Б.Лхагважав: УИХ ажлаа хийж чадвал энэ хавар реформын хавар болно

Т.Амаржаргал
2026-05-05 13:17:59
Ангилал: Бизнес

Нийгмийн даатгал болон Татварын багц хуулийн шинэчлэл, Хөрөнгө оруулалтын хуулийн “засвар”, Арилжааны хууль, Танхимын хууль, Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төслүүд хүлээлт дагуулсаар байна. Гагцхүү УИХ ажлаа хийж чадах эсэхээс хамааран энэ хүлээлт дуусгавар болно, эсхүл дахин үргэлжилнэ. Хэрэв хүлээлт хүссэнээр шийдэгдвэл энэ хавар эдийн засаг, бизнесийн орчинд “реформын хавар” ирэх учиртай. “Mongolian Economy” сэтгүүлийн 2026 оны дөрөвдүгээр сарын (№203) дугаарт нийтлэгдсэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавын ярилцлагыг хүргэж байна. 

Татварын багц хууль дөрвөн удаа шинэчлэгдсэн ч бизнес эрхлэгчдийн “зовлон” татвар хэвээр байна. Тиймээс та хуулийн шинэчилсэн төсөлд ямар өөрчлөлт тусгасан талаар ярилцлагын эхэнд мэдээлэл хүргэхгүй юу? 

Өнөөдөр та бид 30 гаруй төрлийн татвар, шимтгэл, хураамж төлж байна. Олон янзын нэртэй боловч үндсэндээ төсвийг бүрдүүлэгч гол цөм нь бидний төлж байгаа татвар юм. Татварын систем боловсронгуй болж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн өрчлөлт, шинэчлэл бүр татварын ачааллыг бууруулахад чиглэж ирсэн. Тухайлбал, ААНОАТ 10 хувь, 25 хувь гэсэн хоёр шатлалтай байсан. Зургаан тэрбум төгрөгөөр босго тогтоож ингэж шатлалд хуваадаг. Харин 2019 оны зохицуулалтаар 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгж тайлангаа өгөөд төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, татварын бодит ачаалал 10 хувь болж буурсан. Одоо Монголын компаниудын 90 хувь нь энэ ангилалд багтаж байна.

Харьцуулбал, иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг буцааж авдаг бол аж ахуйн нэгж 90 хувийг буцаан авч байна. Тэгэхээр ААНОАТ дарамт биш. Асуудал нь шатлалын босго, татварын процесст бий. Тиймээс зургаан тэрбумын босгыг 12 тэрбум болгох шаардлагатай. Мөн 25 хувийн шатлалд хүрэхээс өмнө 15 хувийн буюу дундын шатлал нэмэх хэрэгтэй байгаа. Энэ талаар төсөлд тусгасан. Харин татварын процессын тухайд, жишээ нь НӨАТ-ын тайланг сар бүр гаргадаг. Үүнийг нь сар бүр биш улиралд нэг удаа гаргадаг байхад л хангалтай. Сар бүр тайлан гарга гэдэг чинь л дарамт.

НӨАТ-ын талаар маш олон шүүмж байдаг. Та НӨАТ-ын тогтолцоог шүүмжилж, шинэчлэл сайжруулалт хийхэд гар бие оролцож явсан хүний хувьд, тэдгээр шүүмжид ямар тайлбар өгөх вэ?

Дэлхийн 100-аад улс “value-added tax” буюу НӨАТ-ын систем хэрэглэж байна. Манай улс анх 1997 онд хуулиа баталж, 1998 оноос НӨАТ-ын тогтолцоог бий болгосон. Үндсэндээ өмнө нь байсан “худалдааны татвар”-ыг шинэчилж, НӨАТ-ыг гаргаж ирсэн. Гэхдээ 1998-2016 оны хооронд мөрдөгдөж байсан татварын хууль нэлээн учир дутагдалтай байсан.

Үүнээс шалтгаалж НӨАТ философиосоо гажсан. Компаниудыг маш их жижиглэсэн. 10 сая төгрөгийн босго тавиад уг босгыг давсан аж ахуйн нэгж НӨАТ төлөгч болно гэж хуульчилсан болохоор компаниуд зориуд орлогоо багасгаж, тайлангаа нуудаг болсон. Бүр олон жижиг компани болж хуваагдах нөхцөл рүү түлхсэн. Зарим хүн 100 компани байгуулж байсан тохиолдол ч бий. Ер нь Татварын хуульд тоогоор босго тавихдаа маш сайн бодох ёстой.

