М.Пүрэвжав: Монголд хүнсний судалгаа 35 жил мартагдсан

Sarangerel
2026-03-05 11:08:21
Ангилал: Ярилцлага

ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар ярилцлаа. 

-УИХ-ын 36-р тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулагдсан. Та бүхний судалгаа, шинжилгээний ажил хэрхэн явж байгаа вэ? 

-Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36-р тогтоолд Монгол Улс Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнтэй болох ёстой гэдгийг заасан. Социализмын нийгмийн үед Хүнсний эрдэм шинжилгээ зураг төслийн институт гэж улсын хэмжээний хүнсний салбарын судалгаа, шинжилгээний байгууллагатай байсан. 

Тэгээд 1990-ээд оны эхээр хувьчлагдсан. Ийнхүү 30 шахам жил Монгол Улс хүнсний чиглэлээр ямар нэгэн эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг бодлогын байгууллагагүй байсаар ирсэн. Иргэд өнөөдөр хоол хүнсний шошгын мэдээллийг төдийлөн сайн мэдэхгүй учраас ашиглаж чадахгүй байна. Манай хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, бүтээгдэхүүн дээрээ шошгын мэдээлэл тавих, стандартын холбогдох тохирлууд авах, технологийн үед зөв боловсруулж байна уу, шим тэжээлийн алдагдал болон амт, өнгө үзэмжийн асуудал ямар байна вэ зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлаар хамтарч ажилладаг шинжлэх ухааны байгууллага Монголд байхгүй. 

Тиймээс манай хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ холбогдох шинжилгээг урд хөрш рүү явуулж байна. Герман, Солонгос руу явуулж байна. Аливаа хүнсийг хил гаалиар нэвтрүүлэхдээ асар өндөр шалгалтын дор хийдэг. 

Хоёрдугаарт, гадаад улс орнуудад энэ шинжилгээнүүдийг хийлгэхэд маш өндөр зардлыг манай хүнс үйлдвэрлэгчид зарцуулдаг. Энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байсан. Тиймээс манай Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн энэ тал дээр өндөр хариуцлагатай ажиллах ёстой юм.

Улсын хэмжээнд хүнсний эрдэм шинжилгээний судалгааны байгууллагагүй улс орон гэж хаана байх вэ дээ. Дэлхий дээр байхгүй үзэгдэл.

Тиймээс Монгол Улсын иргэд ямар найрлагатай хүнс, хоол хэрэглэхээ мэдэхгүй, хоол хүнсний талаар мэдлэг хомс байна шүү дээ. Манай Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор ШУТИС харьяанд байгуулагдсан ч 2025 оны улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, 2025 оны гуравдугаар сараас үйл ажиллагаа жигдэрсэн. 

-Танай хүрээлэнд хэдэн судлаач ажилладаг вэ? Улсын хэмжээнд судалгаа хийж ажиллахад хүрэлцэж байна уу? 

-Бид анх 68 эрдэм шинжилгээний ажилтан байхаар санал хүргүүлсэн. Харин Засгийн газар 21 хүний орон тоотойгоор баталсан. Уг нь дэлхийн улс орнуудын хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүд биеэ даасан үйл ажиллагаатай, маш өргөн хүрээнд эрдэм шинжилгээний ажил хийдэг учраас байр талбай том, тоног төхөөрөмж сайтай,  ажилтны тоо 100-200-гаар яригддаг юм. Гэхдээ яахав, манай хүрээлэн өргөжин тэлж, өөрийн гэсэн байр савтай болох цаг ойрхон байна. Бид одоо хүнсний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой бодлогын судалгаа, шинжилгээнүүд дээр ажиллаж байна. Ер нь эхлэл төдий ажлууд явж байна. Бид өнөөдөр  хүнсний бүтээгдэхүүний өндөр мэдрэмжит багажит анализын шинжилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн гарч ирснээрээ манай хүрээлэн байгуулагдах эхлэл тавигдсан

