Н.Энхбаяр: Төсвийн зардлыг 1.2 их наяд төгрөгөөр хэмнэж байж алдагдалгүй байна
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ цаг үед Эдийн засагчдын клубээс ээлжит уулзалт хэлэлцүүлгээ зохион байгуулж, төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. Ээлжит хэлэлцүүлэгт “Монгол Улс: Нийтийн сан хөрөнгийн зарцуулалт, түүний сургамж” сэдвээр илтгэл тавьсан хараат бус эдийн засагч Н.Энхбаяртай энэ оны төсвийн тодотгол болон эдийн засгийн цаашдын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Та илтгэлдээ Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихдаа хэд хэдэн хууль зөрчсөн тухай хэллээ. Ямар хуулиудыг зөрчсөн бэ?
-Төсвийн тодотголд төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчилсөн. Хэдийгээр 2020 оны төсөв хэлэлцэж эхэлсэн цагаас л бид төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, зардлаа тэлснийг шүүмжилж, цар тахлын хөл хориог тавьхад төсвөө тодотгохыг анхааруулж ирсэн. Гэвч төсвийн алдагдал 5.1 хувь буюу УИХ-аас баталсан хязгаарлалтад байгаа гэж эрх бүхий албан тушаалтан зөөлрүүлж байсан. Энэ нь эдийн засгийн мөчлөгөө ойлгоогүй яваа гэсэн үг. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн засаг дөрвөн жил дараалан өссөн түүх байхгүй. Дээд тал нь гурван жил өсөж дөрөв дэх жилдээ заавал ямар нэг зүйл тохиолддог байсан. Манай эдийн засаг түүхий эдэд тулгуурласан, гадаад худалдааны түнш цөөтэй учраас нүүрс, зэсийн үнэ буурахад эдийн засаг тэр чигтээ савладаг. Ковид-19 цар тахлын улмаас төсвийн орлого бүрдэхэд хүндрэлтэй болсон. Тиймээс УИХ-аас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан бөгөөд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар буюу хуулийн 7.1.2-т … хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийнэ гэж заасан.
Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барихдаа хэд хэдэн хууль зөрчсөн
Гэтэл Төсвийн тухай зүйлийн 42 дугаар зүйл дээр зөвхөн тодотгол хийх замаар л төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, урсгал болон хөрөнгийн зардлын хооронд төсвийн зохицуулалт хийдэг. Улмаар ингэхдээ төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглодог. Тэгэхээр тэрхүү 7.1.2 дох заалт Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлтэй харшилдаж байна. Нэг үгээр хэлбэл, зөвхөн УИХ-ын бүрэн эрхийн дагуу тодотголоор л өөрчлөлт оруулах төсвийг дээрх хуулийн заалтаар Засгийн газар зөрчсөн байна.
Үүнээс гадна төсвийн тодотголыг мэдүүлэх дараалалд алдаа гарлаа. Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барьсны дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барилаа. Зохих ёсны дараалал эсрэгээрээ байх ёстой. Мөн миний харснаар Төсвийн тухай хуульд хэд хэдэн зөрчил байгаа бөгөөд үүндээ нийцүүлэн төсвийн толтголоо хийх хэрэгтэй.
-Оны эхний долоон сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал батлагдсан хэмжээнээс нэмэгдсэн. Энэ нь бас Засгийн газар хууль зөрчсөн үйлдэл гэж та үзэж байгаа юу?
-Эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага 7.36 их наяд төгрөг бол алдагдал нь 2.46 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэтэл УИХ-аас 2020 оны төсвийг батлахдаа төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэнэ гэж баталсан. Батлагдсан энэхүү алдагдлын боломж дуусчихсан. Үүнээс хойш УИХ төсвийн алдагдлыг нэмэх тухай яриагүй. Гэтэл төсвийн алдагдлын хэмжээ цаашид ч нэмэгдэнэ. Тэгэхээр УИХ-аас зөвшөөрсөн хоёр их наяд гаруй төгрөгөөс гадна дахиад 390 тэрбум төгрөгийн алдагдал ямар хууль эрх зүйн актаар төрийн данснаас гараад явсан бэ? УИХ-ын олгогдоогүй эрхийг Засгийг газар, Сангийн яам эдлээд байх хэрэг үү?
