Нүүрсэнд талархахын учир
Монгол Улсын нэн шинэ түүхэнд, тэр дундаа улс төрийн тавцанд тодоор бичигдэх үйл явдал жавар тачигнасан энэ өдрүүдэд өрнөж байна. Нүүрсний хулгайчдын эсрэг энэхүү жагсаал, тэмцлийн ач холбогдол, цар хүрээ нь одоо бүрэн ойлгогдохгүй байж мэдэх ч магадгүй 10 жилийн дараа дунд сургуулийн түүхийн сурах бичигт орж, ирээдүйд Монгол Улсыг авч явах жирийн иргэд, хууль тогтоогчдын хувьд сургамж, туршлага болон үлдэх асар чухал үйл явдал мөн билээ.
Нүүрс болон эдийн засаг
Нүүрсний хулгайн хэрэгт сэрдэгдсэн УИХ-ын нэгэн гишүүн “Тавантолгойн ордыг хаана байдгийг мэдэхгүй” гэж мэлзэв. Арай л нүүрс гэж юу болохыг мэдэхгүй гэж хэлсэнгүй. Ингэхэд нүүрсний салбараа бид хэр сайн мэдэх билээ?
Оросын нэрт эрдэмтэн И.Майский 1921 онд хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол” номдоо “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь Өргөөгөөс 35 бээрийн зайд орших Налайхын чулуун нүүрсний уурхай юм. Энэ уурхай 1915 онд ашиглалтад оржээ” хэмээн бичсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын анхны нүүрсний уурхай нь Налайх билээ. Орчин цагийн монголчууд социализмын жилүүдэд цахилгаан станцдаа вагон вагоноор, хот суурин газрын иргэд Зил-130, Газ-53 зэрэг машинаар нүүрсийг тээвэрлэн авч ашиглан цахилгаан дулаан гарган авч, гэр орноо дулаацуулж байсан бол зах зээлд шилжсэн он жилүүдэд портертой нүүрс моодонд орж, харин сүүлийн 10-аад жил хэдэн зуун тонны даацтай нүүрс тээврийн машинууд өмнийн говьд тоос татуулан давхих болов.
2008 оноос БНХАУ коксжих нүүрсний экспортлогч орноос импортлогч орон руу шилжсэнээр манай улсын нүүрсний эрэлт нэмэгдэж, Монгол нүүрс үнэ цэнтэй болж эхэлсэн юм. 2011 онд л гэхэд Монгол Улс мөнхийн өрсөлдөгч гэж болох Австрали, Канад, АНУ, Индонез, ОХУ улсуудыг давж, урд хөршийн нүүрсний нийт импортын 45 хувийг бүрдүүлж байв. 2012 онд нүүрсний экспортын биет хэмжээ 28 сая тоннд хүрч, орлого нь 3.3 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин 2019 онд 35.4 сая тонн нүүрс эскпортолж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол энэ оны эхний 11 сарын байдлаар 26 сая тоннд хүрээд байна. Энэ хэрээр эдийн засагт, тодруулбал гадаад валютын урсгал, экспортын хэмжээнд, дамаа Монголын иргэн бүрийн аж амьдралд нүүрсний салбарын гүйцэтгэх үүрэг асар өндөр болсон.
Бүхэлд нь авч үзвэл 2021 оны байдлаар уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 93 хувийг тус тус эзэлж байна. Уул уурхай, тэр дундаа нүүрс нь валют олж ирж, монголчууд бид түүнийг хэрэглэн амьдарч байгаа юм.
Нүүрсний салбар улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг гэсэн статистик бий.
Энэ хэрээр мөнгө цагаан, нүд улаан болсон улс төрчид, төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн агентлаг, зохицуулагч байгууллагуудын дарга нарын шуналыг нүүрс соронз мэт татах болов. Тэртээ 2013 онд “Тавантолгой транс” зэрэг компанид тухайн үеийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид нэгжлэг хийж байсан түүхтэй. Гэвч УЕПГ, ЦЕГ-ын өндөр албан тушаалтнууд нэгжлэгийн ажиллагааг зогсоож, мөн оны арваннэгдүгээр сард нь хэргийг хааж байв.
Ирэх жилүүдэд нүрсний экспортын хэмжээ, түүнээс олох орлогыг нэмэгдүүлэх боломж Монгол Улсад бий. Энэ нь мөн нүүрсний хулгайчдын орлогыг ч нэмэгдүүлэх сайхан боломж болох байлаа. Гэвч…
Нүүрс болон улстөр
Монголд нүүрсний мафи байгаа тухай яриа эртнээс сонсогдож ирсэн. Гэхдээ бодитоор тэмцэж, буруутныг олж гэсгээсэн бодит кэйс байхгүй. Харин энэ оны аравдугаар сараас өрнөсөн нүүрсний хулгайчдын эсрэг тэмцэл бодит үр дүнгээ нэгэнт өгч эхэллээ. Нүүрстэй үй зайгүй “үерхдэг” улстөрчид, эрх мэдэлтнүүдэд бодитой аюул нүүрлэв. Гэмтнийг олж шийтгэхэд чиглэсэн монголчуудын эл тэмцэл өнөөдөр улс төрийн тавцанд дараах ахиц дэвшлийг авчраад байна.
– Нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг олон нийтэд ил болгов. “Цаашид Засгийн газар нууцын гэрээ байгуулахгүй. Үндэсний аюулгүй байдал гэрээг нууцалдаг байдлыг үүгээр дуусгавар болгоно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.
– Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудын нэрсийг зарлав.
-Нүүрсний тээвэрлэлт болон бусад хууль бус асуудлыг АТГ болон цагдаагийн байгууллага хамтран шалгаж эхэллээ.
-Нүүрс тээвэрлэлтэд оролцдог, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерт сүүлийн 11 жилд оролцсон дотоод, гадаадын компаниудын нэрс ил болов
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан
– Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд Засгийн Газраас УИХ-д өргөн мэдүүлнэ.
– Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Ингэснээр, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах, хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг оруулахаар тусгажээ.
Хэрэв монголчууд нүүрсний хулгайчдын эсрэг тэмцлийг эхлүүлээгүй бол дээр дурдсан өөрчлөлт, шинэчлэлт огт хийгдэхгүй байв. Өөрөөр хэлбэл, нүүрс хэмээх “буянтай” түүхий эдийн экспортын орлого дээр улстөр, бизнесийн бүлэглэл, хувь тоглогчид найрласаар байх байлаа. Тиймээс нүүрсэнд, нүүрсний хулгайн эсрэг тэмцэгч хүн бүрд талархая.
2023 он гарахад хэдхэн өдөр үлдээд буй энэ үед шинэ оны ерөөл хэлэх нь тохиромжтой болов уу.
“2023 онд Монгол Улсын нүүрсний экспорт улам нэмэгдэх болтугай. 2023 онд нүүрсний хулгайч нарыг улам олноор илрүүлж, шударга үнэн ялах болтугай. Хэрэв тэгэх аваас Монголын эдийн засаг сэргэж, Монголын нийгэмд шударга ёс тогтож эхэлнэ. Тиймээс нүүрсний төлөө, нүүрсний хулгайчидтай тэмцэгчдийн төлөө хундагаа өргөе”.
Гэрэл зургийг А.Никольский (AP)