Татварын хуульд тоогоор босго тавихдаа маш сайн бодох ёстой. НӨАТ философиосоо гажсанаас зарим хүн 100 компани байгуулж байсан тохиолдол ч бий.

Тэр үед, 2005 онд би иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан. Гэхдээ миний талд шийдвэр гараагүй. Дараа нь учрыг асуухад, хэрвээ шийдвэр миний талд гарсан бол 1998-2005 оны бүх акт хүчингүй болж, төр асар их мөнгө буцааж өгөх эрсдэлтэй тулгарах байсан гэж надад хэлж байсан. Харин одоо бол босго 50 сая төгрөг болсон. Өнөөдөр НӨАТ-ын баримт өгдөггүй газар байвал жижиг, бүртгэлгүй бизнес хийж байгаагаа л харуулж байна гэсэн үг.

Сүүлийн 10 жилд НӨАТ-ын систем маш их сайжирсан. Иргэд 20 хувийн буцаан олголт авч байна. Улсын төсөв бүрдэхэд нөлөө үзүүлж байна. Гуравдугаарт, бэлэн бус гүйлгээгээр дамжуулан банкны систем НӨАТ-ын шинэчлэлээс хамгийн их хожсон. 2016 оны нэгдүгээр сарын 1-нд шинэ хууль хэрэгжиж эхлэхэд, 1600 кассын машин, 14 мянган ПОС төхөөрөмж байсан. Нэг жилийн дараа 100 мянга, хоёр жилийн дараа гэхэд 200 мянга болсон. Харин өнөөдөр 350 мянган цэг дээр НӨАТ-ын баримт бичиж байна. Үүний 250 мянга нь ПОС төхөөрөмж. Тэгэхээр банкуудад ямар нөлөөтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз. 

Хуулийн төсөлд НӨАТ-ын талаар ямар зохицуулалт тусгасан талаар та бүр илүү тодруулж хариулт өгөхгүй юу? 

Иргэдийн авдаг буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлж, 20 биш, зарим тохиолдолд бүр 100 хувьд хүргэнэ. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жилийн төсөв батлах үед нэг өөрчлөлт орсон. Аравдугаар сарын 1-нээс эхлээд буцаан олголтыг шаталсан байдлаар хэрэгжүүлэхээр тусгасан. Буцаан олголтыг ингэж шатлалтай болгосноор систем бүхэлдээ сайжирч, татвар төлдөггүй байсан бизнесүүдээс ч татвар авах боломж бүрдэнэ.

Бас нэг чухал зүйл бий. Нягтлан бодох бүртгэлд аккруэл суурь, мөнгөн суурь, холимог суурь гэсэн гурван хэлбэр байдаг юм. Одоогийн татварын систем ихэвчлэн аккруэл суурьтай явж байгаа. Энэ нь орлого, зардлыг мөнгө орж ирсэн эсэхээс үл хамааран бүртгэдэг арга. Харин НӨАТ мөнгөн суурьтай явах ёстой. Мөнгө орж ирсэн үед л орлого орлоо гэж гэж үзье, тэгээд татвар ярья. 

НӨАТ мөнгөн суурьтай явах ёстой. Бодит байдал дээр борлуулалтын орлого хэдэн сарын дараа орж ирэх үе бишгүй.  Гэтэл орж ирээгүй орлогынхоо төлөө татвар төлөх болчидог. Ингэж өр хуримтлагддаг.

Бодит байдал дээр борлуулалтын орлого хэдэн сарын дараа орж ирэх үе бишгүй байдаг. Гэтэл энэ хооронд орж ирээгүй орлогынхоо төлөө татвар төлөх болдог. Үүгээр зогсохгүй хугацаандаа төлөөгүй бол алданги тооцдог. Ингэж НӨАТ-ын өр хуримтлагддаг. Тэгэхээр НӨАТ-ыг мөнгөн суурьт шилжүүлж байж л асуудал шийдэгдэнэ. Ийм л шинэчлэл НӨАТ дээр ярьж байна.

