Нээлттэй зах зээлийн зүрхний цохилт

Mongolian Economy
2020-07-24 15:31:10

Манай улсын ДНБ-ий өсөлт 2011 онд 11.5 хувьд хүрч дэлхий нийтийг алмайруулсан. Үүнийг одоо ч бахархан ярьдаг хүмүүс бий. Гэхдээ бахархал гэхээс илүү сургамж өгсөн гэвэл үнэнд арай дөхүү. Дэлхийд цойлсон тэр их өсөлт 2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэсэн “Оюу толгой” төслийн бүтээн байгуулалтын долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүн байсан юм. Үнэндээ энэ аварга төслийг үзэглэж, хаялгыг нь мэдрэх хүртэл Монгол Улс хөрөнгө оруулалтын ямар орчинтойгоо тодорхой олж хараагүй байсан болов уу. Нээлттэй эдийн засаг болох шилжилтийн хүрээнд 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар манай гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, жилд дунджаар 10 сая, хамгийн ихдээ 25-30 сая ам.доллар хөрөнгө оруулалтаар орж ирдэг байв.

1990-2000 онд экспортын болоод татварын орлогогүй тул гадаадын зээл тусламжаар төрийн албан хаагчдын цалинг тавьж, цахилгаан станцууд, цэцэрлэг, сургуулиа бусад улсын Засгийн газар, донор байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар аргацааж байв.

Шинэ мянганы тоолол эхлээд удаагүй байхад уул уурхайн түүхий эд, эрдсийн үнэ олон улсын зах зээл дээр нэмэгдэж, хайгуул, олборлолтын бизнес цэцэглэж эхлэх хүртэл Монгол Улс дэлхий нийтийн анхаарлыг төдий л татаагүй юм. 2005-2008 онд манайд дунджаар 5636 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлж, байршсан ч хөрөнгө оруулалтын хэмжээнд мэдэгдэм ахиц гараагүй л байлаа. Дэлхийн улс орнуудад орж буй шууд хөрөнгө оруулалтын урсгал нь 2000 оноос хойш өсөж, бүтцийн хувьд ч өөрчлөгдөв. НҮБ-ын Худалдаа ба Хөгжлийн асуудлаарх Бага хурлын (UNCTAD) тайланд тэмдэглэснээр 2000 онд нийт хөрөнгө оруулалтын урсгалын 12 хувь нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засгуудад ногдож байсан бол 2012 онд 35 хувь болж нэмэгджээ. Энэ урсгалаас манай улс 2011, 2012 онд хамгийн их мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалт татахад “Оюу толгой” төсөл жин дарсан билээ.

Нээлттэй болдлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын гурван суурь зарчмыг боловсруулж, 1993 онд гарсан хуульд тусгасныг Эдийн засагч С.Жавхланбаатар онцлов. Тэрбээр “Нээлттэй улс болсноор бид дэлхийн 200 орчим улстай өрсөлдөх учраас дотоод хөрөнгө оруулагчид давуу эрх олгох замаар гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлаж болохгүй гэдэг нь хуулийн суурь зарчим. Мөн хөрөнгө оруулагчид шүүхийн өмнө эрх тэгш байх, мөнгөө ямар ч валютад хөрвүүлээд чөлөөтэй буцаагаад гаргах бололцоог нь бүрдүүлсэн. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын олон улсад үйлчилдэг зарчмыг хуульчилж, суурь орчныг бүрдүүлсэн маш том алхам болсон” гэлээ.

Энэ эрчимтэй урсгалыг дагаад манай эдийн засагт “Голланд өвчин”-ий шинж тэмдэг илэрч эхлэв. Оргил үедээ 4.2 тэрбумд ам.долларт хүрсэн тэр их орлогыг шингээх потенциал эдийн засагт байгаагүй учраас үүнийг дагаад бусад салбарт илүүдэл эрэлт үүсч, Засгийн газар төсвийн зардлаа замбараагүй тэлж, халамжийн бодлого газар авч, улмаар өндөр инфляцын шалтгаан болсон гэж үздэг.

Их мөнгөөр цутгуулсан тэр цаг хугацаа удаан үргэлжилсэнгүй. “Оюутолгой” төслийн эхний шатны хөрөнгө оруулалтын ажил дуусах шатандаа орж байсан тул хөрөнгө оруулалт нь 2013 оноос эрс саарсан. Бас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ 2012 оноос суларсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулав. Манай эдийн засаг хэдийн гадаад орчноос дэндүү их хамааралтай болж, бид өөрсдөө залуурдах боломжгүй болсныг макро тоонууд харуулж байлаа. Харамсалтай нь, эрх баригчид хөрөнгө оруулалтын бодлогодоо улс төрийн алдаа гаргасан нь саарч буй хөрөнгө оруулалтыг бүр ч зогсоох нь тэр.

2012 оны тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн дунд үндэсний аюулгүй байдал болоод гадаадын хөрөнгө оруулалтын оролцооны талаар маргаан, мэтгэлцээн өрнөсөн юм. Тухайн үед уул уурхайн салбарт хийх гэж байсан гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох үүднээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсан байдаг. Хуульд “стратегийн” (уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл) салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хувийн болон төрийн өмчит гадаадын хуулийн этгээд Монгол Улсын Засгийн газраас, мөн тухайн аж ахуйн нэгжийн нийт хувьцааны 49-өөс дээш хувийг гадаадын хуулийн этгээд эзэмшихээр бол УИХ-аас тус тус зөвшөөрөл авахаар тусгасан  байв.

Хөрөнгө оруулагчдыг үргээсэн тэрхүү хуулийг зургаан сарын дараа цуцаллаа. Оронд нь 1993 онд баталсан хуулиа улам чамбайруулж, Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль гаргалаа. Өмнөх хууль нь хөрөнгө оруулалтын суурь зарчмыг хангаж байсан бол энэ удаад өнгөрснөөсөө сургамж авч уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, төвлөрлөөс сэргийлж бүсчилсэн хөгжлийг бий болгох, нэгэнт хөрөнгөө оруулсан хөрөнгө оруулагчийг бизнесээ эрсдэлгүй явуулахад нь илүү анхаарсан байна.

30 жилийн алсаас эргээд харахад гадаадын хөрөнгө оруулалтын ачаар л хөгжил урагшилж буй жишээ олон. Гадаадын хөрөнгө оруулалтаар дамжиж хүний туршлага, ур чадвар нэвтэрдэг бөгөөд үүнийг мөнгөөр хэмжих аргагүй тул хамгийн том хөрөнгө оруулалт гэж үздэг. Үүнээс гадна шинэ техник технологи, мэдлэг, капиталын эх үүсвэр орж ирдэг.
Албан ёсны эх сурвалжаар 2012 оны байдлаар нийтдээ 180 мянган ажлын байрыг гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжүүд бий болгож байсан нь манай нийт төрийн албан хаагчийн тоотой бараг дүйнэ. Энэ бүх тоо баримт, түүхэн сургамжуудыг нэгтгээд харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг Монгол шиг жижиг бөгөөд нээлттэй, аж үйлдвэр хөгжөөгүй, экспортын солонгорол муутай орны хувьд эдийн засгийг нь тэтгэх зүрхний цохилт лугаа юм.

 

 

 

 

Mongolian Economy