Монгол Австрийн бизнес уулзалт болов

Sarangerel
2025-05-27 18:42:40
Ангилал:

МҮХАҮТ, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан “Монгол Австрийн бизнес уулзалт”-ыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцолсон бол Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдгийг онцлов.

Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН, ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДИТ БОЛОМЖИЙГ НЭЭН ХАРУУЛАХ ЧУХАЛ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

Монгол Австрийн бизнес форумд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од оролцон үг хэллээ. Тэрээр, өнөөдрийн уулзалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хийсэн яриа хэлэлцээ, уулзалтууд нь Австрийн тал Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх чин хүсэл, тууштай, нээлттэй байр суурьтай байгааг бидэнд тодорхой харууллаа.

МҮХАҮТ-ын зүгээс Европын Холбооны гишүүн, өндөр хөгжилтэй орон болох Австрийн шилдэг туршлага, дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нутагшуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх чиглэлд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгааг хэлэв.

Бизнес уулзалтад Монголын талаас 80 орчим томоохон аж ахуйн нэгж, Австрийн талаас 7 салбарын 22 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцон В2В уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

В2В УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Австрийн бизнес уулзалтын дараа В2В уулзалт болж Австри улсаас Эрүүл мэндийн салбарт дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх өндөр технологийн эмчилгээг шинээр нэвтрүүлэх, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 10 гаруй компани оролцож, эмнэлгийн багц тоног төхөөрөмж авах шаардлага тулгараад буй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд болон шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж сонирхож, одоогийн хүчин чадлаа нэмэгдүүлж өргөтгөл хийх зорилготой байгууллага, эмнэлгүүдийг сонирхож байгаагаа онцолж байлаа.

Мөн тросоор хөдөлгөөн хийх систем, төмөр зам, барилга болон үйлдвэрлэлийн салбарт зориулсан тросолон шийдлүүд, инженерчлэл, хүнсний үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн болон махны салбарын төлөөллүүд оролцон хөдөө аж ахуйн салбар дахь хувийн хэвшлүүд болон хөрөнгө оруулагчдын төслүүдийг сонирхож байгаагаа хэлэв.

Монголын талаас МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүн, Алтанжолоо групп, Монгол Эм Импекс концерн, ХХБ зэрэг компаниуд танилцуулга, илтгэл тавьж, 60 гаруй ААН-ийн төлөөллүүд оролцон цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.

МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОГТВОРТОЙ ӨРГӨЖИН, ОЛОН САЛБАРТ БОДИТ ҮР ДҮНТЭЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

#Тоон мэдээлэл: Санхүүгийн хамтын ажиллагааны 3 удаагийн хэлэлцээрийн хүрээнд нийт 120 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 16 төсөл амжилттай хэрэгжсэн. 2024 оны байдлаар Монгол Улс дэлхийн 163 улстай худалдаа хийж, 27.4 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй, 4.2 тэрбум ам.долларын эерэг тэнцэлтэй ажилласан. Австри Улс 2024 онд Монголын бараа бүтээгдэхүүнийг 5.03 сая ам.доллараар импортолж, харин Монгол Улс Австриас 34.5 сая ам.долларын өргөн хүрээний бүтээгдэхүүн импортлосон нь хоёр орны худалдааны харилцаа улам төрөлжиж, чанаржиж байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим