М.Дагва: Манай салбар цаашид улам хөгжих боломж, ирээдүй их бий

М.ДАГВА: /ИНЕГ-ын дарга асан/
Би Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул хүн. ЗХУ-ын Москва хотын Удирдлагын дээд сургуулийн “Иргэний агаарын тээврийн факультет”-ийг иргэний агаарын тээврийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөөд, агаарын тээврийн салбарт 40 шахам жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд агаарын тээврийн салбарт эдийн засагч, хэлтсийн даргаас гадна Ерөнхий төлөөлөгч, “МИАТ” ТӨХК болон ИНЕГ-т дэд захирал, Зам, тээврийн ерөнхий газар /одоогийн ЗТЯ/-ны орлогч бөгөөд Агаарын харилцааны газрын дарга /1991-1993/, ИНЕГ-ын даргаар 1998-2006 онд тус тус ажиллаж байсан.
Иргэний агаарын тээврийн хөгжлийн нэгэн онцлох үе
Нисэх хүчний 100 жилийн босгон дээрээс эргэн харахад, иргэний агаарын тээврийн салбарын түүхэн хөгжлийн нэгэн онцлох үе нь 1980 оны эцсээс эхлэлтэй гэж үзэж болох юм. Аль ч улс орон, аж ахуйн салбарын хөгжлийн онцлог үе нь тухайн үедээ тэдний өмнө тавигдсан түүхэн нөхцөл шаардлагаар бий болдог. Бидний өмнө ч тийм түүхэн шаардлага 1990 оны эхэн үеэс бий болсон юм.
1989 онд Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын гишүүнээр элсч, Чикагогийн конвенцид нэгдсэн. Энэ нь иргэний агаарын тээвэрт мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг, салбарын удирдлагын бүтцийг ОУИНБ болон Чикагогийн конвенц, түүний хавсралтууд, дүрэм, стандартад нийцүүлэх шаардлагыг бий болгосон. 1990-ээд оноос Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр гадаад харилцаа тэлж, хувийн хэшлүүд бий болж, иргэний агаарын тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Энэ нь олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, түүнд гадаад болон дотоодын агаарын шугамд ашиглах онгоцны паркыг шинэчлэх, өөрийн олон улсын нислэгийг бий болгох, онгоцны үйлчилгээний материаллаг баазыг бий болгох шаардлага үүссэн.
Мөн үеэс Швед, Польш, Герман улсын авиакомпаниуд Ази болон Зүүн Өмнөд Ази руу хийж буй нислэгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээр байгуулах хүсэлт тавьж эхэлсэн. Цаашдаа энэ нислэгийн тоо нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь нислэгийн хөдөлгөөний удирдлага, холбоонд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг шинэчлэх, найдвартай болгох, нислэг, хөдөлгөөнийг зохицуулах мэргэжлийн боловсон хүчнийг нэмж бэлтгэх шаардлагыг бий болгосон юм. Энэхүү шаардлагыг хангахын тулд бүх төрлийн боловсон хүчний бодлогыг эргэж харах, шинээр бэлтгэх, мөн түүнчлэн хууль эрх зүйг шинэчлэхэд, материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олох хэрэгтэй болсон.
Энэ чухал үед буюу 1991 онд Монгол Улс Азийн хөгжлийн банкны гишүүн болж, улмаар АХБ-ны мэргэжлийн баг Монголд ирж судалгаа хийсний үндсэн дээр Монгол Улсад агаарын тээврийн салбар маш чухал гэдгийг ойлгож, бидэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд туслах санал тавьсан. Тухайн жил ОУИНБ-аас агаарын тээврийн салбарт 1,5 сая ам.доллар, 1993 онд АХБ-наас 850 мянган ам.долларыг техникийн туслалцааны төслийн санхүүжилтэд, мөн 1995 онд АХБ-наас дахин олгосон 592 мянган ам.долларын санхүүжилтийн ачаар бид агаарын тээврийн салбарын хууль эрх зүйн болон удирдлагын бүтцийн шинэчлэлийг хийж, холбогдох боловсон хүчнийг бэлтгэж, нислэгийн аюулгүй байдлын мастер төлөвлөгөөг боловсруулж, цаашид материаллаг баазыг бэхжүүлэх, үндэсний агаарын навигацийн хөгжүүлэх бодлогыг боловсруулж чадсан юм.
1958 онд баталж, 1990-ээд он хүртэл мөрдөж ирсэн “Агаарын зайн тухай” хуулийг 1992,1999 онуудад шинэчлэн батлуулж, энэ үндсэн дээр 160 шахам дүрмийг Чикагогийн конвенци, түүний хавсралт, стандартуудад нийцүүлэн боловсруулж, мөрдүүлсэн. ИНЕГ-ыг 1993 онд байгуулж, агаарын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу агентлаг, авиакомпанийн гүйцэтгэх эрх үүргийг зааглаж, гэрчилгээжүүлэлт, аюулгүй байдал, осол зөрчлийг шинжлэн шалгах албадыг тус тус бий болгож, салбарын удирдлагын бүтцийг шинэчилсэн.
