Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн төлөө чуулж байна 

Mongolian Economy
2021-09-15 15:47:24
Ангилал: Хөдөө аж ахуй

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мал аж ахуйн түүхийн эд, түүний боловсруулалтын талаар манай Засгийн газартай хамтран ажиллах олон санал санаачилгыг олон улсын болон төрийн бус байгууллагууд гаргасаар ирсэн. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд эл чиглэлд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсаар байгаагийн нэг нь “Тогтвортой ноос ноолуурын төсөл” юм.

Гэхдээ малын бэлчээр, байгаль орчин, мал аж ахуйн бодит байдлыг эцсийн хэрэглэгчид мэдэхийг хүсдэг учраас бид үүнийг батлан харуулах ёстой. Тухайлбал, ноолуурын салбарт гарал үүсэл нь тодорхой, түүхийн эдийн боловсруулалт болон мал аж ахуй эрхэлж байгаа байдал нь ил тодоор эцсийн хэрэглэгчдэд хүрдэг үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой эдгээр асуудлыг шийдэх нь энэ салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг тодорхойлох юм.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл 2017 оноос эхлэн энэ чиглэлд “Ноолуурын салбарын тогтвортой хөгжил” олон улсын бага хурлыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн хурал өнгөрсөн мягмар гаргаас эхлэн онлайн горимоор болж байгаа бөгөөд ноолуурын түүхий эдийг байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, малд ээлтэй, ил тод зарчмаар бэлтгэн нийлүүлэх арга туршлага, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагын талаар гурван өдрийн турш хэлэлцэнэ.

“Ноолуурын салбарын тогтвортой хөгжил” олон улсын бага хуралд  Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийн Удирдах зөвлөлийн дарга Чарльз Хаббарт,  Johnstons of Elgin компанийн гүйцэтгэх захирал Саймон Коттон, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн сургуулийн доктор Хан Гуо Донг, The Scheider Group-ийн Ерөнхийлөгч Жованни Шнайдер зэрэг ноолуурын салбарын олон улсын мэргэжлийн байгууллагын судлаачид болон, ноолуурын брэндүүд, төр засгийн бодлого шийдвэр гаргагчид, малчдын хоршоо гээд 350 гаруй төлөөлөл, 50 гаруй илтгэгчид оролцож байна. 

Хурлын эхний өдөр Засгийн газраас ноос ноолуурын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж байр сууриа илэрхийлсэн. Манай улс дэлхийн ноос ноолуурын зах зээлд хүчтэй өрсөлдөгч байхын тулд олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэлтийг бүхий л шатанд чанар, стандартыг баримтлан салбарын бүх шатны төлөөлөл хамтран ажиллаж эхнээсээ үр дүнд хүрч байгааг хуралдааны хэлэлцүүлгийн явцад онцоллоо. Энэ хурлаас гарсан санал санаачилгыг Засгийн газраас бодлогын хүрээнд дэмжин Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл малчдын хоршоодоор дамжуулан бодит ажил хэрэг болгох юм. 

Техник технологийн дэвшил ашиглан биетээр оролцож буйгаас ч илүү үр өгөөжтэй, үр дүнтэй байж болох энэ цахим олон улсын бага хурал үүдний, үзэсгэлэнгийн, хурлын гэсэн гурван виртуал танхимаас бүрдэж байна. Үзэсгэлэнгийн танхимд өчигдрөөс эхлэн нэг сарын турш ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 23 байгууллагын виртуал павильонууд  гарчээ. Хурлын төлөөлөгчид эдгээр 23 байгууллагын виртуал павильоноор зочилж цахим уулзалт товлон хамтын ажиллагаагаа баталгаажуулах боломжтой юм.

 

 

 

Mongolian Economy