Монголын анхны ногоон банк
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөө үзүүлдэг банк, санхүүгийн салбар байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамгийн чухал байр суурьтай. Тиймээс улс орнуудын санхүүгийн салбар нь байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, ажиллаж байна. Монгол Улсын хувьд анхны ногоон тодотголтой банк бол ХасБанк юм. Тус банк агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон санхүүжилтийн анхны механизмыг бий болгож чадсан.
“Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг” Энэ бол ХасБанкны алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлдог тулгуур гурван зарчим. Эдгээр зарчмынхаа дагуу бодлого, үйл ажиллагаагаа явуулж ирсэн ёс зүй, хариуцлагаа ухамсарласан банк гэж хэлж болно. Тухайлбал, Эх дэлхий” тулгуур зарчмынхаа хүрээнд ногоон бизнес, байгальд ээлтэй хөгжлийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг бий болгосон, мөн байгууллагын бүтэцдээ Эко банкны хэлтэс байгуулсан Монголын анхны банк юм. Энэ бол 2009 он билээ. Арав гаруй жилийн өмнөөс дэлхийн хөгжлийн шинэ хандлагыг дагаж, Монголын банк санхүүгийн салбарт ногоон ойлголтыг нэвтрүүлсэн анхны банк гэдгийг бүгд мэднэ. Монголын бизнес эрхлэгчид, ард иргэд ч банкны ногоон бүтээгдэхүүний талаар анхлан сонсож, гайхан хүлээн авсан нь нууц биш ээ.
ХасБанк 2007 онд НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдэж байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрүүл, ухаалаг хөгжлийн зарчмуудыг хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, харин байгаль орчинд хор хөнөөлтэй бизнесийг санхүүжүүлэхгүй байх бодлогыг баримталж буйгаа олон нийтэд эко банкны үйл ажиллагаагаар харуулж ирсэн юм. Эндээс бид банк гэхээрээ бүхнийг санхүүжүүлэн зээл олгодог байгууллага биш юм гэсэн ойлголт авч, байгальд ээлтэй банкны анхны төсөөллийг ХасБанкаар ой тоондоо буулгасан гэхэд хилсдэхгүй. Тиймээс ногоон санхүүгийн ойлголт, механизмыг Монгол Улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж, түүчээлэн хөгжүүлсэн анхны ногоон банк бол ХасБанк юм. Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд ХасБанк анхны гэсэн тодотголтой бүхнийг салбартаа нэвтрүүлж хэрэгжүүлсээр ирснийг энд онцлон тэмдэглэе.
ХасБанк анхны ногоон санхүүжилтээ агаарын бохирдлыг бууруулах төсөлд олгож байв. Түүнчлэн Эко банкны хэлтэс байгуулагдсан даруйдаа “Эко бүтээгдэхүүн борлуулах хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй зуух болон гэрийн дулаалгыг донор байгууллагуудын тусламжтайгаар тараасан. Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын нийт айл өрхүүдийн 80 хувийг хамарч, 2009 оноос хойш нийдээ 143 мянга гаруй эрчим хүч хэмнэлттэй зуух, 20 мянга орчим гэрийн дулаалгыг хөнгөлөлттэй үнээр гэр хорооллын айл өрхүүдэд борлуулснаар айл өрхийн нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулахад нөлөөлжээ. Судалгаагаар эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гэр хорооллын нэг өрхийн жилд хэрэглэх түлшний зардлыг дунджаар 46 хувиар буюу 925 мянган төгрөгөөр хэмнэсэн бол 2014 онд 330 мянган тонн хүлэмжийн хийг бууруулж чаджээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүлэмжийн хийн ялгаралтын бууралтыг арилжаалах чиглэлээр “Micro Energy Credits” болон “Impact Carbon” компаниудтай хамтран ажилласаар ирсэн. Үүний үр дүнд 2009 оны намар хүлэмжийн хийг бууруулсны төлөө нөхөн олговор авсан Монголын анхны банкаар тодорсон гэдгийг ХасБанкны Эко банкны хэлтэсийн Захирал Г.Туул ярьсан. Энэ нь Эко банкны хэлтсийг байгуулж, ногоон зээл гаргаж, агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулсан ажлын үр шимийн эхлэл нь байсан юм.
ХасБанк 2012 оны арван хоёрдугаар сард Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан (Global Climate partnership Fund S.A)-гаас 20 сая ам.долларын зээл авсан нь маш том амжилтыг дагуулсан бөгөөд тус сангийн хувьд Азид хийсэн анхны хөрөнгө оруулалт байлаа.
2013 оноос эхлэн эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчид, томоохон корпораци болон төсөл хэрэгжүүлэгчдэд харьцангуй бага хүүтэй санхүүжилтийг санал болгож эхлэв. Энэхүү зээлийн бүтээгдэхүүнийг бизнесийн аль ч салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд авах боломжтой. Өнөөгийн байдлаар хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөрийн зээлдэгчид дотор эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэгчээс эхлээд эрчим хүчний хэмнэлттэй сууц худалдан авагч, био түлш үйлдвэрлэгч зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд багтаж байна.
