Найжл Финч: Хэт олон эхлэл, зогсолт
Доктор Профессор Найжл Финч нь Сиднейн Их сургуулийн Бизнесийн сургуулийн элсэлт хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрбээр Ази болон хүч түрэн гарч ирж буй эдийн засагтай орнуудын хөгжил, бизнесийн хууль, эрх зүйн зохицуулалтаар мэргэшсэн нэгэн юм. Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Найжл Финч одоогоор Австралийн олон улсын хөгжлийн агентлагт зөвлөхөөр ажилладагийн хувьд Монголын Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг төрийн албадад мэргэжлийн зөвлөгөө өгч байна.
-Монгол руу хөтлөгдөх болсон Таны шалтгаан юу байсан бэ?
-Хөгжиж буй зах зээлтэй орнуудыг сонирхдог байлаа. Ялангуяа тэдгээр улсын эдийн засгийн хөгжлийн явцад шаардагдах өр, хувьцаагаар илэрхийлэгдэх хөрөнгийн хэмжээг ихээхэн ажигладаг. Оюутолгойн гэрээг үзэглэж, ханцуй шамласнаас хойш төдийлэн урт хугацаа өнгөрөөгүй байна. Монгол Улсад 2009 оноос хойш ирсэн. Танай улсын зах зээл олон улсад нээлттэй хөгжөөд удаагүй байгаа. Магадгүй татагдсан шалтгаан минь энэ байх.
Монголын хөгжлийн замналыг алдалгүй ажиж ирлээ. Ил тод нээлттэй байдал тааруухан учир мэдээлэл олж авахад хүндрэлтэй. Эдийн засгийн хувьд ч тэр жижиг учир цөөн тулгууртай улс. Тиймээс эдийн засагт юу болж байгааг мэдэхэд олон салбар руу савчих шаардлагагүй.
-Монголын Ардчилал дөнгөж 23- хан настай. Харин огцом өсөлтийн тухайд сүүлийн хоёр, гуравхан жилд л бий болсон үзэгдэл. Хурдацтай өсөлтийн хажуугаар Монгол Улс олон сорилтуудтай тулгарч буйг Та харж байна. Монголыг ямар томоохон эрсдэлүүд хүлээж байна вэ?
-Монголын байр суурь юу байх вэ. Энэ улсын хувьд хүн ам асар цөөн. Хятад улс шиг хэрэглэгч орон байх боломжгүй. Мөн Монголд өндөр хөгжсөн аж үйлдвэрлэл, эсвэл түүний чадамж бараг байхгүй. Тэгэхээр өндөр технологи, үйлдвэрлэлийн цогц орон байх боломжгүй. Монголд байгаа нь байгалийн баялаг. Энэ улсыг нээх, өөрчлөх хүч нь байгалийн баялаг юм. Түүнийг хэрхэн залах нь Монгол Улсын дэлхийн тавцан дахь байр суурийг тодорхойлно.
Чухам энэ л Монгол Улсын ирээдүйн боломжуудын үүсвэр юм. Гэвч одоогоор Монголын эдийн засаг хэврэг байна. Хэрэгтэй хөрөнгө оруулалтыг татаж, байгалийн баялгаа дэлхийн ханган нийлүүлтийн сүлжээнд оруулж ирэх хэрэгтэй. Монголын хувьд өнөөдөр дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалт, болон гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар замаар, яаж орж ирэх нь энэ мэт бүрхэг үргэлжилбэл олон улсын хөрөнгө оруулагчид үргэж, илүү нээлттэй, хөгжиж буй бусад зах зээлийг сонгож магад.
