Н.Энхбат: Уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлалыг хоршуулсан шинэ загвар бий болгоно

Mongolian Economy
2023-12-04 16:15:26
Ангилал: Ярилцлага

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбаттай ярилцлаа.

-Өмнөговь аймгийн хөгжлийн талаар манай уншигчдад товч танилцуулна уу?

-Өмнөговь аймаг 92 жилийн түүхтэй, өргөн уудам газар нутагтай, хатуу ширүүн уур амьсгалтай, байгалийн баялаг ихтэй, хөдөлмөрч ард иргэдтэй аймаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 жилийн хугацааны Өмнөговь аймгийн хөгжлийг хоёр хэсэгт хувааж ярих нь зүйтэй юм.

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө Өмнөговь аймаг гадаад худалдаа, хилийн арилжаа эхлүүлж байсан түүхтэй. 1989 оны есдүгээр сарын 25-ны өдөр манай аймгийн худалдааны төлөөлөгчид анх удаа Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотод айлчилж, 1990 оны хоёрдугаар сарын 23-нд Өмнөговь аймаг Баяннуур аймагтай хилийн худалдаа арилжааг эхлүүлсэн. Хоосон тал дээр ноосон хүрэм, бөс бараа зэрэг хэдхэн нэр төрлийн барааг солилцсоноор анх хилийн худалдаа арилжааг хийсэн гэдэг. Улмаар Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оны зургадугаар сард Гашуунсухайт боомт, арваннэгдүгээр сард Шивээхүрэн боомт нээгдсэн. Хоёр боомт сард 14-20 хоногийн хугацаатай ээлжилж нээгддэг болсноор арьс шир, ноос ноолуурын экспорт, хүнсний болон өргөн хэрэглээний барааны импорт явагдаж, иргэд худалдаа арилжаа хийн амьдрал ахуйгаа дээшлүүлж байсан.

2000 оноос уул уурхайн олборлолт нэмэгдэж, 2004 оноос нүүрсний экспорт эхэлж, Оюу толгой, Тавантолгой, Нарийн сухайтын төслүүд гараанаас гарснаар өмнийн говийн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Уул уурхай эрчимтэй хөгжихөөс өмнө Өмнөговь аймаг нь орон нутгийн өмчит нэг уурхайтай, хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар илүүтэй, харин аялал жуулчлал бага зэрэг хөгжсөн байсан. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг уул уурхай, уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалыг хоршин хөгжүүлнэ гэж тодорхойлсон.

Уул уурхай бол мал аж ахуй, аялал жуулчлалын аль алинд сөрөг нөлөө үзүүлдэг салбар. Энэ гурван салбарыг зэрэгцүүлж хөгжүүлэх нь амаргүй ч Өмнөговь аймаг уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлалыг хоршуулсан хөгжлийн шинэ загвар бий болгохыг зорьж байгаа. Уул уурхайн давуу талаар дэд бүтцээ бий болгож, түүнийгээ аялал жуулчлалдаа ашиглах, хөгжлийнхөө бүсчлэлийг зөв төлөвлөж мал аж ахуйгаа хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн эхэн үед малчид төв суурин газарт шилжин амьдрах, уул уурхайн компанид ажилд орсноор мал маллах хүн цөөрч байсан үе бий. Малчид гэлтгүй өөр олон салбарын хүмүүс уул уурхай руу шилжсэн. Орон нутгаас мал аж ахуйгаа дэмжсэн бодлого, хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийж ирсний үр дүнд сүүлийн жилүүдэд малчдын тоо нэмэгдэж, мал аж ахуйн салбар сэргэсэн. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 16 уурхай олборлолт явуулж байна. Түүнчлэн 30 гаруй жуулчны бааз энэ оны эхний найман сарын байдлаар 26 мянга орчим жуулчин хүлээн аваад байна. Манай аймаг 2,6 сая мал, 2300 гаруй малчин өрхтэй.

Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж, экспортын гол боомтуудтай, уурхай, тээвэр логистик гээд бизнесийн боломжууд ихтэй аймаг.

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс ажил хөдөлмөр хийж амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн иргэдийн цуваа тасардаггүй, улс орны эдийн засаг, олон мянган иргэдийн амьдралд өгөөжөө өгч буй аймаг.

-Өмнөговь аймаг хөгжлийн олон үзүүлэлтээр бүх аймгийг тэргүүлдэг. Гэхдээ ололт амжилтаас гадна ямар асуудал бэрхшээлүүд байна вэ? Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд аймгийн удирдлага ямар арга хэмжээ авч байна вэ?

