Монголын хоёр компани 8 сая еврогийн үнийн дүн бүхий бизнесийн гэрээ байгуулав

Sarangerel
2025-03-17 12:29:20
Ангилал:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад Төрийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Монгол-Польшийн бизнес форум Варшав хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Тус форумд хоёр орны төрийн тэргүүнүүд оролцож, нээлтийн үг хэлэв.

Польш Улсын Ерөнхийлөгч Анджэй Дуда “Монгол Улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд, мега төсөл, Шинэ Хархорин, Улаанбаатар хотын нийтийн тээврийн төсөлд бид оролцох сонирхолтой байна. Уламжлалт харилцааг илүү хөгжүүлж, шинэ боломжуудаар баяжуулан эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж манай хоёр улсад бий” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэхүү айлчлалаар Монгол, Бүгд Найрамдах Польш Улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэлээ. Хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс бид худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь чухал юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж, эрх зүйн орчныг таатай болгоход ихэд анхаарч ажиллаж байна. 1980-аад оны бүтээн байгуулалтуудад оролцож байсан туршлагаараа манай улсын дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийж, Монголын бизнес эрхлэгчидтэй түншлэхийг уриалж байна” гэлээ.

Форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Польш Улсын Худалдаа Хөрөнгө Оруулалтын Газрын дарга нар  гарын үсэг зурлаа. Мөн хоёр улсын  эдийн засаг, бизнесийн орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл бүхий илтгэлүүд тавилаа.

Монгол Улс Польш руу голчлон ноос, ноолуур, арьс шир, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож, Польш Улсаас хүнсний бүтээгдэхүүн, машин механизм, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн импортолж байна. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болно гэдгээ хоёр орны Худалдааны танхимуудын удирдлагууд хэлж байв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хамтын ажиллагааны гол салбаруудын боломжийг ингэж харж буйгаа хэлсэн юм. Үүнд:

  •  Уул уурхай, байгалийн нөөц – Монголын арвин баялаг байгалийн нөөцийг Польшийн дэвшилтэт технологитой хослуулснаар олборлолтын үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулах боломжтой.
  •  Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл – Мал аж ахуй, сүү, хүнсний технологи зэрэг салбарт хамтран ажиллаж, органик болон боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх боломжтой.
  • Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи–Польшийн эрчим хүчний шилжилтийн туршлага нь Монголын тогтвортой эрчим хүчний хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж чадна.
  • Дэд бүтэц, логистик-Монголын газарзүйн стратегийн байршлыг харгалзан, Польшийн төмөр зам, логистикийн туршлага нь бүс нутгийн холболтыг сайжруулахад туслах болно.
  • Боловсрол, технологи солилцоо–Их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлснээр инноваци, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Монгол-Польшийн бизнес форумд уул уурхай, хүнс, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, боловсрол, хуулийн чиглэлийн нийтдээ 200 гаруй бизнесийн төлөөлөл оролцов.

​​​Монгол-Польшийн бизнес форумын онцлох үйл явдлаас дурьдвал,

  • Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт боллоо.
  • Монголын хоёр компани 8 сая еврогийн үнийн дүн бүхий бизнесийн гэрээ байгууллаа.
  • Монголын бизнес эрхлэгчид Польш улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сэргээгдэх эрчим хүчний институцид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
  • Мөн тус улсын хамгийн том эмийн Polfa Sa Trachmin үйлдвэрээр аялав.

Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим