Монголыг нээх сувгууд
Дэлхий даяар 110 сая орчим жуулчин Монголын байгаль, түүх соёлын өвийг үзэхээр интернэт хайлт хийдэг гэдгийг аялал жуулчлалын дэлхийн тэргүүлэгч технологийн компани болох Amadeus судалж тогтоожээ. 2018 онд 1.4 тэрбум байсан жуулчдын тоо жилд 4-5 хувийн өсөлттэй байгаа бөгөөд дийлэнх урсгал нь Азид, тэр дундаа Хятадад төвлөрнө гэдгийг зах зээлийн судалгааны Euromonitor International байгууллага аялал жуулчлалын ирээдүйн мега зураглалдаа онцлов. Тиймдээ ч 2030 он гэхэд Парисын цамхаг, Францын төв хэсгээр дайран урсдаг Луар голын хөндийгөөс илүү Шанхайн цамхаг, Хуаншань уулын аяллын багцууд илүү борлуулалттай байх аж. Товч дүгнэвэл, манай аялал жуулчлалын макро орчин урт хугацаандаа таатай харагдаж байна.
Монгол Улс энэ таатай үеийг ашиглахаар эрчимтэй ажиллаж байгаа. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг 136 улсын Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 2018 онд өмнөх жилээс найман байраар ахиж, 93 дугаарт эрэмбэглэгдсэн байна. Ийн ахихад нөлөөлсөн гол үзүүлэлтүүд нь эрүүл ахуйн байдал, аялал жуулчлалыг төрийн бодлогын тэргүүлэх эгнээнд авч үздэг эсэх, байгаль болоод соёлын нөөцөө эргэлтэд оруулах чадвар тодорхой хэмжээгээр сайжирсан зэрэг нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч манай улсын өрсөлдөх чадвар бүс нутагтаа хамгийн сул хэвээр байна. Өрсөлдөх чадварын индекст манай улсыг урт хугацаанд доош татсан үзүүлэлт нь төрийн бодлогын тэргүүлэх салбар мөн эсэх, олон улсад нээлттэй байдал буюу виз мэдүүлэх нөхцөл, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээний чанар юм. Нэг ёсондоо эдгээр сэдэв манай аялал жуулчлалын салбарт нэн тэргүүнд шийдэх асуудал болж байна.
Төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлого батлав
Энэ оны наймдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогын баримт бичиг баталсан юм. Ингэснээр хөгжлийн тулгуур гэгдэж буй аялал жуулчлалын салбарыг урт хугацаанд бодлоготойгоор хөгжүүлж, салбарын олон тулгамдсан асуудлыг шийдэж, хувийн хэвшилтэй түншлэх замаар гадаад, дотоодын жуулчдад таатай орон болох зорилт тавьсан. Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн зураглалд аялал жуулчлалыг хамгийн бага өсөлттэй гэж тооцоход уул уурхайн салбартай дүйцэхүйц экспортын орлоготой болох төлөв гарчээ.
Үйлчилгээний чанарыг мэргэжлийн түвшинд хүргэнэ
Аялал жуулчлалыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгосны үр дүнд төсвийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар өрсөлдөх чадварын дотоод нөөцөө сайжруулах боломж бүрдсэн. Үйлчилгээний чанараар Монгол Улс дэлхийд 105 дугаарт эрэмбэлэгдэж буй. Харин ирэх гурван жилд энэ үзүүлэлтийг хоёр дахин сайжруулж, эхний 50 улсын тоонд орохоор зорьж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод Аялал жуулчлалын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах ажил ид өрнөж буй. Жолооч, тогоочоос эхлээд аялал жуулчлалын бүх мэргэжилтнээ нэг сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж, улс даяар үйлчилгээний чанарыг стандарт хангасан ижил түвшинд хүргэнэ.