-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв жил бүр аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд 180 гаруй шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварыг үнэлдэг. Манай аймаг 21 аймгаасаа эхний дөрөвт эрэмбэлэгддэг. Үүнд эдийн засгийн тамир тэнхээгээр нэгт ордог. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл бол уул уурхайн салбар.

Өнөөдрийн байдлаар манай аймагт хайгуулын лицензтэй 55, ашиглалтын зөвшөөрөлтэй 106 аж ахуйн нэгж байгаагаас 16 уурхай олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүхэн улс, орон нутгийн төсөв, ажлын байр, цалин хангамж, худалдаа үйлчилгээний салбарт эерэг нөлөөтэй ч экологийн тэнцвэрт байдал алдагдах, бэлчээр, усны хомсдол бий болох, нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрах боломж хумигдах зэрэг сөрөг нөлөө, хүндрэл бэрхшээлийг бий болгож байна.

Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжөөд 20 гаруй жил болж байна. Төр, уурхайн аль аль нь туршлага багатай байсан нь үнэн. 20 жилийн хугацаанд алдаа, оноо бас зөв бурууг аль алийг нь олж харлаа. Хариуцлагатай уурхайг хэрхэн хөгжүүлэх, байгальд сөрөг нөлөө багатай технологийг олборлолтод ашиглах, уурхай, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, уурхайн орон нутаг дахь өгөөжийг нэмэгдүүлэх, уурхай, уламжлалт мал ахуйг зэрэгцэн хөгжүүлэх, уурхайн усны хэрэглээг шийдэх зэрэг олон асуудлыг зөв төлөвлөж, хүндрэл бэрхшээлийг багасгах нь чухал. Орон нутгийн удирдлагын зүгээс уурхайнуудтай хийж буй хамтын ажиллагааны гэрээнд уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийг шинэ түвшинд гаргах, ус хэрэглэдэггүй шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлага бүхий заалт нэмж оруулахаар ажиллаж байна.

Нөгөө нэг асуудал нь уурхайн хаалт. Одоо бид уурхайн хаалтын тухай ярих цаг болсон. Уурхайн нөөц хэдэн жилийн дараа дуусаж хаагдахад уурхайн хаалтыг хэрхэн хийх асуудлыг ил тод болгож, нутгийн иргэдэд зөв ойлголт мэдээлэл өгөх ёстой. Ухаж дууссаны дараа тухайн газар нутаг ямар байдалтай үлдэх вэ гэдэг нь уурхайтай сумдын хүн бүрийн сэтгэлийг зовоож буй асуудал. Монгол Улсад уурхайн хаалтын жишээ, туршлага маш бага. Тэгэхээр энэ асуудлаар гаднын туршлага, судлах, хамтын ажиллагааны гэрээнд уурхайн хаалтын талаар тусгах, хяналт тавих гэх мэт алсыг харсан бодлого гаргаж ажиллаж байна.

Бэрхшээл ярьвал их. Говьчуудын сэтгэлийг хамгийн их зовоож буй асуудал бол ус.

Улс орны эдийн засгийн гол бааз болсон том төслүүд, уурхайнуудын усны хэрэглээ асар өндөр. Өнөөдөр Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй бүх бүтээн байгуулалт, уурхайн үйлдвэрлэлд гүний ус хэрэглэж байна. Говьд бороо хур бага учир гадаргын ус байхгүй. Олон жилийн өмнө Хэрлэн, Орхон голын ай савд бороо хурын усыг хуримтлуулан говийн бүс рүү татаж, говийн бүсийн уул уурхайн болон бусад үйлдвэрлэл, газар тариаланд ашиглахаар Хэрлэн-Говь, Орхон-Говь төслүүдийг төлөвлөсөн ч зарим нэг улстөрчдийн эсэргүүцлээс болж гацсан. Түүнээс хойш олон жилийн турш олон ч төсөл яригдлаа.

