Монголын ард түмэнд хүргэх талархал

B. Misheel
2020-03-05 14:58:36

БНХАУ-аас Хөрөнгө Оруулагчдын Зун Хуа нийгэмлэгээс Монголын төр, хамтрагч байгууллагууд болон ард түмэнд талархсан сэтгэлээ илэрхийлэн захидал ирүүлснийг хүргэж байна.

“Энэ оны эхээр Хятадын Хубэй мужийн Үхань хотод уушгины хатгалгааны шинэ төрлийн коронавирусийн өвчин дэгдэж өмнө байгаагүй өргөн цар хүрээтэйгээр Хятад орон даяар хурдацтай тархлаа. БНХАУ-ын нам, засгийн газраас зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өвчний тархалтыг хяналтдаа аваад байна. Хубэй мужийн тархалтын гол бүс нутгийг эс тооцвол улсын
хэмжээнд шинээр халдварласан өвчтөний тоо буурсаар байгаа төдийгүй зарим хот, муж халдваргүй боллоо.

Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдлагад өртөж, өвчинтэй тэмцэж буй хүнд цаг үед бидэнтэй найрсаг харилцаат түнш–Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Барилгын Ассоциац, Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциац, Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо, Тулга-5 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн студи болон бусад холбоо тэдгээрийн гишүүн компаниудаас бидэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлсэн ил захидлуудыг хүлээн авлаа.

Монгол анд нөхдийн маань чин сэтгэлийн дэмжлэг бүхий энэхүү захидлууд нь Монголын ард түмний нөхөрсөг сайхан сэтгэлийг Хятадын ард түмэнд мэдрүүлэхийн дээдээр мэдрүүллээ.

Нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэнд хандан чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлж мөн 200.000 ам.долларын хандив өргөлөө. Түүнчлэн Монголын хүүхэд хөгшид, оюутан залуус мөнгөн хуримтлал, хамгаалалтын маск бэлэглэх зэргээр хандивын үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлжээ. Төрийн байгууллага, агентлагууд, бизнесийн салбарынхан, төрийн болон төрийн бус холбоод Хятадын ард түмэнд хандан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, санаа сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлсээр байна.

Онцгойлон тэмдэглэхэд хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д тусгайлан айлчилж, коронавирусийн халдварыг таслан зогсоох, хүнд хэцүү энэхүү эрсдлийг даван туулахад сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монгоын ард түмнээс 30.000 толгой хонь хандивлаж буй гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши
Жиньпинд гардууллаа. Энэ бол өвчний дэгдэлтээс хойш Хятад улсад хийсэн гадаадын анхны төрийн тэргүүний айлчлал боллоо.

Хятадын ард түмэн, түүний дотор Монголд ажиллаж, сурч буй хятад иргэд Монгол орон даяар өрнүүлж буй халуун дулаан чин сэтгэлийн дэмжлэгийг гүнээ мэдэрсээр байна. Хятадын хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээнд Монгол орныг сайшаан магтаж, Монгол Улсаас Хятадыг халуун сэтгэлээр дэмжиж байгаа тухай мэдээлэл “Ардын Өдрийн сонин”-оор дамжин Хятад улсын бүх ард түмэнд хүрч, зовох цагт нөхрийн чанар
танигдана хэмээн онцолж Хятад, Монгол хоёр орны найрамдалд шинэ хуудас нээснийг тэмдэглэж байна.

Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон ЗУНХУА нийгэмлэг, мөн нийт гишүүн компанийн олон мянган ажилчин, тэдгээрийн гэр бүл болон Хятадын ард түмний өмнөөс Монгол Улсын төр засаг болон монголын ард түмэнд хандан чин сэтгэлийн талархалыг үүгээр дэвшүүлье. Хүний сайныг ханилж мэднэ, хүлгийн сайныг унаж мэднэ гэдэг эртний зүйр үг байдагчлан Хятадын ард түмэнд тулгараад буй хүнд хэцүү цаг үед Та бүхэн бидэнтэй хамт байж халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж урам дэм өгч байгаа үйлс бүхнийг Хятадын ард түмэн мартахгүй.

Вирусийн дэгдэлт хил хязгаарүй тархаж байгаа энэ цаг үед Монгол Улсад урьдчилан сэргийлэх, хяналт тавих амаргүй нөхцөл байдал тулгарч байгаа бөгөөд бидний зүгээс Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг ойлгон бүрэн дэмжиж байна. Бид ч мөн өөрсдийн нийт гишүүн компаниуд болон гишүүддээ хандан Монголын төр засгаас авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаа, вирусийн халдварын бүх сувгийг таслан зогсоох, Монгол Улсыг вирусийн халдлагаас хамгаалах хатуу арга хэмжээ авахад хамтарч ажиллахыг уриалан, шаардлага тавин ажиллаж байна.

БНХАУ-ын нам, засгаас зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний шуурхай арга хэмжээ авсаар байна. Тиймээс нийт ард иргэдийн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд ойрын хугацаанд тархалтыг бүрэн даван туулна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Хоёр орны хилийн боомт нээгдэж бизнесийн үйл ажиллагаа, ард иргэдийн ирж очих хөдөлгөөн болон хүмүүнлэгийн солилцоо удахгүй сэргэж, хэвийн үргэлжилнэ гэдэгт найдаж байна.

Цаашид бид хоёр орны бүхий л салбарын найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, манай аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төсөл бүрийг өндөр хурдтай, чанартай хийж Монголын хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх болно.

Хятадад гарсан тахал өвчний талаар цаг тухай бүрт нь бодитой мэдээллийг шуурхай хүргэж байсан Монголын хэвлэл мэдээллийнхэнд болон Хятадын ард түмэнд санаа тавьж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй бүх монголчууддаа талархсан сэтгэлээ дахин илэрхийлье.

БНХАУ-аас Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэг

B. Misheel