Одонд хүрэх хүсэл

Mongolian Economy
2021-03-22 15:34:32
Ангилал: Сансар судлал

Тэнгэрт гялалзах түм буман од хүмүүсийн хувьд үлгэр домгийн ертөнц байсаар ирсэн. Харин энэ үлгэрийг бодит болгох эхлэл XX зуунд тавигджээ. Энэ үед дэлхий социалист, капиталист хоёр лагерийн үзэл суртлын өрсөлдөөний талбар болж байв. Уг тэмцэл дэлхийн гадаргаас хальж, сансар огторгуйг эзэгнэх их аянаар үргэлжилсэн юм. Хэдийгээр ЗХУ, АНУ-ын хооронд хүйтэн дайн өрнөж байсан ч энэхүү үйл явц сансар судлалд хөгжлийн цоо шинэ чиглэлийг нээжээ. Өнөөдөр сансар судлал шинжлэх ухааны чухал бүрэлдэхүүн хэсэг болон эрчимтэй хөгжиж байнгаа бөгөөд Зөвлөлт, Оросын эрдэмтэн, мэргжилтнүүд түүнд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй олон “анхдагч”-ийн эзэд болсон юм.

Сансрын анхдагчид
Хүн төрөлхтний түүхэн хувьсалд нохой үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг бол сансар судлалд ч нохойн гавьяа мөнхрөн үлджээ. ЗХУ 1957 онд Спутник-2 хөлгийг задгай сансарт хөөргөсөн билээ. Тухайн үед хүн сансарт илгээх нь аз туршсан хэрэг байсан бөгөөд Лайка нэрт нохойг туршилтын журмаар сансарт хөөргөв. Туршилтын хөлөг сансарт амжилттай хөөрсөн ч дөрвөн өдрийн дараа Лайка задгай сансарт амь эрсэдсэн түүхтэй. Лайка бол сансарт ниссэн анхны нохой юм.

Эх дэлхийгээ сансраас харах хүн төрөлхтний хүслийг ЗХУ анх биелүүлж 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Восток-1 хөлгөө сансарт хөөргөв. Энэ бол шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн эрсдэлтэй алхмуудын нэгд тооцогддог. Эрсдэл дагуулсан энэхүү үүргийг гүйцэтгэх сансрын нисгэгчээр Юрий Гагарин сонгогдож сансарт 108 минут болсон билээ. Тэрээр хүн төрөлхтний өөртөө итгэх итгэл, сансар огторгуйд дүүлэх чин хүсэл, тэмүүллийг өвөртлөн сансарт ниссэн нисгэгч юм.

Сансар судлал нь хүйсийн хувьд эрх тэгш салбар гэдгийг ЗХУ батлан харуулсан. ЗХУ 1963 оны зургадугаар сарын 16-нд Восток-6 хөлгөө задгай сансарт хөөргөсөн бөгөөд сансрын нисгэгч нь Валентина Терешкова байв. Тэрээр хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн анхны эмэгтэй сансрын нисгэгч. Терешкова задгай сансарт гурав хоног аялахдаа дэлхийг 48 удаа тойрсоноор дэлхийг 36 удаа тойрсон АНУ-ын амжилтыг эвдэж чадсан юм. Тэрбээр араасаа Светлана Савицкаяа зэрэг нэг бус эмэгтэйг сансрын аялалд хөтөлсөн бөгөөд тэрээр өнөөдөр ч дэлхийн сая сая эмэгтэйчүүдэд хатан зориг, тжсвэр тэвчээрийн үлгэр жишээ болсоор байна.

Сансарт гагнагдсан нөхөрлөл
Сансар судлалд хуучнаар социалист сис­темийн улсууд зохих хувь нэмрээ оруулж байсны нэг нь Монгол Улс. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө эрсдэлтэй бас хариуцлагатай даалгавар аван сансарт ниссэн хүн бол тал нутгийн малчин ардын хүү Ж.Гүррагчаа байв. Тэрээр ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр 1981 оны гуравдугаар сарын 22-нд сансарт хөөрчээ. Тэд задгай сансарт долоо хоног, 20 цаг 42 минут ажиллахдаа дэлхийг 124 удаа тойрсон юм. Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч билээ. Монгол Улс Өнөөдөр ч сансар судлалд анхаарсаар байгаа бөгөөд 2017 онд анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэж байна.

