Маралаад “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-г хэрэгжүүлмээр байна

Mongolian Economy
2022-03-01 15:14:57
Ангилал: Боловсрол

Өглөөний 11 цагийн үед би гэрт нь очлоо. Зурагтын дуу чих дөжрөм чанга сонсогдох аж. Маралаа буйдан дээр удирдлага барин, зурагт үзээд сууж байв. Сувгаа байн байн солингоо ямар нэгэн юм амандаа бувтнана. Бувтнаж ярьдаг болохоор яриаг нь ойлгоход бэрх. Тиймээс ээж нь давхар “орчуулагч” хийнэ. Охин байнга зурагт үздэг, зурагтаар гарч буй хүний яриаг давтан хэлдэг гэнэ. Намайг очсон өдөр Маралаа нүүрэндээ энгэсэг түрхэж, уруулаа тод хүрэн өнгөөр будсан байв. Ээж нь “Хүн орж ирлээ. Зурагтынхаа дууг багасга” гэсэн боловч Маралаа чихгүй юм шиг үл тоомсорлон зурагтаа үзнэ. “Охин минь өглөө 08 цагийн үед гараад, автобусаар явж явж байгаад чиний өмнөхөн гэртээ орж ирлээ. Энэ хүүхэд автобусаар яваад салахгүй нь. Өдөр бүр автобусанд суугаад хаашаа ч хамаагүй явчих юм” гэж ээж нь санаа зовнингуй хэлэв.

-Марал аа, чи хэдэн настай вэ?
-15 настай.
-Тоо нэмж, хасаж чадах уу?
-Чадна.
-20 дээр 20-ийг нэмбэл хэд гарах вэ?
-40.
-400 дээр 400-г нэмбэл?
-600 гарна.
-Чи уншиж чадах уу?
-Чадна.
-За энийг уншдаа.
-Ээжний ха ха… (Ээжийн хайчилбар)

Тэрбээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй буюу F-1 гэсэн оноштой хүүхэд юм. Багадаа цэцэрлэгт явж байгаагүй. Анх зургаан настайдаа сургуульд орсноос хойш тусгай болон ердийн ерөнхий боловсролын таван өөр сургуульд нийт есөн жил сурч байгаа. Одоо ердийн ЕБС-ийн 6-р ангид сурдаг.

“Маралаа тусгай сургуульд яваад өөрийгөө хаясан. Харин энгийн сургуульд сураад биеэ авч явах тал дээр хичээдэг болсон. Гэхдээ өдөржин зүгээр сууж байгаад л ирэх юм. Ангийн хүүхдүүд нь гадуурхах нь гайгүй. Ариун цэврийн өрөө ороход нь хамт дагуулж явах гэх мэтээр тусалдаг” гэж ээж нь ярилаа.

НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн Конвенцид “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүний үндсэн эрх болох боловсрол олж авах, өөрийн онцлогт тохирсон орчноор хангуулах, бие бялдар, оюун ухаан, оюун санааны болон нийгмийн хөгжлийг хангах түвшинд аж төрөх эрхтэй” гэж заасан байдаг.

Манай улс сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургах бодлого баримтлан, хууль эрх зүйн орчноо бүрдүүлж байна. 2016 онд УИХ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг боловсруулан баталсан. 2019 онд БСШУ-ны сайдын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамруулан сургах” А/292 тоот тушаалыг баталсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийн амьдарч буй газартаа сурч боловсроход чухал алхам болсон. Монгол Улсад 2019 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 107 мянган иргэнээс 11606 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. ЕБС-д 6053 хүүхэд сурч байгаагаас 1751 нь Улаанбаатар хотын зургаан тусгай сургуульд суралцдаг.

Тэгвэл дээрх хууль, журам бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?

Бодлого, бодит байдлын зөрүү хэр байна, ЕБС-иуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлж чадаж байгаа эсэх, ЕБС-ийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах арга зүй бий юу, тэдгээр хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөр, гарын авлага, материал байна уу, сурагчдын сурлагын үнэлгээг хэрхэн хийж байна вэ, сургалтын орчин хэр бүрдсэн,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай сургууль, ердийн сургуульд сурахын аль нь дээр вэ гэдэг асуултуудад хариу авахыг хичээлээ.

Тэгш хамруулах боловсрол нь хувь хүний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн нэмэлт дэмжлэг үзүүлэх замаар бүх хүүхдийг хамтдаа суралцах боломж олгодог.