Манайд харамсалтай нь нэг лаборатори, нэг хүрээлэн дээр хүнсний бүх шинжилгээ, үндсэн шим тэжээлийн бодис уураг, нүүрс ус, амин дэмийн, бүх эрдэс бодисын, биологийн идэвхит бодисын шинжилгээнүүд, тосны хүчил, амин хүчлийн зэрэг олон шинжилгээг нэг дор хийдэг эрдэм шинжилгээний лаборатори байхгүй. Тиймээс  Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн энэ бүхнийг хийх ёстой. Их олон ажил хүлээж байна даа. Ер нь бол “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн гарч ирснээрээ манай хүрээлэн байгуулагдах эхлэл тавигдсан. Энэ хөдөлгөөний гол агуулга бол ард түмэнтэйгээ хамтраад өнөөдөр болтол хийж чадаагүй зүйлээ илүү эрч хүчтэй нөхөж хийх гэсэн санаа шүү дээ.

-Танай хүрээлэнгийн санхүүжилт хэр шийдэгдсэн бэ. Хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж байгаа юу? 

-Хүрээлэнд маш их санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг юм байна. Одоогоор цалин шийдэгдсэн. 2025 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид нэг жил ч ажиллаагүй байна. Хуучин Хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан төвийн багажууд бий. Гэтэл 10 хэдэн жил болоход эдгээр багаж бараг ажлаагүй, ажиллуулдаг хүн ч байхгүй байсан. Жишээ нь, гуурс бөглөрөхөд би хувиасаа 1.5 сая төгрөг гаргаж, худалдаж авах жишээтэй. Боолт эвдэрлээ гэхэд урагшаа захих шаардлагатай болно, удаж удаж ирнэ. Ийм хүндрэлүүд их гарах бололтой. Гэхдээ бид зорьсон зорилгодоо хүрэхийн тулд ажиллах л ёстой.

-Цаашдын хийх ажлын төлөвлөгөө юу байгаа вэ? 

-Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн маш өндөр түвшний судалгаа хийдэг хүрээлэн болж өсөх ёстой. Хүнсний аюулгүй байдал  дотроо 3-4 том агууллагаас бүрддэг. Хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээлийн асуудал байна.  Монгол Улсад нэг хүнд ногдох сүүний хэрэглээ хангалттай байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сүү үнэхээр шим тэжээлтэй байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг бас судлах шаардлагатай. Хүмүүс тосонд шарсан хүнсний бүтээгдэхүүн муу л гэдэг. Гэтэл идэж болно шүү дээ. Гол нь тос удаан хугацаанд халуун өндөр температурт хайрагдаж, нөгөө айхтар өвчин үүсгэдэг туйлт нэгдлүүдийг үүсгэсэн үү гэдэг л асуудал. Түүнээс тосонд буруу байхгүй. Туйлт нэгдлүүд үүсээгүй бол хүүхдүүдэд тосонд хайрсан хуушуур өгч болно.

-Ургамлын тос муу, оливын тос сайн гэж боддог хүмүүс таны яриаг олж үзэх хэрэгтэй юм байна. Тэгвэл бас тосондоо биш байдаг байх нь. Хүмүүст үнэн зөв мэдээллийг өгөхөд танай хүрээлэн их чухал үүрэг гүйцэтгэх нь ээ? 

-Тийм ээ. Зарим ургамлын тос омега 6 ихтэй учраас хэт их идэхээр хүний биед орж үрэвслийг нэмэгдүүлж болно. Гол нь хэмжээг тохируулаад идвэл ямар ч асуудалгүй. Хоол хүнс гэдэг зүйл чинь ердөө л хэмжээ. Хэмжээгээ тааруулж, зохицуулж идэхгүйгээс болоод асуудал үүснэ. Нэг бол хэт их хорьж байна. Нэг бол хамаа замбараагүй идэж байна. Үүнээс болоод л өвчин үүсэж байгаа юм. Харин оливын тос манай өөхөн тостой жаахан ойролцоо. Өөхөн тос царцдаг нь ханасан тос их байдаг учраас тэр. Хүнс болгоны найрлага өөр. Тэрийг зохицуулж хэрэглэнэ гэдэг л хамгийн  чухал байдаг.

