Оффтэйк гэрээ гэж юу вэ?

Mongolian Economy
2022-12-12 14:27:39
Ангилал: Таны мэдлэгт

Оффтэйк гэрээ нь уул уурхайн, тэр дундаа өндөр технологи болон аж үйлдвэрийн салбарын металл олборлодог компаниудын хувьд нэн чухал юм. Гэхдээ яагаад?

Байгалийн нөөцийг олборлох нь асар эрсдэлтэй үйл ажиллагаа юм. Тийм учраас хайгуулын компаниуд энэ эрсдэлийг бууруулахын тулд оффтэйк гэрээ байгуулдаг. Эл гэрээг ямар нэг уул уурхайн бүтээгдэхүүн олборлодог компани болон тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй компани хоорондоо байгуулдаг. Энэ нь тухайн олборлогчийн ирээдүйд бий болгох бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээгээр худалдаж авна гэдгээ худалдан авагч тал албан ёсоор баталгаажуулж байгаа хэрэг юм.

Ингээд олборлох салбарын оффтэйк гэрээний тухай ерөнхий ойлголт болон эл гэрээг байгуулснаар компаниудад ямар ач холбогдолтой байдаг талаар товч танилцуулъя.

Яагаад оффтэйк гэрээ чухал вэ?

Эл гэрээ нь олон салбарын, нэн ялангуяа уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд тун чухал юм.

Оффтэйк гэрээг ихэвчлэн ТЭЗҮ гарсны дараа, уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлхээс өмнө байгуулдаг бөгөөд ингэснээр өөрсдийнх нь олборлох гэж буй бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл байгаа гэсэн баталгаа үйлдвэрлэгч талд бий болдог. Энэ нь маш олон давуу талтай. Хамгийн гол нь тухайн эрдэс бүтээгдэхүүн, металлыг худалдаж авах боломжит хэрэглэгч байгаа эсэх талаар уул уурхайн компани санаа зовох шаардлагагүй болно.

Мөн уурхайн бүтээн байгуулалтын явцад төслийг урагшлуулах санхүүжилтийг олж авахад оффтэйк гэрээ нь чухал нөлөөтэй юм. Үйлдвэрлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүнийг нь худалдаж авах компани бэлэн байгаа гэсэн итгэлтэй бол ямар ч зээлдэгч, эсвэл хөрөнгө оруулагч тухайн төслийг санхүүжүүлэх хүсэл илүү төрнө.

Оффтэйк гэрээг байгуулсны дараа худалдан авагч тал нь үйлдвэрлэгч талыг хөрөнгө мөнгөөр хангаж, тухайн төслийг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх нь бий. Гэхдээ ийм тохиолдол элбэг биш.

Оффтэйк гэрээ нь худалдан авагч талд ч ашигтай. Энэ нь тэдэнд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлийн тодорхой үнээр авах боломжийг олгох юм. Хэрэв ирээдүйд тухайн бүтээгдэхүүний эрэлт нь нийлүүлэлтээс давж гарч, үнэ өсвөл оффтэйк гэрээ нь тэдэнд нэг талаар хамгаалалт болж өгнө. Мөн ийм гэрээний нөхцөлүүд нь бүтээгдэхүүнийг тодорхой цаг хугацаанд хүлээж авах боломжийг худалдан авагч талд олгодог.

Оффтэйк гэрээний эрсдэл

Үйлдвэрлэгч, худалдан авагч талд олон талаар ашигтай боловч оффтэйк гэрээнд мөн эрсдэл бий.

Хоёр тал оффтэйк гэрээг цуцлах боломжтой ч үүний тулд эхлээд тохиролцох, нөхөн төлбөр төлөх шаардлага гарах магадлалтай. Мөн үйлдвэрлэл эхэлсний дараа оффтэйк гэрээг шинэчлээгүйтэй холбоотой эрсдэл үүсэх, худалдан авагчийн стандартад бүтээгдэхүүнээ нийцүүлэх зэрэг сорилттой тулгарч болно.

Түүнчлэн оффтэйк гэрээ нь хэт адармаатай, цогц байх, гэрээний нөхцөлийг тохирохын тулд маш их хугацаа зарцуулах магадлалтай. Төслөө хурдан урагшлуулахыг хүсэж буй уул уурхайн компанийн хувьд цаг хугацаа их алдах нь ихээхэн хохиролтой. Ийм тохиолдолд тухайн компани өөрсдөө үйл ажиллагааг санхүүжүүлэх, эсвэл санхүүжилтийн өөр арга хэрэгсэл хайхаас өөр аргагүй юм.

 

Эх сурвалж: business.mn

 

Mongolian Economy