Хуучин нэрээр БСШУ-ны сайдын А/155 дугаар тушаалаар “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх заавар”-т “нийтээр зохион байгуулж буй хичээлд тухайн хүүхдийн суралцах чадвар, хурд нь гүйцэхгүй байгаа тохиолдолд тухайн хүүхдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, ахицаар үнэлэх”-ийг заасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авсан сургууль “Дэмжлэгийн баг” байгуулж ажиллуулна гэсэн гурван яамны сайдын хамтарсан тушаал гарсан. “Дэмжлэгийн багийн” бүрэлдэхүүнд сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сургуулийн эмч, анги удирдсан багш, бусад хичээл заах багш ажиллах юм. Энэхүү дэмжлэгийн баг нь шаардлагатай хүүхдэд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсруулах, төлөвлөгөөг засаж сайжруулах үүрэгтэй.

Маралаагийн ээж “Энэ жил цар тахлаас болоод цахимаар тав, танхимаар тав хоног хичээллэсэн. Охин маань теле хичээл, цахим хичээл бие дааж үзэж чадахгүй. Танхимаар орсон ч сурч байгаа зүйл байхгүй. Хүүхдүүдийн дунд л явж байна. Багшаас нь ганцаарчилсан төлөвлөгөөгөөр заагаад өгөөч гэж гуйсан боловч одоо хүртэл байхгүй л байна” гэв.

Маралаагийн ангийн багшаас түүнд зориулсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” байгаа эсэхийг лавлаж асуухад “Маралаад зориулсан “Ганцаарчилсан төлөвлөгөө” боловсруулаад сургуулийн захиргаагаар батлуулах ёстой ч хараахан батлуулаагүй байна. Багш нар хичээл дээрээ түүнд тусгай материал хувилж өгдөг” гэсэн юм. Харин ээж нь ямар ч цаас хувилж өгөөгүй тухай хэлж байв.

Богино үетэй үг уншдаг, утасны дугаар цээжилж, мянгын дотор тоо нэмж хасаж чаддаггүй хүүхэд 6-р ангийн хүүхдүүдийн хөтөлбөрөөр хичээллэж чадахгүй нь ойлгомжтой. Түүнд зориулсан тусгай хөтөлбөр байхгүйгээс ээжийнх нь хэлснээр Маралаа сургууль дээрээ ширээний ард сууж байгаад л ирдэг байна.

Дэмжлэгийн багийнхан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсрууллаа гэхэд хэн түүнтэй тулж ажиллах вэ?

“Хан Хэнтий” цогцолбор сургуулийн 4-р ангийн багш Ч.Мөнхцэцэг “Манай ангид оюуны бэрхшээлтэй хүүхэд сурдаг. Дуурайлган бичиж чадна. Хүүхдүүдтэй ярьдаг мөртлөө уншихдаа дуугаа хураачихдаг. Голдуу цэцэрлэгийн хүүхдэд зориулсан номоос тусгай материал бэлдэж өгдөг. Заримдаа бусад хүүхэдтэй ижил материал өгдөг. Нэг хүний материал илүү бэлдэхэд багшийн ачаалал нэмэгддэг. “Ганцаарчилсан төлөвлөгөө” боловсруулсан боловч ажлын ачааллаас болоод хүүхэдтэйгээ сайн тулж ажиллах цаг гаргаж чадахгүй л байна” гэлээ.

“Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” нь тухайн хүүхдийг ганцааранг нь сургах төлөвлөгөө биш юм. Тухайн хүүхдэд тохирсон хэрэглэгдэхүүн ашиглах, үнэлэх, орчныг бүрдүүлэхийг хэлж байгаа болохоос ганцааранг нь суулгаад нэмэлт цагаар ажиллахыг хэлэхгүй” гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч Ч.Жаргал gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа тодруулж хэлсэн нь бий.

ЖАЙКА олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн судалгаанд хамрагдсан туршилтын сургуулиудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахад бэлэн биш шалтгааныг нь асуухад “сургалтын материал, хэрэглэгдэхүүн хангалттай бус, багш нарын арга зүй, ур чадвар хангалтгүй, ачаалал ихтэй” гэсэн хариултыг дийлэнх багш нар өгчээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”-ийн тухай хуулинд сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн заах арга зүй, арга барил эзэмшсэн багш, сурган хүмүүжүүлэгч нар явуулдаг байх гэж заасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургуульд хэрхэн суралцаж байгаа талаар Нийслэлийн тусгай 55-р сургууль дээр очиж танилцсан юм. 55-р сургууль нь оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан ерөнхий эрдэм болон хөдөлмөр засал, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулдаг. Тус сургуулийн хувьд үнэлгээг сурагчийн ахицаар тооцдог. Ахиц нь нэмэгдээгүй бол тухайн хичээлээ дахиж давтана. Үүгээр мөн багш нараа ч давхар үнэлдэг. Тиймээс багш нар нь хүүхэд бүртэй тулж ажилладаг, хүүхэд дунд нь хаягдана гэсэн ойлголт байдаггүй аж.

