МАН-ын амлалт: Эрчим хүч экспортлогч орон болох мянгуужингийн үлгэр дуусаагүй

Sarangerel
2026-01-30 10:36:52
Ангилал: Эрчим хүч

Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдүгээр сарын 28-ны өдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн “тэнсэн” өгч, “хэрэв эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүй бол хариуцлага тооцно” гэж анхааруулав. Эрчим хүчний салбар өнөөдөр хүнд нөхцөлд байгаа нь үнэндээ Б.Чойжилсүрэн сайдын ч 100 хувь буруу биш. Олон жил улстөржиж, эрчим хүчний салбар дахь томоохон төслүүдээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Улс төрийн томоохон намууд эрчим хүчний талаар хэзээ ч биелэхгүй амлалт өгч төрийн сэнтийд суудаг.  

Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, гурван сонгууль дараалан төрийн сэнтийдээ залсан. Тэд “Эрчим хүч экспортлогч орон болно” гэж мөрийн хөтөлбөртөө томоос том амлалт өгч олон жил иргэдийг хуурсан. Энэ зорилгын ядаж тал хувь нь өнөөдөр биелсэн үү? Энэ асуултад бид хариулт хайлаа. 

Хамгийн сүүлд 2024 оны сонгуулиар МАН эрчим хүчний салбарт “Эрчим хүчний шилжилт, либералчлал, бүсчилсэн тархмал эх үүсвэр” бий болгоно гэж амлажээ. Тодруулбал, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд доорх цахилгаан станцуудыг барьж байгуулна гэж “зөгнөсөн” байна. 

-90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

-300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станц

-“Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 70 МВт-аар өргөтгөнө

-400 МВт-ын Багануурын цахилгаан станц

-450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц

-200 МВт-ын Шивээ Овоогийн цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулна.

-Байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.

-Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ. 

Гэвч дээрх амлалтаас 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлж нь л ашиглалтад ороод байгаа. Харин бусад амлалт одоогийн байдлаар үлгэр хэвээр, цаасан дээр хэвээр байна.

Монгол Улс хэзээ эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах вэ

Аливаа улс хөгжиж, урагшаа алхахад эрчим хүчний салбар нь хөшүүрэг, зүтгүүр болдог жамтай. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай оронд хоёрдогч зах зээл нь эрчим хүч. Гэтэл энэ чухал үүрэгтэй, том салбар өнөөдөр нуруу нь бөгтийж, гар нь эцэж, хөл нь гуйвж байна. Ийм байдалтай байгааг төр, засгийн сэнтийд залрагсад мэдэхгүй биш мэддэг. Тиймээс ч УИХ-ын сонгуулиар биелэгдэхгүй мөрөөдөл амлаж, ард түмний тархийг угаасан хэвээр байгаа нь харамсалтай. Тэд аливаа зүйлийн эмзэг цэг дээр хатгаж, түүн дээр босож ирэхдээ сайн боловч, түүнийг эмчилж, эдгээхдээ маруухан. Энэ байдал эрчим хүчний салбарт бүрэн утгаараа хэрэгжсэн.

Эдийн засаг өндөр өсөлттэй байсан 2010, 2011 онд ч манай улс шинэ чадлын станц бариагүй. Харин ч хойд хөршөөс худалдаж авдаг цахилгааны хэрэглээ өсөж, улсын төсөвт төвлөрсөн чамлахааргүй хөрөнгийг халамж болгоод тараагаад дууссан. Томоохон төсөл хөтөлбөр, эрчим хүчний эх үүсвэр барих зорилго бүр “үлгэр” болоод дууссан түүхтэй. Тэгсэн хэрнээ намууд мөрийн хөтөлбөртөө Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэж бурсаар ирсэн нь үнэн.

