ОХУ-ын бизнес эрхлэгчид Mongolia economy-тэй хамтарна

Дэнсмаа
2022-09-14 15:36:48

Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх сонирхолтой ОХУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр Монголын зарим компанийн удирдлагтай бизнес уулзалт хийлээ. Тус уулзалтад ОХУ-ын бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны (RAPA) удирдлагууд, сав баглаа боодлын Профитекс компани, био бэлдмэл үйлдвэрлэлийн Квест Агро нийгэмлэг зэрэг компанийн захирал, менежер, бизнес эрхлэгчид оролцсон юм. 

Уулзалтын үеэр Профитекс компани Монголын сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодол нийлүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн бол Квест Агро нийгэмлэг газар тариалангийн бүх төрлийн био бэлдмэл нийлүүлэх, мэдээлэл зөвлөгөө үйлчилгээгээр хангах боломжтой гэлээ. 

RAPA худалдаа, аж үйлдвэрийн холбоо нь хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүдийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх зорилггоор ОХУ-ын Засгийн газрын холбогдох салбар нэгж, 30 гаруй бүс нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна. Тус холбоо нь дотоодын үйлдвэрлэгчдэд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлахад нь бодлогын дэмжлэг үзүүлэх, хоёр орны ЖДҮ-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд манай сэтгүүлтэй хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Дэнсмаа