Засгийн газар, хувийн хэвшлийн аль аль нь уул уурхайд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримтлан, энэ бодлогын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орж байна.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи нэвтрүүлж байгаа ч ус их шаардагдах учир төрийн бодлого, дэмжлэгээр хангайгаас ус татах төслийг яаралтай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод говийг гадаргын усаар хангах “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс шаардлагатай төлөвлөлт, судалгааны ажилд оролцож байна. Говь руу ус татах төслийг хурдан хэрэгжээсэй гэж говийн хүн бүр хүсэж хүлээж байна даа. Орон нутаг өөрсдийн боломжид тулгуурлан усан хангамжийн асуудалд анхаарч, аймгийн ИТХ-аар Бэлчээр усжуулалтын II аян, Говь+Ус хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Орхон-Онги” төсөл хэрэгжүүлэх зорилгоор аймгийнхаа хэмжээнд ТЭЗҮ-ийг хийлээ, бэлчээрийн ус хангамжийг сайжруулах үүднээс сүүлийн гурван жилийн хугацаанд 300 гаруй худаг шинээр гаргалаа, гадаргын усыг цуглуулж, газар тариалан ашиглахаар нэлээд хэдэн суманд хөв цөөрөм байгууллаа.

Хэдхэн жилийн өмнө 50-100 м өрөмдөөд ус гардаг байсан бол одоо 150 м өрөмдөөд ч ус гарахгүй болчихоод байна. Энэ байдлаас болоод худаг гаргах тендер зарлахад оролцох компани байхгүй болж байна. Хэрлэн-Говь, Орхон-Говь төсөл гацсанаар монголчууд олон олон боломжоо алдсан. Арван жилийн өмнө, эсвэл хоёр жилийн өмнө говь руу ус татах төсөл хэрэгжсэн бол өнөөдөр говь нутагт үүнээс илүү их бүтээн байгуулалт өрнөж, Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ өндөр үнээр экспортолж, говийн бүсэд газар тариалан хөгжиж, улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргаанд томоохон өөрчлөлт гарах байсан болов уу.

Дараагийн хүндрэл бэрхшээл нь нийгмийн салбарын хөгжил, хүртээмж. Өмнөговь аймаг албан ёсны бүртгэлтэй 73 мянган хүн амтай. Түүнээс гадна уул уурхай дагасан хөдөлгөөнт хүн ам ихтэй, газар нутаг өргөн уудам, сумд маань аймгийн төвөөс алслагдсан, зам харилцаа тийм ч сайн биш. Уурхай дагасан том суурьшил бий болоогүй, ихэнх уурхай, уурхайг дагасан бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд кемпийн зохион байгуулалтаар ажилчдаа ажиллуулдаг учир хөдөлгөөнт хүн ам ихтэй, үүнээс үүдээд эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэсч, хүндрэл үүсдэг. Манай аймгийн БОЭТ болон уурхайтай сумдын эрүүл мэндийн төвүүдийн бүтэц орон тоо, төсөв нь албан ёсны бүртгэлтэй хүн амын тоонд түшиглэсэн тооцооллоор хуваарилагдаж ирдэг. Гэвч бүртгэлтэй иргэддээ үйлчлэхийн зэрэгцээ хөдөлгөөнт хүн ам, түр оршин суугч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг учир бусад сумаас 2-3 дахин өндөр ачаалалтай ажиллаж, хүний нөөц, төсөв мөнгө хүрэлцэхгүй болчихдог.

Нөгөө нэг асуудал бол нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдол. Хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын ачаалал их, цалин хангамж бага учир эдгээр салбарын ажилтан уурхайд орох нь их. Уурхай, тээврийн салбарын цалин хангамж өндөр учир буруутгах аргагүй л дээ. Ингэснээр төрийн байгууллага, нийгмийн салбар, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбар хүний нөөцийн дутагдалд ордог. Энэ хүндрэлээс гарахын тулд орон нутгийн хэмжээнд тусгайлсан бодлого хэрэгжүүлдэг. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажиллах орчин, техник тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ ИТХ-ын шийдвэрээр төрийн албан хаагчдын цалинг 60- 100 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, эрүүл мэнд, боловсролын салбарын ажиллагсдад сар бүр 400 мянга, төрийн захиргааны албан хаагчдад сар бүр 210 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр 600 мянган төгрөгийн нэмэгдэл цалин нутгийн дэмийг олгож байна.

-Дэд бүтцийн хөгжилдөө Өмнөговь аймаг ихээхэн хүч хаяж, олон төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн талаар мэдээлэл өгнө үү?