Энэ бол маш том асуудал. Ардчилалд дөнгөж хөл тавиад буй Зүүн Азийн Мьянмар үүний тод жишээ. Байгалийн баялгийн асар их нөөц, усан боомтын гарцуудтай орон. Дээр нь хүн ам цөөн. Хятад улс арилжааных нь хамгийн том түншүүдийн нэг. Өнөөдрийн Монголоос харьцангуй хөгжил доогуур яваа тус улсын Засгийн газар хэрэгцээт хөрөнгө оруулалтыг зохих хэмжээнд татах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэхчлэн асуудалд ихээхэн болгоомжтой бөгөөд мэдрэмжтэй хандахыг эрмэлзэж буй. Энэ улс өнөөдөр Монголын адил олны анхаарлыг зүй ёсоор татаж, хөгжиж буй орны нэг гэдгийг санах нь зүйтэй. Өөр нэг асуудал нь гадаадын хөрөнгө оруулалттай холбогдсон хэт олон эхлэл, зогсолт. Олон улсын валютын сан Монгол Улсын 23 жилийн түүхтэй салшгүй холбоотой.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг нь бүдрэх бүрийд энэ байгууллага амь тариа хийж, зургаан удаа аварсан. Энэ нь дөрвөн жил тутамд нэг удаа гэсэн үг. Төлөвлөлт, гүйцэтгэл нь хоорондоо авцалдахгүй байгааг энэ мөчлөг харуулж байна. Ингээд тусламж эрэхээс өөр аргагүй байдалд Монгол орж байсан.
-Уул уурхайн ямар стратегийг Та Монголд санал болгох вэ. Өөрөөр хэлбэл, уул уурхай цэцэглэж, бусад салбар нь салгалж буй одоогийн нөхцөлөөс бид хэрхэн зайлсхийх вэ?
-Бусад салбарын уул уурхайд шахагдаж буй нь цалингийн инфляцитай холбоотой. Арван жилийн өмнө туршлагатай боловсон хүчний эрэлт барилгын салбарт хүчтэй байгаагүй учир өнөөдөр чадвартай мэргэжилтний дутагдалд орчихоод байна. Монголд өнөөдөр хэрэгцээтэй байгаа олон мэргэжил тав, арван жилийн өмнө байгаагүй. Хүмүүс шинэ ажил мэргэжлүүд рүү орж эхлэхэд цаг хугацаа нэлээд шаардах нь дамжиггүй.
Гэвч үүний тулд ажилдаа туршлагажих боломж өгөх, сургалт зохион байгуулах гэхчлэн нөр их хүчин чармайлт хэрэгтэй нь мэдээж. Гаднын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан, шийдсэн байдаг. Гаднын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг Монголын эдийн засагт шингээж авахын хажуугаар боловсон хүчнээ сургахад ашиглах. Туршлага шилжүүлэлтийн уг загварыг бий болгох нь зүйтэй. Гэвч өсөж буй эдийн засагт энэ тийм ч том бэрхшээл биш юм.
-Оюутолгойтой тэнцэх хэмжээний нөөцтэй дахиад 10 төсөл гарч ирэх боломж бий гэж байгаа. Үүнийг нэг дор гаргаад ирэх үү эсвэл ээлж дараатай байх нь манайд ашигтай юу?
-Хэрэгцээт дэд бүтцийг бүтээхийн тулд тодорхой төслүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх нь харьцангуй ашигтай. Дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг дагасан дэд бүтцийг байгуулна гэдэг асар өндөр өртөгтэй. Оюутолгойн бүтээн байгуулалтын эхний шатанд л гэхэд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардсаныг хар. Монголын Улсын ДНБ-ийг хоёроор үржүүлсэнтэй тэнцэхээр болно гэж байна. Тус төсөл эхэлснээс хойш 10 мянга гаруй холбогдох бизнесийнхэн энэ зүгт татагдан орсон гэх мэдээ бий. Монголын бизнесийнхэн үүнээс ашиг хүртэж байгаа. Оюутолгой шиг төслүүд Монголд одоо л хэрэгтэй байна.
Төслүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж эхэлбэл олон төслийг тэжээх хүчин чадалтай цөөнгүй эрчим хүчний станц, гарц боломжийг бүрдүүлэх дэд бүтэц бий болгож болно. Эдийн засгийн бодит үр ашгийг хүртэхэд энэ л шаардлагатай.
Монголд уул уурхайтай эн зэрэгцэж түшиц болох салбарыг нэрлэхгүй юү? Санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар голлодог Австралийн эдийн засгийг жишээлье. Тус хоёр салбар эдийн засгийн хурдыг тодорхойлдог ч манай улсын эдийн засгаас үл хөдлөх болон санхүүгийн салбарыг салгаж ойлгох боломжгүй.
Дэлхийн санхүүгийн системийн хөгжлийг авчирч, санхүүгийн бүрэн үйлчилгээг бий болгоно гэдэг боловсролын салбарт асар их хөрөнгө оруулалт шаардана гэсэн үг. Хөгжил доогуур хөрөнгийн зах зээл, үр хөврөлийн үе дээрээ яваа банк, даатгалын салбарыг харахад институцийн хүрээнд хүмүүсээ сургахаас эхлээд маш ихийг хийх хэрэгтэй нь тодорхой. Уул уурхайгаар эхлэсэн ч Монголын ирээдүй гэгээлэг байна.

-Монгол Улсын олон улсын зах зээл дээр босгосон 1.5 тэрбум ам.долларын бондыг зарцуулах гэж байгаа байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газарт хууль ёсны хөрөнгө босгох мандат нь байгаа. Хуучнаар Хөгжил, шинэтгэлийн хороонд төслүүдийн санал байсан. Хөгжлийн банкинд ч тэр юунд зарцуулж болохгүй вэ гэдэг хоригууд байгаа. Энэ мөнгийг төсвийн алдагдал тэргүүтэй зарлагуудад зориулах гэж босгоогүй. Хөрөнгө оруулах ёстой тэргүүлэх салбарууд тухайлбал, зам, төмөр зам зэрэг нь тодорхой байсан. Өдөрт 200.000 ам.долларын хүүтэй мөнгийг. Бондыг дагах дээрх хүүгийн төлбөрийг Монголын Засгийн газар төлнө.
Үндэсний эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө гэж байх ёстой. Үүний дагуу голчлон ямар төслүүдэд хөрөнгө оруулахаа тодорхой заагаад өгчихвөл гаднын хөрөнгө оруулагчид хаана хөрөнгө оруулж болохыгоо шийдэх итгэл, баримжаа бий болно. Жишээлбэл, А хотоос Б хот руу төмөр зам тавилаа гэж бодьё. Энэ нь нөгөө талаар үл хөдлөх хөрөнгө болон үйлчилгээний салбарт хөрөнгө оруул гэсэн бизнесийн дохио.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн голлох суурийг бүрдүүлэхэд бусад зах зээлийн оролцогчид аяндаа дагаад ирдэг гэсэн үг. Одоогоор хөрөнгө оруулах төслүүдийг жагсааж буй. Гэвч яг ямар төслүүдийг сонгох нь тодорхойгүй нь Монголын хувьд бонд ашигтай байх эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Юу болоод байгаа нь хэт таамгийн шинжтэй.
Үндэсний эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөндөө түлхүүр салбаруудаа тодорхойлж, цаг хугацааны хуваарийг гаргах цаашлаад хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэхийг зааж өгөх хэрэгтэй. Гаднынхан төдийгүй монголчуудад ч дээрх асуудлууд тодорхой биш байх шиг санагддаг.
-Тогтвортой хөгжил бүхий эдийн засагт Монголыг хөтлөх Австралийн ямар туршлагууд бидэнд хэрэгтэй вэ?
-Австрали улсад уул уурхайн гайхам туршлага, чадамж бий. Хууль, эрх зүйн бат бөх, ойлгомжтой бүтэц л “тогтворыг” бий болгодог юм. Мөн удаан хугацааны төслүүд. Уул уурхай бол үл хөдлөх хөрөнгө шиг хоёроос гурван жилийн дотор газар худалдаж авч, төлөвлөгөө зохиогоод, бариад зарчихдаг төсөл биш.