Тус сургуулийн сургалтын менежер Ч.Саранцацрал “Тэгш хамруулан сургах нь ерөнхийдөө зөв. Гэхдээ мэргэжлийн багш байхгүй, суралцах орчин бүрдээгүй байна. Хүүхдээ танихгүй багш багшилж чадахгүй. Хүүхдэд тохирсон сургалтын орчныг бүрдүүлэх, ийм хүүхдүүдтэй ажиллах чадвартай багш нараа бэлтгэх нь чухал. Эцэг эхчүүд хүүхдээ ЕБС-д жирийн хүүхдүүдтэй сургах сонирхолтой учраас тийшээ шилжүүлчихдэг. Гэхдээ хэсэг хугацааны дараа буцаагаад аваад ирдэг. Тусгай сургуулийн багш нар нь тусгай хэрэгцээт хүүхдэд багшлах талаар мэргэжил, арга зүйгээр хангагдаагүй байхад ердийн сургуулийн багш нарын хувьд бүр хэцүү. Манай сургууль шинэ багш нараа ахмад багш нартаа дагалдуулж ажлын байран дээр нь сургаж тэдний мэдлэг, боловсрол, чадварыг хөгжүүлж, дадлагажуулж мэргэжил арга зүйгээр хангадаг. Мөн багш мэргэжилтэй хүнийг  туслах багшаар ажиллуулдаг” гэв.

2-р ангийн багш М.Долгион “Туслах багшийн хамт хөгжлийн бэрхшээлтэй 9-16 насны 13 хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. Сурагчийг анх сургуульд ороход нь гарааны үнэлгээ хийж, түвшнийг нь тогтоодог. Мөн хүүхдийн сурлагын чанарыг улирал бүр үнэлж, суралцагч бүрт тохирсон арга зүйгээр хичээлээ заадаг. Нэг хичээлийг заахын тулд 13 хүүхдэд 5-8 өөр материал боловсруулдаг. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бичиг, тоо удаан сурна. Нэг хичээлийг 2-4 удаа заадаг. Мөн тухайн хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэх зорилгоор товч товчлох, үдээс үдэх гэх мэт ганцаарчилсан хичээл ордог. Ихэнх хүүхэд цахимаар хичээл хийх боломжгүй. Хичээлээ цаасаар тарааж, гэрт нь хүргэж өгдөг” гэж ярьсан юм. Мөн “Ерөнхий эрдмийн хичээлийг ангийн багш нь, хэл засал, хөгжимт гимнастик, эмчилгээний биеийн тамир, ахуй засал гэх мэт хичээлүүдийг мэргэжлийн багш ордог” гэж хичээл заах арга туршлагаасаа хуваалцсан.

Биеийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тухайн ангийнхаа стандарт, төлөвлөгөөгөөр бараг бүх хичээлд хамрагдах боломжтой. Харин оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биологийн нас нь зургаа байсан ч, хөгжлийн нас нь 2-3 настай хүүхэд шиг байх тохиолдол бий. Маралаагийн биологийн нас нь 15 ч хөгжил, боловсролын насаараа хэдэн настай байгааг зөв үнэлж тодорхойлох нь чухал юм. Эндээс л түүнийг яаж хөгжүүлж, боловсруулах вэ гэсэн төлөвлөгөө хөтөлбөр гарна.

Маралаа сурч, боловсорч, хөгжих эрхтэй. Тэр эрхийг нь төр, засаг, сургууль, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид нь хангаж өгөх үүрэгтэй. Мэдлэг олж авах нь боловсролын зөвхөн нэг хэсэг. Тэр амьдралд бэлтгэгдэх хэрэгтэй.

Түүнд зориулсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-г ерөнхий эрдэм, харилцаа, хамаарал, өөртөө үйлчлэх, эрүүл мэнд гэсэн таван чиглэлээр боловсруулж, хэрэгжүүлбэл илүү үр дүн гарна.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түүний хөгжил, боловсролыг дэмжих, түүнтэй “тулж ажиллах хүн” зайлшгүй хэрэгтэй болно. Мөн 55-р сургуульд ордог хэл засал, ахуй засал, эмчилгээний биеийн тамир гэх мэт нэмэлт хичээлийг мөн орох шаардлагатай. Ном, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүнийг БШУЯ болон сургууль, багш нар өөрсдөө нэмэлтээр хангах нь чухал байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд сурах, нийгэмших боломж байгаа ч тэдэнтэй ажиллах багш нарын мэргэжил арга зүй дутмаг, сургуулийн орчин бүрдээгүй, хичээлийн хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, материал хангалтгүйгээс суралцах, мэдлэг олж авахад нь бэрхшээл тулгарч байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх хүүхдээ ердийн сургууль, тусгай сургууль хоёрын алинд нь сургахаа мэдэхгүй ёстой л “хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг” явна. Маралаа шиг хүүхдүүдэд боловсролын салбарын оновчтой бодлого үгүйлэгдэж байна.

Ц.Хонгор

 

 

 

 

Mongolian Economy