-Өмнөговь аймгийн төв нь нийслэлээс 600 гаруй км зайтай, сумдын төвүүд нь аймгийн төвөөс алслагдсан, сумын төвүүд хоорондоо 100 км зайтай оршдог. Өргөн уудам газар нутаг дээр таруу хол байрлалтай бүс нутгийн дэд бүтцийг бүрэн шийдэхэд хөрөнгө, цаг хугацаа их шаардагдана. Аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбох, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, хөдөөг холбоожуулах, үүрэн холбооны 4G интернетийн сүлжээ нэвтрүүлэх, шилэн кабель татах, сумын төвийн дэд бүтцийг хөгжүүлэх гээд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Ноён, Сэврэй, Гурвантэс сум БНХАУ-аас эрчим хүч авдаг, бусад сум төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдож, сум бүр бие даасан халаалтын хагас автомат уурын зуухтай болсон. Зам харилцааны хувьд 2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Говь нутаг руу хөгжлийг хөтөлсөн зам гэж хэлж болно. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд утаагүй түлш, нүүрс тээвэрлэлтийн улмаас энэ зам эвдрэлд орж, аваар осол их гарч, иргэд амь нас, эд хөрөнгөөр хохирч байна. Орон нутгийн зүгээс энэ замын асуудлаар Засгийн газар, Зам тээврийн яаманд санал хүсэлтээ хүргүүлж ажилладаг.

Өмнөговь аймгийн хэмжээнд замын бүтээн байгуулалт тасралтгүй хийгддэг. 2019 онд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар Оюу толгой-Ханбогд чиглэлийн хатуу хучилттай зам, 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций-Шар тээгийн уулзвар хүртэлх 59.6 км хатуу хучилттай зам ашиглалтанд орсон.

Энэ зам бол Алтанбулаг-Гашуунсухайт боомтыг холбосон Монгол Улсын босоо тэнхлэгийн зам. Оюу толгой, Таван толгойн бүлэг орд, Гашуунсухайт боомт чиглэлийн бүх ачаа тээвэр энэ замаар явдаг болсноор шороон замын тээвэрлэлт зогсож, Цогтцэций сумын хойд хэсгийн бэлчээр сэргэж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж байна.

Өмнөговь аймаг 2014 оноос орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад Гурвантэс чиглэлийн 320 км хатуу хучилттай замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд 10 жилийн хугацаанд орон нутгийн төсвийн 170 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 км хатуу хучилттай зам барьж ашиглалтанд орууллаа. Энэ жил 55 км зам барихаар орон нутгийн төсөвт тусгагдсаны дагуу бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 2022 оны тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ үлдсэн 160 км замын 80 км-ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэж амласан. Гэвч 2023 оны төсвийн тухай хуулиар 2023 онд улсын төсвөөр шинэ бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхгүй, эхлүүлсэн бүтээн байгуулалтыг дуусгахад хөрөнгө оруулалтыг тусгах зарчим баримталсан учир хойшлуулаад байна. Ирэх жилийн төсөвт тусгагдана гэж итгэж байгаа. Энэ зам бол Баяндалай, Сэврэй, Ноён сумын голоор гарч, Дундголын давсны уурхайгаар дайраад Гурвантэс сум хүрэх маршрутаар хийгдэж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн баруун бүсийн хөгжлийн болон аялал жуулчлалын зам юм.

Өмнөговь аймаг уул уурхайн баялгаас гадна байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй аялал жуулчлалын бүс нутаг. Монголд ирж буй гадаадын жуулчдын 70-80 хувь говь нутгийг зорьж ирдэг. Орон нутгийн зүгээс байгалийн үзэсгэлэнт газар, уламжлалт өв соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлого, хөтөлбөр гаргасан. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд зам харилцаагаа сайжруулах нь хамгийн чухал гэж үзэж, авто замын бүтээн байгуулалт, агаарын тээврийн хөгжилд онцгой анхаарч ажиллаж байна. Орон нутгийн иргэд зорчих боломжтой байнгын нислэгтэй болох, эрүүл мэндийн яаралтай тусламж хүргэх “Нисдэг баг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “Геосан” ХХК-тай гэрээ байгуулан орон нутгийн иргэд, өндөр настан, яаралтай тусламж шаардлагатай иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Мөн сумдад онгоц буух боломжтой цэгүүдийг судлах ажлыг хийхийн зэрэгцээ Даланзадгад хотын нисэх буудлыг олон улсын статустай болгохоор орон нутгийн төсвөөр ТЭЗҮ-ийг хийж, Засгийн газарт өргөн барьсан. Ингэснээр жуулчид Улаанбаатараар дамжихгүй шууд Даланзадгад хотод ирэх, эндээсээ Ховд аймаг, мөн БНХАУ-ын Альшаа, Баяннуур цаашлаад Хөх хот, Бээжин рүү нисэх, энэ чиглэлээс нислэг хүлээж авах боломжтой болох юм.