Цаашилбал зарлага талд нь 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ оны төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан бөгөөд нэмэгдүүлсэн 704.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тодорхой заахгүй бол өр л болж хувирдаг. Сангийн Яамны танилцуулгад дурдсанаар алдагдлыг гадаадын зээл тусламж, эсвэл дотоодод бонд гаргаж, 150 тэрбум төгрөгийг төсвийн тогтворжуулалтын сангаас авна гэсэн байна. Гэтэл бодит хэрэгжилт дээр ирэх он руу дамжсан өр болж хувирах эрсдэл өндөр байна.
Бусад улсын төдийгүй манай улсын хуульд байдагчлан өрийг нэмэгдүүлэх эрх Засгийн газарт байдаггүй. Парламент л хэлэлцэн шийдэх эрхтэй. Гэтэл Засгийн газар төсвийн зарлагаа нэмэгдүүлээд 2-3 сар явчихлаа шүү дээ. Зүй нь төсвийн тодотгол батлагдсаны дараа Засгийн газар хуульдаа нийцүүлж зардлаа гаргах ёстой.
Төсөв нь орлого, зарлага, алдагдал, тэнцэл гээд л хэдхэн бүхэл тоотой манайхтай харьцуулахад АНУ төсвийн орлого, зарлагаа өдөр тутамдаа хөтөлж тооцдог бөгөөд татварын орлогоос гадна дутагдаж буй зөрүүг дотоодын бондын мөнгөөр нөхдөг. Энэ тооцоог 10 жилээр хийж төсөв хэзээ, ямар хэмжээгээр дутагдахыг тооцдог. Төсөв дутагдвал данс нь автоматаар хаагддаг. Улмаар Конгресс эх үүсвэрийг нэмж баталсны дараа л Сангийн Яаманд төсөв зарцуулах эрх нээгддэг. Манайд ийм механизм байхгүй учраас хуулийг чөлөөтэй зөрчиж, төсвөө замбараагүй тэлж байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаас гэрээ хийгээгүйг мөн гүйцэтгэл нь 30 хувьд хүрээгүй төслүүдийн хөрөнгө оруулалтыг царцаах замаар төсвөө хэмнэх үндэслэл төсвийн тодотголд тусгагдсан. Энэ хэр зэрэг бодитой үндэслэл вэ?
-Энэ шалгуураар нийтдээ 500 орчим тэрбум төгрөг л хэмнэсэн шүү дээ. Тэгсэн атлаа нэмсэн зарлага нь 704.9 тэрбум төгрөг. Төсвийн зардлыг дор хаяж 1.2 их наяд төгрөгөөр хэмнэж байж алдагдалгүй байна. Мэдээж төсвийн хэмнэлтийг хөрөнгө оруулалтын явцаар нь эрэмбэлэх нь зөв. Гэвч ач холбогдлоор нь эрэмбэлээгүй.
Өмнөх аль ч жилүүдэд Сангийн Яамны баримталж байсан нэг бодлого бол удирдлагын зардлыг нэмж болохгүй, боловсрол, эрүүл мэндийн зардлыг нэмж болдог байсан. Гэтэл сумын конторын барилгын ажил хэвийн явагдаж байгаа, ажил нь эхэлсэн учраас гэдэг тайлбар өгөөд удирдлагын зардлыг нэмж байна. Энэ хүнд цаг үед тэрхүү конторын барилгыг барьсан ч эдийн засагт ямар ч эерэг нөлөө байхгүй. Яагаад гэвэл тэр ажлын байр биш. Үүнээс гадна баахан хөшөө байна. Хэнтий аймгийн Бор-Өндөрт байгаа Бэрхийн уурхайн далд музейн зардал таван тэрбум төгрөг бөгөөд барилгын ажил нь хэвээрээ үргэлжилж л байна. Энэ жил дуусахгүй, ирэх онд дахиад үлдэгдэл төсвийг нь тавьж байж улмаар 2022 он гэхэд гүйцээнэ. Хотоос 400 км зайтай байгаа гүний уурхайн музейг хэн очиж үзэх вэ? Харин одоо ажиллаж байгаа, нэг км-ийн гүнд бүтээн байгуулалт хийж буй Оюутолгойн уурхай бол жинхэнэ амьд музей. Ийм учраас энэ удаагийн төсвийн тодотголд зардлыг нь ач холбогдлын дарааллаар танаагүй.
