Ногоон, тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” олон улсын манлайллын хөтөлбөр, цуврал арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Уг цуврал арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа хөгжлийн банк болон бусад дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Эл цуврал арга хэмжээ нь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, олон улсын сайн туршлагаас солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулах зорилготой.
“ТоС долоон хоног” арга хэмжээ нь манай улсад Тогтвортой Санхүүгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС холбоо үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Өнөөдрийн арга хэмжээ “Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023: “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлгээр эхэллээ. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Тэрбээр ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчныг сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон.
Мөн манай улс нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцон, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхойлж, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах нь чухал гэв. Тиймээс энэ хүрээнд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллана гэдгийг тодотголоо.
Үүний дараа Санхүү, Тогтвортой Байдлын Институтийн Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ногоон Санхүүгийн Үндэсний Зөвлөлийн дарга Ма Жүн, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, Худалдаа хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Олон улсын санхүүгийн корпорацийн Суурийн төлөөлөгч Руфат Алимарданов нар үг хэлсэн.
Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог “Алсын хараа 2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт” (ТХЗ)-ууд, тэр дундаа байгаль орчин, уур амьсгалтай холбоотой томоохон зорилтуудыг биелүүлэх гол хөшүүрэг болгох шаардлагатай гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Тухайлбал, Их 20 улсуудын Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг 2023 онд ТХЗ-ын санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх механизмыг гол чиглэлийнхээ нэг болгожээ.
“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын хөтөлбөр нь хувийн хэвшлийн манлайлал ба бодлогын хөшүүрэг, тогтвортой байдал ба уур амьсгалын эрсдэлийн тайлагнал, шилжилтийн үеийн санхүүжилт, нийгэмд үзүүлэх нөлөөллийн санхүү, байгаль орчинд суурилсан технологийн шийдлийн санхүүжилт, үндэсний ногоон банкны үүрэг зэрэг олон сэдвийг хамарсан нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаан, сургалтуудаас бүрдэж байгаа.
Манлайллын хөтөлбөрт даян дэлхийн тогтвортой санхүүгийн манлайлагчид, салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, хөрөнгө оруулагчид, Олон Улсын Тогтвортой Банк Санхүүгийн Холбооны гишүүд, ТоС Холбооны гишүүд зэрэг 250-300 гаруй оролцогч урилгаар оролцож байна. Цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулах нээлттэй танилцуулга, хэлэлцүүлгээр оролцогчид өөрийн улсын Тогтвортой санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн голлох чиглэл зорилтуудын талаар мэдлэг, туршлага хуваалцаж буй. Үүний зэрэгцээ олон улсын сайн туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, тогтвортой санхүүгийн боловсронгуй тогтолцоог бий болгох хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг олгож байна.
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны Гүйцэтгэх захирал, ОУСК-ийн Тогтвортой Санхүүгийн Холбооны зөвлөх Э.Номиндарь
-НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын өмнө Мянганы сорилтын зорилтууд гэж хэрэгжиж байсан. Тухайн үед энэ зорилтуудыг улс орнууд хэрэгжүүлж байхдаа хамгийн том алдсан алдаа нь бодлого, төлөвлөлтийн асуудлаа санхүүжилттэйгээ уялдуулаагүйгээс болж хэрэгжилт нь хангалтгүй, үр дүн төдийлөн сайн гараагүй гэдгийг дэлхийн бүх улс хүлээн зөвшөөрч санал нийлсэн. Тиймээс 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Парисын хэлэлцээр батлагдах үед санхүүгийн тогтолцоо, механизмыг хамтад нь бий болгож, уялдуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд олон улсын түвшинд тусгайлсан Уур амьсгалын ногоон сан байгуулагдсан.
Энэ сангаас Монгол Улс нэлээн санхүүгийн эх, үүсвэр татсан. Дан ганц төр засгаас санхүүжилт татна гэдэг хязгаарлагдмал. Тиймээс манай улсын хувьд хувийн хэвшлийг татан оролцуулах шаардлага бий.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
-Ногоон хөгжлийн зорилт бол дэлхийн нийтийг хамарсан томоохон зорилт юм. Сүүлийн жилүүдэд улс орнууд үүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа ч цар тахал, геополитикийн нөхцөл байдал, инфляцын өсөлтөөс хамаарч ихэнх орны Засгийн газар төсвөөсөө санхүүжилт бүрдүүлэх бололцоо тэр бүр гарахгүй байна. Иймд энэхүү эгзэгтэй цаг үед ногоон хөгжлийг хангахын тулд санхүүжилт бүрдүүлэх шаардлага нэмэгдсээр байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд 650 тэрбум ам.долларын санхүүжилт гаргасан. Энэ дүнг 2030 он гэхэд 2.4 их наяд ам.долларт хүргэх тооцоолол бий.
Манай улсын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ харьцангуй бага ч уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж байгаа эмзэг орнуудын тоонд ордог. Үүний зэрэгцээ Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт гэж бий. Хүлэмжийн хийг бууруулах зэрэг үндэсний хэмжээний үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа урьдчилсан тооцоолол гарсан. Одоогийн байдлаар энэхүү санхүүжилтийн 10 хүрэхгүй хувь нь боломжит нөхцөлөөр харагдаж буй. Үлдсэн 90 хувийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг томоохон сорилттой бид тулгарч байна. Тиймээс гаднын зах зээлээс хөрөнгө татах асуудал бол цаг хугацааны хувьд яаралтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Зөвхөн банк, санхүүгийн салбараар авч үзвэл нийт банкны салбараас олгож буй зээлийн нэг хүрэхгүй хувь буюу 300-400 тэрбум төгрөг нь ногоон зээл байгаа. Энэ нь өнөөгийн дэвшүүлж буй зорилтыг хангахад чамлалттай үзүүлэлт.
Манай улсын өөр нэг анхаарах асуудал нь төр, хувийн хэвшлийн түвшинд нэгдсэн зөвшилцөлд хүрч байна уу гэдэг маш чухал юм. Энэ нь дан ганц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны асуудал биш. Бүх яамны оролцоотой байж энэ асуудал цаашаа хөдөлж, дэлхий дахины өмнө Монгол Улс үүрэг амлалтаа биелүүлнэ.