-Сумдаа жигд хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Хот хөдөөгийн сэргэлт, Өмнөговь аймгийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөөг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Нийслэлээс орон нутаг руу шилжих иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон хөнгөлөлт боломжийг Засгийн газраас өгч байгаа. Өмнөговь аймгийн ИТХ-аар батлагдсан “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг нэмэгдүүлэх, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон сууцжуулах, эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагч, төсөвт байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт хийж байна. “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын дэмжлэгээр Ханбогд, Цогтцэций сумын хот төлөвлөлт хийгдэж аймгийн ИТХ-аар баталгаажиж, төлөвлөлтийн дагуу суурь дэд бүтцийн ажлууд эхэлсэн. Бусад сумын хувьд газар зүйн байршил, онцлог, нөөц боломждоо тулгуурлан хөгжлийн бодлогоо гаргаад хөрөнгө оруулалтаа төлөвлөж ажиллаж байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумыг хөгжүүлэх жишиг төслийн туршлагыг судалсны үндсэн дээр Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо сумдаа уг жишгийн дагуу хөгжүүлэхээр сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотой гаргалаа.

Даланзадгад хот нь Дархан, Эрдэнэт шиг хүн амын төвлөрөл бүхий хот болон хөгжиж буй.

2012 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд театр, музей, спорт цогцолбор, төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдтэй байхаар төлөвлөж, газар олголтыг хийж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн. Шинэ суурьшлын бүс төлөвлөлтийн дагуу хөгжиж өргөжин тэлж байна.

Даланзадгад сумын хүн ам, барилга, байшин нэмэгдэхийн хэрээр дулааны станц ачааллаа дийлэхгүй хүндрэл бий болсон. Шинээр станц барихаас өөр аргагүй. Шинэ станцын асуудал хэдэн жилийн өмнөөс яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явсаар ирсэн. Энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ станцын ТЭЗҮ-ийг боловсруулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газарт танилцууллаа. Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн.

Даланзадгад хот ундны усны шинэ эх үүсвэртэй болж, гэр хороололд цэвэр бохирын шугам сүлжээний ажлууд хийж, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шинэ цэвэрлэх байгууламжтай болсон гээд суурь дэд бүтцийн хувьд боломжийн хэмжээнд хүрсэн.

-Өмнөговь аймаг бол сөрөг хүчин олонх болсон цөөн аймгийн нэг. Шийдвэр гаргах түвшинд улс төрийн ялгаа гардаг уу?

-Монгол Улс нэгдмэл улс учир нэгдсэн бодлоготой. Ямар нам, эвсэл байхаас үл хамаараад УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ зарчмаар ажиллаж байна. Улс төржилт, намчирхал, дарамт шахалт гэхээсээ илүү Засгийн газрын зарим бодлого шийдвэр орон нутгийн эрх ашигт нийцэхгүй, нутгийн иргэдийн эрхийг зөрчдөг, түүнээс болж хэрэгжилтэнд хүндрэл гардаг.

Ялангуяа уул уурхайн салбар, боомт, дэд бүтцийн томоохон шийдвэрүүд дээр орон нутгаас санал авалгүй Засгийн газрын түвшинд гаргадаг. Гэтэл тухайн шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчид Засгийн газрын бодлогын ажил гэдгээр түрүү барьж, хариуцлагагүй байх, хууль тогтоомжийг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гардаг.

Өмнөговь аймаг бол улс орны эдийн засгийн тулгуур болсон том төслүүд хэрэгжиж, олон уурхай олборлолт явуулж, уул уурхайн экспортын хоёр боомт ажилладаг тээвэр логистикийн бүс нутаг. Энэ бүхэн улс орны эдийн засаг, хөгжилд эерэг нөлөөтэй хэдий ч тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрхийг зөрчих нь багагүй. Уурхайнуудын хувьд хариуцлагатай нь ч байна, хариуцлагагүй нь ч бий. Экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ус ховордох, олон жил дараалан ган зудтай байх зэрэг хэцүү бүхнийг говьчууд туулж яваа. Хэцүү байлаа ч гэлээ Өмнөговь аймгийн үе үеийн удирдлага, малчид, иргэд бүгдээрээ төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай бүх уурхайг дэмжиж, улс орны эрх ашгийн төлөө томоохон төслүүдийг дэмжсээр ирсэн.

