Ойн нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгө нэмэгдэнэ

B. Misheel
Нийтлэгдсэн огноо: 2020-04-09 18:22:27
Ангилал: Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар нэг шоо метр модны үнэлгээг 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд ордог байсан гурван тэрбум төгрөг багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ төдий хэмжээгээр нэмэгдэх боломж бүрдэж буй. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ нэгдүгээр мужийн хүрээнд хэрхэн өөрчлөгдсөнийг доорх графикаас харах боломжтой. 

 

Мөн ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг гурав дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулах тул хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсгөж, тэдгээрийг таслан зогсооход томоохон алхам болно гэж тус яам үзэж байна.

Харин мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр үлдэхийн зэрэгцээ импортын мод, модон материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн тул дотоодын  зах зээлд үнийн хөөргөдөл бий болохгүй юм.

 

 

B. Misheel