Мухартын голын байгаль хамгаалагч

Sarangerel
2024-09-20 13:20:44
Ангилал: Нийгэм

П.Ганболд Завхан аймгийн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Мухарт хэсгийн байгаль хамгаалагчаар ажиллаад таван жил болж буй. Энэ сайхан үзэсгэлэнт гол нуураа хамгаалан ажиллаж буйдаа тэр сэтгэл хангалуун явдаг. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаална гэдэг бүхнээс үнэтэй эрхэм ажил. Байгаль хамгаалагчид сэтгэл зүрхэндээ ийн бодож, зүтгэдэг. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгууд өөр өөрийн онцлогтой. Мухартын голын хувьд хүн, машин тэргүүд олон талаас ороод ирэх боломжтой нутаг. Элсэн манхны араас ч ороод ирнэ. Элсэн манхан дороос ундран гарах голыг үзэх гэж ялангуяа дотоодын аялагчид сүүлийн жилүүдэд олноор зорих болжээ. Тиймээс хүний хөлд нэрвэгдсэнээс үүдэн голын ус татарч буйд П.Ганболдын сэтгэл эмзэглэдэг. Амрагчид Мухартын голд ирээд элсэн манхнаас гулсах их дуртай. Энэхүү элсний нуралт нь голд нөлөөлж буй тухай нутгийнхан харамсангуй ярьдаг.

“Чи хэн юм. Би нутагтаа явж байна. Монгол орондоо хаагуур явахаа чамаар заалгахгүй” гээд л томордог

Амрагчдын зарим нь байгаль хамгаалагчийн ажил, дүрэм журмыг ойлгож харилцдаг бол нөгөө хэсэг нь “Чи хэн юм. Би нутагтаа явж байна. Монгол орондоо хаагуур явахаа чамаар заалгахгүй” гээд л томордог гэнэ. Тэрбээр Мухартын голыг ганцаараа хамгаалдаг учраас бүгдэд хүрч ажиллаж чаддаггүй. “Онцын томоохон зөрчил энэ голд гараад байхгүй ч эмх замбараагүй байдал их гарна. Жишээлбэл, морьтой хүмүүс машин тэрэг ирэхээр “Миний морийг ав” гээд л шаваарна. Хүмүүс мориноос унах тохиолдол гарна гэх мэт асуудал бишгүй бий хэмээн тэр ярьсан. П.Ганболд урин зуны өглөө үүрээр 06:00 цагт ажилдаа гарна. Нартай уралдан хамгаалагчийн үүргээ гүйцэтгэх ёстой.Тэгэхгүй бол элсэн манхны аль ч талаас машинууд гэнэт ороод ирнэ.

Орой харанхуй болтол хараад л сууна. Хажуугаар нь тэрбээр хог түүнэ. “Би хогын уутаа хармаалаад л явж байдаг юм. Аялагчид явсны дараа голынхоо хогийг түүдэг дээ” гэв. Байгаль хамгаалагчид үнэ цэнтэй болох цаг ирж буй. Хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-Эрдэнэ “Байгаль хамгаалагчид бол байгаль орчны сайд юм” гэж хэлсэн байдаг. Тиймээ, тэд бол эх байгалиа сэтгэлдээ багтаасан эх орны байгаль хамгаалагч, сайдууд шүү. Тэд амин хувийнхаа төлөө бус амин хайртай эх орныхоо үзэсгэлэнт байгалийг хамгаалан ажилладаг улсууд юм. Тиймээс бид байгаль хамгаалагчидтай хүндэтгэлтэй харилцаж, дүрэм журмыг биелүүлэх ёстой. Энэ бол иргэн бидний үүрэг. Байгаль дэлхийгээ хамгаалж, асуудал тавьж, дүрэм журам ярих нь байгаль хамгаалагчдын үүрэг билээ.

/“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар/