгуужингийн үлгэр
Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, хоёр сонгууль дараалан төрийн сэнтийдээ залсан. Тэд “Эрчим хүч экспортлогч орон болно” гэж гурван жилийн өмнө мөрийн хөтөлбөртөө томоос том амлалт өгч байв. Энэ зорилгын ядаж тал хувь нь өнөөдөр биелсэн үү? Энэ асуултад бид хариулт хайлаа.
Аливаа улс урагшаа алхахад эрчим хүчний салбар нь хөшүүрэг, зүтгүүр нь болдог жамтай. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай оронд бол хоёрдогч зах зээл нь эрчим хүч. Гэтэл энэ чухал үүрэгтэй, том салбар өнөөдөр нуруу нь бөгтийж, гар нь эцэж, хөл нь гуйвж байна. Ийм байдалтай байгааг төр, засгийн сэнтийд залрагсад мэдэхгүй биш мэддэг. Тиймээс ч УИХ-ын сонгуулиар биелэгдэхгүй мөрөөдөл амлаж, ард түмний тархийг угаасаар төрийн толгойд суудаг. Тэд аливаа зүйлийн эмзэг цэг дээр хатгаж, түүн дээр босож ирэхдээ сайн боловч, түүнийг эмчилж, эдгээхдээ маруухан. Энэ байдал эрчим хүчний салбарт бүрэн утгаараа хэрэгжжээ. МАН 2020 оны сонгуулиар эрчим хүчний салбарт ямар амлалт өгч байсныг эргэн саная.
МАН мөрийн хөтөлбөртөө 2020-2024 онд хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна гэсэн томоохон зорилт тавьсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. “Монгол мал-II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно. Жилд нэг сая жуулчин хүлээж авна. Өмнөх дөрвөн жилийн амжилтаа бүх талаар ахиулан, хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно гэсэн томоохон бөгөөд сүржин амлалт өгч байжээ. Энэ амлалтууд дунд “Эрчим хүч экспортлогч орон болно” гэдэг үг, өгүүлбэр байх юм. Энэ амлалт, зорилго өнөөдөр биеллээ олсон уу?
Эрчим хүчний салбар дахь МАН-ын амлалт
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн “Үндэсний дэд бүтцийн сүлжээ” /Эрчим хүчний төсөл/ хэсгийн 2.3.1-д Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ гэсэн байна. Энэ хэсгийн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгана гэдэг зорилт биелжээ. Биелсэн ч гэж дээ, олон жил хүчээр л ийм түвшинд барьж ирсэн шүү дээ. Үүнийгээ ч баталсан. Яаж баталсан бэ гэхээр Ковидын үеэр цахилгаан, дулааны үнийг чөлөөлчихсөн. Энэ шийдвэр иргэдэд ашигтай мэт боловч нөгөө талаасаа маш буруу арга хэмжээ байв. Тодруулбал, хөдөлмөр, нийгэм хамгааллын үүргийг эрчим хүчний салбарт өгчихсөн. Хэдэн сар, жилээр цахилгааны төлбөр төлөөгүй иргэд өнөөдөр эрчим хүчний салбар руугаа дайрч байна. Муу зан сурчихсан гэсэн үг. Ингэснээр эрчим хүч үнэгүйдэж салбар нь бүр дордсон. Тус салбарын алдагдал өнгөрсөн жил 92 тэрбум төгрөг байсан бол энэ жилийн таамгаар 200 тэрбум хүрэх нь ойлгомжтой боллоо. Энэ нь нэг талдаа иргэддээ үнийн дарамт үүсгэхгүй байгаа мэт боловч буцаагаад тэднээс авсан татварын мөнгөөр эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөх нь тодорхой. Ийнхүү “Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн, зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ” гэх зорилт огтхон ч хэрэгжсэнгүй. Үнэгүй шахам цахилгаан иргэддээ өгч буй эрчим хүчний салбарын үр ашиг нэмэгдэхгүй, зах зээлийн зөв тогтолцоонд шилжихгүй. Зах зээлийн зөв тогтолцоо гэдэг нь маш том өргөн ойлголт. 22 жилийн өмнө батлагдсан Эрчим хүчний тухай хуулиа огтхон ч хэрэгжүүлэхгүйгээр барахгүй төр нь эрчим хүчний үнэ тарифыг хүчээр барьж ирсэн. Зах зээлийн зарчмаар нь явуулаагүйгээс энэ салбарт зөв тогтолцоо огт байхгүй болжээ.