Хоёрдугаарт, 2000-аад оны үед эхлүүлсэн маш буруу тогтолцоо болох Засгийн газар төсвөө батлуулахын тулд лоббиддог УИХ-ын гишүүдийн төсөв гээч ойлголт одоог хүртэл ямар нэг байдлаар байгаад байна. Тухайлбал, 2019 оны улсын төсөвт Үндэсний аудитын газрын хийсэн дүгнэлтэд шаардлага хангаагүй 519 төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Сангийн Яамнаас гадна дахиад 76 төсөв захирагч байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн бодлогоо зангидаж чадахгүй улмаар төсвийн бодлогоос гарч байгаа үр дагавар нь эдийн засгийн бодлогод хэрхэн нөлөөлөх талаар тооцоололгүй байна.
Шийдвэр гаргагчид Голланд өвчнөөс хамаарсан эдийн засгийн гажигтай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018-2019 онд эдийн засаг сайжирлаа гээд л ярьж байсан ч Голланд өвчний суурь байгаад л байна. ДНБ-ий долоон хувийн өсөлт гэдэг бол нэг удаагийн үзүүлэлт болохоос биш дардан зам дээр гарсан гэсэн үг биш, олон улсын байгууллагуудын хэлдэгчлэн манай эдийн засаг эмзэг хэвээр байгаа. Ийм байхад л одоо сайхан боллоо, төсвөө тэлээд, олсон мөнгөө зараад байя гэж яагаад ч болохгүй.
-Төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө эрүүл мэнд болон халамжийн зардалд зарцуулах төлөвлөсөн. Магадгүй та бүхнийг анхааруулсанчлан төсвөө цаг алдалгүй тодотгосон бол төсвийн үр ашигтай байдал яаж сайжрах боломж байсан бэ?
-Эрт тодотгосон бол үүнээс их мөнгө хэмнэх боломжтой байсан бөгөөд хэмнэсэн мөнгөө бизнесээ дэмжихэд зориулсан бол үр ашигтай байдал дээшилнэ. Бусад улс орон жижиг, дунд бизнесээ дэмжихэд хамаг л мөнгөө зарцуулж байна. Ганцхан жишээ хэлье. Сумын төвийн барилгуудад зарцуулах мөнгөө аялал жуулчлалын гол гол маршрутын дагуу ариун цэврийн болон авто зогсоол, үйлчилгээний цогцолбор барих ажилд зарцуулсан бол бид аялал жуулчлалын хамгийн том асуудлуудаа шийдэх байсан. КОВИД-19 цар тахлын дараа хил нээгдэж, гадаадын жуулчид ирэхэд бид сэтгэл амар угтаж авна. Адаглаад Хөвсгөл явах зам дагуу аятайхан амрах байранд амарч, тухлаад явбал аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр, тэдгээр цогцолбор байгууламжийн цаашдын ашиглалтын зардалд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлээд аваад явчихна. Яг “Урьхан” шиг барилга барихад бидэнд импортоор бараа материал авах шаардлага байхгүй шүү дээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧТЭЙ РЕФОРМ ХЭРЭГТЭЙ
-2010 оноос хойш төсвийн алдагдал тэлж, Голланд өвчинд нэрвэгдсэнээс хойш энэ талаар байна ярьж ирлээ. Та илтгэлдээ энэ маргааныг зөөлрүүлж, төсвийг эрүүлжүүлэх нэг суурь нь Эдийн засгийн зөвлөл гэж онцолсон. Эдийн засгийн зөвлөлийн цөм нь юу байх вэ?
-Улс орон бодлогоо авч явахын тулд өдөр тутмын зардал хөрөнгөө шийддэг төсвийн бодлого гэж бий. Мөн бие даасан төв банк нь мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Үүнээс гадна эдийн засгийн бодлого буюу хөгжлийн бодлого байх ёстой. Эдийн засгийн бүтцээ хэрхэн төрөлжүүлэх, уул уурхайгаа түшиглэх эсэх, хөдөө аж ахуйгаа хэрхэн дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах зэрэг асуудлыг төсвийн бодлогоор шийддэггүй. Манай улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойш 2000 он хүртэл Үндэсний хөгжлийн газар эдийн засгийн хөгжлийн бодлогыг авч явдаг байсан. 2004 онд Үндэсний хөгжлийн газрыг татан буулгаснаас хойш Санхүү, эдийн засгийн яам, буцаад Үндэсний хөгжлийн газар, Аж үйлдвэрийн яаманд харъяалагдах зэргээр нэг ёсондоо эдийн засгийн бодлогоо тал тал тийш зөөсөөр ирлээ.
