Н.Цэрэнбат: Бүх салбарт “Хандлагаа өөрчилье” гэх болсон нь бидний ажлын үр дүн

Mongolian Economy
2020-06-17 12:54:34
Ангилал: Ярилцлага

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай хийсэн ажил, тус салбарт хэрэгжиж буй төслүүдийн талаар ярилцлаа. 

– Та ажлаа хүлээн авснаас хойш ямар ажлууд хийсэн бэ. Эдгээрээс онцлохыг нь дурдахгүй юу?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсноос хойш “Хандлагаа өөрчилье” аяныг эхлүүлсэн бөгөөд  үр дүнд нь Монгол оронд олон эерэг өөрчлөлт гарсанд баяртай байгаа. Анх албан тушаалаа аваад хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай байгалийн нөөцийн доройтлыг хязгаарлах, цаашид бий болох доройтлыг бууруулах хоёр том асуудалтай тулгарсан. Одоо буй асуудлаа үйл ажиллагааныхаа хүрээнд шийднэ, харин ирээдүйд бий болох эрсдэлийг бууруулахын тулд байгальд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, ногоон  хөгжлийн чиг хандлагыг хойч үедээ бий болгох шаардлага тулгарч байв. Энэ үүднээс “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд аянууд зохион байгуулах ёстой юм байна гэдэг шийдэлд хүрч, “Ногоон паспорт” аяныг санаачилсан. ЕБС-ийн ахлах ангийнханд зориулсан тус хөтөлбөрийг сурагчид маань өдөр бүр нэг аяга ус хэмнэж, жилд нэг мод тарьж, хогоо ангилдаг болоход 2027 оноос Монгол Улс байгаль хамгаалалд зарцуулах ёстой 12 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ гэсэн тооцоололд үндэслэсэн учраас нүүр бардам  онцолмоор байна. Насанд хүрэгчдийн буруу дадлыг өөрчлөхийн оронд өрх бүрийг өсвөрийн байгаль хамгаалагчтай болгож хандлагыг өөрчлөх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Аян маань хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнийг хамарч жил хүрэхгүй хугацаанд 543 сургуулийн 150 мянга гаруй сурагч Ногоон паспорт хөтөлж, өсвөрийн байгаль хамгаалагч болсныг дуулгахад таатай байна. Энэхүү үйл явцыг олон улсад онцолж, 2018 онд Дэлхийн ногоон байгууллагаас Ногоон паспорт аяныг хэрэгжүүлсэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд байгаль орчны салбарын хамгийн том шагнал болох “Ногоон алим”-ыг гардуулсан. Мөн миний биеийг “Ногоон элч”-ээр онцолсон.

Аян маань хүрээгээ тэлж МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн сурагч Б.Энэрэл анх удаа Монгол Улсаас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хүүхэд, залуучуудын чуулганд оролцож, Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт” аяныг дэлхийн удирдагч хүүхдүүдэд танилцуулсан. Мөн аяны шилдэг 21 сурагч Бээжин хотоор аялж, ногоон байгууламжийг хэрхэн бий болгож байгаа туршлагаас судалсан. Шилдэг 10 сурагч Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулсан “Ногоон хөгжлийн долоо хоног” олон улсын чуулга уулзалтад оролцож, “Ногоон паспорт” аянаа танилцуулсан. Ингэхдээ олон улсын байгууллагуудын урилгаар оролцож, туршлагаа хуваалцан эх орныхоо нэрийг гаргасныг энд дурьдах нь зүйтэй болов уу.  Монголынхоо сурагчдын хөтөлж буй Ногоон паспортыг миний бие дэлхийн хэмжээний удирдагчдад дурсгал болгон үлдээж, Монголын хүүхдүүд байгаль хамгаалалд хэрхэн оролцож байгааг дуулгасны үр дүнд Ногоон паспорт эзэмшигч сурагчид олон улсын томоохон үйл ажиллагаануудад уригдаж байгаа билээ.  Улаанбаатар хотноо дэлхийн байгаль орчны салбарын тэргүүнүүдийг цуглуулсан Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмэр олон улсын чуулганы үеэр “Ногоон паспорт” аппликейшны нээлтийг хийлээ. “Ногоон паспорт” хөтөлдөг сурагчид маань цахимаар байгальд ээлтэй үйлдлээ хянах боломж бүрдэж байгаагаас гадна өсвөр насныханд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудтай хамтран урамшууллын  хөтөлбөрүүдийг ч нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Мөн “Ногоон паспорт” эзэмшигч сурагчидтайгаа хамтран 21 аймаг, есөн дүүрэгт тус бүр 3.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч, хамгаалалт бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” бутлаг ургамлын цэцэрлэгийг байгууллаа. Усалгааны систем, сүүдрэвч, хамгаалалт байгуулсан нь мод ургах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй хүүхдүүдээ тарьсан модоо байнга эргэж тойрч, тордох боломжоор хангаж буй явдал юм. “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэг удахгүй цэцэрлэгт хүрээлэн болж аймаг, дүүрэг тус бүрт иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж болж сүндэрлэнэ гэдэгт итгэл төгс байна.  Монголчууд байгалиа дээдэлдэг зан заншлаа сүүлийн 20 гаруй жил орхигдуулж, ардчилалын шинэ зарчмаар дураараа амьдарна гэж байгалиа бохирдуулж ирсэн нь хэвийн үзэгдэл, дадал болсон. Үүнийг залруулах зорилгоор “Цэвэрхэн шинэлцгээе, “Цэвэрхэн наадацгаая”, аяныг санаачлан хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Монголчуудын уламжлалт баяр болох цагаан сарын үеэр бурхан шашны хийдүүдийн лам хуваргуудтай хамтран байгаль хамгаалагчид маань томоохон овоонуудыг цэвэрлэж, иргэддээ уул, усаа бохирдуулахгүй цэвэрхэн шинэлэхийг уриалсан.