Мөн гааль дээрх НӨАТ-т өөрчлөлт оруулах талаар тусгасан. Тодорхой шалгуур хангах компаниудаас гааль дээр НӨАТ авахгүй, зөвхөн гаалийн татвар л авна. НӨАТ-ыг хойшлуулж төлөх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр НӨАТ-ыг дээр дурдсан “мөнгөн суурьтай татвар” гэдэг сонгодог утга руу нь ойртуулж байгаа хэрэг.

Таны өрөөнд байгаа QR кодтой баримал их сонирхолтой юм. Ямар учиртай бүтээл вэ?

Энэ их сонин түүхтэй. Би өнгөрсөн намар Шотланд руу хувийн шугамаар найз нөхөдтэйгөө явсан юм. Тэгэхэд Шотландын Эдинбург хотод нэг хөшөөтэй таарсан. 25 насандаа Их Британийн ерөнхий сайд болж байсан Пит Виллиам гээд Шотланд хүний хөшөө байсан юм. Пит Виллиамын түүхэн гавьяа хийгээд ерөнхий сайд болсон шалтгаан нь ХХОАТ-ын системийг бий болгосонд оршдог.  Одоо та бидний цалингаасаа төлдөг татвар шүү дээ.

Түүнийг энэ татварыг санаачлахаас өмнө татварыг голдуу баян хүмүүс л төлдөг байсан. Чинээлэг хүмүүс татвар төлснөөрөө буцаагаад хаанаасаа маш их эрх мэдэл, бизнесийн давуу тал олж авдаг байсан. Харин Пит Виллиам иргэн бүр татварт хамрагддаг механизм бий болгосон. Өдгөө ХХОАТ дэлхийн 200 гаруй улсад хэрэглэгдэж байна. 200 гаруй жилийг ардаа үлдээгээд байна. Түүний нээлтийн үр дүнд Их Британийн хааны сан хөмрөг асар их тэлсэн. Мэдээж хүн болгон татвар төлөөд эхлэхээр өмнө нь байгаагүй өөр механизм ажиллаж эхэлсэн. Тэгэхээр энэ хүнийг татварын системд маш том нээлт хийсэн хүн гэж тодорхойлж болно.

Уран барималч Д.Түвдэндоржийн 2025 оны бүтээл “Нөат-мэн”

Ингээд л бүтээлийн санаа төрж, Польшид төгссөн уран барималч Д.Түвдэндоржтой үзэсгэлэн дээр таарч ярилцсан. Д.Түвдэндорж монголчуудын баг хийдэг цаасан шуумлын аргаар энэ бүтээлийг хийсэн юм. Манайхны сайн мэдэх цамын бүжигт ашигладаг багийг энэ аргаар хийдэг. Бүтээлийг хийхдээ миний нүүрний хэвээр хийсэн. Ингэж л “Нөат-мэн” хэмээх энэ дүр бүтсэн. Намар болсон нэг үзэсгэлэн дээр энэ бүтээл маань тавигдсан.

Манайд НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд 10 жил болж байна. Сүүлийн 10 жилд манай татварын орлого жил бүр доод тал нь 10 хувиар давж биелж ирсэн. Энэ нь НӨАТ-ын бүртгэл сайжирсантай холбоотой. Түүнээс гадна бусад татварын орлого ч нэмэгдсэн. НӨАТ-ын онцлог юу гэхээр, иргэддээ төлсөн татварын 20 хувийг буцааж өгдөг, дээрээс нь сугалаа явуулдаг. Ийм хосолсон систем дэлхий дээр бараг байхгүй. Бразилд жаахан төстэй зүйл бий, гэхдээ манайх шиг ийм амжилттай хэрэгжсэн улс маш цөөн.

НӨАТ заавал 10 хувь байх хэрэгтэй гэж үү? Ер нь бусад улсад ямар байдаг вэ?

Манай НӨАТ 10 хувь. Бусад оронд 7-25 хувь байдаг. Энэ утгаараа манайх дундаж. Харин бидний давуу тал нь иргэддээ буцааж өгдөг. Жилд ойролцоогоор нэг их наяд төгрөгийг иргэд буцааж авч байна. Авахад ч бараг саад байхгүй, амархан. Гэхдээ бусад татвар дээр бол эсрэгээрээ. Хэцүү зүйлс их байна. Жишээ нь, ХХОАТ байна. АНУ-д иргэд тайлангаа өгөөд 70-80 хүртэлх хувиа буцааж авч чаддаг. Гэр бүл, хүүхэд, боловсрол гээд бүгдийг тооцдог.

