Монголын компани 300 сая ам.долларын “Nordic” бонд босгоно

Mongolian Economy
2026-01-07 15:49:30

Сингапурт бүртгэлтэй Монголын “Гоби Майнинг энд Транспорт Групп” (GMT) компани Өмнөговь аймагт хэрэгжиж буй төмөр замын төслөө санхүүжүүлэхийн тулд Хойд Европын зах зээлээс анх удаа 300 сая ам.долларын бонд босгохоор төлөвлөж байна. Уг бонд нь таван жилийн хугацаатай, жилийн 14.5 хувийн тогтмол хүүтэй бөгөөд Хойд Европын хөрөнгө оруулалтын банк болох “ABG Sundal Collier” зуучлан гүйцэтгэж байгаа талаар GMT-ийн Санхүү хариуцсан захирал Гари Доран “International financing review” (IFR)д ярьжээ. 

Бондыг ойрын өдрүүдэд багтааж гаргах бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногоос санхүүжилтийг татан авч эхлэхээр төлөвлөжээ. Сингапурт бүртгэлтэй GMT групп нь Өмнөговь аймагт 2022 оноос хойш баригдаж буй 20 жилийн хугацаатай төмөр замын концессыг эзэмшиж, ажиллуулдаг. Өнөөдрийг хүртэл 199 сая ам.долларын санхүүжилтээр 227 км урттай төмөр замын барилгын ажлыг хийж дуусгасан. Тус компани татан төвлөрүүлсэн бондын орлогоороо галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах, терминалын дэд бүтцийг шинэчлэх, банкны өрийг төлөх зэрэгт зарцуулахаар төлөвлөж байгаа аж. 

“Хөрөнгө оруулагчид энэ төслийг сонирхож байгаа бөгөөд төслийн үр дүнд өдөрт 450 ачааны машинтай тэнцэх ачааг тээвэрлэх нь байгаль орчны бохирдол, бэлчээрийн доройтлыг бууруулахад нөлөө үзүүлнэ” хэмээн Гари Доран нэмж хэлэв.

 

Эдийн засагч Ч.Сумьяа

Mongolian Economy