Мөрөөдөл биелдэг бас биелдэггүй. Харамсалтай нь, эрчим хүчний салбарын бүхий л амлалт, мөрөөдлүүд биелдэггүй, хэрэгждэггүй ажээ

Эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавих мөрөөдөл аль зүгт хийсэн одсон юм бүү мэд. Юун экспортлогч манатай, улсаараа эрчим хүчний дутагдалд орчихсон, өвлийг давж чадах эсэхээ мэдэхгүй сууна. Уг нь эрх баригч нам Засгийн эрхэнд гарч ирүүтээ амлалтаа биелүүлэхийн төлөө зориглоод, төлөвлөөд, хөрөнгө хаяад бага ч болов эх оронч сэтгэлээр хандвал болохгүй гэх газаргүй. 

2023 оны байдлаар эдийн засаг 6.4 хувиар өсөж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая долларын ашигтай гарав. Гэвч энэхүү орлогоо аймгуудын төсвийг тэлэхээр шийдэж, 2024 оны төсвийн төсөлдөө тусгасан. Үүнд эрчим хүчний төсөл хөтөлбөр, шинэ эх үүсгэвэр барих төлөвлөгөө байхгүй. Ядахнаа нурж унах дээрээ тулсан цахилгаан станцуудынхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх шийдвэр ч үгүй 2024 оны сонгуультай золгож байлаа. Ийнхүү сонгуулийн хар гайгаар төсөв нь орон нутгийн үр ашиггүй зам, сургууль, цэцэрлэгийн барилгад шингээд дууссан.

Эрчим хүчний салбарын мөрөөдлийг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, дараагийн сонгуулийн буухиаг боддоггүй улс төрийн хүчин, төрийн түшээд л биелүүлж чадах байх. Харамсалтай нь тийм улс төрийн хүчин, түшээд өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй.

Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангахын тулд томоохон эх үүсвэр барих ёстой гэдгийг амтай бүхэн л ярьдаг. Гэвч эрчим хүчний салбарын олон төслийг гаднынхан гэхээсээ илүү дотооддоо зодолдоод унагаачихдаг уламжлалтай. 1980 оны сүүлчээр БНМАУ-ыг цахилгаанжуулах төлөвлөгөөг тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд монгол эрдэмтэдтэй хамтраад хийсэн байдаг. Тэр төлөвлөгөөгөөр хамгийн эхэнд барих цахилгаан станц бол ТЭЦ-5, дараагийнх нь Багануур, Тавантолгойн станц байв. ТЭЦ-5, Багануурын цахилгаан станцыг барих төлөвлөгөө цаасан дээр явсаар дууссан. Багануурын цахилгаан станцыг барьчихсан бол нэг блок нь 350 мегаваттын хүчин чадалтай, манай эрчим хүчний системийн дөрөвний нэгийг хангаж, ОХУ-аас үнэтэй 350 мегаватт цахилгаан эрчим хүч худалдан авахгүй байлаа. 

Ер нь “Монгол Улс хэзээ эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах вэ?” гэдэг асуултыг өнөөг хүртэл тавьсаар ирсэн. Мөрөөдөл биелдэг бас биелдэггүй. Харамсалтай нь, эрчим хүчний салбарын бүхий л амлалт, мөрөөдлүүд биелдэггүй, хэрэгждэггүй ажээ. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн нь эрчим хүчний сайдаа загнаад суух биш олон жилийн турш үлгэрийн далай болсон эрчим хүчнийхээ салбарыг босгох цаг нэгэнт болжээ. Дулааны цахилгаан станцууд туйлдаа хүрч, Улаанбаатар хөлдөх дээрээ тулчихаад байхад ямар нэгэн гарц гаргалаа хайхын оронд улс төр хийсээр сууна. Дараа өвөл энэ байдал үргэлжлэхгүй гэхийн баталгаа байхгүй. 2028 оны сонгууль хаяанд тулсан байхад улс орноо эрчим хүчний экспортлогч болгох МАН-ын мянгуужингийн үлгэр дуусаагүй л байна.