Манайд ч бас хөнгөлөлт бий. Нийтдээ 20 орчим хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг. Гэхдээ буцааж авах гэхээр материал бүрдүүлэх нь төвөгтэй, ихэнх хүн замаасаа шантардаг.

Дээрээс нь хугацааг нь хар. Хорлонтой юм шиг хоёрдугаар сарын 15-наас өмнө өг гээд хугацаа тулгачихдаг. Гэтэл яг тэр үед нь компаниудын тайлан гарч байдаг. Хүн өөрийнхөө бодит орлогоо ч бүрэн мэдээгүй байхад хугацаа нь дуусчихдаг. Ингээд л буцаалт авах боломж нь байсаар байхад авч чаддаггүй. Одоо шинэ хуулиар зургаадугаар сарын 1 хүртэл сунгана гэж яригдаж байна. Энэ бол арай боломжийн хугацаа. Ер нь манай эрх баригчдад нэг сонин хандлага байна. Хуулиндаа гоё юм биччихнэ. Гэхдээ тэрийгээ иргэндээ эдлүүлэхгүй гэсэн шиг хэцүү нөхцөл тулгадаг.

Татвараас гадна нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчдын толгойны өвчин болдог. Ажлын байр бий болгосон нь гавьяа биш, бараг гай юм уу гэмээр. Энэ тал дээр УИХ-д оруулсан санал санаачилга юу байна?

Тийм, энэ их чухал асуудал. Монголд ажлын байр гаргаж, хүн цалинжуулсныхаа төлөө үсээ цайлгадаг тогтолцоо байгаа нь үнэн. Ажилчдадаа сэтгэл гаргая, цалингаа нэмье ээ гэхээр шимтгэлийн ачаалал дагаад өсдөг. Цалин өсгөх, нэмэлт урамшуулал олгох сонирхлыг бууруулдаг гол хүчин зүйл нь энэ. Тийм учраас Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт маш их хүлээлт дагуулж байна.

Одоо бид хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих цаг болсон. Цаашлаад Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийг батлах ёстой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл нь зээлийн шаардлага болоод хувирчихсан байна. Гэсэн хэрнээ шимтгэл төлөгчийг хамгаалах, эрсдэлийг нь хариуцах үндсэн үүргээ гүйцэтгэж чадахааргүй болж байгаа. 2030 он гэхэд Нийгмийн даатгалын сангийн алдагдал хоёр их наяд төгрөг буюу ДНБ-ий гурван хувьд хүрэхээр байгаа.

Нийгмийн даатгалын хувьд, өмнө нь би нэг санал оруулаад, хасуулж л явсан. Одоо тэр саналаа дахиад зүтгүүлнэ. Энэ нь листний мөнгийг зогсоох асуудал. Ажилтан эмнэлэгт хэвтвэл эхний тав хоногийн мөнгийг компани төлдөг.

Компани ажилтныхаа ЭМД-ын 50 хувийг сар бүр төлж байж, дээрээс нь дахиад тав хоногийн листний мөнгө төлнө гэдэг давхардал, утгагүй асуудал. Компаниуд жилд дунджаар 24 тэрбум төгрөгийг листэнд төлж байна, үүнийг болиулах ёстой. Лист боддог зохицуулалт бол социализмын үлдэгдэл.

Хоёрдугаарт, ЭМД-ыг заавал компани төлөх шаардлагагүй. Энэ чинь хувь хүний асуудал. Иргэн хүн өөрөө даатгалаа төлдөг байх ёстой. Барууны орнуудад тэгж явдаг. Гэтэл төр хувийн хэвшлээ буяны байгууллага шиг, эсвэл зардалгүйгээр орлого олдог юм шиг хардаг. Бүх ачааллыг үүрүүлдэг. Энэ хэрээр хувийн хэвшил нухлагдаж, төрийн бүтэц данхайж байна. Байгалийн баялаг, том төслүүдээр дамжаад төр өөрөө гол тоглогч болж байгаа нь зах зээлийн эрүүл бус үзэгдэл.

Энэ удаагийн чуулганаар бизнесийн орчинтой холбоотой олон хууль хэлэлцүүлнэ. Хэрэв УИХ ажлаа хийж чадвал энэ хавар “реформын хавар” болно.  Хувийн хэвшлийн ачааг хөнгөлөх, ТӨК-уудыг хувьчлах, зах зээл дэх улс төрчдийн оролцоог хязгаарлах маш чухал төслүүд бий.