Эдийн засгийн бодлого агентлагийн түвшинд байснаар Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцох боломжгүй тул төсвийн бодлого ямагт эдийн засгийн бодлогын дээр байрсаар ирсэн. Уг нь харилцан уялдаатай зэрэгцэж явах ёстой. Тогтвортой хөгжиж буй улс орнуудад эдийн засгийн бодлого нь тусдаа байдаг. Манайх шиг түүхий эдийн хамааралтай, төсөв нь эрүүл биш улс эдийн засгийн гажуудлаа эдийн засгийн бодлогоор дамжуулж л засварлана. Манай улс уул уурхайн хөрөнгө оруулалтаа аажмаар технологи, нэмүү өртөг шингэсэн салбар руу чиглүүлэх замаар эдийн засгийн төрөлжилт бүтцээ аажмаар удаан хугацаанд хийх ёстой. Үүнийг эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан зорилтдоо хүрэхийн тулд ямар алхмаар хэрхэн ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийг хийх ажлыг гардах институт манайд байхгүй байгаа юм.
Эдийн засгийн бодлого хоёр түвшинд байх ёстой. Юуны өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд буюу бодлогоо тодорхойлох түвшинд, харин тэрхүү бодлогыг цэгцэлж, батлах ажлыг УИХ хийх учраас парламентын түвшинд бас байх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөгжлийн бодлого төлөвлөлттэй байхаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх бүтэц нь алга гэж та хэлээд байна уу?
– Одоогийнх шиг ийм их мэдээлэлгүй байсан тэртээ 1924 онд Үндсэн хуулиа батлахдаа Эдийн засгийн зөвлөлтэй байхаар тусгаж, хичээнгүй сайд Б.Цэрэндоржоор ахлуулан Засгийн газрын дэргэд байхаар тусгасан нь үнэхээр гайхалтай зүйл юм. Үүнээс гадна төсвийн талаар маш тодорхой суурь зохицуулалтууд оруулж, одоогийн Сангийн Яам, Монголбанкны суурийг тавьсан нь анхны Үндсэн хуульдаа маш том реформ хийж, хөгжлийн зам дээр зогссон байсан гэсэн үг. Өнөөдөр манай улсад яг ийм хүчтэй реформ хэрэгтэй байна. Ерөөсөө одоогийн явуулж буй төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийн суурь өөрчлөлт хийгдэхгүй гэдэгтэй санал нийлдэг судлаачид олон. Жил бүрийн төсөв бол ард иргэд, улс орны өдөр тутмын хэвийн амьдралыг л залгуулж байгаа. Эдийн засгийг шинээр тэлэх бодлого төсвөөр хэрэгжихгүй, эдийн засгийн бодлогоор хэрэгжинэ.
Энэ бодлогыг социализмын үед Төлөвлөгөөний комисс хариуцаж хийдэг байсан. Гэхдээ 1960 оны Үндсэн хуульд Эдийн засгийн зөвлөлтэй байх тухай заалтыг авсан байдаг. Харин наад үеийн түүх гэвэл 2010 онд Ерөнхий сайд С.Батболд дэргэдээ Эдийн засгийн бодлогын зөвлөлтэй болсон. Уг зөвлөл харамсалтай нь цаг хугацааны явцад байнгын ажиллагаатай болж чадаагүй.
Сүүлд бид ярьсаар байгаад хөгжлийн бодлого төлөвлөлттэй байна гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орууллаа. Энэ дагуу хөгжлийн бодлогоо өнгөрсөн хавар хэлэлцэж батлан, асуудал хариуцсан төв байгууллагатай байх тухай заасан ч Засгийн газрын бүтцэд бус ЗГХЭГ-ын нэг хэлтэс болгоод, 8-10 хүний л бүрэлдэхүүнтэй болгоод тавьчихлаа. Нэг ёсондоо эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх чадавхгүй болсон гэсэн үг. Үндэсний хөгжлийн газрын чадавхтай эксперт судлаачид хэзээ ч ЗГХЭГ-ын нэг хэлтэст очихгүй шүү дээ. Яамдын тоог олон болгохгүй гэж айж байгаад “Алсын хараа – 2050” бодлогоо хэрэгжүүлэх чухал институтээ орхичихлоо. Ирэх дөрвөн жил үүнийг хэрэгжүүлэхгүй бол эдийн засаг улам л гажуудна.