Ойрын зорилтоо хангахаар энэ оны эхний улиралд мэргэжлийн байгууллагуудтай хамтран зочлох үйлчилгээний салбарын есөн мэргэжлээр 15 орчим мянган ажилтанд нэгдсэн сургалт зохион байгуулсан. Үүний зардал болох нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан. Мөн нэгдсэн сургалтын хөтөлбөртэй болж, үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны дүрэм баталсан. Энэ ажил ирэх жил улам боловсронгуй хувилбараар хүрнэ. БНСУ-ын 500 сая ам.долларын санхүүжилтээр Сэжонг их сургуулийн мэргэжилтнүүд үйлчилгээний сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, сургалтын мастер төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг салбарын яам мэдээлсэн.
Агаарын тээврийн даацад ахиц гарав
Дэлхийн дахинд утаагүй үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмждэг хоёр гол салбарын нэг нь агаарын тээврийн дэд бүтэц. Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгийн мэдээлж буйгаар 2037 он гэхэд агаарын тээврээр зорчигчдын тоо 2018 оныхоос хоёр дахин нэмэгдэж, 8.2 тэрбумд хүрнэ. Тиймээс улс орнуудыг агаарын тээврийн салбараа либералчилж, дэд бүтцийг нь сайжруулах замаар аяллын зардлыг бууруулж, үр ашиг хүртэхийг мэргэжилтнүүд уриалж байна. Манай агаарын тээврийн олон улсын зорчигч урсгалын даац 2018 оны байдлаар нэг сая зорчигч буюу 500 мянган иргэн тээвэрлэх хүчин чадалтай. Үүнээс 262 мянга нь Бээжин, Сөүлээр дамжсан өндөр үр ашигтай жуулчид. Сөүлийн чиглэлд нийт жуулчны даацын 60 хувь хамаардаг. Тиймээс агаарын тээврийн даацаа нэмэгдүүлж байж нэг сая жуулчин, тэр дундаа үр ашиг өндөртэй аялагчдыг татах боломжтой. Харамсалтай нь, 2013 онд батлагдсан Төрөөс агаарын тээврийн талаар баримтлах бодлогод нэг улс нэг тээвэрлэгчтэй байна гэж зааснаас 2018 он дуустал даацаа нэмэгдүүлэх боломж хязгаарлагдаж байв. Харин энэ онд хязгаарлалт цуцлагдсанаар агаарын тээврийн даац 34 хувиар нэмэгдэх хүлээлттэй байна. Asiana Airlines, Аерофлот авиа компаниуд том онгоцоор, МИАТ 2-3 шинэ чиглэл болон долоо хоногт үйлдэх нислэгийн тоог нэмж, Бээжинд мөн шөнийн нислэг үйлддэг болсон, Eznis airways Хонконгийн чиглэлд хямд үнийн нислэгийн үйлчилгээ үзүүлдэг болсон гээд энэ онд агаарын тээвэр нэлээд ололттой ажилласан. Ирэх онд Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад ороход агаарын тээвэр бүр ч их даацтай болно. Тэрчлэн зургаан аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгосноор хямд үнэтэй нислэг хөгжих боломж нээгдэх аж.
Визийн нөхцөлөө сайжруулах шаардлага
Манай бүс нутгийг чиглэж буй аялал жуулчлалын их тэсрэлтээс хувь хүртэхэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх нь хамгийн гол бодлого байхыг тинк танкууд тайлбарлажээ. Нийт жуулчдын 80 хувь нь бүс нутгийнх байх аж. 2026 он гэхэд жуулчны энэ их урсгалыг амжилттай татах 10 орноор Энэтхэг, Бруней, Тайланд, Хятад, Мьянмар, Вьетнам зэрэг улс байхыг Euromonitor International онцолсон байна.
