“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн

Sarangerel
2025-02-05 17:38:49
Ангилал:

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн №2 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томилсон юм.

Б.Дөлгөөн нь Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн Зөвлөлийн гишүүн юм. 2020- 2022 оны хооронд Үндэсний Хөгжлийн Газарт Дэд дарга, Эдийн Засаг, Хөгжлийн Яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Монголын эдийн засаг, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт хийдэг.

Б.Дөлгөөн 2007 онд АНУ-ын Коннектикат коллежид математик, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2018 онд АНУ-ын Харвардын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр зэргүүдийг тус тус хамгаалсан. Англи, хятад хэлтэй. Тэрбээр цөөнгүй бүтээл монгол хэлнээ хөрвүүлснээс олон нийтийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Абхажит Банержи, Эстер Дуфло нарын зохиосон “Хүнд үеийн эдийн засаг” (2020), төрийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Матт Эндрьюс, Ланч Притчетт, Майкл Вүүлкок нарын “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” (2022) зэрэг номыг нэрлэж болно.

Тэрбээр шинэхэн ажлаа хүлээж авсны дараах мэндчилгээндээ  “2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгийг давж, 12 дугаар сарын 31-ний өдөр ТОП-20 индекс 51,296.39 нэгжид хүрсэн түүхэн дээд амжилтуудаар 2024 оныг үдлээ.

Бид цаашид зах зээлийн оролцогч байгууллагуудын уялдаа холбоог хангасан дэд бүтцийн шинэчлэл хийж, Төрийн өмчит компаниуд, үндэсний ТОП аж ахуйн нэгжүүд, Уул уурхайн томоохон компаниудыг МХБ дээр IPO гаргах үйл явцад мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК нь IPO гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгөөс тодорхой хувийг “Сургалт мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсний дагуу хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчдын хөрөнгийн зах зээлд ажиллах ур чадвар, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх олон талт сургалт, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн дурджээ. Түүнд амжилт хүсье.