ДЕФОЛТЫН ЭРСДЭЛЭЭС ХОЛ БАЙХ БОЛОМЖ БИЙ
– ДЭМБ болон эрүүл мэндийн салбарынхны мэдээллээр КОВИД-19 –ийн эсрэг вакцин гаргаж автал жил орчим хугацаа бий. Гэтэл 2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг харахад маш өөдрөг төсөөлөлтэй байна. Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед шийдвэр гаргагчдын хувьд анхаарч үзэх ёстой ямар асуудлууд байгаа вэ?
-Гэнэтийн нөхцөл байдлын улмаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр илүү зардал гаргах шаардлагатай болж, төсвөө тодотгож байна. Ийм зардал гаргах үе хэр удаан үргэлжлэхийг би одоогоор мэдэхгүй. Нэг удаагийн SARS, шувууны томуу биш учраас үргэлжилсээр байна. Харин төсвийн тодотгол бол энэ оныг дуустал яахыг шийднэ. 2021 оны төсөв дээр дахиад л эдгээр асуудал тулгарна. Тиймээс ирэх онд нөхцөл байдал хэрхэх талаар эрүүл мэндээс эхлээд салбарт бүрт судалгааг урьдчилан хийх шаардлагатай, хэд хэдэн хувилбараар. КОВИД-19 намжих уу, улирлын томуугийн дэгдэлт давхацвал яах вэ, өндөр халуурсан иргэн түргэн дуудах бүрт халдвартынхан очих уу, түргэн тусламжийнхан очих уу, халуурсан тохиолдол бүр дээр байраар нь, хорооллоор нь хязгаарлалт тогтоох юм уу гэх мэт урьдчилан тооцох ажил их байна. Энэ бүгд дээр нэмэлт зардал маш их гарна.
Дараагийн хувилбар нь КОВИД-19 цар тахлын хоёр дахь давалгаа. Зарим улс оронд ид дэгдэж эхэлсэн. Энэхүү давалгаагаар гадаадаас бүр олон иргэнээ татан авах шаардлагатай болвол ХӨСҮТ-ийн болон тусгаарлах байрны зардлыг нэмэхээс аргагүй. Энэ бүгдийг төсөвт тусгахгүй бол болохгүй. Бас үргэлж хилээ хааж болохгүй тул хил дээр тандан судалгааг чадавхжуулах болно. Энэ бүгдийг тооцоод үзвэл ирэх оны төсөв бүр л тэлэлттэй гарна.
Гамшгийн тухай хуулиар Улсын онцгой комисс бол түр хуралддаг зөвлөл. Гэтэл КОВИД-19 байнгын өвчин болчихлоо. Шийдэх маш олон асуудал байгаа тул байнга ажилладаг институт болон судалгааны чиг үүрэг хэрэгтэй. ДЭМБ болон судалгааны институтууд КОВИД-19-ийн халдварын тархалтыг судалдаг SIR загвараар прогноз хийж байна. Хэд хэдэн модель байгаагаас хамгийн энгийн нь SIR. Үүгээр ДЭМБ манай улс дээр хоёр удаа тооцоолол хийгээд хүлээлгэж өгсөн.
Бид халдварыг дотооддоо алдаагүй байгаа тул гадаадад байгаа иргэддээ тулгуурлан эрсдэл болон хэрхэн эмчлэхээ тооцож бодно гэсэн үг.
Гол нь ирэх сар бүрээр гаргах хэрэгтэй бөгөөд үүнд үндэслэн бэлэн байдлын төлөвлөгөө гаргана. Үүнийг тогтмол хийдэг судалгааны багтай болох шаардлагатай байна.
-Ирэх онд манай улс өндөр дүнтэй гадаад өр төлнө. Өрийг дахин санхүүжүүлэх үү, хойшлуулах уу. Хэрэв тийм бол одооноос ямар бэлтгэх хангах хэрэгтэй вэ?
