Мега төслүүд “чихэлдсэн” төсөв

B Shurenchimeg
2026-05-20 16:17:04

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг шинжвэл эдийн засгийн өсөлт 5.8 хувь, инфляц долоон хувь, төсвийн алдагдал ДНБ-ий 1.5 хувь байхаар төсөөлжээ. Цаашлаад 2028, 2029 онд алдагдлыг шат дараатай бууруулна гэсэн төлөвлөгөөтэй, өнгөц харвал сахилга бат сайтай төсөв гэж хэлж болохоор. 

Гэхдээ 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлийн хавсралтыг харвал өөр дүр зураг ажиглагдаж байна. Тэнд Монголын ирэх гурван жилийн эдийн засгийг хөдөлгөх, мөн зэрэгцээд өр, бонд, концессын гэрээ, гадаад зээл, орон нутгийн санхүүжилтийн ачааллыг нэмэх мега төслүүдийг жагсаан бичжээ.

Заримаас нь нэрлэвэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Баянгийн 660 МВт-ын дулааны цахилгаан станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын УЦС, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Эмээлт эко аж үйлдвэрийн парк багтаж байна. 

Өөрөөр хэлбэл, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд “мега төсөл” нэрээр эрчим хүч, шатахуун, экспортын гарц, бүсчилсэн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, боомт, логистик зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийн багц бодлого орж иржээ. 

Монгол Улс цаашид эрчим хүчний дутагдлаа нөхөж, импортын хамаарлаа багасгаж, боомтын гарцаа тэлж, түүхий эдээ дотооддоо боловсруулах ёстой. Төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн тайлбарт ч Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр, Даланзадгад ДЦС, ДЦС-5, зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс-химийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалт аж үйлдвэр, эрчим хүч, боловсруулах салбарын өсөлтийг тэтгэнэ гэж тодорхойлжээ.

Энэ бүхнийг юугаар санхүүжүүлэх вэ?

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд ирэх гурван жилд нийт 11.3 их наяд төгрөгийн гадаад зээл, үнэт цаасаар санхүүжих төслийн орон зайг стратегийн түвшинд бий болгосон гэжээ. 2026 оны байдлаар УИХ-аар соёрхон батлагдсан, Засгийн газар хэрэгжүүлж буй нийт 18.3 их наяд төгрөгийн гадаад зээлийн 65 төсөл байгаа бөгөөд үүний 4.4 их наяд төгрөг буюу 24.2 хувийг ашиглаж, үлдсэн 13.8 их наяд төгрөг буюу 75.8 хувь нь ашиглагдаагүй байгаа нь онцгой анхаарал татлаа. 

Учир нь зээл нь батлагдсан, эх үүсвэр нь нээгдсэн ч хэрэгжилт нь удааширсан төслүүдийг хөдөлгөж чадвал эдийн засагт бодит хөрөнгө оруулалт орж ирнэ. Нөгөө талдаа, ашиглаагүй зээлийг хурдан ашиглах нь төсөл хэрэгжүүлэх сахилга бат, худалдан авалтын чанар, валютын урсгал, өрийн үйлчилгээний дарамттай шууд холбогдоно. Зээлээр санхүүжсэн төсөл хугацаандаа ашиглалтад орж, валютын урсгал хэмнэж, экспортын орлого нэмэгдүүлж байвал хөгжлийн хөрөнгө оруулалтын үр дүн гарна. Харин төсөл удааширч, өртөг өсөж, ашиглалт хойшилбол өрийн дарамт нэмэгдэнэ.

2027 оны төсөв энэ утгаараа нэг сонирхолтой шилжилтийн үе дээр ирж байна. Урсгал зардлаа хязгаарлана гэж ярьж байгаа ч хөгжлийн төслүүдээ зогсоохгүй. Төсвийн алдагдлаа бууруулна гэж байгаа ч гадаад зээл, үнэт цаасны орон зайг тэлэхээр төлөвлөжээ. 

Мега төслийн эхний бүлэг бол эрчим хүч. Монголын эдийн засаг өсөхийн хэрээр эрчим хүчний дутагдал өөрөө хөгжлийн хязгаар болж хувирсан. Үйлдвэр баръя гэхээр цахилгаан хүрэлцэхгүй. Хот тэлэх гэхээр дулааны эх үүсвэр хүрэлцэхгүй. Уул уурхай, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк, орон сууцжуулалт бүгд эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаарддаг. Тиймээс 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хэд хэдэн эрчим хүчний төсөл оржээ.

