Н.Учрал сайд аа, эрчим хүчний үнийг чөлөөлнө биз дээ?

Sarangerel
2026-04-24 15:50:13
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний салбарын үнэ тарифыг Засгийн газар олон жил “хүчээр” барьж ирсний балгаар тус салбар уналтад орсон. Энэхүү хүндрэлээс гарахын тулд эрчим хүчний үнийг чөлөөлж, зах зээлийнх нь зарчимд нийцүүлэх хэрэгтэй юм. Тиймээс эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, бодит өртөгт хүргэх зорилгоор цахилгаан эрчим хүчний үнийг 2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн нэмэгдүүлж, дундаж тарифыг 1 кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болгон шинэчилсэн.

Харин дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулаад байна. Өмнө нь дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж, нэмэхээс өөр аргагүй болсон учраас 2024 оны сүүлчээр мөн тогтоол гаргаж, 2025 оны эхээр нэмэх шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч хэрэгжиж чадалгүй 2025 оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан боловч арванхоёрдугаар сард хоёр дахь удаагаа дулааны үнэ тариф нэмэхийг хойшлуулаад байгаа юм. 

Ерөнхий сайд салбарыг эдийн засгийн гацаанаас гаргах, зах зээлийн зөв горимд шилжүүлэх чадварыг нь харгалзан Эрчим хүчний сайдыг томилсон гэж онцолсон.  

Уг нь Эрчим хүчний зохицуулах хороо улс төрөөс хараат бусаар үнээ тогтоож, зохицуулалт хийх ёстой байдаг ч тэрхүү үүргээ биелүүлж чаддаггүй нь үнэн. Эрчим хүчний үнэ тарифыг Засгийн газар, Ерөнхий сайд шийдсээр ирсэнд асуудлын учир байгаа юм. Эрчим хүчний үнийг барьж, өрсөлдөх чадварыг хааж боогдуулсаар ирсэн нь Г.Занданшатар сайдын үед ч мөн давтагдаж, тэрбээр дулааны үнэ нэмэхийг хориглосон.

Харин Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний үнийг иргэдэд дарамтгүйгээр нэмэгдүүлэх, компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах, 2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах нөхцөлд хүргэнэ гэж хэлээд буй. 

Мөн салбарыг эдийн засгийн гацаанаас гаргах, зах зээлийн зөв горимд шилжүүлэх чадварыг нь харгалзан Эрчим хүчний сайдыг томилсон гэдгээ онцолсон. Хэрэв Ерөнхий сайдын дээрх үг биеллээ олбол эрчим хүчний салбар ойрын гурван жилдээ босоод ирэх өндөр магадлалтай. Гол нь эрчим хүчний үнийг чөлөөлж, иргэдэд дарамт багатайгаар шийдэх нь хамгийн чухал алхам юм.

2024 онд эрчим хүчний үнэ нэмэгдэхэд тариф хэрхэн өөрчлөгдсөнийг Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан мэдээлэлд тулгуурлан хүргэе.

Эрчим хүчний 1 кВт.ц цахилгааны тарифыг 216 төгрөгөөс 280 төгрөг болж нэмэгдсэн.  

Эрчим хүчний 1 Гкал дулааны тарифыг 35,658  төгрөгөөс 64,391 төгрөг болгосон ч мөрдөөгүй.  

Өөрөөр хэлбэл, дулааны тариф хэрэгжээгүй, цахилгааны тарифын индексжүүлэлт зогссон. Хэрэв дулааны үнийг нэмж, цахилгааны тарифыг индексжүүлсэн бол 224.4 тэрбум төгрөгийн орлого олох боломж байжээ.

Эрчим хүчний тарифын үнэ нэмэгдсэнээр тарифын нийт орлого 559.6 тэрбум төгрөг  болжээ. Орлогын зарцуулалтыг задалбал,

     –Шинэ эх үүсвэр, ОХУ-ын импорт -100.6 тэрбум төгрөг

     -Нүүрсний уурхай, төмөр замын тээвэр -105.6 тэрбум төгрөг

     -Ажиллагсдын цалин -212.7 тэрбум төгрөг

     -Үйл ажиллагааны зардал /их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бусад 38 нэр төрлий зардал/ -116.8 тэрбум төгрөг

     -Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний системийн татаасын бууралт -23.9 тэрбум төгрөг

Дээрх тоо баримтаас харвал эрчим хүчний үнийг нэмсэн ч салбартаа төдийлөн  нөлөө үзүүлээгүй байна. Нэг удаа үнийг нь нэмээд орхих бус бага багаар иргэдэд дарамт үүсгэхгүй нэмэгдүүлэх, зөв бодлого чухал гэдгийг харж болохоор байна. Ямартай ч Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тал дээр хойшоо суухгүйгээр бодит шийдвэр гаргаасай.