-2012 онд бондын өр үүссэнээс хойш (буюу 2015 онд шиг санаж байна) ОУВС –ийн зөвлөмжөөр “Өрийн удирдлагын стратеги” гэдэг бодлогын баримт бичиг гаргасан. Анхны хувилбарыг ОУВС-ийн загвараар хийсэн учраас нэлээд ерөнхий, тунхагийн шинж чанартай болсон. 2019 оны хавар уг баримт бичгийг “Өрийн удирдлагын дунд хугацааны бодлогын баримт бичиг” болгон шинэчилж, өрийн удирдлагын талаар Засгийн газрын баримтлах бодлого бага зэрэг тодорхой болсон. Тэгэхээр одоо УИХ-аас олгосон эрхийн дагуу өрийг бүтцийн өөрчлөлт хийх буюу шинэ бонд гаргаж түүнийгээ хөрвүүлэх, эсвэл хөрөнгө оруулагчидтайгаа ширээний ард суугаад, нэг тэрбум ам.долларын бондын өрийг Монгол Улс төлөх боломжгүй болсон тул төлөх хугацааг сунгаж, төлөх хүртлээ дахиад хэдэн жил хүүг нь төлөөд явъя гэдэг хэлцэл хийх арга зам бий. Тохирсон нөхцөлөө олон улсын зах зээл дээр зарлавал Монгол Улс дефолтын эрсдэлээс холуур өнгөрнө.
Ямар нэг байдлаар хэлцэл хийж, түүнийгээ олон улсын бондын зах зээл дээр мэдээлэхгүй бол нөхцөл байдал тодорхойгүй болж, өрийн эргэн төлөлтийн хугацаа ойртох тусам хөрөнгө оруулагчид болон үнэлгээний байгууллага Монгол Улсыг дефолтын эрсдэл рүү ойртлоо гэж үнэлнэ. Гэхдээ эдийн засгийн нөхцөл тааруу байгаа учраас шинэ бондын өртөг өндөр болно. Тиймээс хамгийн сайн гарц нь өрийн эргэн төлөлтөө сунгах.
– Дэлхийн байдлыг тодорхойлогч улс орнууд хөгжиж буй орнуудын өрийн эргэн төлөлтийг царцаах талаар санаачилгатай байгаа. Гэхдээ бидний авсан бонд бол арижааны өндөр хүүтэй бонд учраас тэрхүү санаачилгаас ангид байх уу?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Их-20-ын хурлаар Өрийн дарамтыг багасгах олон улсын санаачилга гаргаж, КОВИД-19 цар тахлын улмаас бага, буурай орлоготой орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч улмаар өрийн дарамт улам нэмэгдэх тул эргэн төлөлтийг нь царцаахыг уриалсан. АНУ-ын Төрийн сан дэмжсэн энэ санаачилгад хамрагдах улс орнуудын жагсаалтыг ОУВС болон Дэлхийн банк гаргасан бөгөөд харамсалтай нь Монгол Улс жагсаалтад байхгүй. Манай улс дунд орлоготой орнуудын эгнээнд багтсан, өрийн дефолт болох эрсдэлд арай ороогүй байгаа учраас тэрхүү 40 орны тоонд багтаагүй. Тиймээс манай өрийг царцаахгүй. Бас бидний авсан эх үүсвэр бондын өр учраас тэрхүү санаачилгад хамаарахгүй. Хөрөнгө оруулагчид үүнийг өөрсдөө л шийднэ. Нөхцөл байдал бүр хүндэрвэл дефолт зарлах зам руу л орно доо. Нэгэнт дефолт болвол хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эргэж сэргээхийн тулд бас 10, 20 жилээ барна. Дефолт манайд маш хохиролтой шийдвэр болно. Эхний хоёр арга замын аль нэг рүү явахаас аргагүй. Тиймээс ийм мэдээллээ эртнээс өгөх хэрэгтэй. Тухайлбал, 2021 оны төсвийг хэлэлцэхдээ Сангийн сайд ирэх оны өрийг хэрхэн удирдах байр сууриа илэрхийлж, ОУВС-ийн Ажлын хэсэгтэй зөвлөлдөж улмаар шийдвэрээ хөрөнгө оруулагчдадаа мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн мэдээллийг хөрөнгө оруулагчид, зах зээл эерэгээр хүлээж авах нөхцөл бүрдэнэ. Мэдээж үүний хажуугаар эдийн засгийн нөхцөл байдал, авах арга хэмжээнийхээ талаар ч бас мэдээллийг сайн өгөх хэрэгтэй.