Мөн үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” уриалгыг баяр наадам зохион байгуулах үндэсний хороо, БОАЖЯ-ы харьяа тусгай хамгаалалттай газар, сав газрын захиргаад, 21 аймгийн ЗДТГ, БОАЖГ-ууд, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Монгол наадам цогцолбор, МОХ зэрэг төр, хувийн хэвшлүүд дэмжиж, хоггүй цэвэрхэн наадсан. “Цэвэрхэн наадацгаая” аяныг маань Засгийн газраас сайшааж, Ерөнхий сайдын захирамжаар өргөтгөн “Хоггүй цэвэрхэн Монгол” жилийн аяныг санаачлаад амжилттай хэрэгжүүлж байна. “Хоггүй цэвэрхэн Монгол” аянд улс орон даяараа нэгдсэн нь Монгол Улс хогноосоо цаашлаад иргэд маань тархиныхаа “хог”-оос салах эхлэл болж байна гэж харж байгаа. Аяны хүрээнд орон сууц, сургууль болон цэцэрлэгүүдэд хог ангилах хогийн сав байрлуулах төслийн уралдаан зарлаж, “Мог пластик” ХХК шалгаран амжилттай ажиллаж байна. Тус компаниас найман аймагт хог бутлагч, пресслэгч машиныг өнгөрсөн сард хүлээлгэж өгсөн. Мөн хаягдал дугуй цуглуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн шалгаруулалт зарлаж, “Инахис” компани шалгаран, хаягдал дугуйгаар хүүхдийн тоглоомын талбай тохижуулахаас эхлээд явган хүний зам хийх ажлуудыг амжилттай эхлүүлээд байна.

“Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хийж буй аянууд маань Монгол орны өнцөг булан бүрт буй хүмүүст хүрсэн ажил болсонд бага ч гэсэн бахархаж байгаа ч нөгөө талаас энэ нь бидний хийх л ёстой ажил. Оройтсон байж магадгүй ч эхлүүлээд үр дүн гарч байгаа нь чухал. Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч ажилласан. Үүний үр дүн бид бүгдэд харагдаж байна. Мэдээж энэ нь төгс хувилбар биш ч хүйтний улирлын агаарын бохирдол бидний хяналтад байж болох асуудал гэдгийг харлаа.

-Анх сайдын үүргээ хүлээж авахдаа юу хийхээр төлөвлөж байсан мөн санасандаа хүрч чадаж байна уу?

