Оюу Толгойн олон талт нөлөө

Mongolian Economy
2021-06-30 19:12:07
Ангилал: Уул уурхай

Коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, ойрын жилүүдэд арилахааргүй гүн “сорви” үлдээж байна. Манай улс ч энэ эрсдэлийг тойрч гарсангүй. 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан нь 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн том уналт болов. Энэ жил уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэсэн эерэг төсөөлөл байсан ч ногоон гарц “улаан” болсноор эл төсөөлөл замхрав. Гэвч уул уурхайн салбар цар тахлын үеийн “амь тариа” болсоор байгааг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурджээ. Тэрдундаа Оюу Толгой төслийн төсөвт төлж буй татвар, хураамжийн дүн богино хугацаандаа өсөлт, бууралт ажиглагдаж байгаа ч урт хугацаандаа өсөх хандлагатай байгаа аж. 

2019 онд татварын орлого хамгийн өндөр буюу 9.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс 8.7 хувь буюу 855.3 тэрбум төгрөгийг Оюу Толгой компани төвлөрүүлжээ. Харин өнгөрсөн онд улсын төсвийн орлого цар тахлын улмаас 8.5 их наяд төгрөг болж буурсан байна. Энэ үед Оюу Толгой компанийн төлсөн татварын хэмжээ 826 тэрбум болж багассан ч улсын төсвийн орлогын 9.7 хувийг бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас тус компанийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн буурсан ч хувийн жин буураагүй гэдгийг эдийн засагчид онцоллоо. 

Төсвийн орлого ба ОТ-н Монгол Улсад төлсөн нийт төлбөр /сая.₮/

Оюу Толгой компани 2012-2020 оны хооронд улсын төсөвт нийтдээ 8.5 их наяд төгрөгийн татвар төлж, жил бүрийн төсвийн татварын орлогын 7.2-13.5 хувийг бүрдүүлжээ. Тодруулбал, 2013 онд хамгийн бага буюу 7.2 хувийг харин 2015 онд хамгийн их буюу 13.5 хувийг бүрдүүлсэн байна. 

Мөн Оюу Толгойн төлсөн төлбөр, хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд Монгол Улсын ДНБ 0.52 хувиар, нэгдсэн төсвийн орлого 0.81 хувиар өсөж байгааг эл судалгаанд дурджээ. 

Харин экспортын хувьд Оюу Толгой компани өнгөрсөн оны нэгдүгээр улиралд хамгийн бага буюу 130.6 сая долларын экспорт хийсэн бол дөрөвдүгээр улиралд хамгийн их буюу 405.5 сая долларын экспорт хийжээ. Манай улс улиралд дунджаар 1764.7 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолдог бол Оюу Толгой компани улиралд дунджаар 271.4 сая долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог юм. Цар тахалтай холбоотойгоор хил хаах, түүхий эдийн үнэ буурах гэх мэт шалтгааны улмаас өнгөрсөн оны нэгдүгээр улиралд экспортын хэмжээ сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрсэн нь төсвийн орлогод шууд нөлөөлсөн байна. 

Монгол Улсын нийт экспортод эзлэх Оюу Толгойн экспортын эзлэх хувь

Цар тахлын үеийн бас нэг онцлох зүйл нь Оюу Толгой компанийн зэсийн борлуулалт өссөн явдал байлаа. 2020 онд зэсийн борлуулалт 2019 онтой харьцуулахад 10.6 хувиар өссөн бөгөөд эл өсөлтөд зэсийн үнэ 9.2 хувь, экспортын хэмжээ нь 1.3 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. 

Дээр дурдсан тоо баримтууд манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хараат болж, солонгоруулах шаардлагатай болсныг илтгэнэ. Гэвч цар тахлын үед ачааны хүндийг үүрэх цөөн хэдэн салбарын нэг нь одоогоор уул уурхайн салбар хэвээр байгааг давхар гэрчилж байна.

 

 

 

 

Mongolian Economy