Агаарын тээврийн салбарт 1992 оноос хувийн хэвшил бий болж эхэлсэн
Дээр дурдсан техникийн туслалцааны төслийн хүрээнд боловсруулсан бодлогын бичиг баримт, мастер төлөвлөгөөг үндэслэн АХБ-наас агаарын тээврийн салбарт “Буянт-Ухаа нисэх буудал төсөл”-ийг 36 сая ам.доллараар, “Үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх төсөл”-ийг 27.5 сая ам.доллараар тус тус хэрэгжүүлэхээр олгосон жилийн нэг хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлттэй зээл байсан юм.
Буянт-Ухаа нисэх буудлын төслийн хүрээнд онгоц хөөрч буух зурвасыг хүчитгэх, 500 метрээр уртасгах, онгоц явгалах замыг засах, шинээр бий болгох, онгоцны зогсоолын талбай/перрон/-г өргөтгөх, нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгын зорчигчдод үйлчлэх ашигтай талбайг нэмэгдүүлэх, буудлын үндсэн барилгад их засвар хийх, ачааны вокзал, нислэг хөдөлгөөний удирдлагын байр ба цамхаг, сургалтын төв, агаарын хөлгийн засвар үйлчилгээний ангарын барилга, газрын үйлчилгээний автомашинуудын гараж зэргийг шинээр барих, аэродромын засвар үйлчилгээ, түүний тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, зорчигчдын бүртгэл, тээш зөөвөрлөх төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлуудыг хийсэн юм.
Үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх төслийн хүрээнд навигацийн төхөөрөмжүүдийг шинэчлэн суурилуулах, гэрэл суултын системийг шинэчлэх, газрын холбоог сайжруулах, цахилгааны нөөц тэжээлийг боловсронгуй болгох, буудал дээрх гал унтраах, авран хамгаалах машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, газрын үйлчилгээний болон онгоцны үйлчилгээний тоног төхөөрөмж, машин механизмыг нийлүүлэх, нислэгийн маршрутын навигацийн төхөөрөмжийг сайжруулах, нийтийн холбоо, агаарын хөлгийн GPS, ELT төхөөрөмж болон компьютер нийлүүлэх зэрэг үндсэн ажлууд хийгдсэн байна.
1993 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн нислэгийн тоо 3220 байсан бол 2019 онд 133.663 болсон
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх агаарын тээврийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 1986 оноос ТУ-154Б маркийн онгоц ЗХУ-аас түрээсээр авч, өөрийн олон улсын нислэг нээх, 1992 оноос Боинг 727-200, 1998 оноос Эйрбас 310, 2002 оноос Боинг 737-800, улмаар Боинг 767 зэрэг барууны онгоцуудыг өөрийн олон улсын шугамд ашиглаж ирсэн.
Агаарын тээврийн салбарт 1992 оноос хувийн хэвшил бий болж эхэлсэн. Одоогийн байдлаар 15 орчим компани тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Агаарын навигацийг хөгжүүлэх төслийн хүрээнд нисгэгч, нислэгийн удирдагч нарын хооронд ашиглагддаг дуун холбооны системийг бүхэлд нь орчин үеийн технологид нийцүүлэн шинэчилснээр Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж байгаа бүх нислэгийг нэг төвөөс төвлөрүүлэн удирдах боломж бүрдсэн юм. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхэд, тэр хэмжээгээр байгууллагын санхүүгийн чадварыг сайжруулахад чухал түлхэц болсон билээ. 1993 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн нислэгийн тоо 3220 байсан бол 2019 онд 133663 болсон байх жишээтэй.
Манай олон улсын агаарын шугамд ашиглаж байгаа онгоцны төрөл, маяг өөрчлөгдөхийн хэрээр инженер техникийн ажилтнуудын мэдлэг чадвар сайжирч, барууны агаарын хөлгийн бүх техник үйлчилгээг, хүнд хэлбэрийн “С” чекийг оролцуулан бие даан гүйцэтгэдэг болсон.
Манай иргэний агаарын тээврийн салбар цаашид улам хөгжих боломж, ирээдүй их бий. Өнгөрсөн түүхээс харахад, зөвхөн зорчигчид болон өнгөрөлтийн орлогоор үйл ажиллагаагаа хязгаарлах нь учир дутагдалтай байна. Цаашдаа агаарын хөлгийн засвар үйлчилгээний баазыг улам өргөтгөж, гадны онгоцонд засвар үйлчилгээ хийх, төрөл бүрийн сургалтын тренажёр, төхөөрөмжүүдийг бий болгож мэргэжлийн сургалт явуулах, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын ашиглалтад гадаадын хөрөнгө оруулалт, технологи татах, хамтарсан үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулах зэргээр орлогын өөр эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга замыг эрж хайх боломж байгаа гэдэгт итгэлтэй байна.