Нэвтрэх эрх

B. Misheel
2020-01-22 11:40:05
Ангилал:

Улс даяар 50 гаруй мянган өрх байгаль хамгаалагчтай болж, цагаан сар, наадам зэрэг уламжлалт баяраа цэвэрхэн тэмдэглэхийг бие биедээ уриалж, бас аймаг, дүүргийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудад хүүхэд томчууд нийлэн модлог ургамлын цэцэрлэг байгуулж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татна. Энэ нь монголчууд байгальдаа хандах хандлагаа өөрчлөх замаар улс орнууд тогтвортой хөгжлийг сонгосон шинэ эринд нэвтрэх эрх болж байна.

“Ногоон паспорт” 

Монголчууд 2019 оны эцэс гэхэд нийтдээ 1.6 сая  литр ус, найман сая КВт эрчим хүч хэмнэж, 33.4 мянган га талбайд ирээдүйн их ойн үрийг суулгаж, 18 мянган ам.доллартай тэнцэх хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлсэн байна. Энэ бол улс даяар 543 ЕБС-ийн 150 мянган сурагчийн “Ногоон  паспорт”-оор баталгаажсан тоо юм. Ногоон паспорт нь монгол хүүхдүүд ус, эрчим хүчээ хэмнэж, хог хаягдлаа ангилан ялгаж, байгальд ээлтэй аялаж, орчноо цэцэгжүүлж, хаягдал зай хураагуурыг тусад нь ангилдаг байгаль орчны боловсролтой иргэн болж төлөвших гол хөтөч. Өсвөрийн сурагчид бүтэн жилийн турш байгаль орчинд хэрхэн хандсанаа есөн үзүүлэлтээр хэмжиж, цаашлаад гэр бүлдээ нөлөөлөх замаар байгальдаа хандах эерэг хандлагыг томчуудад төлөвшүүлэх нь “Ногоон паспорт” аяны гол зорилго.

Энэ эрчээрээ 2022 он гэхэд ЕБС-ийн 778 сургуулийн 168 мянган сурагчийг өсвөрийн байгаль хамгаалагч болгохоор ажиллаж байна. Үүний үр  дүнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтоо бүрэн биелүүлэх цаг хугацаа буюу 2030 он гэхэд өсвөрийн байгаль хамгаалагчдынхаа ачаар манай улс 44 сая литр ус, 324 сая КВт эрчим хүч хэмнэж 42 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлж чадна. Үүнээс үүдсэн байгаль орчны хэмнэлт нь жилд 12 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй юм. Салбарын яамны бодлогоор өсвөрийн байгаль хамгаалагчдын хэрэгжүүлж буй энэхүү нөлөөллийн аяныг Дэлхийн ногоон байгууллагаас богино хугацаанд үр дүнтэй хэрэгжиж байгааг нь үнэлэн 2018 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Ногоон элчин сайд”, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг “Ногоон алим”-аар өргөмжилсөн юм.

Увс аймаг. “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт

Ногоон бодлогыг дэмжихээр дэлхий даяар ногоон хөрөнгө оруулалт жилээс жилд тэлж байна. Ногоон бондын зах зээл гэхэд 2018 онд 521 тэрбум ам.доллараар хэмжигдэж буйг Дэлхийн эдийн засгийн чуулган мэдээлсэн. Ногоон мөнгөний энэ урсгалыг татах арга хэрэгсэл нь “Ногоон паспорт” аян бөгөөд өргөн уудам газар нутагт тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй байгаль хамгаалах төрийн бодлогыг хүүхдүүдийн тусламжтай хэрэгжүүлж, олон нийтийн хандлагыг өөрчлөхөөр зорьж байна. Энэ хүрээнд 2019 онд “Ногоон паспорт”-оо амжилттай хөтөлж, үеийнхнээ манлайлсан 21 аймгийн шилдэг сурагчид энэ. оны наймдугаар сарын 30-наас  есдүгээр сарын 05-нд Бээжин хотод аялж, Хятадын ногоон хөгжилтэй танилцсан байна. Тэрчлэн уг санаачлагыг НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мүүн дэмжиж, БНСУ-д өсвөрийн 10 байгаль хамгаалагч “Ногоон паспорт”-оо танилцуулаад иржээ. “Ногоон паспорт”-ыг олон улсад цуурайтуулсан хамгийн том арга хэмжээ бол НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын оруулах хувь нэмэр” чуулган юм. Тус арга хэмжээнд МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн сурагч оролцож, даян дэлхийн хүүхэд залууст “Ногоон паспорт”-ын туршлагаа танилцуулсан юм.

Хотын ой 

Шинэ эринд нэвтрэх паспортын эзэд 3.5 га газарт тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт нийслэлийн дүүргүүд болон аймаг тус бүрт байгууллаа. Уг ажил “Ногоон паспорт” аяны хүрээнд БОАЖЯ-аас өсвөр үеийнхнийг цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь  дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Санхүүжилтийг “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, өсвөрийн байгаль хамгаалагчид манлайлан оршин суугчидтай хамтран төсөл бичих замаар олон улсын  байгууллагуудаас босгосон юм.

Хоггүй цэвэрхэн Монгол

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт “Хоггүй цэвэрхэн монгол” аяны хүрээнд аж ахуйн нэгжүүд орчиндоо хогоо цэвэрлэх, хогийн савтай болох, ангилах гэх мэт үе шаттай хөгжүүлэлт хийж байна. Уг аян монголчуудын уламжлалт баярын үеэр “Цэвэрхэн наадацгаая”, “Цэвэрхэн шинэлцгээе” гэсэн хоёр дэд хэсэгтэй хэрэгжиж буй бөгөөд ард түмний сүсэг бишрэл, байгаль хамгаалах ёс заншилд нь тулгуурлаж буйгаараа онцлог. БОАЖЯ Гандантэгчинлэн болон бусад сүм хийдийн төлөөлөлтэй хамтран овоо, уул усаа тахихдаа хадаг уяхгүй байх, идээ өргөхдөө савлагаанаас салгах нь зөв гэх зэргээр эргээд ямар нэг байдлаар байгальд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийг сурталчилж байгаа аж. “Цэвэрхэн шинэлцгээе” аянаар Сэлэнгэ аймагт орших Ээж мод, Ээж хад, Хийморийн овоо орчмын хур их хогийг цэвэрлжээ.

“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд Хяргас нуур орчмыг цэвэрлэв

Харин “Цэвэрхэн наадацгаая” аянаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн санхүүжилтээр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Богдхан уул, Туул гол орчмын аялагчдад “Монголын оюутны холбоо”-ны оюутнууд цэвэрхэн баярлахыг уриалахын сацуу100 гаруй тонн хог түүжээ. Мөн Монголын уулчдын үндэсний холбоо, нийслэлийн Байгаль орчны газар хамтран хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэх “Нэг-уулчин – нэг уут хог” аян зохион байгуулж, Төв аймгийн Манзушир хийдийн орчмын 146 шуудай хогийг түүн, буулгажээ.

B. Misheel