ДЦС-5 бол улс төр, эдийн засгийн хамгийн их хүлээлттэй төсөл. Албан мэдээллээр тус төсөл нь эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй стратегийн бүтээн байгуулалт бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах тооцоо бий.

Эрдэнэбүрэнгийн УЦС бол баруун бүсийн эрчим хүчний хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой, олон жил ярьж байгаа ч ашиглалтад ордоггүй төсөл. УИХ-ын мэдээллээр уг төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг нь 271.48 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөх тооцоотой. Хэрэгцээ нь тодорхой, санхүүжилтийн эх үүсвэр нь ч шийдэгдсэн атал төсөл удаашрах тусам баруун бүсийн аймаг бүр импортын цахилгаан, хязгаарлагдмал эх үүсвэр, үйлдвэрлэлийн боломжийн алдагдлаар төлөөс төлсөөр байна. 

Эрчим хүчгүй бүсэд хөгжлийн тухай ярих ч хэрэггүй. Харин тус УЦС ашиглалтад орж байж Баруун бүсийн хөгжлийн яриа анх удаа арай бодитой сонсогдох болов уу. 

Газрын тос боловсруулах үйлдвэр

Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай яриа олон Засгийн газар, олон мөрийн хөтөлбөр, олон бодлогын баримт бичгийг дамжин явсан. Шатахууны үнэ өсөх, валютын ханш савлах, инфляцын дарамт нэмэгдэх бүрт Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл сөхөгддөг. Тэгж тэгж арай гэж бодит бүтээн байгуулалтын шатанд орсон ч ажил нь төлөвлөсөн хурдаар урагшилж чадсангүй. Төслийн багц ажлууд хэсэгчлэн ахиж байгаа ч нийт бүтээн байгуулалтын явц удаашрах бүрт өртөг нэмэгдэх, санхүүжилтийн дарамт өсөх, импортын шатахууны хамаарал хэвээр үлдэх гурван төрлийн “аюул” зэрэг үүсэж байна. Энэ төсөл жил бүр гадагшилж буй валют, шатахууны импортын эмзэг байдал, төсөвт ирэх зээлийн дарамт, инфляцын эрсдэлээр хэмжигдэж байна.

2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн мэдээллээр тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Ашиглалтад орсноор дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 50-55 хувийг хангаж, импортод зарцуулдаг гадаад валютын урсгалыг хоёр тэрбум гаруй ам.доллароор бууруулах боломжтой гэж тооцжээ. Төслийн нийт төсөвт өртөг 6.01 их наяд төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь БНЭУ-ын Эксим банкны гадаад зээл юм. 2027 болон 2028 онд тус бүр 2.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр хуваарьлагдсан нь энэ төслийг ирэх хоёр жилийн төсөв, гадаад зээлийн ашиглалт, валютын урсгалын хамгийн том ачааллын нэг болгож байна.

Мега төслүүдийн нийтлэг зовлон энд ч давтагдаж буйг харж болно. Эхлээд стратегийн ач холбогдлоороо зөвтгөгдөнө. Дараа нь санхүүжилт босгоно. Тэгээд хэрэгжилтийн явцад зураг төсөл, технологийн багц, гүйцэтгэгч, худалдан авалт, гадаад нийлүүлэлт, өртгийн өсөлт, хугацааны сунгалт зэрэг олон шалтгаанаар явц удааширна. Харин энэ бүхний эцсийн төлбөрийг төсөв, татвар төлөгч, хэрэглэгч гурав ямар нэг хэлбэрээр үүрдэг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд энэ эрсдэл бүр ч өндөр. Учир нь үйлдвэр ашиглалтад орохгүй удах тусам Монгол Улс шатахуунаа импортолсоор, валют гадагшлуулсаар, дэлхийн газрын тосны үнийн савлагаанд өртсөөр байна.

Тиймээс энэ төсөлд хэдэн их наяд төгрөгийн санхүүжилт хуваарилсан бэ гэдгээс гадна тэр мөнгөө ямар багц ажилд, хэдий хугацаанд зарцуулах вэ гэдэг нь ил тод байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд “удахгүй ашиглалтад орно”, “ажил эрчимжиж байна”, “санхүүжилт шийдэгдсэн” гэх тайлбар олон сонсогдсон. Харин одоо энэ төсөлд үр дүнтэй гүйцэтгэл чухал байна. Ямар хэсэг нь хэдэн хувьтай байгаа, ямар ажил саатсан, өртөг яагаад нэмэгдсэн, нэмэгдсэн өртгийг хэн, ямар эх үүсвэрээр хариуцах вэ гэдэг асуултад бодитой хариу өгөх цаг болсон.