-Бид аливааг шүүмжилдэг, буруутгадаг, бусдаас өө хайдаг ард түмэн болчихсон байсан. Түрүүн хэлсэнчлэн ажлаа аваад миний салбарт хамаарах бүх хүрээнд хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг зорьж багц ажил санаачилсан. Хийсэн ажлууд ч үр дүнд хүрч байгааг харж байгаа байх. Хоёр жилийн өмнө “Хандлагаа өөрчилье” гэж ярихад “Наадах чинь хэнд хэрэгтэй юм? Үндсэн ажлаа хийгээч ээ, Цэрэнбат аа!” гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр бүх л салбарт хандлагаа өөрчлөх тухай ярьдаг болжээ. Бид хамтраад нэг ч гэсэн жижиг өөрчлөлт хийж чадвал үр дүнд хүрдэг гэдэг үгийн гэрч болж байна. Манай яамны өөр нэг гол чиглэл нь аялал жуулчлал. Өмнө нь энэ салбарт төрийн бодлогогүй, хувийн хэвшлүүд л үйл ажиллагаа явуулдаг байсан бол аялал жуулчлалын салбарыг цэгцлэх ажилд улсын төсвөөс анх удаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Монгол орон даяар есөн ажлын байрны сургалтыг үнэ төлбөргүй явуулж, 10 мянга гаруй хүнийг хамрууллаа. Үүнээс гадна гадаадын жуулчдыг тогтвортой нэмэгдүүлэх үүднээс олон улсын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцох болсон. Нөгөө талаас тэднийг хүлээж авах тогтвортой орчныг бүрдүүлэхээр үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хүнд бус өөртөө үйлчилж байгаа юм шиг үйлчлэх соёлыг бий болгох, хөтөчүүд англи, орос, хятад хэлтэй болох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашид салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад  банк, санхүүгийн дэмжлэг үзүүлж, ногоон зээл авч ариун цэврийн байгууламжаа шийдэх нөхцөлийг бүрдүүллээ.

Үүнээс гадна аялал жуулчлалын бодлого, маршрутуудыг батлуулсан бөгөөд жилийн дөрвөн улиралд жуулчин хүлээн авахын тулд агаарын тээврийн либералчлал шаардлагатай болсон. Энэ хүрээнд Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгохоор төлөвлөсөн. Ингэснээр аялал жуулчлалыг дагасан ажлын байр, ХАА-н салбарын борлуулалт нэмэгдэнэ. Энэ жилээс Өмнөд Солонгос руу гурван авиа компани нислэг үйлддэг болж, Казахстан руу шууд нислэгтэй болсон бөгөөд хил орчмын аялал жуулчлал хөгжиж байгааг дагаад жуулчдын тоо бага ч гэсэн өсөж байна. Агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадсан учир өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдсэн.

Мөн аялал жуулчлалыг дагасан үзвэр үйлчилгээ нэмэгдүүлэх хүрээнд Хархоринд задгай театр барих ажлыг эхлүүлсэн. Цаашид энэ төрлийн театр, музейг Тэрэлж, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аялал жуулчлалын цэг бүрт байгуулна. Мөн АХБ-аас түүхэн аялал жуулчлалын бүс бий болгохоор 38 сая ам.долларын зээл авч байгаа зэрэг нь ирсэн жуулчдад үзэж харах, мөнгөө зарцуулах үйлчилгээг бий болгох зорилготой. Цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд төрөл бүрийн ажил эхлүүлсэн бөгөөд датад суурилсан төлөвлөлт хийх ажлыг эхлүүлэхээр дэлхийд аялал жуулчлалаар  тэргүүлэгч компанитай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Аялал жуулчлалын салбарын 2020 оны төсөв өмнөх оныхоос хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн зэрэг амжилтаар ирэх оныг угтаж байна.

– Сонгууль эхлэхэд хагас жил үлдлээ. Энэ хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж, хэдэн төгрөг  төсөвлөсөн бэ?