Өнгөрсөн хавар, ялангуяа III-IV сард татвар, нийгмийн даатгалын багц хуулиар маш том хэлэлцүүлгүүд болсон. Хоёр сарын хугацаанд ойролцоогоор 250 мянган хүн оролцож, 100 гаруй мянган санал ирсэн гэсэн тоо ч бий. Гэхдээ тэр бүх зүйл тэр хаврынхаараа гацчихсан. Намар нь батлагдаж чадаагүй. Одоо энэ хавар батлагдах болов уу гэж найдаж байна. Үндсэн концепц, төслүүд нь бэлэн байгаа шүү дээ. Асуудал нь УИХ ажлаа хийх эсэх дээр л байна.

Шулуухан хэлэхэд, өнгөрсөн жилийн VII-VIII сар улс төрийн хэрүүл, тэмцэл болоод дууссан. Энэ хавар бас тэгэх вий гэсэн айдас байна. Бидний хувьд нэг л зүйл чухал. Бизнесийн орчинд хийх гэж байгаа системийн өөрчлөлтүүдийг л баталж өгөөсэй. Дараа нь УИХ тарна уу, үгүй юу, тэр хамаагүй.

Мэдээж бүх л хуулийн төсөл чухал байх. Гэхдээ та танхимын ерөнхийлөгчийн хувиар аль хуулийн төслийг илүү чухалчилж байна вэ? Чуулганыг аль төсөл дээр илүү шийдтэй байгаасай гэж хүсэж байна?

Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын хууль, хоёрдугаарт, Татварын багц хууль, гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хууль. Энэ гурван хууль дээр маш их хүлээлттэй байна. Мөн Арилжааны хуулийг нэмж дурдъя. Энэ хуулиар худалдаа, бизнесийн харилцааг бүхэлд нь зохицуулна. Уг нь Иргэний хуулийн нэг том бүлэг байх ёстой салбар юм. Иргэний хуульд гэрээ хэлцлийн хэсэг байдаг. Түүн дотор арилжааны харилцааг илүү системтэйгээр оруулах шаардлагатай. Дээр нь МҮХАҮТ-ын хууль орж ирнэ. Одоо гурав дахь удаагаа хэлэлцэгдэх гэж байна. 1995 онд батлагдаж, 1996 онд шинэчлэгдсэн хууль.

Манай танхимын тухайд, социализмын үед Худалдааны яамны харьяа агентлаг байсан энэ байгууллага сүүлийн 30 жилд жинхэнэ утгаараа бие даасан институц болж төлөвшсөн нь хамгийн чухал. Үүнд С.Дэмбэрэл даргын үүрэг маш их бий. Тэрбээр танхимыг 16 жил удирдаж институцийн түвшинд хүргэсэн.

Өнөөдөр Монголд 27 мянган төрийн бус байгууллага байна. Энэ дундаас жинхэнэ институцийн хэмжээнд хүрсэн нь маш цөөн. Тэдгээр цөөн хэдийн нэг нь МҮХАҮТ. Дэлхий даяар ойролцоогоор 4000 гаруй танхим байдаг. Бид энэ сүлжээнд багтаж, олон улсын танхимуудын жишгээр ажиллаж байна. Цаашид энэ амжилтаа бататгаж институцийн хувьд улам бэхжихийг зорьж байна. Тиймдээ ч хуулийн шинэчлэлээ хүлээж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон жил ярилаа. Мөн л ялгаагүй шүүмжлэл дагуулдаг хууль. Таныхаар энэ хуулийн гол алдаа юу вэ?

Хөрөнгө оруулалтын тухай хууль анх 2013 онд батлагдсан. Батлах болсон гол шалтгаан нь “алдарт 17 хувийн өсөлт” асар богино хугацаанд хөөс шиг хагарч орхисонд оршдог. 2013 оны аравдугаар сар гэхэд гадаадын хөрөнгө оруулалт 100 сая ам.доллар болтлоо навс унасан шүү дээ. Алдаагаа эртэл 2013 оноос өмнө баталсан өөр нэг хуультай холбоотой байсан. Тэр хуульд хөрөнгө оруулагчдын орж болох салбаруудыг хязгаарлагдмал хүрээнд тогтоосон байсан. Ингээд шинэ хууль баталсан.