Нүүрсний гарцын гацаа 

Монгол Улс нүүрсний экспортын хамгийн том гарцынхаа дэргэд төмөр замаа олон жил холбож чадалгүй “нохой явган, гахай нүцгэн” яваа билээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам бол нүүрсний экспортын олон жилийн гацааг тайлах ёстой төсөл. Гэвч экспортын гарцыг нээх учиртай төмөр зам өөрөө олон жил улс төр, хэлэлцээр, цариг, эзэмшил, санхүүжилт, эрх ашгийн зөрчлийн дунд гацсан. Энэхүү төсөл 2003 оноос санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, УИХ-ын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан. 

Харин Хятадын Ганцмод талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон байхад Монголын Гашуунсухайт талын холболт гацаанд орсон нь эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг, бусад боомтын холболтын асуудлыг дагуулсан гэж тухайн үеийн мэдээлэлд дурдсан байдаг. Товчхондоо, бид нүүрсээ хил хүртэл дөхүүлсэн ч төмөр замын эцсийн хэдхэн километр дээр гацаад 20 жил болжээ. 

2026 оны гуравдугаар сарын байдлаар барилга угсралтын ажил 10 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгааг Зам, тээврийн яам мэдээлсэн. Энэ тоо өөрөө сэрэмжлүүлэх дохио. Хоёр жилийн дотор дуусгах ёстой төсөл 10 хувийн гүйцэтгэлтэй байна гэхээр ажилд хурд хэрэгтэй гэсэн үг юм. 

Энэ төслийн урагшлахгүй байгаа шалтгааныг зөвхөн гүүрийн тулгуур, газар шорооны ажил руу чихэж болохгүй. 2026 оны дөрөвдүгээр сард Бээжин хотноо хоёр улсын төмөр замын байгууллага болох “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи” групп, Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо группийн төлөөлөгчдийн уулзалт болсон. Энэ уулзалтаар хилийн төмөр замын хэлэлцээр, төмөр замын байгууллага хоорондын гэрээ, хамтарсан комиссын протокол зэрэг асуудлыг хэлэлцжээ. Улмаар сар бүр дөрвөн талт уулзалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, 2026 оны тавдугаар сард багтаан хоёр улсын төмөр замын байгууллагууд Гашуунсухайт, Ганцмод өртөөн дээр газар дээр нь ажиллахаар тохиролцсон байна. Энэ нь барилгын ажил эхэлсний дараа ч тээвэр зохион байгуулалт, гэрээ, протоколын түвшний асуудлууд бүрэн цэгцрээгүй байгааг харуулж байна. Одоо энэ төсөлд “шийдвэрлэсэн”, “дуусгасан”, “ашиглалтад орууллаа” гэдэг үг, үйлдэл хэрэгтэй.

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замыг 2027-2028 онд улсын төсвийн шууд хөрөнгөөр бус, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шууд хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгажээ. 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төслийн нийт төсөвт өртгийг 868.6 тэрбум төгрөгөөр, хэрэгжих хугацааг 2026-2028 он гэж заасан байна. Санхүүжилтийн хуваариар 2026 онд 254.5 тэрбум, 2027 онд 424.4 тэрбум, 2028 онд 169.96 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ингэснээр төслийн санхүүжилтийн хамгийн том дарамт 2027 онд төвлөрөхөөр байна. Энэ нь төсөвт шууд суухгүй мэт харагдавч эцсийн дүндээ төрийн өмчит компанийн мөнгөн урсгал, нүүрсний борлуулалтын орлого, ногдол ашиг, хөрөнгө оруулалтын чадавхтай шууд холбогдох санхүүжилт юм. 

2027-2029 оны төсөв, хөгжлийн хөтөлбөрт туссан бусад мега төслүүд: 

-Баянгийн 660 МВт-ын дулааны цахилгаан станц

-Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц

-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц

-Даланзадгадын 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц

-“Шинэ Ховд” үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц, барилга байгууламж байгуулах төсөл

B Shurenchimeg