Эдийн засаг хамгийн сайн өсөлттэй байсан 2010, 2011 онд ч манай улс шинэ чадлын станц бариагүй. Харин ч Хойд хөршөөс худалдаж авдаг цахилгааны хэрэглээ өсөж, улсын төсөвт төвлөрсөн чамлахааргүй хөрөнгийг халамж болгоод тараагаад дууссан. Томоохон төсөл хөтөлбөр, эрчим хүчний эх үүсвэр барих зорилго бүр “үлгэр” болоод дууссан түүхтэй. Тэгсэн хэрнээ намууд мөрийн хөтөлбөртөө Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэж бурсаар иржээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.3.2. “Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина” гэсэн бүлэгт “Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ, Хөшигийн хөндийд баригдах “Шинэ зуун мод”, Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ, Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана, аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна” хэмээсэн байна.
Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавих мөрөөдлийг дөрвөн жилийн дотор биелүүлнэ гэж тус нам амалжээ. Гэвч өнөөдрийн байдлаар энэ амлалт бүхий мөрөөдөл огтхон ч биелээгүй. Юун экспортлогч, улсаараа эрчим хүчний дутагдалд орчихсон, өвлийг давж чадах эсэхээ ярьж сууна шүү дээ. Уг нь Засгийн эрхэнд гарч ирүүтээ амлалтаа биелүүлэхийн төлөө зориглоод, төлөвлөөд, хөрөнгө хаяад бага ч болов эх оронч сэтгэлээр хандсан бол болохгүй гэх газаргүй байсан. Ер нь тэгээд эдийн засаг хамгийн сайн өсөлттэй байсан 2010, 2011 онд ч манай улс шинэ чадлын станц бариагүй. Харин ч Хойд хөршөөс худалдаж авдаг цахилгааны хэрэглээ өсөж, улсын төсөвт төвлөрсөн чамлахааргүй хөрөнгийг халамж болгоод тараагаад дууссан. Томоохон төсөл хөтөлбөр, эрчим хүчний эх үүсвэр барих зорилго бүр “үлгэр” болоод дууссан түүхтэй. Тэгсэн хэрнээ намууд мөрийн хөтөлбөртөө Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэж бурсаар иржээ.
2023 оны байдлаар эдийн засаг 6.4 хувиар өсөж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая долларын ашигтай гарлаа. Гэвч энэхүү олсон орлогоо аймгуудын төсвийг тэлэхээр шийдэж, 2024 оны төсвийн төсөлдөө тусгажээ. Үүнд эрчим хүчний төсөл хөтөлбөр, шинэ эх үүсгэвэр барих төлөвлөгөө байхгүй. Ядахнаа нурж унах дээрээ тулсан цахилгаан станцуудынхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх шийдвэр ч үгүй 2024 оны сонгуультай золгох нь ээ. Ийнхүү сонгуулийн хар гайгаар төсөв нь орон нутгийн үр ашиггүй зам, сургууль, цэцэрлэгийн барилгад шингэх нь ойлгомжтой боллоо.
Эрчим хүчний салбарын мөрөөдлийг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, дараагийн сонгуулийн буухиаг боддоггүй улс төрийн хүчин, төрийн түшээд л биелүүлж чадах байх. Харамсалтай нь тийм улс төрийн хүчин, түшээд алга.
Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангахын тулд томоохон эх үүсвэр барих ёстой. Эрчим хүчний салбарын олон төслийг гаднынхан гэхээсээ илүү дотооддоо зодолдоод унагаачихдаг уламжлал тогтсон. 1980 оны сүүлчээр БНМАУ-ыг цахилгаанжуулах төлөвлөгөөг тухайн үеийн зөвлөлтийн эрдэмтэд монгол эрдэмтэдтэй хамтраад хийсэн байдаг. Тэр төлөвлөгөөгөөр хамгийн эхэнд барих цахилгаан станц бол ТЭЦ-5, дараагийнх нь Багануур, Тавантолгойн станц байв. ТЭЦ-5, Багануурын цахилгаан станцыг барих төлөвлөгөө цаасан дээр явсаар дууссан. Багануурын цахилгаан станцыг барьчихсан бол нэг блок нь 350 мегаваттын хүчин чадалтай, манай эрчим хүчний системийн дөрөвний нэгийг хангах байсан. ОХУ-аас импортын үнэтэй 350 мегаватт цахилгаан эрчим хүч худалдан авахгүй байх байлаа.
Ер нь “Монгол Улс хэзээ эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах вэ” гэдэг асуултыг өнөөг хүртэл тавьсаар ирсэн. Мөрөөдөл биелдэг бас биелдэггүй. Харамсалтай нь, эрчим хүчний салбарын бүхий л амлалт, мөрөөдлүүд биелдэггүй, хэрэгждэггүй ажээ. Тус салбарын мөрөөдлийг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, дараагийн сонгуулийн буухиаг боддоггүй улс төрийн хүчин, төрийн түшээд л биелүүлж чадах байх. Харамсалтай нь тийм улс төрийн хүчин, түшээд алга. Улс орноо эрчим хүчний экспортлогч болгох МАН-ын мянгуужингийн үлгэр ч дуусах ийн дөхлөө.
Эрчим хүчний салбар дахь АН-ын амлалт
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас МАН, АН ээлжилж төр барьсан. Эрчим хүчний салбарыг доройтлын зам руу унахад АН ч мөн ялгаагүй үүрэг гүйцэтгэсэн. АН засаглаж байсан үедээ (2012-2016) бас л “Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгоно” хэмээн амлажээ. Тодруулбал, Сайншандад 600-800 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц барина, Төвийн бүсэд ТЭЦ-5-ын нэгдүгээр ээлж, Дарханы станцын өргөтгөл, Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц, 50-аас доошгүй МВт хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна гэж амлаж байсан юм. АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрт хүнд, хөнгөн аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг голлох салбарт 15 том төсөл хэрэгжүүлж, 100 мянган ажлын байр шинээр бий болгоно хэмээн амлаж байв. Энэ сайхан амлалтуудаас нэг нь ч биелээгүй. МАН ч тэр, АН нь ч тэр ялгаагүй эрчим хүчний салбарыг орхигдуулсан. Олон жил үргэлжилсэн сайхан амлалтуудын уршгаар эрчим хүчний салбар өнөөдөр туйлдаа хүрчихээд байна. Хий хоосон мөрөөдлөө олон жил ярьсаар бараг эрчим хүчний салбарын уран зөгнөлт кино болж хувирах нь. Худлаа ярих тусам түүнийх нь төлөөс улам их болсоор байна. Арван амлалтаас ядаж нэг нь ч хэрэгжсэнгүй.
Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын үүдэнд “Хэрэглэгчдийг найдвартай дулаан, цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй хангана” хэмээн бичсэн байдаг. Энэхүү зорилгоо эрчим хүчний салбар биелүүлж чадахгүй хэмжээнд өнөөдөр хүрлээ. Том төсөл хөтөлбөр байг гэхэд дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг бага багаар шинэчлэх, шугам сүлжээний хуучирсан утсуудыг шинэчлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх зэрэг наад захын зүйлийг эрчим хүчний салбарынхан хүсэж, хүлээсээр. Тэд эрчим хүчний салбарт намуудын өгсөн сайхан амлалтуудын багахаан хэлтэрхийг горьдож сууна. Гашуун үнэн бол энэ.
Үргэлжлэл бий…