ЦААШДАА ЯДУУРАЛ УЛАМ Л НЭРВЭГДЭНЭ
-КОВИД-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хямрал бага орлоготой айл өрх, иргэдэд хүнд тусаж байгаа нь улс орнуудын хувьд өмнө гаргасан амжилтыг нь үгүй хийж байна. Цар тахлаас үүдсэн хямрал Монголд тэгш бус байдал, орлогын ялгааг хэр зэрэг нэмэгдүүлж байна гэж та харж байна вэ?
-Дэлхийн банкны судалгаагаар 2019 онд манай улсад ядуурал 28.4 гаруй хувьтай байсан. Өнгөрсөн хоёр жилд эдийн засаг өсөлттэй байсан тул энэ тоо бага зэрэг буурсан гэж үзье. Гэвч КОВИД-19 цар тахлаас болоод буцаад хумигдчихлаа. МҮХАҮТ цар тахлын нөлөөллийн талаар явцын гурав дахь судалгааг 1400 аж ахуйн нэгжийн дунд хийж байгаа бөгөөд үр дүн нь энэ сарын сүүлээр гарна. Тэндээс тодорхой үр дүнгүүд гарах байх. АХБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага ч гэсэн Зүүн Өмнөд Азийн орнуудын ажлын байр, бизнест цар тахал хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, Монгол Улсын талаар тодорхой мэдээлэл оруулсан. Эдгээр судалгаанаас үзвэл цаашдаа ядууралд улам л нэрвэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд нийгмийн чиглэлээр гарсан ололт амжилтууд бүгд эргээд муудах нь гэсэн төсөөлөл бууж байна. Манай улсын хувьд экспортоос бүх зүйл хамааралтай, гэвч экспортын сэргэлт маш удаан байгаа. Оны эцэст 20 гаруй сая тонн нүүрс экспортолбол их том амжилт болно. Нөхцөл байдал энэ оноор дуусахгүй. Он гарангуут экспорт эхний улиралд дахиад л буурна. Ингээд уул уурхайн экспорт буурахаар ханган нийлүүлэлт дагаад буурч улмаар барилгын салбар бүр зогсонги байдалд орно. Ипотекийн хөтөлбөр хэчнээн явсан ч гэсэн нэмэргүй. Одоо бол урьдчилгаагаа төлөөд байранд ордог зах зээл үндсэндээ ханасан, иргэд харин ч урьдчилгааг нь байхгүй болгоод өг гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн цаашдаа ажилгүйдэл, ядууралд гарцаагүй нөлөөлнө.
Тун саяхан МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Г.Цагаач Монгол Улсын хүн амын ядуурлын эмзэг байдлын түвшний талаар судалгаагаа хийж, хүн амын ядуу хэсгээс гадна дахиад 38.9 хувь нь ядуурлын шугамыг давах эрсдэлтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, төр засгаас өгч байгаа халамж, дэмжлэг багасах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, валютын ханшийн савлагаа, ажлын байраа алдах гээд олон шалтгаанаар дахиад нийт хүн амын 38.9 хувь ядууралд ойртох эрсдэлд амьдарч байна.
Нөгөө талдаа, Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг ч богино хугацааных гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж байна. АНУ-ын Ерөнхий сайдын зөвлөх хүртэл ажил эрхлэлт сайжирч, эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэж байгаа тул мөнгөн тусламжаа аажмаар бууруулах хэрэгтэйг мэдэгдсэн. Манай улс ч гэсэн энэ чиглэлд явахгүй бол одоо алдагдалтай байгаа төсөв ирэх жил иргэддээ тусламж үзүүлж чадах уу, үгүй юу гэдэг нь маш эргэлзээтэй. Тэгэхээр төсвийг цаашдаа бүр ч танахаас аргагүй болно. Урт хугацаанд нийгмийн үзүүлэлт муудах нь маш хүнд юм. 2009-2010 оны зудын гамшиг одоо хүртэл гүйцэт арилаагүй байна. Амьжиргаагаа алдсан малчид нийслэлд ирж суурьшиснаар Улаанбаатар хотын асуудлыг нийгмийн асуудал болгож хувиргасан шүү дээ. Энэ бол байгалийн гамшгаас үүдсэн хямралын эсрэг авсан арга хэмжээ, явуулсан бодлого нь буруу байсныг харуулж байна. Тиймээс КОВИД-19 цар тахлын дараах сэргэлтийг ч мөн маш зөв удирдахгүй бол болохгүй нь.