Ургамлын тос муу биш

Миний мөрөөдөл 10-20 ашигтай бактертай ундаа гаргах дээр судалгаа шинжилгээний ажил явуулах. Бидэнд хөрс суурь нь байгаа юм. Гадны эрдэмтдээс туршлага судалж болно. Яг үнэндээ урд хөрш үнэхээр хүчирхэг болж байна шүү дээ. Дэлхий дээр эрдэм шинжилгээний өгүүллийг хятадууд бичиж байна. Урд хөршид эрдэмтэн, эрдмийн зэрэг хамгаалсан хүнийг маш өндөрт авч үздэг. Манай багш дээр нэг Өвөр монгол хүн эрдмийн зэрэг хамгаалсан. Хамгаалаад нутагтаа очиход нь дарга нар нь шууд дуудаж уулзаад хамгаалсан сэдвээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг хэрэгтэйг нь асуусан  байгаа юм. Ингээд шууд лаборатори гаргаж өгөөд сурсан зүйлийг нь хэрэгжүүлэхээр суулгачихдаг юм байна. Тиймээс урд хөршийн эрдэм шинжилгээ, судалгаа нь асар хурдтай өсөж байна шүү дээ.

Монголын хүнсний бүтээгдэхүүний гайхамшигт шинж чанаруудыг илрүүлж, дэлхийд таниулах хэрэгтэй

Монгол Улс өөрөө дэлхийд байхгүй бичил организмын сантай орон. Байгалиа эвдээгүй. Гадныхан үүнийг хайгаад ч олохгүй. Гэтэл бид ойд очоод навчнаас л бичил организм авна. Өвс ургамал, эмийн ургамал байна. Монгол хаанаас юу ч гуйхгүй. Гол нь энэ сайхан ургамал, хоол хүнсээ шинжилж, судлах хэрэгтэй. Үүнийг хийе гэсэн хүсэлтэй хүмүүс нь яаж хийхээ мэдэхгүй байна. Эрдэм шинжилгээнийх нь эндээ, хамтарч ажиллах ёстой хүмүүс нь нөгөө талд, холбогдож өгдөггүй. Над руу хүнснийхэн ярьж байгаа юм. “Багш минь наад шинжилгээгээ л хийдэг болоорой” гэж хүсэж байгаа. Манай хүрээлэн дор хаяж Монгол Улсын зах зээл дээр байгаа бүх хүнсний бүтээгдэхүүнд транс тосны агууламж ямар байна гэдгийг гаргаж тавьмаар байна шүү дээ. Одоо транс тос байгаа ч юм уу, байхгүй ч юм уу бүү мэд. Ийм л байдалтай байгаа.

Бид мах, ногоог олон сар хөргөгчиндөө хадгалаад идээд байдаг. Үүнийг ингэж хадгалах нь зөв үү, буруу юу гэдгийг судалж гаргаж ирэх ёстой. Хөлдөөж хадгалсны дараа шим тэжээл нь байна уу гэдгийг үзэх ёстой. Улс орон бүрийн хүнсний агууламж өөр өөр байдаг. Бэлчээрийн малын махны найрлага өөр. Би монгол лууванг 2008 онд судалж байсан. А амин дэм нь япон лууванд 3.5-тай байхад монгол лууванд 11 байсан. Тиймээс Монголын хүнсний бүтээгдэхүүний гайхамшигт шинж чанаруудыг илрүүлж, дэлхийд таниулах хэрэгтэй. Ингэвэл гадагшаа хүнсний бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ.

-Ер нь монгол хүн өдөр тутамдаа ямар хоол хүнс идвэл илүү зохимжтой вэ. Хүмүүс янз бүрээр л ярих юм. Худлаа үнэн асар олон мэдээлэл дунд бид амьдарч байна шүү дээ? 