Байгаль сүйтгэж, иргэдийн амьдрах орчин, амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй төсөл дээр орон нутгийн удирдлагын хувьд нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал хүсэлт, нөхцөл байдлыг Засгийн газар, төсөл хэрэгжүүлэгч, лиценз эзэмшигч нарт ойлгуулахыг хичээдэг.

-Бусад аймаг Өмнөговь шиг хөгжихөд юу шаардлагатай гэж боддог вэ?

-Өмнөговь аймаг хөгжлөөрөө бусад аймгаас илүү байгаа гол хүчин зүйл нь мэдээж эдийн засаг. Манай аймаг улсаас татаас авдаггүй, орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлэхийн зэрэгцээ улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг. 2022 оны арванхоёрдугаар сард ИТХ-аар аймгийн төсвийн орлогыг 648 тэрбум төгрөгөөр баталсан бол энэ жилийн хурлаар аймгийн нийт орлогыг 948 тэрбум төгрөгөөр тодотгож баталлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэж аж ахуйн нэгжийн орлогын 40 хувийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй аймгийн төсөвт, хүн амын орлогын татвар 100 хувь тухайн сумын төсөвт ордог болсноор Өмнөговь аймгийн төсөв, улсад төвлөрүүлэх орлого ч нэмэгдсэн. Үүнээс өмнө Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70- 80 хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бүрдүүлж ирсэн.

Цар тахлын улмаас хил хаагдаж, экспорт, импорт зогсонги байдалд орсноор улс, орон нутгийн төсөв санхүү, эдийн засаг хүндэрсэн ч эргээд маш хурдан сэргэж байна. Монгол Улсын төсвийн орлого 2023 оны эхний хагаст 1,1 их наядаар давж биелж, УИХ зургадугаар сард 2023 оны улсын төсөвт тодотгол хийсэн бол манай аймаг наймдугаар сарын эхээр хуралдаж орон нутгийн төсөвт нэмэх тодотгол хийлээ. Ирэх жил орон нутгийн төсвийн орлого нэг их наяд төгрөг давах төлөвтэй байна. Энэ хэрээр улсад төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэсэн үг. 2023 оны улсын төсвөөс харахад таван аймаг л улсад орлого төвлөрүүлэх үүрэг хүлээж бусад нь татаас авч байна. Улсын төсөвт Дорноговь аймаг найман тэрбум, Дорнод гурван тэрбум, Дархан-уул, Орхон аймаг 1-1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх бол манай аймаг 456,4 тэрбум төгрөг төвлөрүүлж байх жишээтэй. Улсад их мөнгө төвлөрүүлдэг хэрнээ Өмнөговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт маш бага.

Нэг аймгаас аваад нөгөөд өгдөг биш, аймаг бүр өөрсдөө төсвөө бүрдүүлж, түүнийгээ орон нутгийнхаа хөгжилд зарцуулдаг болбол аймаг, сумд жигд хөгжих боломжтой. Товчхондоо аймаг, сум ялгаагүй мөнгөтэй болж байж л хөгжинө. Мөнгөтэй болохын тулд зөвхөн татварын орлогоо нэмэгдүүлэхээс илүү аймаг болгон орон нутгийн өмчит, нээлттэй компанитай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, том уурхайдаа нээлттэй IPO зарлаад, хувьцааг нь олон нийтэд эзэмшүүлье. Арабын орнууд ийм л жишгээр хөгжсөн. Зээл авахгүй, орон нутагтайгаа ойлголцож ажиллана гэдэг утгаараа тухайн компанидаа ч хэрэгтэй. Тэр хэрээр уул уурхай, томоохон үйлдвэрлэл хөгжинө. Гэтэл зарим уул уурхайн компани орон нутаг, иргэдтэй ойлголцоогүйн улмаас төсөл нь олон жил гацаж байна. Үүний оронд уурхайнхаа 10 хувийг орон нутагтаа эзэмшүүлээд, үйл ажиллагаагаа ил тод, шуурхай эхлүүлэх нь аль аль талдаа ашигтай.

 

“Өмнөговь аймаг – Хөгжлийн ирээдүй” тусгай дугаараас

 

 

 

Mongolian Economy