-Эхний хагас жилд ДНБ 9.7 хувиар агшсан. Хятадын эдийн засаг эсрэгээрээ хүлээлтээс давсан сэргэлт үзүүлж байна. Манай эдийн засагт энэ сэргэлт хэр зэрэг нөлөөлөх вэ?
-Манай эдийн засгийн өсөлтийг шийдэж байгаа ганц зүйл нь нүүрс л байна. Уул уурхайн экспорт дотор хувийн жингээрээ том дүн эзэлдэг ч үнэ нь буурч байгаа түүхий эд бол нүүрс, төмрийн хүдэр хоёр. Бусад эрдэс нь өнгөрсөн оны түвшинд байгаа. Нүүрс, төмрийн хүдрийн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засаг оны эцэст нэг хувийн өсөлттэй гарч чадахгүй.
Манайхан Хятадын эдийн засаг өсөж байгаа тул манайх ч гэсэн дагаад чирэгдээд явна гэж ярьж байгаа. Гэтэл тийм биш. Хятадын эдийн засгийн өсөлт дотор яг манай улсад хамаатай нь гангийн үйлдвэрлэл. Гангийн үйлдвэрлэл нь өсөхийн тулд цаана нь Япон, Тайвань зэрэг улсын худалдан авалт, гангийн хэрэглээ хэрэгтэй. Харамсалтай нь олон улсын эдийн засгийн байдлын талаар бичиж байгаа олон улсын судалгааны байгууллагуудын мэдээлэлд гангийн хэрэглээ өсөөгүй байна. Европын эдийн засаг 12 хувиар уналаа, Японы эдийн засаг түүхэн доод хэмжээнд хүрлээ, АНУ-ын эдийн засаг агшсан нь тэнд хэрэглээ өсөөгүй, улс орнууд хилээ гүйцэт нээж, гадаад худалдаагаа эхлүүлээгүй байгаа хэрэг. Ийм байхад Хятадын гангийн хэрэглээ бүрэн өсөхгүй. Аажмаар л явна.
Долдугаар сард Хятадын гол албаны хүмүүс Хятад Улс одоо “2 circulation” буюу хоёр эргэлт гэдэг бодлого баримталахаа хэлсэн.
Гадаад эдийн засаг нь хумигдсан тул хэрэглээгээ тэлэх замаар дотоод эдийн засгаа идэвхжүүлнэ гэсэн үг. БНХАУ бол 13 тэрбум ам.долларын эдийн засаг учраас тэр хэмжээнд эргэлдэх зах зээл, хэрэглээ бий. Шинээр уурхайнуудаа нээж дахиад ажлын байр бий болгочихож байна. Үүнийг дагаад манайхаас авах коксжих нүүрс, төмрийн хүдэр өсөх үү гэдэг л найдлага байна. Хэдийгээр түүхий эдүүд өслөө гэхэд манай боомтын асуудал бас нэг тээг.
Австралийн эдийн засаг манайхаас 100 дахин том буюу 1.3 тэрбум ам.доллар. Хятадын эдийн засаг манайхаас 1000 дахин том. Австрали дэлхийн өндөр хөгжилтэй орон. Хятадын нэг хүнд ногдох орлого 10 мянган ам.доллараас давж дундаж орлоготой орноос дээшээ гарч байгаа. Манайх гэтэл 4000 ам.доллартайгаа хэдэн жил явж байна. Нүүрсний экпортын хувьд дэд бүтцийг нь харьцуулаад харахад Австрали улс асар том усан онгоц, төмөр замаар буюу дэд бүтцийн хамгийн бага өртөг зардлаар Хятадын зах зээлд хэдэн зуун сая тонн нүүрс экспортолж байна. Харин Хятад улсын төмөр замын дотоод сүлжээ гайхалтай хөгжлөө. Шаньси мужаас урагш Жанси муж хүртэл 1800 км төмөр зам барьж өнгөрсөн жил ашиглалтад оруулаад түүгээрээ 200 сая тонн нүүрс тээж байна. Харин хэвтээ тэнхлэгийн төмөр замаар 100 сая тонн нүүрс тээвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын ӨМӨЗО-ны орчмоор Хятад даяар тийм хэмжээний нүүрс тээвэрлэх дэд бүтэц байна. Бид 300 км-ийн асуудлаа шийдвэл бидний хүсээд байгаа зүйл байж байна шүү дээ.