Харин бид хөрш хоёр улсынхаа нэгийнх нь иргэдийг визгүй нэвтрүүлдэг бол нөгөөд нь маш хатуу бодлого барьдаг. Тэнцвэргүй энэ бодлого үнэн хэрэгтээ урд зүгээс орж ирэх мөнгөний урсгалыг хааж байна. 2018 онд БНХАУ-аас манайд 168 мянган жуулчин аялсан бол эргээд Монголоос Хятад руу 1.4 сая хүн аялсан. Монгол жуулчдын онцлог бол нэг аялахдаа хамгийн багадаа 1000 орчим ам.долларын зарцуулалт хийдэг аж. Нэг монгол жуулчны тээврээс бусад зардлыг нь дунджаар 500 ам.доллар гэж тооцвол нийт 700 сая ам.долларыг Хятад руу жуулчлалын экспортод алдаж байна. Тиймдээ ч Монгол Улс Хятадад зорчдог жуулчдын эхний долдугаарт ордог. Дэлхий нийт хятад жуулчдыг авахаар өрсөлдөж байхад хаяаг нь дэрлэсэн бид үндэсний аюулгүй байдал гэдэг үгээр бүх боломжоо таг хаачихаад сууж байгааг дээрх тоо харуулна. Дэлхийн мэргэжлийн байгууллагуудын таамгаар 2030 он гэхэд хятад жуулчдын тоо 260 саяд хүрнэ. Бид аялал жуулчлалын салбараа ашигтай ажиллуулахын тулд энэ урсгалаас хагас саяыг татахад л хангалттай. Дотоодын болгоомжлол, гадаад орчны таатай байдлын нийцлийг хангахын тулд салбарын яамнаас хил орчмын жуулчлалыг зөв жишгээр хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь хил орчмын бүс нутагт батлагдсан маршрутаар 24-48 цаг аялах сонирхолтой, аяллын эрх бүхий компаниар дамжиж буй жуулчдад хөнгөлттэй нөхцөлөөр виз олгох явдал юм. Хятад жуулчид манай хил орчмын бүсэд цэнхэр үнэмлэхээр аялдаг байсан жишгийг 2016 онд ГХЯ зогсоосон. Гэтэл хил орчмын жуулчлалыг хөгжүүлэхээр хөрөнгө оруулсан компаниуд олон бий. Тиймээс үүнийг сэргээж, “царцсан” хөрөнгө оруулалтыг эргэлтэд оруулж, цаашлаад хилийн цаана байгаа монгол угсааны иргэдийг Монголд аялах боломж бүрдүүлж байж энэ салбар нэг шат ахина. Том зургаар нь харвал энэ бүхнийг шийдэхгүйгээр газрын боомтоор нэвтрэх жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж хомс.
Мега төслүүдийн уулзах цэг нь хилийн боомт
Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтаар байнга яригддаг хил орчмын болон хил даамнасан жуулчлалыг хөгжүүлэх, боомтуудын даацыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Торгоны болон Цайны зам, Их түмэн голын санаачилга гэсэн гурван том төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Их түмэн гол төслийн энэ жилийн удирдах хорооны хурлыг Улаанбаатарт зохион байгуулж, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын удирдлагыг урьж оролцуулан Зүүн хойд Азид жуулчдын урсгалыг татах, энэ чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулахаар болжээ.
Эдгээр мега төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд олон улсын авто ралли, машинтай аялал элбэг болсон тул зөвхөн хоёр улс гэлтгүй олон улсын иргэдийн нэвтрэх боломжийг тэлж, жуулчдад наад захын мэдээ мэдээлэл, үйлчилгээг хүргэхэд олон асуудал тулгамдаж буй. БОАЖЯ энэ онд газрын 23 боомтыг цахим хөтчөөр хангаснаар Монголд аялах үндсэн мэдээллээс гадна хил орчмын бүсэд гарч буй түймэр зэрэг цаг үеийн анхааруулга өгөх боломж бүрдэв. Мөн What3words хаягжуулалт хэрхэн ашиглах, эвент арга хэмжээ, эрүүл мэндийн шаардлага гарсан тохиолдолд хэзээ, хаана, хэрхэн хандах гэх мэт өврийн цэнхэр паспортаар дамжуулж жуулчдыг мэдээллээр хангаж эхэлжээ. Түүнчлэн орж ирж буй жуулчдад анхны эерэг сэтгэгдэл төрүүлэх зорилгоор “Монгол Улсад тавтай морил” гэсэн хаяг байрлуулсан байна.