Нүүрсний экспортын орлого 66.8 хувиар өслөө
Манай улсын экспорт 2026 оны эхний гурван сарын байдлаар 4.89 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 62.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэр дундаа нүүрсний экспорт хэмжээ, үнэ сэргэх төлөвтэй байна. Эхний гурван сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс экспортолж, 1.76 тэрбум ам.долларын орлого бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 66.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт экспортын 35.9 хувийг нүүрс дангаараа эзэлж байна.
Ойрх Дорнодын хурцадмал байдал нефть, шингэрүүлсэн хийн зах зээлд савлагаа үүсгэж, ялангуяа Азийн эрчим хүч импортлогч орнуудыг дахин хүрэн нүүрс рүү анхаарлаа хандуулахад хүргэж байна. “Reuters” агентлагийн онцолсноор Ази тивийн эрчим хүчний хүрэн нүүрсний гол бенчмарк үнэ гуравдугаар сард 13.2 хувиар өссөн бол Европын нүүрсний фьючерс үнэ 14.2 хувиар өсжээ. Мөн “Kpler”-ийн шинжээчид Европын Холбооны хүрэн нүүрсний импорт энэ онд 36 хувиар өсөж, 30 сая тоннд хүрч болзошгүй гэж үзэж байгаа аж.
Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нь цахилгаан станцуудад түлдэг хүрэн нүүрс биш, Хятадын гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг чулуун болон коксжих нүүрс юм. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа хар тугалга, төмөр, зэс, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун болон хүрэн нүүрсийг 100 хувь БНХАУ руу экспортолж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн мэдээллээр 2025 оны эхний найман сард коксжих нүүрсний үнэ дунджаар 186 ам.доллар байсан бөгөөд 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн Хятад руу Монголын хийх нийлүүлэлт өссөнөөр зах зээлийн чангарлыг тодорхой хэмжээнд зөөллөсөн байна.
Харин сүүлийн үеийн нөхцөл байдал эсрэг чиглэлд эргэж байна. Sxcoal–ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Хятадын зах зээл дээр Монголын коксжих нүүрсний эрэлт сул хэвээр байж, боомтууд дээр худалдан авагчдын идэвх буурсан нь үнийн дарамтыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар Ганцмод боомт дээр коксжих нүүрсний үнэ тонн тутамд ойролцоогоор 1,070 юань болж, өмнөх долоо хоногоос 72 юаниар буурсан байна. Мөн Хятадын дотоодын нүүрсний худалдааны зангилаа бүс болох Жинчуань (Jinquan-锦泉) дээр Монголын коксжих нүүрсний үнэ 55 юаниар буурч, тонн нь 1,260 юань болжээ.
Иймээс ойрын хугацаанд БНХАУ руу чиглэсэн Монголын коксжих нүүрсний зах зээл дарамттай хэвээр байх төлөв ажиглагдаж байна. Ялангуяа Хятадын ган болон коксын үйлдвэрүүдийн эрэлт мэдэгдэхүйц сэргэхгүй байгаа нь экспортын үнийн төлөвт голлон нөлөөлж байна.
Харин олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой, өсөх хандлагатай байна. “Trading Economics”-ийн мэдээлснээр 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 234.75 ам.долларт хүрч, сүүлийн нэг сард 5.98 хувь, жилийн дүнгээр 22.58 хувиар өсжээ. Гэвч энэ өсөлт нь санхүүгийн зах зээл дээрх “CFD” арилжаанд суурилсан үзүүлэлт бөгөөд бодит биет нийлүүлэлтийн зах зээлд, тэр дундаа Монголын экспортын гол чиглэл болох Хятадын зах зээл дээр эрэлт сул хэвээр байгаа нь үнийн дарамтыг богино хугацаанд хадгалах хүчин зүйл болж байна.
