Нүүрсний зах зээл огтлолцлын цэг дээр

B Shurenchimeg
2025-12-18 13:04:21
Ангилал: Эдийн засаг

Олон улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA)-ийн 2025 оны жилийн зах зээлийн тайланд дурдсанаар, сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий, цөмийн эрчим хүч зэрэг бусад эх үүсвэрүүдтэй өрсөлдөх өрсөлдөөн эрчимжихийн хэрээр дэлхийн нүүрсний эрэлт энэ арваны төгсгөл хүртэл аажмаар буурах төлөвтэй байна. 

2025 оны эхний хагас жилд дэлхийн нүүрсний эрэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор нэг хувиар буурсан байна. Хятад, Энэтхэгт цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсан. Харин АНУ-д 2025 оны эхний хагаст нүүрсний хэрэглээ өссөн нь цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж, байгалийн хийн үнэ өндөр байсан нөхцөлтэй холбоотой юм. 

2030 он гэхэд дэлхийн нүүрсний эрэлт 2023 оны түвшиндээ буцан очиж, бага зэрэг буурсан байх төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь нүүрсний хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлдэг цахилгаан эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтүүд юм. Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал эрчимтэй өсөж, цөмийн эрчим хүч тогтвортой тэлж, шингэрүүлсэн байгалийн хийн томоохон нийлүүлэлт зах зээлд орж ирснээр 2026 оноос нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх хэмжээ буурах төлөвтэй. Харин аж үйлдвэрийн салбар дахь нүүрсний эрэлт харьцангуй тогтвортой байх магадлалтай.

Олон улсын Эрчим Хүчний Агентлагийн танилцуулсан 2025 оны тайлангаас харахад энэ онд дэлхийн нүүрсний эрэлт 0.5 хувиар өсөж, түүхэн дээд хэмжээ болох 8.85 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Олон улсын Эрчим Хүчний Агентлагийн Эрчим хүчний зах зээл, аюулгүй байдлын газрын захирал Кэйсүкэ Садамори /Keisuke Sadamori/ “Дэлхийн нүүрсний эрэлт 2030 он хүртэл тогтворжиж, улмаар буурна гэж бид үзэж байна. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн өсөлт, бодлогын сонголт, эрчим хүчний зах зээлийн нөхцөл, цаг агаар зэрэг олон тодорхойгүй хүчин зүйл дэлхийн нүүрсний зах зээлд асар их нөлөө үзүүлэх хэвээр байх болно.” хэмээн ярьжээ. 

Хэрэв Хятадад цахилгаан эрчим хүчний хэрэглээ таамгаас хурдан өсөж, сэргээгдэх эрчим хүчний нэвтрэлт удаашрах эсвэл нүүрсийг хийжүүлэх хөрөнгө оруулалт нэмэгдвэл дэлхийн нүүрсний эрэлт таамаглалаас давж болзошгүйг тайланд онцолжээ. Дэлхийн нүүрсний хэрэглээний тал илүү хувийг дангаараа эзэлдэг Хятадад 2030 он гэхэд эрэлт бага зэрэг буурах төлөвтэй байна. Тус улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж, дотоодын нүүрсний хэрэглээг 2030 он гэхэд дээд цэгт хүргэх зорилт тавьж байна. 

Харин манай улсын хувьд 2025 оны эхний хагаст БНХАУ-ын эрэлт суларснаас шалтгаалан нүүрсний хилийн үнэ 40 хувиар буурч, сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Энэхүү тренд хэвээр хадгалагдаж, 2026 онд экспортын голлох түүхий эдийн үнэ өмнөх онтой ижил түвшинд байхаар байна.

УИХ-аар эцэслэн баталсан 2026 оны төсвийн тухай хуульд 90 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ.

Тодруулбал, Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2026 онд 3.2 орчим тэрбум ам.долларын ашигтай байна гэж таамаглаж байна. Импорт 13.4 тэрбум ам.доллар, экспорт 2026 онд 16.6 тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолжээ. Төмөр замын суурь дэд бүтцийг сайжруулж, Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ханги боомтын тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар 2026 онд нүүрсний экспорт 90 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 9.4 сая тоннд хүрч тус тус нэмэгдэнэ гэж таамаглан төсөвт тусгаад байна. Мөн Оюу толгойн зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн агуулга нэмэгдэж, экспортын орлого нэмэгдэх бол алтны олборлолтыг дэмжих арга хэмжээнүүдийн нөлөөгөөр алтны экспорт 2026 онд 20 тоннд хүрч нэмэгдэхээр төсөөлжээ. 

Дэлхийн нүүрсний зах зээлийг дүгнэж хэлбэл, нүүрсний эрэлт сул, нөөц их, үнэ буурч, ашигт ажиллагаа шахагдаж буй өнөөгийн нөхцөлд 2030 он хүртэлх хугацаанд ихэнх томоохон үйлдвэрлэгч орнуудад нүүрсний олборлолт буурах төлөвтэй байна.

 

B Shurenchimeg