“Оюутолгой” эерэг өөрчлөлт авчрах нь хамгийн чухал
Томоохон уурхай болох нь чухал бус, томоохон эерэг өөрчлөлтийг авчрах нь хамгийн чухал гэж “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдер хэллээ.
“Оюу толгой” компанийн хувьд 2022 он олон амжилтаар дүүрэн жил байлаа. Тэр дундаас хамгийн чухал нь бид аюулгүй ажиллагааны өндөр гүйцэтгэлтэй ажиллаж чадлаа. Энэ бол оюутолгойчуудын бахархал юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр бид ихээхэн урам зоригтой ажиллаж ирлээ. Энэ нь манай хувьцаа эзэмшигчдийн түншлэл, хамтын ажиллагаа, нийт ажилтан болон гэрээт түншүүдийн маань шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим юм. Бид зардлын өсөлт, ханган нийлүүлэлтийн сүлжээнд тулгарсан хүндрэлүүдийг сөрж, бүтэн жилийн турш багагүй ахиц дэвшил гаргаж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай биелүүллээ. “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-г байгуулсны зэрэгцээ байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр томоохон ажлууд хийж гүйцэтгэсэн.
“Оюу толгой” компани өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 314 сая ам.доллар төлсөн байна. Гүний уурхайн олборлолт эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр улам илүү болж, өгөөж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай компани өнөөдрийн байдлаар 20,000 гаруй үндсэн болон гэрээт ажилтан, ажиллагсад, 800 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.
Энэ оны төлөв
Өмнөх оны ололт амжилтаа улам дэлгэрүүлэх олон амжилт бүтээл 2023 онд биднийг хүлээж байна. Энэ дундаас гуравдугаар сард тохиох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх түүхэн мөчийг онцлон тэмдэглэе. Гүний уурхайн олборлолт эхэлснээр Оюу толгой уурхай олон арван жил тасралтгүй, тогтвортой ажиллах технологийн шийдлийг бүрдүүлж өгч буйгаараа онцлог юм. Ирээдүйд дэлхийн томоохон таван уурхайн нэг болох Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх түүхэн үйл явдлын гэрч болж, дэлхийд дуурьсагдах “Оюу толгой” компанийг энэ л цаг үед удирдан чиглүүлэн ажиллаж буйдаа би маш их баяртай байна.
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох их үйлсээ энэ онд амжилттай үргэлжлүүлэхийн тулд тэргүүлэх зорилтуудаа юу юунаас илүү ухамсарлан ойлгох нь чухал. Мөн бид Монгол Улсын хөгжил дэвшилд тогтвортой хувь нэмэр оруулах үүрэг амлалтаа биелүүлэх учиртай. Үүний тулд энэ онд дараах асуудалд анхаарч ажиллана.
Хүний нөөц
Аюулгүй ажиллах, эрүүл байх, бие биедээ санаа тавих нь бидний эн тэргүүний зорилт хэвээр байх болно. Энэ онд Аюулгүй ажиллагааны төлөвшлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн Манлайллын хөгжлийн хөтөлбөр, Техникийн ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа чадамжийг дээшлүүлэхэд багагүй цаг хугацаа, хүчин чармайлт гаргах болно.
Үйл ажиллагааны төгөлдөршил, хөгжил
Гүний уурхайн олборлолтын хүчин чадлыг бүрэн эзэмшихэд үргэлжлүүлэн анхаарч, агааржуулалтын урд болон хойд ам, туузан дамжуургын налуу амны төслүүдийг дуусгахад дөхнө. Гүний уурхайн хүчин чадлыг бүрэн эзэмшсэнээр олборлолтын нөхцөл өөрчлөгдөх тул байнгын сайжруулалт дээр анхаарч ажиллах болно. Мөн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, хувьцаа эзэмшигчдэдээ өгөх ашиг орлогоо нэмэгдүүлэх нь чухал.
Байгаль орчин, нийгэм, засаглал төвтэй түншлэл
Байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлт ямар байх нь үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрлөө хадгалахад бидэнд нэн чухал юм. Мөн бизнес болон хувьцаа эзэмшигчдэд харилцан ашигтай, үр өгөөжтэй байх ёстой.
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн үйл ажиллагаа, усны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах болно. Мөн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг саармагжуулах арга замыг тодорхойлох зэргээр байгаль дэлхийдээ санаа тавин ажиллах болно.
5 алхмын түрүүнд явах
Манай бизнесийн үйл ажиллагаа хурдан хэмнэлтэй, тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг. Бид гүний уурхайн төслөө үйл ажиллагаандаа бүрэн нэгтгэх төлөвлөгөө гаргах, “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй хамтран компанийн урт хугацааны бодлогоо шинэчлэх шаардлагатай болж байна.
2023 он бидэнд гүний уурхайн олборлолтоо эхлүүлж, дэлхийд эхний тавд багтах зэс, алтны томоохон уурхай болох алхмаа хийх түүхэн жил байх болно. Гэхдээ томоохон уурхай болох нь чухал бус, томоохон эерэг өөрчлөл авчрах нь хамгийн чухал билээ.
Эх сурвалж: Дэлхий 2023 онд тусгай дугаар