ХасБанк ногоон зээлээр зогсохгүй ногоон санхүүжилтийн талаарх суурь ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүдэд таниулах, улмаар агаарын бохирдол, байгаль орчин, хөрсний доройтолтой аж ахуй нэгж, иргэн бүр тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх соёлыг суулгахад зориулан төрөл бүрийн сургалт зохион байгуулж, гарын авлага тараах, менежментийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хөтөлбөрийнхөө хүрээнд тогтмол хийж ирсэн. Эдгээр тогтмол хийгддэг ажлуудаас хамгийн томоохон нь жил болгон зохион байгуулж ирсэн Ногоон санхүүжилтийн чуулган юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийн үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийг танилцуулах замаар иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ногоон хөгжилд дасан зохицох, ажил, амьдралын хэв маягаа өөрчлөх чадавхийг бэхжүүлэх зорилготой ажилласан юм. Тус банкны хамгийн олон зээлдэгчтэй бүтээгдэхүүн бол 2014-2018 оны хооронд хэрэгжүүлсэн эко автомашины зээл. Тухайн үедээ энэхүү зээл нь хуучин машинаа сайжруулж, байгальд ээлтэй хайбрид машинаар солиход түлхэц болсон төдийгүй хотын агаарын бохирдлыг багасгах нэг том шийдэл болсон билээ. Тодруулбал жил бүр 8000 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, нэг өрх жилдээ 1.4 сая төгрөгийн шатахууны зардлаа хэмнэж чадсан юм. 2018 оны эцэст Улаанбаатар хотод приус маркийн автомашин нийтлэг болж, хотод ашиглагдаж буй автомашины суурь үзүүлэлт нь өөрөө хайбрид (приус) автомашин болсон тул цаашид энэ суурь үзүүлэлтээс илүү шатахууны хэмнэлттэй автомашиныг буюу цахилгаан болон газан хөдөлгүүрт автомашиныг эко автомашины зээлээр санхүүжүүлэх болсон байна.
ХасБанк байгаль орчны чиглэлд олон улсын 50 орчим байгууллагатай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа улам бүр тэлсээр Монгол Улсын хамгийн анхны, хамгийн том ногоон санхүүжилтийн байгууллага гэдгээ дахин дахин баталж ирсэн бол уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралтын асуудалд хувь нэмрээ оруулж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө санал санаачилга гарган, манлайлан ажиллаж байна.
Тухайлбал, ХасБанк 2016 оны аравдугаар сард НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар тодров.
Тус сан нь өөрийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой юм. ХасБанк ийнхүү магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын төдийгүй хөгжиж байгаа орнууд дундаа анхны хувийн арилжааны банк болсон түүхтэй. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын хувиар НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангаас сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд зориулж, 2017 онд 20 сая ам.долларын анхны санхүүжилтийг авч чадсан юм. Тус санхүүжилтыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөрийн цар хүрээг улам илүү өргөтгөн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сэргээгдэх эрчим хүчний зах зээлд оролцогч бүхий л талын үйл ажиллагааг дэмжихэд зориулжээ.
Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээлийн тусламжтайгаар дээрх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байлаа. ХасБанкны анхны тодотгол үүгээр зогсохгүй. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг барихад санхүүжилт олгосон Монголын арилжааны анхны банк боллоо. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төслийг НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээр санхүүжүүлж, 2019 онд ашиглалтад оруулав. Нийт 17.6 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд жил бүр 15.395 МВт цахилгаан нийлүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг 12.270 тонноор бууруулж, жил бүр 171 сая литр ус хэмнэж буйг онцлон дурдаж болно.
Түүнчлэн тус банк Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын төдийгүй бусад амины орон сууцууд ихэнхдээ дулааны алдагдал ихтэй, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулж, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгааг судалсны эцэст хүндээ болон хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх үүднээс эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийг хоёр төрлөөр, хамгийн таатай нөхцөлөөр санал болгон ажиллаж байна. Цаашид ч эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хөтөлбөрөө илүү өргөжүүлэн шинэ түвшинд гаргахаар төлөвлөж буй талаар Эко банкны хэлтэсийн Захирал Г.Туул онцолж байлаа. Уг төлөвлөгөөний хүрээнд автозамын түгжрэл, агаарын бохирдлоос ангид байлгах үүднээс Улаанбаатар хотоос зайдуу эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хотхон байгуулахад шаардлагатай сэргээгдэх эрчим хүчний бие даасан халаалтын системийн иж бүрэн ТЭЗҮ-ийг хийлгэсэн аж.
ХасБанкны байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, ногоон хэрэглээг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг тоочоод байвал үүнээс их бий. Эдгээр байгаль орчинд ээлтэй, агаар, хөрсний бохирдлыг бууруулах ногоон төсөл, хөтөлбөрийнхөө үр шимээр дотооддоо төдийгүй олон улсын санхүүгийн зах зээлд “Ногоон банк” гэдгээ харуулж ирснийг дээрх баримтууд баталж байна. Ийнхүү “Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг” гэсэн тулгын гурван чулууг эрхэм зорилгоо болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн, бодит ажил хэрэг болгож чадсан нь “ХасБанк Зөв банк” гэдэг үг жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаагийн илрэл юм. Цаашид Монгол Улсын тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд тэргүүлэх байр сууриа улам бататган “ногоон” төсөл хөтөлбөрүүдээ шинэ шатанд гарган салбартаа манлайлагч хэвээр байх болно гэдэгт итгэл төгс байна.