Махны үнэ сарын дотор 12.3 хувиар өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны тавдугаар сарын 25-ны байдлаар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас дунджаар 4.8 хувиар өссөн байна. Үнийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн бүтээгдэхүүний нэг нь мах. Сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ дунджаар 12.3 хувиар нэмэгджээ.
Статистикийн мэдээллээс харахад үхрийн махны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна. Тодруулбал, үхрийн ястай махны нэг килограммын дундаж үнэ дөрөвдүгээр сард 28,911 төгрөг байсан бол тавдугаар сард 32,329 төгрөг болж, 11.8 хувиар өссөн байна. Харин үхрийн цул махны үнэ 33,247 төгрөгөөс 37,101 төгрөг болж, 11.6 хувиар нэмэгджээ.
Ямааны махны үнэ хамгийн огцом өссөн үзүүлэлттэй гарсан байна. Нэг килограмм ястай ямааны махны үнэ сарын өмнөхөөс 16,426 төгрөгөөс 21,328 төгрөг болж, 29.8 хувиар өссөн байна.
Мөн хонины ястай махны үнэ 24,968 төгрөгөөс 26,651 төгрөг болж, 6.7 хувиар нэмэгдсэн бол адууны ястай махны үнэ 17,822 төгрөгөөс 18,108 төгрөг болж, 1.6 хувийн өсөлт үзүүлжээ.

Махны үнэ ийнхүү өссөн нь хүнсний бүлгийн инфляцад голлон нөлөөлж байгаа бөгөөд өрхийн хэрэглээний зардалд шууд дарамт үзүүлж байна. Монголчуудын хүнсний хэрэглээнд мах өндөр жин эзэлдэг тул энэ төрлийн үнийн өөрчлөлт нь нийт өрхийн амьжиргааны өртөг болон инфляцын түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг онцлогтой.
Эдийн засагчдын үзэж буйгаар улирлын шинжтэй нийлүүлэлтийн өөрчлөлт, малын тарга хүч, бэлтгэн нийлүүлэлтийн хэмжээ, тээвэр логистикийн зардал зэрэг хүчин зүйлс махны үнийн хөдөлгөөнд нөлөөлдөг байна. Тиймээс зуны улирал эхэлж байгаа энэ үед махны зах зээлийн нөхцөл байдал цаашид инфляцын төлөвт хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан асуудлын нэг хэвээр.
