Ногоон эрчим хүч олны дэмжлэгийг олно
Сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хаяанд буйг Bulb-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Хэйдэн Вүүд хэлж байна.
Машин уламжлалт салбаруудыг яаж няцлах талаар сонссоор залхаж байна уу? Би ч бас. Тийм болохоор арай өөр зүйлийн талаар ярья. Том тоглогчдын нэг болох эрчим хүчний салбар “хүмүүсийн хүчээр” хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай. Ирэх жил хүмүүс хуучин тоглоомноос гарч, цэвэр эрчим хүчийг өдөр тутмынхаа энгийн сонголт болгосноор уг шилжилт улам бүр эрчийг авах болно.
Дэлхий даяарх уламжлалт эрчим хүчний компаниудын дийлэнх нь бусад салбаруудад ажиглагддаг шиг органик өсөлтөөр томроогүй байдаг. Өөрөөр хэлбэл тэд жинхэнэ энтрепренер бизнес бус улсын үйлдвэрүүдийг хувьчилж авсан юм. Британид төрийн зохицуулалтыг халаад олон жил өнгөрсөн ч өнөөг хэр нь үнийн хөөрөгдөлтэй, үйлчилгээ муутай гэгддэг эрчим хүчний “Том Зургаа” зах зээлийн 75 хувийг эзлэн оршсоор байна.
Хуучин тоглогчид мэдээж аман дээрээ цэвэр эрчим хүч ярьж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмжиж буй нэр олох кампанит ажилдаа хэдэн зуун сая ам.доллар зарцуулах боловч ачир дээрээ хуулийн зохицуулалтыг өөрчлүүлэхгүй байх лоббидоо хавьгүй илүүг хаяж байгаа юм. Харин орлого, хөрөнгө оруулалт нь малтмал түлшинд суурилсан хэвээр.
Цэвэр эрчим хүч рүү шилжих өөрчлөлт, шинэчлэлтийн хурд асар удаашралтай явж ирлээ. Бид малтмал түлшиндээ ороогдсоор, газрын тосны хэрэглээ өссөөр байна. Олон улсын Эрчим хүчний Агентлагийн мэдээлснээр 2018 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 80 хувийг нүүрс устөрөгч бүрдүүлсэн байна. Учрыг нь олоход ядах зүйл үгүй. Засгийн газрууд 2017 онд 5.2 их наяд долларын гайхмаар их хөрөнгийг малтмал түлшний салбарт татаас олгоход зарцуулсныг ОУВС саяхан танилцуулсан билээ.
Иймэрхүү бизнесийн эцэс удахгүй ирнэ гэж би итгэдэг. Ар талын хамгаалагчид нь цэвэр энергийн технологийг удаан нэвтрүүлж, “стратегийн түвшинд зайлсхийж” буй нь илчлэгдэх болно. Улстөрчид юу хийхээ мэтгэлцэж суух зуур гол албан тушаалтнууд нүүрсийг халах нүүрэн эгнээнд ил гарахаас аргагүй болно. Энэ өөрөө асар том зорилго. Эрчим хүч нийт нүүрстөрөгч ялгарлын гуравны хоёроос илүүг бүрдүүлдэг. Дэлхийн дулаарлыг хазаарлахын тулд 2040 оны байдлаар цэвэр энергийн дэд бүтцэд бүхэл бүтэн 30 их наяд долларын хөрөнгө оруулах шаардлагатайг Goldman Sachs Research тооцоолсон юм.
Гэхдээ өөрчлөлтийн бараа ойрхон буй. Асар олон хүн эдийн засгийн ухаалаг сонголт хийх замаар ногоон эрчим хүч рүү шилжих шийдвэрийг өөрсдөө гаргаж байна. 2015 онд манай Bulb компани эхэлж байхад британи өрхүүдийн нэг хувь нь сэргээгдэх эрчим хүчний үнэлгээнд шилжсэн байлаа. Харин өнөөдөр энэ тоо бараг 10 хувьд хүрчээ. Сэргээгдэх эрчим хүч дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын гуравны нэгээс илүүг бүрдүүлж байна. Тухайлбал өнгөрсөн жил Америкт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ нүүрсийг гүйцсэн байна. Британийн нийт эрчим хүч үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2011 онд найман хувь байсан бол 2019 онд 37 хувь болж хурдтай тэлжээ.
Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт ялимгүй буурсан нь үнэн боловч (татаас багасаж буйн улмаас) урьд байгаагүй олон үйлдвэрлэгч уг сүлжээнд холбогдож байна.
Өөрчлөлтийн өөр нэг хүчин зүйл бол 21 дүгээр зууны эрчим хүчний компаниудын шинээр гарч ирж буй нэр төрөл юм. Ногоон эрчим хүч нийлүүлэгчид “Эрчим хүчний төлбөрөө ч бууруул, нүүрстөрөгчийн хэрэглээгээ ч бууруул” хэмээх санааг дэвшүүлэн дэгжиж байна. Энэ залуу компаниуд өөрсдийн гэсэн технологийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчийг эргэлтгүй барьж авсан. Тэд Герман (Naturstrom), Америк (Arcadia), Япон (Looop) зэрэг улсуудад давлагаа үүсгээд буй. Bulb Европ, АНУ руу хурдтай тэлж байна.
Сэргээгдэх эрчим хүчний хөдөлгөөн
Хүмүүс ээлтэй сонголт хийхийн тулд аль нэг талаар буулт хийх шаардлагагүйг шинэ үеийн эрчим хүч үйлдвэрлэгчид баталж байна. Технологи, ухаалаг хэмжигч, эрчим хүчний аппийн тусламжтайгаар ил тод байдал нэмэгдэж, хэрэглэгч хэрэглээний хэв маяг нь эрчим хүчний зардал хийгээд нүүрстөрөгчийн ялгаралд шууд байдлаар хэрхэн нөлөөлж байгааг яг таг мэдэх боломжтой юм.
Хэдэн арван жилийн ухуулга ятгалгын хэрэг одоо л гарах нь. Extinction Rebellion хөдөлгөөн, Грета Тунберг, Дэвид Аттенбороу ба тэдэн шиг мянга мянган тэмцэгчид олон нийтийн ухамсарт нэвтэрч чадсан билээ. Үр дүнд нь сая сая хүнхэрэглэдэг эрчим хүч нь хаанаас ирдгийг бодож эхэлж байна. Бид үүрэн утаснаас гар утас руу, өгснийг нь үздэг зурагтаас хүссэнээ үздэг зурагт руу, худалдаж авдаг сонингоос мэдээллээ тохируулдаг суваг руу хэрхэн хувирган өөрчилснийг та санаж байна уу? Хүмүүс манлайлж, технологи хүч түрэх эрчим хүчний хувьсгал яг л үүнтэй ижил байх болно. Өмнөөс айсуй хүртээмжтэй ногоон эрчим хүчний эрин үе бидэнд түүхэн эргэлтийн цэгийн эхлэл байсан нь хожим харагдах болно.