-Сүүгээ уу, таргаа уу, айргаа уу. Сүү цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэх хэрэгтэй. Мөн махаа иднэ. Махаа идэхдээ аль болох бага иднэ. Гэхдээ монголчуудын хоолны махыг тийм ч их өргөн хэрэглээтэй гэж боддоггүй. Судалгаа хийхэд махны хэрэглээ тийм өндөр гараагүй. Зун махаа багасга, өвөл иддэгээрээ ид л гэж хэлмээр байна.  Дээр нь ногоо, улаанбуудайн гурилаа иднэ. Хамгийн гол юм гурилын идэх юмаа багасгах, чихэр, чимс, чихэртэй ундааг тас болих хэрэгтэй. Талхыг иддэгээрээ иднэ. Цагаан будаагаа идэж болно. Гэхдээ аль болох олон төрлийн будаа холиод идэх хэрэгтэй. Тараг сайн уух хэрэгтэй. Тараг уухдаа үйлдвэрийн сайхан таргаа уу, хэзээ л бол хэзээ уу.

Цагаан будаагаа идэж болно. Гэхдээ аль болох олон төрлийн будаа холиод идэх хэрэгтэй

Зах зээл дээр маш гоё тарагны хөрөнгөнүүдийг оруулж ирж байна. Түүгээр гэртээ тараг бүрж болно. Хятадууд өөрийн хөрөнгөтэй болчихоод байна. Хятадуудын шүд ам ямар гоё болсон байна. 2000 оноос эхлээд хүүхдүүдээ сүү, цагаан идээгээр “балбасан” байхгүй юу. Одоо залуучууд нь үнэхээр гоё болсон. Хоолноос хоолны хооронд идэх юм өгөх маш буруу. Хөгшчүүл “хүүхдийг байнга хэвдэг мал шиг битгий болгоод бай” гэдэг шүү дээ. Дундуур нь цайгаа ууж болно. Хэвж сурна гэдэг маш аюултай. Таргалалт болон дотоод гэдсийг өвчлүүлэх үндэс болдог. Таргалалттай хүүхдийн элэг эрүүл байна гэж байхгүй, элэг нь өөхөлсөн байдаг. Ээжийн хэвлийд байхаасаа өөхөн эсийн солилцоо нь идэвхтэй явагддаг байж болно. Тэр нь удамшилтай холбоотой. Том гарсан хүүхдүүд чихрийн шижингийн эрсдэлтэй.

-Манай улс хүүхдийн хоолон  дээр судалгаа шинжилгээ хэр явуулсан  бэ?

-Судалгаа байлгүй яахав. Интервенц байхгүй. Арга хэмжээ авч байгаа юм алга, хүмүүстээ мэдлэг мэдээлэл өгөхгүй байна.. Хэрэгжилт байхгүй байгаад байна шүү дээ. Бүх яам хамтраад сургуулийн хүүхдийн хоолны асуудлыг чанартай хэрэгжүүлэх ёстой байгаа юм.

2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль гарсан шүү дээ. Энэ хуулийг гаргахын тулд би олон жил зарцуулсан, олон ч хүн хамтарч ажилласан. Бишрэлтийн Б.Ундармаа гишүүн энэ хуулийг бүтэн жил бойжуулж дээшээ өргөн барьж өгсөн. Ц.Мөнх-Оргил гишүүн энэ хуульд сэтгэлээсээ хандсан. Маш сэтгэлтэй хүн. Тэр хүн шиг хуулин дээр ажилладаг, их юм уншдаг хүн ёстой мэдэхгүй. Олон хүний хүчин чармайлтаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль гарсан. Харин одоо хэрэгжилт тал дээр анхаарах хэрэгтэй байгаа. Гэхдээ сургуулийн хүүхдийн үдийн хоолны асуудал одоо бол хамаагүй өөр болсон шүү.