Дор хаяж 30-50 жилийн хугацаа шаарддаг учир найдвартай хууль, эрх зүйн зохицуулалтаар дийлэнх үйл ажиллагаагаа явуулснаар үйл хэрэг болдог том ажил. Хууль, эрх зүйн тогтвортой орчин, санхүүгийн зах зээл л эдийн засгийн тогтвортой хөгжлийг тодорхойлно. Эдгээр нь Монголд сул хөгжсөн учир томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд саадтай байна.
-Таныг Монголын Засгийн газрын зарим хэрэгжүүлэгч агентлаг, яаманд зөвлөхөөр ажилладаг гэж сонссон. Тэдэнд хаягласан зөвлөгөө гол төлөв юунд чиглэдэг вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийг ярьж байгаа энэ үед хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж буй нь монголчуудын хувьд ихээхэн мэдрэмтгий үе болж байна. Өдийг хүртэл үндэсний хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байсаар байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын санаа зовниж буй нийт улсын эрсдэлийг тойрсон шүүмжлэл болон ил тод нээлттэй байдлыг сайжруулах асуудал Засгийн газрын толгой дээр байна гэдгийг санах хэрэгтэй. Хаана яваагаа шалгаж болох хамгийн сайн арга бол Монголын зээлжих зэрэглэл.
“Moody’s”, “Standard and Poor’s” зэрэг үнэлгээний байгууллагын зэрэглэл нь Монгол Улстай бизнес хийхэд ямар байхыг харуулж, зээлжих чадварыг нь үнэлж буй хэрэг. Одоогийн байдлаар Монголын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулалтын бус түвшинд яваа.
Энэ нь хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн үг биш. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчдад энэ нь том эргэлзээ өөрөөр хэлбэл хориг юм. Үүнээс гадна зэрэглэлийг тойрсон шинжээчдийн дүгнэлтүүд тэдэнд тухайн улсын сул талыг маш тод харуулдаг.
Тиймээс Монголын Засгийн газар дээрх шинжээчдийн шүүмжлэлүүдийг анхаарч, авч үзэн дэлхийн жишгээс доогуур явж буй хэсгүүдээ сайжруулах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Зээлжих зэрэглэлээ дээшлүүлэх нь Монголын нийт эдийн засагт тусаа өгөх зүйл. Дээрх үнэлгээ зөвхөн Монголын Засгийн газрын хөрөнгө босгох өртгийг бууруулаад зогсохгүй.
Одоогоор нийт хоёр тэрбум ам.доллар босгочихсон байгаа. Судалгаагаар Монголын эдийн засагт нийт 60-80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Нэмж маш их мөнгийг дэлхийн зах зээл дээрээс босгоно гэсэн үг.
Улсын зээлжих зэрэглэл ахиснаар энэ хэмжээ ч багасна. Дээрх хэрэгцээт 60 тэрбум ам.долларыг нэг бүхэл гэж үзье. Үүний хүүг нэг хувиар доогуур тогтоож чадвал жилдээ 500 сая ам.долларыг хэмнэнэ гэсэн үг юм. Хэрвээ дээрх шүүмжлэлүүдийг анхаарч, илэрхий дутагдлуудаа засч эхэлбэл зэрэглэл ахихад тодорхой нөлөөлнө.
Гадаадын шууд хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх гарц саадгүй болохын зэрэгцээ банкууд өөрсдийн зэрэглэлээ ахиулах замаар олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд оролцох улмаар хувийн хэвшлийнхэн гадаадын хөрөнгө оруулалтад хүрэх боломж илүү чөлөөтэй болно.
Mongolian Economy Сэтгүүлийн “Монгол брэнд” дугаарын 43-45-р нүүр
2013.03.10