Энхийн төлөө хамтдаа
XX зуунд хүйтэн дайны талбарт өрсөлдөж байсан улс гүрнүүд өнөөдөр дэлхий дахины эв нэгдэл, сайн сайхан, шинжлэх ухааны хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна. ОХУ, АНУ-ын Агаар мандал, сансар судлалын агентлагтай хамтран 2016 оны 10 дугаар сарын 19-нд Союз МС-02 хөлгийг амжилттай хөөргөсөн нь үүний нэг тод жишээ юм.

Союз МС-02 хөлөг хоёр хоногийн дараа эх дэлхийдээ амжилттай газарджээ. Тус хөлгийн бүрэлдэхүүнд хөлгийн ахлагч Сергей Рыжиков, хөлгийн инженер Андрей Борисенко, АНУ-ын Агаар мандал, сансар судлалын агентлагийг төлөөлөн Роберт Шейн Кинбро нар ажилласан байна. Өнөөдөр сансар судлал нь нийт хүн төрөлхтний эв нэгдэл, итгэл найдвар, хамтын ажиллагааны чухал талбар болон хөгжиж байна.

Монгол, Оросын ард түмэн эвийг эрхэмлэж ирсэн
Энхийг эрхэмлэсэн энэ харилцаа ардын хувьсгалаас ч урт настай. Үүний нэг илрэл нь “Эв модны наадам” юм. Богд хаант Монгол Улсын үед хоёр улсын иргэд хамтран “Эв модны наадам” хэмээх наадам зохиодог байжээ. Хилтэй залгаа мужуудын иргэд жил бүр цуглан наадамлана. Наадам дуусаад нэг модыг дундуур нь хугалан хоёр тал нэг нэгээр нь авна. Дараа жил уулзахдаа модоо хугалсан хэсгээр нь нийлүүлж баяр наадмаа үүсгэдэг сайхан уламжлал байжээ. Хоёр орны ард түмний эвийг эрхэмлэсэн түүхт харилцаа 1981 онд нэг алхам урагшилсан гэж би боддог. 1960-аад оны дундуур олон улсын “Интеркосмос” хэмээх хөтөлбөр батлагдаж, түүнд хамрагдсан орны нэг нь Монгол Улс юм.

Манай улс олон улсын сансрын хөтөлбөрт идэвхтэй оролцож ирсэн. Хорь гаруй жилийн хамтын шинжилгээ, судалгааны үр дүнг үзэх зорилгоор хоёр улс хамтарч 1981 онд сансарт ниссэн. Долоо хоногийн турш шинжилгээ судалгааны томоохон ажлыг сансрын судалгааны “Салют” хөлөг дээр гүйцэтгэсэн. Монгол хүн сансарт ниссэн нь манай улсыг дэлхий дахинд сурталчлахад эергээр нөлөөлсөн. Монголын шинжлэх ухаанд сансар судлалын үүд хаалгыг нээсэн зэрэг олон талын ач холбогдолтой үйл явдал болсон юм. Сансар судлал бол улс орнуудыг нэгтгэгч, нэг нэгнээ ойлгоход чухал ач холбогдолтой салбар.

Өнөөдөр дэлхийн улс орнууд засаглалын хэлбэр, эдийн засгийн бодлого зэргээр ялгардаг ч сансар огторгуйг судлах талбарт бүгд хамтран ажиллаж байна. Дэлхий даяараа сансар судлалд анхаарлаа хандуулах болсон. Олон улсын нөхөрлөл сансарт улам бэхжиж байна. Монгол, Оросын харилцаа ч сансар огторгуйд улам бүр өргөжин тэлсэн юм.

Хоёр ард түмний эвийг эрхэмлэсэн найрсаг харилцаа хэзээ ч бүдгэрээгүй. Цаашид ч улам бүр “дэлгэрнэ” гэдэгт би итгэлтэй байдаг.

Ж.Гүррагчаа: Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч, хошууч генерал

 

Mongolian Economy сэтгүүлийн 2016 оны арванхоёрдугаар сарын дугаараас 

 

 

 

Mongolian Economy