-2020 онд нийт 176.2 тэрбум төгрөг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт зарцуулахаар  төсөвлөсний 25.4 тэрбум нь хөрөнгө оруулалтад үдсэн нь урсгал зардалд  зарцуулагдана. Агаарын бохирдлын төсөв нэмэгдсэн ч өнгөрсөн онд төсөв хүндрэлтэй гээд зээл өгснөө буцааж татах юм. Аялал жуулчлалын салбарын төсөв өмнөх оныхоос хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ажлын байрны үнэ төлбөргүй сургалтаа үргэлжлүүлэн явуулах болно. Үеийн үед бид төсөв, мөнгө хангалтгүйгээс болж нөхөн сэргээгдэх боломжтой баялгаа хайрлаж, хамгаалаагүй учир Монгол Улс орчны бохирдол өндөртэй улсын нэг болсон. Үүнээс гадна ой, усны нөөцгүй болж. Иймд ирэх онд багтаагаад усны агентлагтай болчихвол цаашид улсын усны бодлоготойгоо уялдуулан асуудлуудаа шийдээд явна. Гадаргын усыг ашиглах бүх төслөө багцалж “Хөх морь” төсөлд нэгтгэсэн бөгөөд хамгийн оновчтой, нэн түрүүнд шаардлагатай 2-3 төслөө хэрэгжүүлээд эхэлнэ. 2020 оны төсөвт хоёр тэрбум төгрөгийг гадаргын усыг ашиглах ТЭЗҮ-д тусгаснаар бид нөөцөө ашиглах боломж бий болох юм. Хэрэв амжвал Ойн агентлаг байгуулах хуулийн төслөө УИХ-д өргөн барина. Мөн хөрсний бохирдлыг шийдэхээр лаг боловруулан шатаах Германы технологийг энэ оны сүүлч эсвэл ирэх оны эхэн гэхэд бүх аймаг, дүүрэгт нэвтрүүлнэ. Ингэснээр агаар, хөрсний бохирдол, хог хаягдлаа бууруулж эрүүл амьдрах орчин бүрдүүлж чадна. Эхний даваагаа давчихсан, дараагийн алхмуудаа улам эрчимжүүлэхээр зорьж байна.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шат энэ оноор дуусаж байна. Эхний шатанд тавьсан зорилтууддаа хүрч чадсан уу?

-Энэ хүрээнд өргөн хүрээний зорилгуудыг тавьсан бөгөөд 20 мянган айл өрхийг дөрвөн кВт цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Бүсчлэлийн хөгжлийг дэмжих үүднээс аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг хөнгөлөх, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг эхлүүлэх, 228 уурын зуухыг буулгах, нам даралтын зуухуудад шүүлтүүр тавих, 1230 өрхийг ариун цэврийн байгууламжаар хангах, бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулах гээд чамлахааргүй олон ажил хэрэгжүүлээд байна. Мөн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоо тулгарч буй хүндрэл нь насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн шатахууныг евро стандартад нийцүүлэх асуудал болж буй. Насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортод тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг энэ асуудал харуулж байна.

Хаягдал дугуйгаар явган хүний замын хавтан хийдэг, хаягдал сав боловсруулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй нь хог хаягдлыг дахин боловсруулахад гарсан ахиц дэвшлүүдийн нэг юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор “Эко төлбөрийн тухай хууль”-ийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Харин дулааны шугам татах зэрэг томоохон дэд бүтцийн, дагуул хотын асуудал цаг хугацааны хувьд хойшилсон болохоос огт эхлээгүй, хэрэгжээгүй ажил ховор байна.

2018 оны өвөл

2019 оны өвөл

-Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш эерэг өөрчлөлт гарсан ч үүнийг дагаад гарах асуудал мундахгүй байгаад та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийт ард иргэд маань стандартын шаардлага хангасан зуух, орон байртай болох хэрэгтэй. Хүмүүс мэргэжлийн хүний үгийг биш сэтгэл  хөөрөлдөө автсан хэн нэгний буруу мэдээлэлд итгэж бие биенийхээ хийсэн зөв ажил, санаачлагыг хойш татаж байна. Улаанбаатар хотод 220 мянган өрх бий. Статистикаас үзвэл өдөрт 15-20 өрх угаарын дуудлага өгөх үзүүлэлт гарч байгаа. Утаа багассан ч агаарт хорт бодисууд агуулагдаж байна гэж байгаа ч агууламжийн тоон үзүүлэлт хүлцэх хэмжээ, стандартын түвшинд байгаа юм. Бусад үзүүлэлт буурсан ч хүхэрлэг хийн үзүүлэлт өндөр байгааг бид насжилт өндөртэй тээврийн хэрэгслийнх гэж үзэж байгаа. Учир нь хүхэрийн хий таваас наймдугаар саруудад ч өндөр гарч байсан. Үүн дээр нэмээд цаашид Тавантолгой түлшний чанар, стандартыг сайжруулах чиглэлийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүдэд өгч байгаа. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд энэ жил 524 сая төгрөг төсөвлөсөн. Бүгд шинэ техник, технологи нэвтрүүлж, шинэ зүйлтэй ажиллаж байгаа учир эхний жил хүнд байх нь аргагүй. Ямар ч бэлтгэлгүй байхад шинэ зүйл нэвтрүүлж, ард иргэдээр тоглоод байна гэсэн гомдол гарч байсан. Гэтэл түүхий нүүрс хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 хоёрдугаар сард гаргасан. Иймд цагийг нь тулгаж зарласан, хийсэн мэтээр хүмүүст буруу ойлголт өгч болохгүй гэж бодож байна.