Гэвч татвартай холбоотой заалтаас болоод бас л “ажилладаггүй хууль” болж хувирсан. Хэрэв 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийгээд, ашиг хүртлээ гэхэд тэр ашгаасаа дахиад хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн агуулгатай заалт байдаг юм. Гэтэл Татварын тухай хуульд үүнтэй уялдсан зохицуулалт байгаагүй учир баталсан хууль нь бэлгэ тэмдэг төдий болж хувирсан. Хөрөнгө оруулалт нэмж татах боломжоо бид өөрсдөө ингэж боомилсон. Уг нь гадаадын хөрөнгө оруулагчид шинээр орж ирээд нэг удаа хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй үүсгэсэн харилцаа холбоондоо үндэслэж дахин дахин хөрөнгө оруулалт хийх хандлагатай байдаг юм.

Хөрөнгө оруулагчид хатуу дэд бүтэц ч хардаг. Одоо цагт дизель зүтгүүртэй, 40 км/ц хурдтай галт тэрэгтэй, нэг чиглэлийн төмөр замтай улс манайхаас өөр бараг байхгүй. Авто замын сүлжээ ч олон улсын стандарт, жишгээс хоцорчихсон.

Нөгөө талаас, хөрөнгө оруулалтын орчин маш их өрсөлдөөнтэй. “Монгол сайхан орон” гээд хэн ч мөнгөө бариад ирэхгүй. Сая бид Төв Азийн хэд хэдэн орноор явж үзсэн. Хөрөнгө оруулалтын хуульдаа Монголд болохгүй гэж хорьсон бүхнийг “болно оо” гээд тусгачихаж. Хөрөнгө оруулагчийн эрхийг маш сайн хамгаалсан байна. Казахстан л гэхэд 424 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Энэ нь хууль эрхзүйтэй нь л холбоотой. Хөрөнгө оруулагч хөрөнгөө буцааж татаж болох юм байна, татлаа гэхэд татвар гэх “мангасын агуй”-гаар дамжихгүй юм байна, гомдол маргаан гарахад нутагт нь олон улсын арбитрын систем үйлчлэх юм байна гэх мэт итгэж болох аюулгүй мэдрэмжийг хөрөнгө оруулагчдад өгч байна. 

Бид нэгэн цагт Төв Азийн орнуудаас илүү явж байсан бол одоо олон үзүүлэлтээр хоцорчихож. Дэд бүтэц, эрчим хүч, тээвэр логистик нь хол тасарчихаж. Хөрөнгө оруулагчид хууль харж орж ирэхээс гадна хатуу дэд бүтэц хардаг. Гэтэл манай дэд бүтцийн хоцрогдол дан манайд гэлтгүй бүс нутгийн хэмжээнд асуудал болчихсон. Одоо цагт дизель зүтгүүртэй, 40 км/ц хурдтай галт тэрэгтэй, нэг чиглэлийн төмөр замтай улс манайхаас өөр бараг байхгүй. Авто замын сүлжээ ч олон улсын стандарт, жишгээс хоцорчихсон. Хөрөнгө оруулалт татъя, гадаад ертөнцтэй хамтаръя гэвэл энэ бүх хүчин зүйлд анхаарах хэрэгтэй.

Монголын бизнесийн орчныг сайжруулж, бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд өөр ямар бодлогын дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Бидэнд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол хямд мөнгө. Өөрөөр хэлбэл, бизнесийн мөнгөний эргэлт боломжийн өртөгтэй байх ёстой. Гэтэл манайд мөнгө маш үнэтэй байна. Банкны зээл доод тал нь 17 хувь байгаа бол ХЗХ, ББСБ-ын зээлийн хүү 30-40 орчимд байгаа. Бизнес жижиг байх тусам илүү өндөр хүүтэй зээл авч, томчууд нь бага хүүтэйг авдаг болсон. Хөгжлийн банкны жишээ байна шүү дээ. Тийм учраас гадаадын банкуудыг оруулж, өрсөлдөөнийг нэмэх шаардлагатай. Нөгөөтээгүүр, хадгаламжаар өндөр хүү “хүүлдэг” тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Хадгаламжийн хүү буураагүй цагт зээлийн хүү буурахгүй.

Нэг баримт онцлоход, манай улсад нийт хадгаламжийн 97 хувь нь хадгаламж эзэмшигчдийн гурван хувьд л төвлөрч байгаа. Тэр гурван хувьд багтах хүмүүсийн өгөөжийг бүрдүүлэх гэж улс нийтээрээ зүтгээд байна.

