Н.Энхбаяр: Хятад улс нүүрсний импортын эрэлтээ бууруулж болзошгүй
Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн тодотгол, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид байр сууриа “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын дугаарт илэрхийлсэн юм. Тэдний байр суурь өдгөө ч үнэ цэнээ алдаагүй байгаа учир бид цувралаар хүргэж байна.
Коронавирусийн халдварын тархалт, дэлхий даяар ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас улс орнуудын болон дэлхийн эдийн засаг 2020 онд ихээхэн саарах таамаглалыг Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага гаргаад байгаа билээ.
2020 оны наймдугаар сарын 27-ны байдлаар халдварын нийт тохиолдлын тоо 24.3 саяд хүрсэн. Энэ оныг дуустал коронавирусийн вакцинжуулалт бараг эхэлж амжихгүй, халдварын тархалт зарим улс оронд өндөр хэвээр байгаа тул оны эцэс гэхэд халдварын нийт тохиолдлын тоо 50 саяыг давах өндөр магадлалтай.
ДЭМБ-ын Гүйцэтгэх захирал Теодрос Аданом “Коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд дахиад нэг жилийн хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд улс орнууд тодорхой арга хэмжээ авч, вакцинжуулалт хийснээр халдварын тархалтыг зогсоож чадна гэж найдаж байгаа”-гаа илэрхийлжээ. Эрдэм шинжилгээний байгууллагуудын таамаглалаар ч халдварын тархалт намжих цаг хугацаа болоогүй байна.
Одоогоор клиникийн гуравдугаар шатны туршилтад 6-7 вакцин байгаа гэж ДЭМБ-аас мэдэгдсэн. Өндөр хөгжилтэй улс орнууд эдгээр вакциныг бэлэн болмогц худалдан авахаар урьдчилан захиалга өгч, төлбөрөө төлсөн. Үүнээс үзвэл ирэх оны эхээр вакциныг ДЭМБ албан ёсоор бүртгэж авлаа гэж үзэхэд өндөр хөгжилтэй орнууд 2021 оны эхний хоёр улиралд вакцинжуулалтаа хийх боломжтой. Үүний дараа төлбөрийн чадвартай, хөгжиж байгаа орнуудад вакцинжуулалт хийгдэнэ. Цаг хугацааны хувьд 2021 оны 5-7 дугаар сард вакцинжуулалт хийгдэх болов уу.
Хятад, Энэтхэг зэрэг нэг тэрбум давсан хүн амтай улс оронд вакцинжуулалт хийж дуусахад багагүй цаг хугацаа, хүч хөрөнгө шаардагдана. Монгол Улсын хувьд гаднаас вакцин худалдан авах боломж 2021 оны 7-8 дугаар сарын орчимд гарч, вакцинжуулах үйл явц 8-9 дугаар сард хийгдэх магадлалтай.
Ази, Европ, Америк тивийн орнуудад халдварын тархалт өөр өөр байгаа тул дэлхий даяар нэгэн зэрэг намжихгүй, хязгаарлах арга хэмжээг илүү сайн авч хэрэгжүүлж байгаа Ази, Европын орнуудад тархалт хамгийн эхэлж намжих төлөвтэй байна. Иймд Ази, Европ хоорондын нислэг болон зорчигч хөдөлгөөн энэ оны эцсээр аажмаар нээгдэх магадлалтай. Монгол Улсын хувьд дотооддоо халдварыг тархаалгүй өдий хүргэж чадсан амжилттай байгаа тул энэхүү амжилтаа бататгах, цаашид үүсэх эрсдэлээс сэргийлэхийн тулд гадаадын аялал жуулчлалыг нэлээд хожуу, 2021 оны хоёрдугаар хагаст л нээж болзошгүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засаг ихээхэн хэмжээгээр саарлаа.
ОУВС-аас зургадугаар сард танилцуулсан “Дэлхийн эдийн засгийн тойм”-д дурдсанаас үзвэл 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар агшиж, харин 2021 онд 5.4 хувиар өсөх магадлалтай байна. Олон улсын байгууллагуудын таамаглал, судалгаанаас үзвэл өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг ирэх оны эхний хагас жилд тогтворжиж, хоёрдугаар хагаст аажим сэргэх хандлагатай.
Хятадын эдийн засаг энэ онд нэг хувийн өсөлттэй байх болов уу гэж олон улсын судлаачид үзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг 2020 онд -1.0 хувийн бууралттай байна гэсэн таамаглалыг Сангийн яам боловсруулжээ. Бүс нутгийн эдийн засаг, худалдаа хэзээ сэргэхээс хамаарч манай улсын эдийн засгийн өсөлт 2021 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр тогтворжих буюу эерэг үзүүлэлттэй гарах магадлалтай. Гэхдээ одоогоор манай улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл цөөн, хэрэгжиж байгаа төслүүд гол төлөв 2023-2024 онд л ашиглалтад орж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна.
2021 оны тухайд Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн ордоос гаргах экспортын түүхий эдийн тоо хэмжээ, үнийн төлөв байдлаас эдийн засгийн сэргэх цар хүрээ, өсөлтийн хувь хэмжээ ихээхэн хамаарах болно.
Одоогоор Гашуунсухайтын боомтын хүчин чадлыг өргөтгөх арга хэмжээ хангалтгүй байгаа тул 2021 онд нүүрсний экспорт огцом нэмэгдэнэ гэж найдахгүй байна. Харин Хятад дотоодын эрэлтээ дэмжих арга хэмжээ авч, өмнө хаагдсан нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг олноор сэргээсэн нь тус улсын нүүрсний импортын эрэлтийг бууруулж болзошгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдалд үндэслэж, 2021 оны манай улсын эдийн засгийн өсөлт 4-5 хувийн орчимд гарна гэсэн таамаглалтай байна.
Ирэх онд аялал жуулчлал, барилга угсралтын салбарын сэргэлт удаан, хүндрэл бэрхшээл тулгарсан хэвээр байх магадлал өндөр гэж үзэж байна.
“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 8-р сарын дугаараас