-Энэхүү түлшийг зөв хэрэглэх заавар, аргачлалыг ямар байгууллагаас хийж, хэр их хүнийг хамруулсан бэ?

-Хүн амын хэдэн хувь нь сургалт, зааварчилгаа авсан юм бэ гэж статистик нэхэж, буруутан хайгаад байна. Гэтэл тухайн гэр доторх асуудлыг тэр хүн л хариуцах ёстой шүү дээ. 4200 орчим сайн дурын ажилтан зуны улиралд стандартын дагуу орон байраа шийдэх зааварчилгаа, танилцуулгыг тараасан. Тухайн үед гэртээ байгаагүй эсвэл үүнийг үл тоосноос асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хүний амь эрсдсэн асуудал гарсан учир биднийг буруутгах нөхцөл үүсэж байж магадгүй ч илүү олон хүний амийг аварч, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгааг, зөв талаас нь харах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Хар утаа гардаг, хаягдал ихтэй зэрэг гомдол хэр үндэслэлтэй вэ. Уг түлшийг ямар байгууллагаар хянаж шалгуулсан бэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм, журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үнэлэлт дүгнэлтийг өгдөг. Түрүүн хэлсэнчлэн мэргэжлийн хүний үгийг сонсох хэрэгтэй. Хэн нэгэнд таалагдахгүй, өөр мэдрэмж төрүүлж болно, тэрийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор түлшний шинжилгээний хариу гарсан. Харин арга ажиллагаа, стандартын болон стандартын бус зуухууд дээр ялгаа гарч байгаа. Зуухны байрлал, байшингийн агаар сэлгэцээс авахуулаад олон хүчин зүйл нөлөөлнө. Зөвхөн түлшнээс болохгүй. Орон байруудад инженерчлэлийн үндсэн дээр хийсэн юу ч алга. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд залруулахын тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтрах хэрэгтэй. Энэ хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтарч ногоон зээлд хамрагдах боломжтой дөрөв, зургаа, найман ам бүлтэй айлын стандарт орон сууцны нэгдсэн  зураг гаргасан. Хэзээ хүртэл бид стандартын түлш өгөхөд стандартын бус үр дүн гарлаа гэж буруу, зөв болж талцсаар байх юм бэ? Бүх шийдлийг шинжлэх ухааны үндэстэй, дүрмийн дагуу шийдэхэд хүндрэл багасна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Одоогоос нэг жилийн өмнө та манай сэтгүүлд ярилцлага өгөхдөө агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж байсан. Хүлээлт хэвээрээ юу?

-Хэвээрээ. Гэхдээ одоогоор дүгнэхэд эрт байна.

-Манайд бодлогын залгамж халаа сул байдаг. Дараагийн сайд таны эхлүүлсэн аль ажлыг үргэлжлүүлээд яваасай гэж хүсэж байгаа вэ?

-Энэ удаагийн УИХ, МАН-аас бүрдсэн Засгийн газар манай улсад олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдэж ард нь гарлаа. Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж бий, шинэ Засгийн газар гараад бүгдийг нь орвонгоор нь өөрчлөхгүй. Эдгээр нь би л байх ёстой гэж бодож хийсэн ажлууд биш бөгөөд байгаль орчин, нийслэлийн суурьшил, хөгжлийн  чиг хандлага зэрэгт тулгуурлан асуудлуудыг зөв зүйтэй шийдэх үүднээс хийж, энэ шийдэл иргэн бүрт хүрэх зорилготой болохоор бүх ажил маань үргэлжлээд явах байх гэж бодож байна. Энэ суудалд хэн ч байсан тэр хүний шийдэх ёстой л асуудал шүү дээ. Өнөөдөр агаар орчны бохирдлыг бууруулсан нь бүгд хүчээ нэгтгэж, тууштай ажилласны үр дүн гэж харж байгаа. Тэрнээс биш хэн нэгний хувийн амбиц эсвэл улс төрийн хүчний оноо авах ажил биш гэдгийг хэлэх байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын эл ярилцлага “Mongolian Economy” сэтгүүлийн 2019 оны арванхоёрдугаар сарын дугаарт хэвлэгдсэн юм. 

Mongolian Economy