Хадгаламжийн хүү өндөр байхаар мөнгөтэй хүн ажил хийх ч хэрэггүй болно. Мөнгөжвөл мөнгөө цоожлоод авъя л гэж бодно. Зах зээлд хямд мөнгө байхгүй учраас цалин, нийгмийн даатгал, татварын зардал дагаад өснө. Бизнес босгох нь бараг эрсдэл болно.

Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээл өөрөө “оргилуун” биш байна. Энэ бол бизнесийн орчны бас нэг “чөдөр”. Халамжид тулгуурлан амьдрах хандлага нэмэгдэж, нөгөө талд улс төрчид халамж амлаж, мөнгө тарааж өрсөлддөг болсон. Ийм юм хийвэл өрөнд орно, тийм юм хийвэл олигтой цалин авахгүй гэсэн хандлага урт хугацаанд давамгайлвал чадварлаг боловсон хүчнээ гадагшаа алдана. Багахан орлогоороо амьдраад байя гэсэн бүлгийнх нь бүтээмж буурах аюултай. Төв Азийн орнуудаас нэг зүйл тод харагдсан. Төрийн бодлого нь оновчтой байвал иргэд нь хөдөлмөрч чанараа алддаггүй юм байна. Харин бидэнд хөдөлмөрч чанар байгаа ч өмнөх шигээ хүчтэй биш болж байна. Энэ бол харамсах зүйл мөн.

Гавьяат эдийн засагчийн хувиар та нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ? Энэ асуултаар ярилцлагаа өндөрлөе.

Оны эхэнд миний хэлж байсанчлан 6.8 хувийн өсөлт бол цэвэр бизнесийнхний хүч. Малчид, тариаланчид, компаниудын хийсэн ажил. Өнгөрсөн жилийн VII, VIII сард улс төрчид хоорондоо хэрэлдээд л сууж байсан. Тэд энэ өсөлтөд ямар ч хамаагүй. Гэтэл эдийн засгийг нуруундаа үүрч яваа компаниудаа бид “ашгийн төлөө хүмүүсийн нэгдэл” гэж хуулиндаа хүртэл маш бүдүүлэг тодорхойлдог. Үнэндээ цалингийн сангийн төлөө нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм шүү дээ. 10 хүн байна уу, 100 хүн байна уу ялгаагүй, цалингийн сангаа бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байгаа хамт олон. Тэднийг дэмжих ёстой атал “ашиг хайгчид” гэж тодорхойлсондоо ч тэр үү, нуруун дээр нь их ачаа овоолж байна. Одоо үүнийг өөрчлөх ёстой.

Эдийн засгийг нуруундаа үүрч яваа компаниудаа бид “ашгийн төлөө хүмүүсийн нэгдэл” гэж маш бүдүүлэг тодорхойлдог.  Тэднийг дэмжих ёстой атал “ашиг хайгчид” гэж тодорхойлсондоо ч тэр үү, нуруун дээр нь их ачаа овооллоо.

Дээр нь эдийн засагт гадаад орчны нөлөө чухал. Нүүрс, зэсийн экспорт нэмэгдэж, зэс, алтны үнэ өсөж байна. Гэхдээ энэ өсөлт хүн бүрд жигд хүрэхгүй байна. Хүмүүс харьцангуй бага орлоготой, амьдрал нь хэцүү хэвээрээ л байна. Тийм учраас хөдөлмөрийн үнэлгээг өсгөж, бүтээмжээ нэмэх зайлшгүй шаардлага бий. Үгүй бол бид энэ бүсийнхээ хамгийн ядруу улсуудын нэг болох нь. Би саяхан Исландад очоод ирлээ. 400 мянган хүнтэй жижиг улс мөртлөө амьдралын өртөг маш өндөр. Гэхдээ цалин өндөр, үйлчилгээ сайтай. Нэг хүнд ногдох орлого нь 100 мянган ам.доллар. Энэ нь өндөр үнэ, өндөр цалин, өндөр чанар гэсэн тэнцвэрийг бүрдүүлж чадсантай холбоотой. Мөн эдийн засгаа хамгаалсан бодлоготой. Манай улс газрын баялгаа ашиглаж байгаа бол ийм түвшинд хүрэх зорилго тавих ёстой.

Т.Амаржаргал